Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01837

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01837

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** давхар *** тоот хаягт байрлах О*** ХХК /РД:***/,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогт ***-ийн Ж*** /РД:г***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 11,170,643 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***

Хариуцагч Э.Ж***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Э.Ж***т холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Иргэн Э.Ж*** нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр О*** ХХК-тай *** дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *** улсын дугаартай *** /***/ маркийн тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэн, зээлдэгчийн эзэмшилд буюу унаж явах зориулалтаар тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч Зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 771,920 төгрөг, хүү 2,298,980 төгрөг, алданги 151,780 төгрөг, нийт 3,222,680 төгрөгийг төлсөн боловч 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш үндсэн зээл, сар бүрийн хүү, алдангиа төлөөгүй. Зээлийн эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 4,128,080 төгрөг, хүү 165,123 төгрөг, алданги 5,077,440 төгрөг, нийт 9,370,643 төгрөгийн төлөлт хийгээгүй. Зээлдэгч нь гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг 246 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Компанийн зүгээс Э.Ж***ыг зээлийн хүү алдангийн хамт төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний 3.1.7-д зааснаар Зээлдүүлэгчээс бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй гэж тохиролцсон байтал зээлдэгч Э.Ж*** нь зөвшөөрөлгүйгээр автомашинаа гуравдагч этгээдэд шилжүүлсэн. Манай байгууллагаас 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, зээлдэгчийн барьцаалуулсан автомашиныг Эрдэнэт хотоос хайж олсон боловч тухайн автомашин нь усанд живээд гэмтсэн байдаг. Байгууллагаас автомашины рулийн аппарат солиулах ажлын зардалд 900,000 төгрөг, Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу ачилтын зардалд 400,000 төгрөг, шатахууны зардал 500,000 төгрөг нийт 1,800,000 төгрөг зарцуулагдсан. Иймд Э.Ж***оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,128,080 төгрөг, хүү 165,123 төгрөг, алданги 5,077,440 төгрөг, дээрх үйл ажиллагааны зардал болох 1,800,000 төгрөг нийт 11,170,643 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Ж*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн машиныг найздаа зарчихсан. О*** ХХК-д энэ машиныг найздаа зарж байгаагаа хэлээд найзынхаа иргэний үнэмлэхийг хуулбарлан үлдээсэн. Тухайн байгууллага намайг өөр хүнд зарж байгааг мэдэж байсан. Манай найз зээлийн гэрээний дагуу төлөлтийг нь хийж байгаад сүүлдээ төлж чадахгүй болсон. Төлөлт хийж чадахгүй 8 дугаар сар хүрэхэд О*** ХХК-иас тээврийн хэрэгслийг хураасан. О*** ХХК барьцаа хөрөнгийг хурааж авчхаад мэдэгдэж байж зардаг гээд ойлгомжгүй зүйл яриад байгаа. Би төлөлтөө хийж чадахгүй бол барьцааны хөрөнгийг худалдах эрх нь нэхэмжлэгч талд байсан. Ингэж бодоод ерөнхийдөө тоохгүй явж байсан. Миний хувьд хөдөө ажилладаг бөгөөд утасны дугаараа солиод явчхаад ирэхэд намайг эрэн сурвалжлуулаад хагас жилийн дараа цагдаагаас над руу холбоо барьсан. Тэгэхээр энэ байгууллага машинаа хурааж авсан үеэс хүү, алданги боддоггүй гэж бусад газруудаас асуухад хэлсэн. Одоо надаас 11,000,000 төгрөг нэхээд байна. Нэхэмжлэлийн энэ дүн дээр тохиролцож чадахгүй байна. Түүнээс 4,000,000 төгрөг төлөөд машинаа буцаагаад авна гэвэл болно гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, итгэмжлэл /хх 5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/, Зээлийн гэрээний хуулбар /хх 7, 26-27/, Э.Ж***ын иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хх 8-9/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 10/, зээл хүсэгчийн анкет /хх 11/, зээл төлөлтийн бичвэр /хх 12/, О*** ХХК-ийн шаардах хуудас /хх 13/, О*** ХХК-ийн захирлын тушаал /хх 14/, Эрсдэлийн албанаас гаргасан ажлын хэсгийн дүгнэлт /хх 15/, фото зураг /хх 16/, Зарлагын баримт /хх 22/, Аянгат буурал моторс ХХК-ийн бичиг /хх 23/, Зээлийн эргэн төлөлт /хх 25/,

 

4. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг талаас О*** ХХК, нөгөө талаас Э.Ж*** нар 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр *** дугаартай Зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,0 хувийн хүүтэй зээлж авчээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Э.Ж*** нь 14-10 УНХ улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн *** арлын дугаартай, мөнгөлөг өнгийн *** /***/ маркийн автомашиныг О*** ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ.

 

Нэхэмжлэгч О*** ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, мөн зээлийн хүүг талууд тохиролцон тогтоохоор заажээ. Түүнчлэн, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгохоор зохицуулсан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зохигчдын хооронд барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч О*** ХХК нь хариуцагч Э.Ж***оос *** дугаартай Зээлийн гэрээ /фидуци/-ний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 4,128,080 төгрөг, хүү 165,123 төгрөг, алданги 5,077,440 төгрөг, хохирол төлбөр 1,800,000 төгрөг, нийт 11,170,643 төгрөгийг гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэлд ...Зээлдэгч нь гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг 246 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Компанийн зүгээс Э.Ж***ыг зээлийн хүү алдангийн хамт төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дурдагдсанаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүрэг зөрчигдөж байгааг, мөн энэ байдал хэвээр үргэлжилсэн нөхцөлд гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай бичгийн хэлбэрээр Э.Ж***т мэдэгдсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч Э.Ж***той гэрээ байгуулж, гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, гэрээний хариуцлага болох зохих хэмжээний алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй.

 

Зохигчид өөрсдийн байгуулсан гэрээний 2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх ба төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож алданги 0,5 хувийг хоног тутам зээлдэгч үл маргах журмаар төлөхөөр тохирсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн тодорхойлсон алдангийн хэмжээ болох 5,077,440 төгрөг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэхгүй байх тул хариуцагчаас гэрээний дагуу алданги 2,146,601 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал барьцааны зүйл болох автомашиныг бусдын эзэмшлээс авах үйл ажиллагааны зардал гаргасан, мөн автомашины засвар үйлчилгээнд тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул автомашины сэлбэг, сэлбэг солих үйлчилгээний зардал, автомашиныг бусдын эзэмшлээс авах үйл ажиллагааны зардал нийт 1,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.Ж***оос нийт 8,239,804 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Харин фидуцийн гэрээ нь барьцааны гэрээнээс ялгаатай бөгөөд үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгчээс бодитоор гаргуулан авч үүргийн гүйцэтгэлийг хангах эсвэл үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл мөнгө төлөх баталгаа болгож өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг шүүхийн журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Ж***оос нийт 8,239,804 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О*** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас фидуцийн зүйл болох *** улсын дугаартай, *** /****/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ж***оос 146,787 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О*** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН