Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01766

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01766

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** ургийн овогт, ***ийн *** /РД: ***/,

 

Хариуцагч: *** өөрийн байранд оршин байх, ***,

 

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э***

Гэрч Н.Ц***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ***т холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Миний бие өөрийн өмчлөлийн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоотод байрлах, 77 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, авто зогсоолын зориулалттай 155 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаартай 404 м.кв талбайтай газраа барьцаалан *** ХХК-иас 80,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Тус зээлийг төлөөгүй тул шүүхэд хандсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дүгээр шүүгчийн захирамжаар Н.А***, Ж.*** нар нь 161,956,561 төгрөгийг *** ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг *** явуулж байгаа бөгөөд миний бие нь тухайн үед шүүх дээр зээлийн тухай маргаагүй бөгөөд тус зээлийг Н.А***, н.М*** гэгч нь миний хашаа байшинг худалдан авна, харин одоо миний ажилладаг гэх ***-аас зээл аваад мөнгө төгрөгийг өгөхөөр тохиролцсон бөгөөд мөнгөө төлж байгаа эвлэрлийн гэрээ байгуулчихья энэ хугацаанд бид мөнгийг төлчихнөө гэхээр нь итгээд шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл Н.А***, н.М*** нар нь төлбөрийг төлөхгүй намайг хуурч залилсан болохыг мэдлээ. Цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргасан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өргөдөл гаргахад үл харгалзан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний байрыг *** ХХК-иар зах зээлийн үнэнээс хэт доогуур үнэлгээ хийлгэн одоо худалдан борлуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би өөрийн өмчлөлийн хувийн сууц, үл хөдлөх хөрөнгө, газраа нийт зах зээлийн ханшаар 450,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад яагаад 200,000,000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй бөгөөд ямар ч үндэслэлгүй үнэлгээ болсон. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж ***аас томилж үнэлсэн *** ХХК-ийн шинжээчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилж үнэлгээ хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.*** , Н.А*** нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй тул Ж.*** н өмчлөлд нь бүртгэлтэй үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах 77 м.кв талбайтай хувийн сууц, *** дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 155 м.кв талбайтай автозогсоол, *** дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 404 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүжилж, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 220,000,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Ж.*** , Н.А*** нарт мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.*** нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хөрөнгийг 1 сарын хугацаанд бие даан үнэлсэн үнээс багагүй үнээр худалдан борлуулах хүсэлт гаргасан тул 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар мэдэгдэл төлбөр төлөгч нарт өгч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор худалдан борлуулах хугацаа дуусгавар болохыг мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.*** , Н.А*** нар нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулаагүй, төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, 1 сарын хугацаанд барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах хугацаа авсан боловч худалдан борлуулж төлбөр төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ж.*** ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ***-ны өдрийн *** дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 4-5/, шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 6/, *** ХХК-ийн үнэлгээний хуудас /хх 7/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 8-9/, ***ын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай зарлан дуудах мэдэгдлийн хуулбар /хх 16/, ***ын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хх 16/, Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол /хх 11/, ***ын 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай мэдэгдэл /хх 14/, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1/33 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар /хх 15/, итгэмжлэл /хх 16/.

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 19/, хариу тайлбар /хх 25/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 26/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ***-ны өдрийн *** дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 27-28/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх 29/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 30/, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ /хх 31/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /хх 32/, ***-ын хүсэлт, итгэмжлэл /хх 33-34/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 35, 40, 48, 61, 98, 101, 104/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл /хх 36-37, 42-43, 50-51/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл /хх 38/, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг /хх 39/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 41/, Н.А***, Ж.*** нарын мэдээлэл /хх 44-45/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 49/, Ж.*** ын хүсэлт /хх 52/, Н.А***ийн үнийн санал гаргах тухай /хх 53/, ***-ын хүсэлт /хх 54/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 55/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 56-57/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** тоот албан бичиг /хх 58/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн *** тоот албан бичиг /хх 59/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх 60/, Шинжээч томилох тухай тогтоол, тэмдэглэл /хх 62-64/, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт /хх 65/, *** ХХК-ийн үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан /хх 66-97/, ***ын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай үнэлгээний мэдэгдэл /хх 99-100, 102/, Ж.*** ын хүсэлт /хх 103/, ***ын бие даан худалдан борлуулах хугацаа олгох тухай мэдэгдэл /хх 105/.

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Ж.*** нь ***т холбогдуулан өөрийн өмчлөлийн, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 77 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байршилтай, 155 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаар бүхий 404 м2 талбайтай өмчлөлийн газрыг 220,000,000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт багаар үнэлсэн, ...нийт зах зээлийн ханшаар 450,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад 220,000,000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.

 

4. Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч ***т холбогдох Ж.*** ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч *** ХХК болон хариуцагч Ж.*** , Н.А*** нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, хариуцагч Ж.*** , Н.А*** нараас 163,341,702.19 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 77 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байршилтай, 155 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаар бүхий 404 м2 талбайтай өмчлөлийн газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжийн дагуу *** тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө болон өмчлөлийн газрыг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоолоор битүүмжилсэн. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог.

 

Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид харилцан тохирч чадаагүйгээс ***аас *** ХХК-ийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** тоот тогтоолоор шинжээчээр томилж, барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Шинжээч эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, ***тоот хаягт байршилтай, 77 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байршилтай, 155 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаар бүхий 404 м2 талбайтай өмчлөлийн газрыг 220,000,000 төгрөгөөр үнэлсэн ба эдгээр хөрөнгийн үнэлгээ болон тайланг ***аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ж.*** д мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, ***аас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаангүй.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. *** ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Шинжээчид барьцаа хөрөнгүүдийг дээр дурдсан байдлаар үнэлснийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

 

Иймд хариуцагч ***т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай Ж.*** ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 77 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байршилтай, 155 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаар бүхий 404 м2 талбайтай өмчлөлийн газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.*** ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН