Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 142/шш2023/00770

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 23 142/ШШ2023/00770

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4 дүгээр хороолол ***** тоотод байрлах Тэгш саятан ББСБ ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ***** тоотод оршин суух *** овгийн ***** /*****/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 41 520 153 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19/118 тоот 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч **** ББСБ ХХК-ийн төлөөлөгч*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******

Хариуцагч*******

Хариуцагчийн өмгөөлөгч*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч*******ын зээл, хүүгийн үлдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр тооцоход зээл, хүү төлж эхлэх 2019 оны 04 сарын 01-нээс хойш нийтдээ зээлд 457 038.65 төгрөг, хүүд 1 654 917 төгрөг төлөгдөж, зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл зээл 14 542 961 төгрөг, хуримтлагдсан хүү 22 480 994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 496 198 төгрөг буюу зээлдэгчийн гүйцэтгэх үүрэг 41 520 153 төгрөг нэхэмжилж байна. Дээрх 41 520 153 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны зүйлээс хангуулна уу. Хариуцагч*******т 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гарган дугаар 19/43 тоот зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, 1 сарын 3.5 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар Toyata prius 0 загварын **** улсын дугаартай автомашин барьцаалан зээл олгосон. Зээлдэгч 2019 оны 7 сарын 01-ний өдрөөс хойш хуваарийн дагуу зээлээ төлөлгүй, эргэн төлөх графикийг 1294 хоногийн турш зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтайн байна. Үүнд: үндсэн зээл 14 542 961 төгрөг, үндсэн хүү 22 480 994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 496 198 төгрөг нийт 41 520 153 төгрөг байна. ББСБ-ийн зүгээс зээлийн гэрээний үүргээ удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Иймээс зээлдэгийн барьцаа хөрөнгөөр 41 520 153 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 550 төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд зээлдэгчийн орлого, Toyata prius 0 загварын******* улсын дугаартай автомашинаар барагдуулж өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгч Тэгш саятан ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тэш саятан ББСБ ХХК нь*******т холбогдуулан тус ББСБ-тай 2019 оны 02 сарын 25-ний 19/43 тоот зээлийн гэрээний дагуу олгосон 15 000 000 төгрөгийн зээлийн үүрэгтэй холбогдуулан 41 520 153 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба иргэний хэрэг үүсгэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

********* тус ББСБ-тай 2019 оны 05 сарын 14-нд 19/118 тоот 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба зээлийг тус ББСБ-ын гүйцэтгэх захирал эх нэгт дүү Б.Мөнхцэцэг, өөрийн төрсөн дүү нартай тохирч ХААН банкны ***** тоот дансанд 2019.05.14-ний өдөр шилжүүлэн авсан байдаг.

******* нь 2022.06.02-нд 22/73 тоот бичгээр энэ үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж цагдаагийн байгууллагад хандсан ба Цагдаагийн байгууллагаас 2022 оны 07 сарын 04-нд 222500399 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна. Хариуцагч******* 2022 оны 08 сарын 03-нд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2019 оны 05 сарын 14-нд зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг дүү дансанд шилжүүлсэн болохоо хүлээн мэдүүлсэн байна. Энэ 20 000 000 төгрөгийн зээлээс*******, нараас огт төлөлт хийгдээгүй байна. 2019 оны 05 сарын 14-ний 19/118 тоот зээлийн гэрээ нь:

а. Гэрээ байгуулсан******* ББСБ-ын өмнө үүрэг хүлээж эргэн төлөхөөр гэрээ байгуулаагүй дүүд мөнгө олж өгөхөөр байгуулсан,

б. Зээлдэгчийн үүргийг өөртөө хүлээн авч зээл, хүүгийн төлөлт огт хийгээгүй,

в. Энэ 20,0 сая төгрөгийг гэрээний харилцааг ашиглаж авсан үйлдлийг гэмт хэргийн журмаар шалгаж байгаа зэргээс үзэхэд******* нь манай ББСБ-тай дүр үзүүлсэн хэлцэл хийсэн болох нь харагдаж байна. Иймд ******* болон******* нарын хооронд 2019 оны 05 сарын 14-нд хийсэн 19/118 тоот 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дүр үзүүлсэн хууль бус хэлцэлд тооцож өгнө үү. Хэрэв******* энэ гэрээ, зээлийн үүргийг хариуцна гэвэл нэхэмжлэлийн шаардлагаа өөр хэлбэрээр нэмэгдүүлэх боломжтой... гэжээ.

