Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/ма2023/01300

 

 

 

 

 

 

 

 

2023 06 30 210/МА2023/01300

 

 

Ж.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/0176* дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Оын хариуцагч Н т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, С дүүргийн * дугаар хороо, Сансар * дугаар гудамж * тоотод байрлах, * м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, авто зогсоолын зориулалттай * м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын Г-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18638314705792 дугаартай * м.кв талбайтай газраа барьцаалан п ххк -аас 80,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Тус зээлийг төлөөгүй тул шүүхэд хандсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 744 дүгээр шүүгчийн захирамжаар Н.А , Ж.О нар нь 161,956,561 төгрөгийг п ххк -д төлөхөөр шийдвэрлэсэн. Тус зээлийг Н.А , С.М ав нар нь миний хашаа байшинг худалдан авахдаа п ххк -аас зээл авч төлөхөөр тохиролцсон бөгөөд мөнгөө төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл Н.А , С.М ав нар нь төлбөрийг төлөхгүй намайг хуурч залилсан. Цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргасан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж, Файн эстимэйт ХХК-аар зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ хийлгэн худалдан борлуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би өөрийн өмчлөлийн хувийн сууц, үл хөдлөх хөрөнгө, газраа нийт зах зээлийн ханшаар 450,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад 200,000,000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй бөгөөд ямар ч үндэслэлгүй үнэлгээ болсон. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилж үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн шинжээчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилж үнэлгээ хийлгэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.О, Н.А нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй тул Ж.О өмчлөлд нь бүртгэлтэй үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, С дүүргийн * дугаар хороо, Сансар * дугаар гудамж * тоот хаягт байрлах * м.кв талбайтай хувийн сууц, Ү-2201019089 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах * м.кв талбайтай авто зогсоол, Г-* дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах * м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22250729/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22250729/0* дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 220,000,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4-183/21287 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Ж.О, Н.А нарт мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.О нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хөрөнгийг 1 сарын хугацаанд бие даан үнэлсэн үнээс багагүй үнээр худалдан борлуулах хүсэлт гаргасан тул 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-183/2190* дугаар мэдэгдэл төлбөр төлөгч нарт өгч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор худалдан борлуулах хугацаа дуусгавар болохыг мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.О, Н.А нар нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулаагүй, төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, 1 сарын хугацаанд барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах хугацаа авсан боловч худалдан борлуулж төлбөр төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ж.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, С дүүрэг, * дугаар хороо, Сансар * дугаар гудамж, * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-* дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байршилтай, * м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18638314705792 дугаар бүхий * м.кв талбайтай өмчлөлийн газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Учир нь "Прогресс капитал ББСБ" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрсдийгөө "Fashion Bridge" ХХК-ийн захирал С. М, "Асарвай" ХХК-ийн захирал н.Д, дүү Н.А гэж танилцуулсан эдгээр хүмүүс хамт ирж уулзан, миний өөрийн эзэмшлийн С дүүргийн * дугаар хороо, сансарын 6-* тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон Хас банк дахь зээлийн үлдэгдэл болох 18,000,000 төгрөгийг төлж зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг чөлөөлж, банк бус санхүүгийн байгууллагаас очиж авна гээд п ххк дээр очиж хэдэн цаасан дээр гарын үсэг зуруулаад 80,000,000 төгрөг бэлнээр авч 12,000,000 төгрөгийг надад бэлнээр өгч, 45 хоногийн дотор үлдэгдэл мөнгийг өгнө гэж баталгаа бичүүлсэн. Гэвч мөнгөө төлөөгүй 3 жил болж байна. Гэтэл 2023 оноос п ххк -аас зээлээ төлж гэж мэдэгдсэн. C.Мягмаржав, н.Дашдулам нартай холбогдоход ажил сайн болж байна, 6 сарын дотор төлнө гэхээр нь итгээд п ххк -тай эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн п ххк -аас зээлээ төлөхгүй 3 жил болж байхад нэг ч удаа над руу утасдаж мэдэгдэж байгаагүй атлаа гэнэт 170,000,00 төгрөг болсон гэж байгаа нь С.М ав, н.Дашдулам, Н.А нар банк бус санхүүгийн байгууллагатай хамтран залилан мэхэлсэн гэж үзэж, цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байгаа. Миний бие 4 хүүхэдтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан. Н.А болон С.М ав нар төлбөр төлөхөөр гарын үсэг зурсан. Шийдвэр гүйцэтгэгч Н.А тэй тохиролцож орон сууцыг худалдах гэж байна. Миний өмчлөлийн газрыг 220,000,000 төгрөгөөр үнэлсэн нь зөвхөн миний газрын үнээр 3 хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Н т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00744 дугаар захирамжаар нэхэмжлэгч п ххк -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.О, Н.А нарт холбогдох 174,914,622 төгрөг гаргуулах шаардлагаас 11,572,920 төгрөгөөр багасгаж хариуцагч Н.А , Ж.О нар нь үлдэх 163,341,702 төгрөгийг нийт 4 сарын хугацаатай буюу 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 0* дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл 157,341,702 төгрөгийг төлж барагдуулахаар зохигч эвлэрч, уг төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх3-4/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.

4. Хариуцагч Н нь дээрх шийдвэр болон хэрэгт авагдсан гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үнийн санал авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх26-30, 41-43, 49-51, 52-53/

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Файн эстимэйт ХХК нь төлбөрт хураагдсан Ж.Оын өмчлөлийн эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, С дүүрэг, * дугаар хороо, сансар * дугаар гудамж * тоот хаягт байрлах * м.кв талбайтай хувийн сууц, Ү-* дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах * м.кв талбайтай автозогсоол, Г-* дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах * м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 220,000,000 төгрөгөөр үнэлж, Н т ирүүлжээ. /хх66-97/ Мөн дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

6. Хариуцагч Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Г.Мягмардоржид 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4-183/21287 дугаар мэдэгдэл зэрэг баримтуудаар /хх98-101/ тогтоогдож байна.

7. Файн эстимэйт ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

8. Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, холбогдох сайтын зургуудыг тайландаа хавсаргасан /хх73-88/ байна. Иймд нэхэмжлэгчийн 1 газрын үнээр 3 үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

9. Нэхэмжлэгч нь ...С.М ав, Н.А , н.Дашдулам нар банк бус санхүүгийн байгууллагатай хуйвалдаж залилан мэхэлсэнтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа, энэ хэрэг 2 хариуцагчтай байхад зөвхөн надад холбогдуулж миний эд хөрөнгийг хураасныг зөвшөөрөхгүй. гэж давж заалдах гомдол гаргажээ. Үл хөдлөх эд хөрөнгөө бусдад залилуулсан гэх эрүүгийн хэрэгт холбогдох этгээдүүдийг шалгаж байгаа байдал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаанд хамааралгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээтэй холбоотой асуудал энэ хэргээс тусдаа өөр төрлийн маргаан байх тул хамтатган шийдвэрлэх шаардлагагүй юм.

Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00744 дугаар захирамжаар хариуцагч Ж.О, Н.А нараас 163,341,702 төгрөгийг гаргуулан п ххк -д олгож, Ж.Оын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсанд тусгагдсан барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, үнэлгээ хийлгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан байх тул Н.А эд хариуцлага хүлээлгээгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/0176* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН