Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/00247

 

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/00247

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Т” ХХК,

 

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01221 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 195 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №001/ХТ2017/00420 дугаар тогтоолоор Ц.Цгаас 189,363,555 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,104,768 төгрөгийг гаргуулж, “Т” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Би үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн ................................... тоот хаягт байрлалтай, С.Дийн өмчлөлийн орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ....................... байрлах нэг бүр нь 202 м.кв талбай бүхий 2 ширхэг амины сууцыг засаж сайжруулах зорилгоор дахин нийт 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, цар тахлын улмаас зарж борлуулж чадаагүй. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Ц.Бн дуудаж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт хоёр дахь дуудлага худалдаа явагдах тухай мэдэгдэхэд барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг 2018 онд хийгдсэн үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулах боломжгүй, учир нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн, мөн барьцаанд байгаа хөрөнгүүдэд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулсан учир дахин үнэлгээ хийсний дараа дуудлага худалдааг явуулах талаар хүсэлт гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэхээр гомдол гаргахад ямар нэгэн хариу ирүүлээгүй.

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдаа явагдаагүй гэж ойлгосон, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр НШШГГт очиж уулзахад аль хэдийн хоёр дахь дуудлага худалдаа явагдаж, барьцаанд байсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 байрны 170 тоот хаягт байрлах, С.Дийн өмчлөлийн орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө 87,000,000 төгрөгөөр зарагдсан болохыг мэдсэн, тухайн өдөр 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой 31 тоот хариу мэдэгдэх хуудас өгсөн. Мөн дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө зарагдсан талаар надад мэдэгдэх ёстой байсан, гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4-222/25632 тоот мэдэгдлийг гаргаж ирсэн бөгөөд би хуулбар үнэн" даруулж уг баримтыг авсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.13-т заасныг зөрчсөн.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчиж гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно" гэж заасан, өнөөгийн зах зээлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш 70-80 хувиар илтэд өссөн болох нь нийтэд илэрхий үйл баримт төдийгүй барьцаанд бариулсан хөрөнгөнд анх тогтоосон үнийн даруй 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 100 гаран сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засан сайжруулсан байхад дахин үнэлгээ хийлгүйгээр 2 дахь дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна. Тухайлбал, барьцаанд бариулсан 2 амины сууц болон орон сууцыг засан сайжруулахад нийт 100,780,000 төгрөг зарцуулаад байгаа. Иймд НШШГГаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож, өнөөгийн зах зээлийн судалгаанд үндэслэн, анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон үндэслэлээр дахин үнэлгээ хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч НШШГГ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Ц нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17290910 бүртгэлийн дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Ц.Цд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгсэн боловч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17290910/02 тоот тогтоол, 17290910/03 тоот тогтоолоор битүүмжилж, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч санал өгөхөөс татгалзсан, “В" ХХК-г томилж зах зээлийг үнийг тогтоолгоход төлбөр төлөгч Ц.Цгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.Дийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205059461 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн .............. тоот хаягт байршилтай орон сууцыг 75,366,667 төгрөгөөр, Сонгинохайрхан дүургийн ................. тоот хаягт байршилтай 202 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 122,720,963 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн ................. тоот хаягт байршилтай 202 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 122,720,963 төгрөгөөр, нэгж талбарын ........... дугаартай эзэмших эрхтэй газрыг 35,705,952 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/940 щугаар мэдэгдлээр Ц.Цгийн шүүхэд мэдүүлсэн оршин суух хаяг руу баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналтай эсэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.

Төлбөр төлөгч Ц.Ц шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болгуулах тухай гомдол шүүхэд гаргасны дагуу гурван шатны шүүхээр хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Улмаар, Хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4-222/24340 тоот мэдэгдэл тогтоолыг төлбөр төлөгч Ц.Цд биечлэн гардуулж, оршин суух хаяг руу баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулахад 87,000,000 төгрөгөөр худалдан борлогдож Н.Б дуудлага худалдааны ялагчаар тодорсон. Ц.Ц нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй удаа дараа хөрөнгийн үнэлгээ, дуудлага худалдаатай холбоотой бусад асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХКшүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа боловч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тул барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах болсон. Барьцааны хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч Ц.Цгийн гаргасан нэхэмжлэлийг гурван шатны шүүхээр хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т хөрөнгийн үнэлгээний асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар дахин нэхэмжлэл гаргасан тус хуулийг зөрчиж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 сарын 15-ны өдрийн мэдэгдэл, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Цэвэлмаагийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гомдол, хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 12 сарын 31-ний өдрийн мэдэгдэл, Цэвэлмаагийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн гомдол, гомдолд хариу өгөх тухай албан бичиг, зээлийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, зарлагын баримтууд, зарлагын падаанууд