3. Хариуцагч******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:******* миний бие *******-ийн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр авсан 15 000 000 төгрөгийн зээлийг төлөөгүй гэх үүнд: үндсэн зээл 14 542 961 төгрөг, үндсэн хүү 22 480 994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 496 198 төгрөг, нийт 41 520 153 төгрөг. *******-нд ямар нэг өр төлбөргүй болохыг дараах баримтаар нотолж байна /Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагааг хавсаргав/... гэжээ.

4. Хариуцагч******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллага болох ББСБ нь 2023.03.31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Тэрээр 2019.05.14-ны өдөр 19/118 тоот Зээлийн гэрээгээр надад 20,000,000 төгрөгний зээл олгосон нь дүр үзүүлсэн хууль бус хэлцэлд тооцуулах шаардлага ирүүлсэн байна.

Миний бие 2019.05.14-ны өдрийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан боловч 20,000,000 төгрөгийг аваагүй энэ мөнгө миний дансанд ороогүй учраас би хариуцахгүй.

Иймд ******* нь зээлийн гэрээний 2.2, 4.2 дахь заалтаа зөрчсөн тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжтой гэж үзэж байна. Тайлбарт өөрийн Хаан банкны 5090421517 тоот дансны 2019.05.14-ний өдрөөс 2019.05.20-ны өдөр хүртэлх хугацааны хуулгыг хавсаргав... гэжээ.

5. Хариуцагч******* нэмэлт тайлбартаа: Миний бие 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 19/118 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийн зээл авсан боловч энэ мөнгө миний гар дээр ирээгүй учраас би хариуцахгүй. Мөн энэ 20,000,000 төгрөгийн зээлийг дүү Мөнх-Эрдэнэ өөр зээл авахдаа хаасан байна. Иймд нэхэмжлэгчээс гаргаж байгаа нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

6. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-4-6/, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19/43 дугаартай Зээлийн гэрээ /хх-7-14/, *******-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 22/73 дугаартай гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай албан тоот /хх-37-39/, зээлийн хорооны шийдвэр /хх-40/, Орхон аймгийн Прокурорын газрын 2022.07.04-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 222500399 дугаартай прокурорын тогтоол /хх-48-52/, 2019.05.14-ний өдрийн 19/118 дугаартай зээлийн гэрээ /хх-62-66/, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б-17/326 дугаартай Монгол банкны албан тоот /хх-91/, зээлийн төлөлтийн дансны хуулга /хх-92-94/ зэргийг гаргаж өгсөн.

7. Хариуцагчаас: Төрийн мэдээллийн сангийн тодорхойлолт /хх-22/ гаргаж өгсөн.

8. Хариуцагч*******ын хүсэлтээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх зээлийн дансны хуулгыг *******-иас, нэхэмжлэгч *******-ийн хүсэлтээр Toyota prius маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөлийн түүхчилсэн лавлагааг Орхон аймгийн Авто тээврийн төвөөс, хариуцагч*******ын Хаан банкны 5090421517 дугаар дансны 2019-02-15-наас 2019-03-01 өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгыг,*******ын 2019-03-01 өдрөөс 2019-03-20-ны өдрийг хүртэлх хугацааны бэлэн бус гүйлгээний мэдээ, ерөнхий журнал, кассын тайлан, үлдэгдэл тэнцэл, мөн 45000257 тоот зээлийн дансны 2019 оны 02 дугаар сарын 25-наас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хуулгыг *******-иас,*******ын 2019 оны 2, 4-6 дугаар сарыг дуустал хугацааны бэлэн бус гүйлгээний мэдээ, ерөнхий журнал, кассын тайлан, үлдэгдэл тэнцлийг *******-иас, Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсээс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А-50/46 дугаартай албан тоотыг тус тус гаргуулж хэрэгт хавсаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: ****** 2019 оны 02 дугаар сарын 25-нд зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар Toyata prius загварын******* улсын дугаартай автомашин барьцаалан зээл авсан. Зээлдэгч 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хуваарийн дагуу зээлээ төлөлгүй, эргэн төлөх графикийг 1294 хоногийн турш зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 14 542 961 төгрөг, үндсэн хүү 22 480 994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 496 198 төгрөг нийт 41 520 153 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Toyata prius загварын******* улсын дугаартай автомашинаар барагдуулж өгнө үү, мөн 2019 оны 05 сарын 14-ний 19/118 тоот зээлийн гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж тодорхойлсон.

2. Хариуцагч 2019 оны 05 сарын 14-ний 19/118 тоот зээлийн гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 41 520 153 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.

3. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хариуцагч ****** 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ББСБ-с 15,0 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан болох нь 19/43 дугаартай тус зээлийн гэрээ, мөн дугаартай фидуцийн гэрээ, талуудын тайлбар, мөнгө шилжүүлсэн Голомт банкны дансны хуулга, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

6. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагад нийцсэн тодруулбал талууд хүсэл зоригоо илэрхийлэн хүлээн зөвшөөрсөн хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлж мөнгөн хөрөнгийг*******т шилжүүлсэн, харин хариуцагч мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1.д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн хуулийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.3.-т нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохирсон байна.

7. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ: би нийт 2 111 955 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг зээлийг зээлээр хаасан гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч ББСБ-ын 2019 оны 6 дугаар сарын тайлан, кассын дэвтэрт 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр*******т 45000257 дугаар дансны 14 542 962 төгрөгийн зээлийн үлдэгдэл, мөн*******т 45000331 дансаар зээлийн үлдэгдэл 20,0 сая төгрөг, мөн******* 45000355 дансанд зээл олголт 34 542 962 төгрөг гэсэн байх ба, кассын дэвтэрт мөн өдөр орлого зарлага гэж 34 542 962 төгрөг гэж бичигдсэн байна.

8. Гэрч ****** 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн кассын дэвтрийг би хөтөлсөн байна. Энэ өдрийн гүйлгээг харахад зээлийг зээл болгосон гэж бодож байна. Мөн 2019 оны 6 дугаар сарын тайланд мөн өдрийн гүйлгээ нь 45000257 дугаар дансны 14 542 962 төгрөгийн зээлийн үлдэгдлийг 45000331 дансны зээлийн үлдэгдэл 20,0 сая төгрөгөөр хаагаад шинээр *** данс нээсэн гэж ойлгож байна. Энэ зээлийн үлдэгдэл 34 542 962 төгрөг байна гэж тайлбарласан.

9. Дээр судалсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр******* өөрийн зээлж авсан 15,0 сая төгрөгөөс нэхэмжлэгчийн хэлсэн 2 111 955 төгрөгийг төлсөн, бусад зээлийг зээлээр хаасан гэх боловч энэ нь санхүүгийн баримтаар 45000257 дугаар дансны 14 542 962 төгрөгийн зээл хаагдсан ч шинээр дахин*******т 45000355 тоот данс нээн 20,0 сая төгрөгийн зээл гаргаж нийт зээлийн үлдэгдэл 34 542 962 төгрөг байгаа болох нь нотлогдож байна. Хариуцагч******* өөрөө зээлээ төлөөгүй, зээлээр хаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ зээлээс 20,0 сая төгрөгийг хариуцагч*******т шилжүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргасан байна.

10. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ тодорхойлсон зээлийн үлдэгдэл 14 542 962 төгрөгийн хүү /1294 хоногийн/ 21 954 004 төгрөг, үүнээс нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй буюу 4 390 800 төгрөг нийт 40 887 765 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2 111 955 төгрөгийг хасаж 38 775 810 төгрөгийг*******аас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ. Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 19/43 дугаар Фидуцийн гэрээг байгуулжээ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Орхон аймгийн авто тээврийн төвийн 2023-04-05-ны өдрийн 01/135 дугаар албан бичиг түүний хавсралтаар улсын дугаартай Toyata prius загварын тээврийн хэрэгсэл хариуцагч*******ын нэр дээр бүртгэлтэй буюу өмчлөгч нь******* гэсэн байна. /хх73-74/

Талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй фидуцийн гэрээ байгуулжээ. Фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу ББСБ өөрийн нэр дээр өмчлөлийг шилжүүлэхээр байхад *** улсын дугаартай Toyata prius машин хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь Фидуцийн гэрээ хуульд заасан шаардлагад нийцээгүй хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

Иймд Фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч ББСБ 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 20,0 сая төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтай*******т олгосон 19/118 дугаартай зээлийн гэрээ байгуулагджээ.

Уг гэрээний дагуу 20,0 сая төгрөгийг*******т шилжүүлж өгөөгүй, түүний дүүд олгосон гэдгийг нэхэмжлэгч болон хариуцагч нар тайлбарласан.

Нэхэмжлэгч ББСБ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.2.дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэжээ.

Дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг байна.

Тэгвэл ББСБ,******* нарын хооронд 20,0 сая төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгөөгүй байгаа нь дүр үзүүлсэн хэлцлийн шинжийг агуулж байна.

Иймд ББСБ,******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19/118 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 609 679 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Мөнхбаатараас зээлийн гэрээний үүрэгт 38 775 810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тэгш саятан ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 744 343 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын дугаартай Toyata prius маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19/118 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Тэгш саятан ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 623 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 609 679 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА