Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01240

 

 

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01240

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01837 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-т холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 11,170,643 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэдөш, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ****УНХ улсын дугаартай Тоёота краун /Toyota crown s200/ маркийн тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэн, зээлдэгчийн эзэмшилд буюу унаж явах зориулалтаар тохиролцож гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 771,920 төгрөг, хүү 2,298,980 төгрөг, алданги 151,780 төгрөг, нийт 3,222,680 төгрөгийг төлсөн боловч 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Одоо үндсэн зээл 4,128,080 төгрөг, хүү 165,123 төгрөг, алданги 5,077,440 төгрөг, нийт 9,370,643 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Компанийн зүгээс Б-ыг зээлийн хүү, алдангийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Зээлийн гэрээний 3.1.7-д зээлдүүлэгчээс бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй гэж тохиролцсон байтал Б- нь зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн.

Манай байгууллагаас 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, зээлдэгчийн барьцаалуулсан тээврийн хэрэгслийг Эрдэнэт хотоос хайж олсон боловч тухайн тээврийн хэрэгсэл нь усанд живээд гэмтсэн байдаг. Байгууллагаас тээврийн хэрэгслийн рулийн аппарат солиулах ажлын зардалд 900,000 төгрөг, Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу ачилтын зардалд 400,000 төгрөг, шатахууны зардал 500,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөг зарцуулсан.

Иймд Б-оос үндсэн зээл 4,128,080 төгрөг, хүү 165,123 төгрөг, алданги 5,077,440 төгрөг, дээрх үйл ажиллагааны зардал 1,800,000 төгрөг, нийт 11,170,643 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийг найздаа худалдах талаар мэдэгдэж, найзынхаа иргэний үнэмлэхийг хуулбарлан үлдээсэн. Манай найз зээлийн гэрээний төлөлтийг хийж байгаад сүүлдээ төлж чадахгүй болсон. Төлөлт хийж чадахгүй 2023 оны 08 дугаар сар хүрэхэд А ХХК-аас тээврийн хэрэгслийг хураан авсан.

Зээлийн төлөлтөө хийгдэхгүй бол барьцааны хөрөнгийг худалдах эрх нь нэхэмжлэгч талд байсан. Би хөдөө ажилладаг бөгөөд утасны дугаараа солиод явчхаад ирэхэд намайг эрэн сурвалжлуулаад хагас жилийн дараа цагдаагаас над руу холбоо барьсан. Нэхэмжлэгч тээврийн хэрэгсэл хурааж авсан үеэс хүү, алданги тооцох ёсгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөг төлөөд тээврийн хэрэгслээ буцааж авах боломжтой.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б-оос нийт 8,239,804 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас фидуцийн зүйл болох **** УНХ улсын дугаартай, Тоёота краун /Toyota crown s200/ маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-оос 146,787 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хэт нэг талыг барьсан байр сууринаас шийдвэрлэж хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасан.

Хариуцагчаас гэрээний дагуу алданги 2,146,601 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 452 дүгээр зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн завсар үйлчилгээтэй холбоотой хэн, хэрхэн үйлдсэн тодорхойгүй, эргэлзээтэй баримтыг үнэлсэн. Мөн тээврийн хэрэгсэл ачуулсан нь тодорхойгүй байхад тээврийн хэрэгслийн сэлбэг солих үйлчилгээний зардал, тээврийн хэрэгслийг бусдын эзэмшлээс авах үйл ажиллагааны зардалд 1,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн.

Барьцааны тээврийн хэрэгслийн нөхцөл нь хурааж авах үед ямар нэг өө сэвгүй байсан атал одоогийн нөхцөл байдал дордсон буюу урьд сээр 2 нүүр байхгүй болсон, мөн урьд гупер сэвтэй төмөр утсаар тогтоосон байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн хэсгээс 3,946,601 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, түүнчлэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,170,643 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. А ХХК болон Б- нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу А ХХК нь 5,000,000 төгрөгийг Б-т 6 сарын хугацаатай, сарын 4,0 хувийн хүү төлөх, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн,

3.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б- нь **** УНХ улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг өнгийн Тоёота краун /Toyota crown s200/ маркийн тээврийн хэрэгслийг А ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.

 

4. Нэхэмжлэгч А ХХК нь барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн зөв дүгнэжээ.

Талууд гэрээг бичгээр байгуулж зээлийн хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4.1. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 4,128,080 төгрөг, хүү 165,123 төгрөг, нийт 4,293,203 төгрөг байсан байх ба энэ тооцооллыг хариуцагч маргаж үгүйсгээгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр, хүү 4,293,203 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхэлдэг үйл баримтыг зөв тогтоосон боловч түүний эрх зүйн байдалтай холбогдуулан фидуцийн гэрээ, алдангийн тохиролцооны талаар хуульд нийцсэн дүгнэлт өгч чадаагүй байна.

 

5.1. Зохигчийн байгуулсан гэрээний 3.1.2-т зааснаар Б- нь өөрийн өмчлөлийн ****УНХ улсын дугаартай Тоёота краун маркийн тээврийн хэрэгслийг А ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Гэрээний энэхүү тохиролцоо, тээврийн хэрэгслийн өмчлөл шилжсэн үйл баримтаар зохигч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулсан байна.

 

5.2. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдэх газар нь хөдлөх эд хөрөнгийг зөвхөн барьцаалах эрхтэй ба тухайн хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн авах эрхгүй юм.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг анхан шатны шүүх зөв тогтоож чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээж хууль хэрэглээг дээрх байдлаар зөвтгөн дүгнэнэ.

 

5.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Иймд тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч Б-ын эзэмшилд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч А ХХК-д, тус тээврийн хэрэгслийг хариуцагч Б-ын нэр дээр бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд тус тус даалгах нь зүйтэй.

 

5.4. Зохигчийн байгуулсан гэрээний 2.1 дэх хэсэгт заасан алдангийн тохиролцоонд үндэслэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэжээ.

Гэхдээ барьцаалан зээлдэх журмаар олгосон зээлийн харилцаанд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн тухайн цаг хугацаанд үйлчилж байсан нарийвчилсан зохицуулалт үйлчлэх ёстойг шүүх анхаараагүй байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах эрх зээлдүүлэгчид үүсэх бөгөөд тэрээр барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулах эрхтэй.

Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдэх журмаар олгосон зээлийн үүргийг нэн даруй биелүүлэх богиносгосон хугацааг тогтоож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр богино хугацаанд хангуулах журмыг хуулиар тодорхойлсон тул барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар мэдэгдсэнээс хойш 10 хоногийн хугацааны алданги шаардах хууль зүйн боломжтой.

Харин дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон ба Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар барьцааны эрх үүсээгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги гаргуулахаар шаардах эрхгүй тул алданги 5,077,440 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

6. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан хэдий ч нэхэмжлэгч нь хохирол бодитоор учирсан болохыг баримтаар нотлох учиртай.

Хэрэгт авагдсан А ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ажлын хэсэг байгуулах тухай захирлын тушаал, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлт, гэрэл зураг, Аянгат буурал моторс ХХК-ийн тодорхойлолт, зарлагын баримт зэргээр хариуцагчийн тээврийн хэрэгслийг Эрдэнэт хотоос авчирч зассаны улмаас 1,800,000 төгрөгийн зардал гарсан гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв нотлогдоогүй.

Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн эзэмшилд тээврийн хэрэгслийг хүлээн авах үеийн тээврийн хэрэгслийн шинж байдал тодорхойгүй, эвдрэл гэмтэлтэй байсныг баримтжуулаагүй байх тул тээврийн хэрэгсэлтэй холбогдуулан гаргасан зардал 1,800,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан атлаа үлдэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсгээр хэрэгсэхгүй болгоогүй алдаа гаргасныг залруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-оос 4,293,203 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,877,440 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-т холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

****УНХ улсын дугаартай Тоёота краун маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Б-ын эзэмшилд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч А ХХК-д, тус тээврийн хэрэгслийг хариуцагч Б-ын нэр дээр бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд тус тус даалгасугай. гэсэн заалт нэмж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлаж, 146,787 төгрөгийг гэснийг 83,641 төгрөгийг гэж өөрчилж,

3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Т.БАДРАХ