 

Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар, гүйцэтгэх хуудас, 181/ШШ2016/01221 дугаартай шийдвэр, 195 дугаартай магадлал, 420 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө хураах тухай тогтоол, мэдэгдэл, “Т” ХХК-ийн хүсэлт, шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдлүүд, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, 181/ШШ2020/00020 дугаартай шүүхийн шийдвэр, 545 дугаартай магадлал, 1037 дугаартай тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс итгэмжлэл зэргийг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.  Нэхэмжлэгч Ц.Ц нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3.  Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн ..............тоот хаягт байрлалтай, С.Д-ийнөмчлөлийн орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон Ц.Цгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ................. байрлах нэг бүр нь 202 м.кв талбай бүхий 2 ширхэг амины сууцны анхны үнэлгээг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “В” ХХКхийснээс хойш хөрөнгийн зах зээлийн үнэ ханш нь өссөн, мөн өөрийнхөө зардлаар үл хөдлөх эд хөрөнгүүдэд засан сайжруулалт хийсэн тул хуульд зааснаар дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай, нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр дахь дуудлага худалдааг хууль зөрчин явуулсан тул уг дуудлага худалдаа хүчингүй болох ёстой, улмаар дахин үнэлгээ хийх боломжтой гэж тайлбарласан.

4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж тайлбар гаргасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ц.Цгаас 190,468,323 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.Цд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд шинжээч томилж, “В" ХХК-ийн үнэлгээнд үндэслэн дуудлага худалдааг зохион байгуулсан. Анхны дуулага худалдаагаар барьцаа хөрөнгүүд худалдан борлогдоогүй. Гэтэл Ц.Ц шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасны дагуу гурван шатны шүүхээр хэлэлцээд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг Ц.Цд биечлэн гардуулж, оршин суух хаяг руу нь баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийх үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж тайлбар гаргасан. Үүнд: Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох асуудлаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад дахин уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулна гэж мэтгэлцсэн байна.

6. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01221 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 195 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №001/ХТ2017/00420 дугаар тогтоолоор Ц.Цгаас 189,363,555 төгрөгийг гаргуулж гаргуулж, “Т” ХХК-д олгон шийдвэрлэжээ. /хх-74-88/

8. Хариуцагч Ц.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, Шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №17290910 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч Ц.Ц, С.Д нарт мэдэгдэл хүргүүлж, тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах талаар мэдэгдсэн байна. /хх-89-92/

8.1 Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд, өмчлөгч нар үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №283 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор В ХХК-ийг шийдвэр гүйцэтгэх албанаас томилж, Баянгол дүүргийн ............... тоот хаягт байрлалтай, С.Д-ийнөмчлөлийн 2 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 75,366,667 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн ............... байрлах нэг бүр нь 202 м.кв талбай бүхий 2 ширхэг амины сууцыг тус бүрийг нь 122,720,963 төгрөгөөр, тус үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах 3370 м.кв газрыг 35,705,952 төгрөгөөр, үнэлсэн үнэлгээний тайланг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гаргажээ. /хх-112-157/

8.2. Шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолын дагуу дуудлага худалдааг зохион байгуулахад үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй бөгөөд төлбөр төлөгч Ц.Ц нь НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 545 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1037 дугаар тогтоолоор Ц.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрүүдэд В ХХК-ийн гаргасан үнэлгээ нь хуульд нийцсэн талаар дүгнэжээ. /хх-158-193/

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй бөгөөд В ХХК-ийн үнэлгээ нь хуульд нийцсэн болох нь Ц.Цгийн нэхэмжлэлтэй, НШШГГт холбогдох, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон гэж үзнэ.

10. Харин нэхэмжлэгч Ц.Ц нь энэ удаад “В” ХХК-ийн 2018 онд гаргасан хөрөнгийн үнэлгээг хууль зүйн үндэслэлтэй гарсан талаар шүүхээс өмнө нь шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч тухайн үнэлгээнээс хойш үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, үнэлгээ нь их хэмжээгээр өссөн, энэ нь нийтэд илэрхий байхад хариуцагч нь төлбөр төлөгчийн дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтийг хангахгүй орхисон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг зөрчсөн, улмаар 2 дахь дуудлага худалдааг төлбөр төлөгчийн дахин үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг үл харгалзан явуулсан нь хууль зөрчсөн гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч Ц.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа, хэрэв үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг шүүхээс хариуцагчид даалгасан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчсөн болох нь тогтоогдох тул дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах шардлага нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарна гэж тодруулсан.

11. Нэхэмжлэгч Ц.Цгийн гомдлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гурван шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №13/56 тогтоолоор барьцаа хөрөнгүүдийн дуудлага худалдааг 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 10 цагт зохион байгуулахаар болсныг Ц.Цд танилцуулсан, уг тогтоол, мэдэгдлийг Ц.Ц гарын үсэг зурж 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гардаж авчээ. /хх-195, 197, 198/

 

11.1. Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №13/39 тогтоолоор барьцаа хөрөнгө болох С.Д-ийнөмчлөлийн хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах, худалдааг 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 10 цагт зохион байгуулахаар болсныг мэдэгдэж, С.Д-ийнгэрийн хаяг руу тухайн мэдэгдлийг шуудангаар хүргүүлжээ. /хх-196, 197,198/

 

11.2. Түүнчлэн хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулах тухай мэдэгдлийг хүлээн авсан даруйд Ц.Ц нь хөрөнгийн анхны үнэлгээ хийснээс хойш барьцаа хөрөнгөд их хэмжээний засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт хийсэн, тухайн үеийн “В” ХХК-ийн үнэлгээ нь илт бага байсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 70-80 хувиар нэмэгдсэн тул 3 жилийн өмнөх үнэлгээг үндэслэн дуудлага худалдаа зохион байгуулахыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан шинжээч томилж үнэлгээг хийлгүүлэх тухай гомдлыг НШШГГт гаргасан байна.

 

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу НШШГГ нь дахин үнэлгээ хийлгэх тухай төлбөр төлөгчийн хүсэлтийг харгалзан үзээгүй, дуудлага худалдааг зохион байгуулсан гэх боловч тухайн хуульд заасан үндэслэл хэрхэн нотлогдсон талаарх баримт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт авагдаагүй, төлбөр төлөгчөөс шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгөөгүй байна.

 

12.1. Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээээр томилогдсон ”В” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Баянгол дүүргийн ............... тоот хаягт байрлалтай, С.Д-ийнөмчлөлийн 2 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 75,366,667 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн ............... байрлах нэг бүр нь 202 м.кв талбай бүхий 2 ширхэг амины сууцыг тус бүрийг нь 122,720,963 төгрөг, тус үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах 3370 м.кв газрыг 35,705,952 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон үнийн 3/1-с багагүй хэмжээний өөрчлөлт орсныг нотлох үйл баримтыг хүсэлт гаргагч нь хүсэлт шийдвэрлэх эрх бүхий этгээдэд нь гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул зөвхөн уг хуулийн хэм хэмжээг үндэслэн нийтэд илэрхий байгаа гэж гаргасан гомдлыг хүлээн аваагүй, дахин үнэлгээ хийгээгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

12.2. Нэхэмжлэгч Ц.Ц нь барьцаа хөрөнгөд анхны үнэлгээ хийснээс хойш 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт, засан сайжруулалтыг хийсэн гэж шүүх хуралдаанд тайлбарласан, мөн тухайн засан сайжруулалт хийсэн гэх барилгын материалын худалдан авалтын зарлагын баримтуудыг нотлох баримтаар шүүхэд өгсөн боловч тухайн баримтуудад заагдсан зүйлүүдийг барьцаа хөрөнгөд орсон хөрөнгө оруулалт гэж шууд үзэх боломжгүйгээс гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлсэн үйл баримтын талаар хүсэлт шийдвэрлэх эрх бүхий этгээд эдгээр баримтыг гаргаагүй байх тул хариуцагчийн татгалзал эрх зүйн үндэслэлтэй гэж үзнэ. /хх-26-62/

 

12.3. Түүнчлэн барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ нь хуульд зааснаар гуравны нэгээс багагүй хэмжээний бодит өөрчлөлт орсон эсэх нь тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг буруутгах, хууль зөрчсөн гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулах талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн болох нь тогтоогдсон, мөн төлбөр төлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан гаргасан гомдол бүрт зохих хариу өгсөн байх тул ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалт, хэм хэмжээнд үндэслэн явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

13. Иймд төлбөр төлөгч болон барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар тогтоосон журамд нийцсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд нийцсэн гэж үзнэ.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлйин 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр өмнө нь гарсан тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь зөвхөн хөрөнгийн үнэлгээнд бус, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаатуулан гаргасан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлсэн гомдол байх тул хэргийг шүүх ердийн журмаар харьяалан шийдвэрлэхэд саад болохгүй болохыг дурдав.

15. Эдгээр үндэслэлээр Ц.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгуулах тухай Ц.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД