Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 142/шш2023/00856

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2023/00856

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О аймаг Б-Ө сум, Уртын гол баг, Баянзамын 11-12 тоотод оршин суух, Алаг адуу овогт С-ын Н /РД:ИЭ87032806, 99550797/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О аймаг Б-Ө сум, Даваат баг, Зураагийн 12-4 тоотод оршин суух, Тулынхан овогт О-ын Б /РД: ГЙ83060110/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,573,037 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Н,

Хариуцагч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Н нь О.Бтай хамт амьдарч байхдаа буюу 2019 оны 01 сарын 14-ний өдөр Бэрс финанс ББСБ" ХХК-аас 4.000.000 төгрөгийг хашаа байшин барьцаанд тавьж, 3.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээл авахад батлан даагчаар гарын үсэг зурсан. Зээлж авсан мөнгөө О.Б төлнө гэсэн боловч төлж чадахгүй би 3.173.100 төгрөг төлсөн. Зээл төлөгдөх хугацаа хэтэрсэн болохоор "Бэрс финанс ББСБ" ХКК шүүхэд нэхэмжлэл өгсөн. 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01223 дугаартай шийдвэрээр бид хоёроос 2.399.937 төгрөгийг сар бүр 400.000 төгр төлүүлэхээр шийдвэрлэсэн. О.Б нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Гантулга олдохгүй байна. Өөрөө олж ир гэдэг байсан. Миний "Хаан" банкны данс, хүүхдийн мөнгөний Төрийн банк"-ны данс, цалингийн Худалдаа хөгжлийн банк"-ны дансыг битүүмжилж мөнгө төлүүлсэн. Би өөрөө цалингийн зээлтэй, дээр нь 2.399.937 төгрөгийг төлсөн.

 

Миний цалин зээлээ төлөөд дуусчихдаг. О.Б байшингаа засварлана гэж байсан боловч байшингаа янзлаагүй. Өөрөө үрж дуусгасан. Бид 2022 оны 04 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Би энэ мөнгөнөөс авсан зүйл байхгүй. "Бэрс финанс ББСБ ХХК-наас нэхэмжилсэн 2.399.937 төгрөг дээр өмнө нь төлсөн 3.173.100 төгрөг нийт 5.573.037 төгрөгийг гаргуулан авна.

 

Мөн 2018 оны 10 сарын 25-ны өдөр "Худалдаа хөгжлийн банк-наас 5.000.000 төгрөгийн цалингийн зээл О.Б авахад би батлан даагчаар гарын үсэг зурсан. Цалингийн зээлээрээ юу хийсэн талаар мэдэхгүй. Би мөнгөнөөс нь 1 ч төгрөг аваагүй. О.Б зээлээ бас төлөөгүй. Би сар бүр 50.000 төгрөг төлж байгаад 2022 онд огт төлөлт хийгээгүй. О.Б ажилтай байж байгаад ажилгүй болоод бүх зээлийг би төлж ирсэн өнөөдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банк"-нд 3.050.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 1.950.000 төгрөг байна. Нийт 5.000.000 төгрөг.

 

2 зээлийн төлбөр болох 10.573.037 төгрөгийн өрөнд оруулж өөрөө төлбөр мөнгө төлөхгүй байгаад гомдолтой байна. Би ажил хийдэг тулдаа төлж байна. Гэхдээ ажил хийгээд цалин авахгүй О.Б-ын зээлийг төлөөд явж байгааг огт мэдэхгүй. Би бас амьдрах гэж ядаж яваа хүн. Цалингаа өөртөө зарцуулмаар байгаа боловч данс битүүмжлээд хүчээр зээлүүдийг төлүүлж байгаа. Өрнөөс өрний хооронд цалин мөнгө хүрэлцэхгүй их хэцүү байна.

 

Иймд О.Бас 2 зээлийн төлбөр болох 10,573,037 төгрөг гаргуулан надад олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-4/, зээлийн эргэн төлөлтийн мэдээ /хх-5/, С.Н-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, Бэрс финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэл /хх-7-8/, О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01223 дугаартай захирамж /хх-9-11/, 5217098970 тоот дансны дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-12-18, 21-23/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: хариу тайлбарыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч О.Бд холбогдуулан 10,573,037 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.Н нь О.Бтай хамт амьдарч байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Бэрс финанс ББСБ" ХХК-иас 4.000.000 төгрөгийн зээл авахад батлан даагчаар оролцсон зээлж авсан мөнгөө О.Б төлнө гэсэн боловч төлж чадахгүй би 3.173.100 төгрөг төлсөн, мөн 2018 оны 10 сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 5.000.000 төгрөгийн цалингийн зээл О.Б авахад би батлан даагчаар оролцсон, цалингийн зээлээрээ юу хийсэн талаар мэдэхгүй, О.Б зээлээ бас төлөөгүй, бүх зээлийг би төлж ирсэн өнөөдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банк" ХХК-нд 3.050.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 1.950.000 төгрөг байна. Нийт 5.000.000 төгрөг, 2 зээлийн төлбөр болох 10.573.037 төгрөгийн өрөнд оруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

 

О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01223 захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хариуцагч О.Б, С.Н нар нь нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-нд 2,399,937 төгрөг төлөхөөр болсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/829 дугаартай тогтоолоор 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01223 захирамжийн дагуу гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч төлбөрөө төлж барагдуулсан үндэслэлээр дуусгавар болсонд тооцжээ.

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн авсан зээлийн тухайд нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-нд 1,267,000 төгрөг төлсөн болох нь мөнгө тушаасан дотоод шилжүүлгийн маягтаар батлагдаж байна.

 

Иймд Бэрс ББСБ-д төлсөн 2,399,937 төгрөг, Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлсөн 1,267,000 төгрөг нийт 3,666,937 төгрөгийн тал хувийн зээлийн төлбөрийг хамтран хариуцагч болох О.Бас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг баримтлан хариуцагч О.Бас 1,833,468 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,739,569 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,119 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Бас 44,285 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН