Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2023/00069

 

2023 08 24 207/МА2023/00069

 

 

С.Н-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Б-дд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Оаймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Оаймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Б-дд холбогдох,

Зээлийн төлбөр 10.573.037 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.Н-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н-а, хариуцагч О.Б-д, нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.Н-а нь О.Б-дтай хамт амьдарч байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б ББСБ" ХХК-аас 4.000.000 төгрөгийг хашаа байшин барьцаанд тавьж, 3.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээл авахад батлан даагчаар гарын үсэг зурсан. Зээлж авсан мөнгөө О.Б-д төлнө гэсэн боловч төлж чадахгүй би 3.173.100 төгрөг төлсөн. Зээл төлөгдөх хугацаа хэтэрсэн болохоор "Б ББСБ" ХКК шүүхэд нэхэмжлэл өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/...... дугаартай шийдвэрээр бид хоёроос 2.399.937 төгрөгийг сар бүр 400.000 төгрөгөөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. О.Б-д нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Гантулга олдохгүй байна. Өөрөө олж ир гэдэг байсан. Миний "Хаан" банкны данс, хүүхдийн мөнгөний Төрийн банк"-ны данс, цалингийн ХХ банкны дансыг битүүмжилж мөнгө төлүүлсэн. Би өөрөө цалингийн зээлтэй, дээр нь 2.399.937 төгрөгийг төлсөн. Миний цалин зээлээ төлөөд дуусчихдаг. О.Б-д байшингаа засварлана гэж байсан боловч байшингаа янзлаагүй. Өөрөө үрж дуусгасан. Бид 2022 оны 04 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Би энэ мөнгөнөөс авсан зүйл байхгүй. "Б ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 2.399.937 төгрөг дээр өмнө нь төлсөн 3.173.100 төгрөг нийт 5.573.037 төгрөгийг гаргуулан авна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "ХХ банкнаас 5.000.000 төгрөгийн цалингийн зээл О.Б-д авахад би батлан даагчаар гарын үсэг зурсан. Цалингийн зээлээрээ юу хийсэн талаар мэдэхгүй. Би мөнгөнөөс нь нэг ч төгрөг аваагүй. О.Б-д зээлээ бас төлөөгүй. Би сар бүр 50.000 төгрөг төлж байгаад 2022 онд огт төлөлт хийгээгүй. О.Б-д ажилтай байж байгаад ажилгүй болоод бүх зээлийг би төлж ирсэн. Өнөөдрийн байдлаар ХХ банкинд 3.050.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 1.950.000 төгрөг байна. Нийт 5.000.000 төгрөг. Зээлийн төлбөр болох 10.573.037 төгрөгийн өрөнд оруулж өөрөө төлбөр мөнгө төлөхгүй байгаад гомдолтой байна. Би ажил хийдэг тулдаа төлж байна. Гэхдээ ажил хийгээд цалин авахгүй О.Б-ын зээлийг төлөөд явж байгааг огт мэдэхгүй. Би бас амьдрах гэж ядаж яваа хүн. Цалингаа өөртөө зарцуулмаар байгаа боловч данс битүүмжлээд хүчээр зээлүүдийг төлүүлж байгаа. Өрнөөс өрний хооронд цалин мөнгө хүрэлцэхгүй их хэцүү байна. Иймд О.Б-дас 2 зээлийн төлбөр болох 10.573.037 төгрөг гаргуулан надад олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б-д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

Оюунбаатар овогтой Баяртулга миний бие нь иргэн С.Н-ын нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэдгээ илэрхийлж байна гэжээ.

Оаймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг баримтлан хариуцагч О.Б-дас 1.833.468 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Н-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.739.569 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.119 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Б-дас 44.285 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Н-ад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Н-а шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О.Б-д зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин яагаад төлөхгүй гэдгээ тайлбарлаагүй. О.Б-д энэ хугацаанд доорх 2 зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б ББСБ ХХК-аас 4.000.000 төгрөгийн зээл аваад 3.173.100 төгрөгийг би төлчихсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж 2.399.937 төгрөг дээр эвлэрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч О.Б-ыг өөрөө олж төлсөн мөнгөө ав гээд миний дансыг битүүмжилж байгаад авсан. Б ББСБ ХХК-нд нийт 5.573.037 төгрөг төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХХ банк-аас 5.000.000 төгрөгийн цалингийн зээлээс 3.050.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 1.950.000 төгрөг байна. Миний цалин цалингийн зээлд татагдчихдаг учраас мөнгө үлддэггүй. Ядаж энэ үлдсэн мөнгөө төлөхгүй үлдээж байгааг ойлгохгүй юм. Нийт 5.000.000 төгрөг, 2 зээлийн төлбөр болох 10.573.037 төгрөгийг бүгдийн би төлж байна. Дээрх 2 зээлээс би нэг ч төгрөг ч аваагүй. Батлан даагчаар гарын үсэг зурсан учраас төлөх ёстой гээд хүчээр төлүүлсэн. Бүх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад О.Б-дас 1.833.468 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. 1.833.468 төгрөг зээлийн хүүнд ч хүрэхгүй мөнгө юм. Ямар ч хамааралгүй намайг өнөөдрийг хүртэл хохироож байгаад гомдолтой байна. Оаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Н-а нь хариуцагч О.Б-дас зээлэнд төлсөн 10.573.037 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О.Б-д нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж маргажээ.

Нэхэмжлэгч С.Н-а нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О.Б-дтай хамтран амьдарч байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б ББСБ ХХК-иас 4.000.000 төгрөгийн зээл авахад нь батлан даагчаар оролцсон бөгөөд О.Б-д нь зээлээ төлөөгүй тул би 3.173.100 төгрөгөөр төлсөн, мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХХ банкнаас 5.000.000 төгрөгийн цалингийн зээл авахад нь бас батлан даагчаар оролцсон. Авсан зээлээрээ юу хийснийг нь мэдээгүй, зээлээ төлж чадахгүй байсан тул ХХ банкинд 3.050.000 төгрөгийг төлсөн. Одоо 1.950.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Нийт 2 зээлийн 10.573.037 төгрөгийг төлсөн гэсэн тайлбарт үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч О.Б-д нь 10.000.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэсэн тайлбар гарган маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч О.Б-д нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б ББСБ ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлэхдээ зээлийн барьцаанд хариуцагч О.Б-ын өмчлөлийн О аймаг Б сум 20-р баг Д З 12-р гудамж 4 тоотод байрлалтай хувийн сууц, газрыг барьцаалсан ба нэхэмжлэгч С.Н-а батлан даагчаар оролцжээ. Зээлдэгч нар графикт хугацаандаа зээлээ төлөөгүй тул Б ББСБ ХХК 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг зохигчид 2.399.937 төгрөгийг сар бүр тодорхой дүнгээр төлж барагдуулахаар эвлэрч шүүх 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ...........3 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлсөн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. Мөн ХХ банкнаас авсан 5.000.000 төгрөгийн зээлэнд нэхэмжлэгч С.Н-а нь 1.267.000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримт нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д төлсөн 2.399.937 төгрөг ХХ банкинд төлсөн 1.267.000 төгрөг нийт 3.666.937 төгрөгийн тал хувийн зээлийн төлбөрийг хамтран хариуцагч О.Б-дас гаргуулан нэхэмжлэгч С.Н-ад олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Хариуцагч О.Б-д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж татгалзсан тайлбараа нотлоогүй, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг няцаагаагүй хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байхад нотлох баримтаар нотлогдсон зээлийн төлбөрийн тал хувийг хариуцагч О.Б-дар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.Н-а нь зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар төлөх 2.399.937 төгрөгийн 50 хувийг төлөх үүрэгтэй, /гэрээнд батлан даагчаар оролцсоны хувьд/ ХХ банкинд хариуцагч О.Б-ын зээлд 1.267.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул 1.199.968+1.267.000=2.466.968 төгрөгийг О.Б-дас гаргуулж нэхэмжлэгч С.Н-ад олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Оаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг хариуцагч О.Б-дас 1.833.468 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Н-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.739.569 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хариуцагч О.Б-дас 2.466.968 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Н-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.106.069 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...184.119 төгрөг гэснийг ...54.421 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч С.Н-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.783 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД Л.А

С.У