Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 207/ма2023/00066

 

2023 08 24 207/МА2023/00066

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.М-тт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.М-тт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 000000000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19/118 дугаартай 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Ж.М-тын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н, хариуцагч Ж.М-т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Ж.М-тын зээл, хүүгийн үлдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр тооцоход зээл, хүү төлж эхлэх 2019 оны 04 сарын 01-нээс хойш нийтдээ зээлд 457.038,65 төгрөг, хүүд 1.654.917 төгрөг төлөгдөж, зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл зээл 14.542.961 төгрөг, хуримтлагдсан хүү 22.480.994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.496.198 төгрөг буюу зээлдэгчийн гүйцэтгэх үүрэг 000000000 төгрөг нэхэмжилж байна. Дээрх 000000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны зүйлээс хангуулна уу. Хариуцагч Ж.М-тт 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гарган дугаар 19/43 тоот зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, 1 сарын 3.5 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар Т prius 0 загварын ........ ОР... улсын дугаартай автомашин барьцаалан зээл олгосон. Зээлдэгч 2019 оны 7 сарын 01-ний өдрөөс хойш хуваарийн дагуу зээлээ төлөлгүй, эргэн төлөх графикийг 1294 хоногийн турш зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтайн байна. Үүнд: үндсэн зээл 14.542.961 төгрөг, үндсэн хүү 22.480.994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.496.198 төгрөг нийт 000000000 төгрөг байна. ББСБ-ийн зүгээс зээлийн гэрээний үүргээ удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Иймээс зээлдэгийн барьцаа хөрөнгөөр 000000000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365.550 төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд зээлдэгчийн орлого, Т prius 0 загварын ........ ОР... улсын дугаартай автомашинаар барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Т ХХК нь Ж-ийн М-тт холбогдуулан тус ББСБ-тай 2019 оны 02 сарын 25-ний 19/43 тоот зээлийн гэрээний дагуу олгосон 15 000 000 төгрөгийн зээлийн үүрэгтэй холбогдуулан 41 520 153 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба иргэний хэрэг үүсгэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Ж-ийн М-т нь тус Т-тай 2019 оны 05 сарын 14-нд 19/118 тоот 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба зээлийг тус ББСБ-ын гүйцэтгэх захирал эх нэгт дүү Б.М, өөрийн төрсөн дүү Ж-ийн М нартай тохирч Ж.М-ийн ХААН банкны 5014430919 тоот дансанд 2019.05.14-ний өдөр шилжүүлэн авсан байдаг. Т ХХК нь 2022.06.02-нд 22/73 тоот бичгээр энэ үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж цагдаагийн байгууллагад хандсан ба Цагдаагийн байгууллагаас 2022 оны 07 сарын 04-нд 222500399 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна. Хариуцагч Ж.М-т 2022 оны 08 сарын 03-нд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2019 оны 05 сарын 14-нд зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг дүү Ж.Мөнх-Эрдэнийн дансанд шилжүүлсэн болохоо хүлээн мэдүүлсэн байна. Энэ 20.000.000 төгрөгийн зээлээс Ж.М-т, Ж.М нараас огт төлөлт хийгдээгүй байна. 2019 оны 05 сарын 14-ний 19/118 тоот зээлийн гэрээ нь: а. Гэрээ байгуулсан Ж.М-т ББСБ-ын өмнө үүрэг хүлээж эргэн төлөхөөр гэрээ байгуулаагүй дүү Ж.Мд мөнгө олж өгөхөөр байгуулсан, б. Зээлдэгчийн үүргийг өөртөө хүлээн авч зээл, хүүгийн төлөлт огт хийгээгүй, в. Энэ 20.000.000 төгрөгийг гэрээний харилцааг ашиглаж авсан үйлдлийг гэмт хэргийн журмаар шалгаж байгаа зэргээс үзэхэд Ж.М-т нь манай ББСБ-тай дүр үзүүлсэн хэлцэл хийсэн болох нь харагдаж байна. Иймд Т ХХК болон Ж-ийн М-т нарын хооронд 2019 оны 05 сарын 14-нд хийсэн 19/118 тоот 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээг дүр үзүүлсэн хууль бус хэлцэлд тооцож өгнө үү. Хэрэв Ж.М-т энэ гэрээ, зээлийн үүргийг хариуцна гэвэл нэхэмжлэлийн шаардлагаа өөр хэлбэрээр нэмэгдүүлэх боломжтой гэжээ.

Хариуцагч Ж.М-т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ж.М-т миний бие Т ХХК-ийн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр авсан 15.000.000 төгрөгийн зээлийг төлөөгүй гэх үүнд: үндсэн зээл 14.542.961 төгрөг, үндсэн хүү 22.480.994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.496.198 төгрөг, нийт 000000000 төгрөг. Т ХХК-нд ямар нэг өр төлбөргүй болохыг дараах баримтаар нотолж байна /Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагааг хавсаргав/ гэжээ.

Хариуцагч Ж.М-т нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч байгууллага болох Т нь 2023.03.31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Тэрээр 2019.05.14-ны өдөр 19/118 тоот Зээлийн гэрээгээр надад 20.000.000 төгрөгний зээл олгосон нь дүр үзүүлсэн хууль бус хэлцэлд тооцуулах шаардлага ирүүлсэн байна. Миний бие 2019.05.14-ны өдрийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан боловч 20.000.000 төгрөгийг аваагүй энэ мөнгө миний дансанд ороогүй учраас би хариуцахгүй. Иймд Т ХХК нь зээлийн гэрээний 2.2, 4.2 дахь заалтаа зөрчсөн тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжтой гэж үзэж байна. Тайлбарт өөрийн Хаан банкны 5090421517 тоот дансны 2019.05.14-ний өдрөөс 2019.05.20-ны өдөр хүртэлх хугацааны хуулгыг хавсаргав гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.М-таас зээлийн гэрээний үүрэгт 38.775.810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2.744.343 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ....... ОРО улсын дугаартай Т prius маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19/118 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 623.500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 609.679 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.М-т шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.23-ны өдрийн 00770 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй тухай. Энэхүү шийдвэрээр надаас 38.775.810 төгрөг гаргуулан Т ХХК-д олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Т" ХХК-аас 2019.02.25-ны өдөр 15 сая өгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүутэй зээлж авсан асуудлыг маргадаггүй. Харин энэхүү зээлийн үлдэгдэл болох 14.542.961 төгрөгийг миний дүү Ж.М тус компаниас зээл авахдаа миний зээлийг хаасан учраас би зээл төлөх үүргээс чөлөөлөгдсөн гэж ойпгож ирсэн. Т ХХК надаас дээрх зээлийг төлөх үүргийг нэг ч удаа шаардаж нэхэж байгаагүй болохоор над дээр ер байхгүй гэж бодсоор ирсэн. Гэтэл 2023 оны 1 сарын 17-нд Т ХХК нь шүүхэд хандаж надаас 000000000 төгрегийг нэхэмжилсэн байна. Миний бие дээрх зээлийн гэрээний үүргийг зерчөөгүй, зээлийг хаасан талаарх нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасны дагуу Т ХХК-ийн 2019 оны 6-р сарын тайлан балансад миний 15 сая төгрөг зээлсэн зээлийн данс болох 4500 0257 тоот дансны үлдэгдэл 14.542.961 төгрөгийг 2019.06.01-ний өдөр дүү Ж.М хааж шинээр 4500 0355 данс нээж 34.542.962 төгрөгийн зээл олголт хийсэн болох нь гарч ирсэн. Энэ нь миний зээл хаагдсан, цаашид миний бие зээл төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг нотолсон нотлох баримт мөн гэж үзэж байгаа. Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа намайг 2019.07.01-ний өдрөөс хойш хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, 1294 хоногийн турш зээлийн гэрээний үүргийг зөрчсөн гэж бичсэн байсан. Дээрх тайлан балансад тусгаснаар уг зээл 2019.06.01-нд хаагдсан тул уг зээлд 2019.07.01-нээс төлөлт хийх шаардлагагүй гэдэг нь ойлгомжтой байна. Хэрвээ 2019.07.01-нээс хойш нийт 1294 хоног гэрээний үүргээ зөрчсөн гэж байгаа бол миний 4500 0257 тоот дансны хуулгаар нотлогдох учиртай гэж үзэн 2019.02.25-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасны дагуу шүүхийн журмаар гаргуулан авч үзтэл зээлийн үлдэгдэл 0, хүү 0, нэмэгдүүлсэн хүү 0 гэж бичээстэй байдаг. Хэрвээ би гэрээний үүргээ зөрчиж зээлээ төлөөгүй бол дээрх хуулгаар сар, өдрөөрөө зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр бичигдэх учиртай. Мөн Монгол Банкнаас авсан миний нэр бүхий зээлийн мэдээллийн лавлагаагаар надад зээлийн төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж гарч ирснийг нотлох баримтаар шүүхэд өгсөн боловч шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн байна. Дээрх дурдсан нотлох баримтууд болох Т ХХК-ийн 2019 оны 6-р сарын тайлан балансад тусгагдсан 2019.06.01-ний өдрийн тайлан тэнцэл, кассын дэвтэр, гэрч Б.Дашмаагийн мэдүүлэг, миний зээлийн дансны хуулга, Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зэргүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн гол нотлох баримтууд юм. Иймд хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсвэл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ж.М-т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 000000000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19/118 дугаар 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.М-таас зээлийн гэрээний үүрэгт 38.775.810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 744 343 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ....... ОРО улсын дугаартай Т prius маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19/118 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хариуцагч Ж.М-т нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Т-аас 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж зээл авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч Ж.М-т нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Ж.М-т өөрийн зээлж авсан 15.000.000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хэлсэн 2 .111.955 төгрөгийг төлсөн, бусад зээлийг зээлээр хаасан гэх боловч энэ нь санхүүгийн баримтаар 45000257 дугаар дансны 14.542.962 төгрөгийн зээл хаагдсан ч дахин Ж.М-тт 45000355 дугаар данс нээн 20.000.000 төгрөгийн зээл гаргаж нийт зээлийн үлдэгдэл 34.542.962 төгрөг байна.

Хариуцагч Ж.М-т өөрөө зээлээ төлөөгүй, зээлээр зээлээ хаасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба энэ зээлээс 20.000.00 төгрөгийг хариуцагч Ж.М-тт шилжүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж зээлийн үлдэгдэл 14.542.962 төгрөгийн хүү /1294 хоногийн/ 21.954.004 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.390.800 төгрөг нийт 40.887.765 төгрөгөөс хариуцагч Ж.М-тын төлсөн 2.111.955 төгрөгийг хасч 38.775.810 төгрөгийг хариуцагч Ж.М-таас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 19/43 дугаар фидуцийн гэрээг байгуулагджээ. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Орхон аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/135 дугаар албан бичиг түүний хавсралтаар ........ ОР... улсын дугаартай Т prius загварын тээврийн хэрэгсэл нь хариуцагч Ж.М-тын нэр дээр бүртгэлтэй буюу өмчлөгч нь Ж.М-т гэжээ.

Зохигчдын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан боловч тухайн тээврийн хэрэгслийн авто тээврийн газарт бүртгүүлж өмчлөгч солих ажиллагааг хийлгээгүй гэрээний заалтыг зөрчжээ.

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг Т prius ........ ОР... улсын дугаартай автомашинаар барагдуулж өгнө үү гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, дээрх шаардлага нь талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан фидуцийн гэрээгээр тогтоогдож байх тул үүргийн гүйцэтгэлийг Т prius ........ ОР... улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр хангах боломжтой юм.

Анхан шатны шүүхээс Т болон хариуцагч Ж.М-т нарын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19/118 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.1.2.-т заасантай нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ж.М-тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 351.829 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1. 2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.М-таас зээлийн гэрээний үүрэгт 38 775 810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 744 343 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ...... ОРО улсын дугаартай Т prius маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19/118 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай... гэснийг ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., 235 дугаар зүйлийн 235.1., 56 дугаар зүйлийн 56.1.2.-т зааснаар хариуцагч Ж.М-таас зээлийн гэрээний үүрэгт нийт 38.775.810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.744.343 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ........ ОР... улсын дугаартай Т prius маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19/118 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ж.М-тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 351.829 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Л.А

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б