Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00759

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00759

 

Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00247 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэйжамц, М.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 0000 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 сарын 13-ны өдрийн 001 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 4 сарын 13-ны өдрийн 002 дугаар тогтоолоор Ц.Ц-гаас 189,363,555 төгрөг гаргуулж, Т- ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд орших С.Д-гийн өмчлөлийн орон сууцыг болон миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд орших 202 м.кв талбайтай 2 ширхэг амины сууцыг засаж сайжруулах зорилгоор 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, цар тахлын улмаас борлуулж чадаагүй. Гэтэл 2021 оны 12 сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газраас дуудан 24-ний өдрийн 10:00 цагт хоёр дахь дуудлага худалдаа явагдах тухай мэдэгдсэн. Барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ өссөн, 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулсан учир 2018 оны үнэлгээгээр худалдан борлуулах боломжгүйг хэлж дахин үнэлгээ хийлгэх, дуудлага худалдааг хүчингүй болгох гомдол гаргахад хариу ирүүлээгүй.

Тэгээд 2021 оны 12 сарын 24-ний өдөр дуудлага худалдаа явагдаагүй гэж ойлгосон, 2022 оны 01 сарын 21-ний өдөр НШШГГ-т очиж уулзахад дуудлага худалдаа явагдаж Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байх 0006 орон сууцыг 87,000,000 төгрөгөөр худалдан борлуулсныг мэдсэн ба энэ тухай надад мэдэгдээгүй. Харин 2022 оны 01 сарын 20-ны өдрийн огноотой 30 тоот хариу мэдэгдэх хуудас өгсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 4-222/25632 тоот мэдэгдлийг гаргаж ирснийг хуулбар үнэн" даруулж авсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.13-т заасныг зөрчсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэ 70-80 хувиар өссөн нь нийтэд илэрхий төдийгүй барьцаа хөрөнгөд даруй 50 хувьтай тэнцэх 100,780,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засан сайжруулсан байхад дахин үнэлгээ хийлгүй 2 дахь дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна. Иймд Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож, анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон үндэслэлээр дахин үнэлгээ хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлалын агуулга: Ц.Ц- нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 9 сарын 18-ны өдөр үүсгэсэн. Ц.Ц-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгсэн боловч үүргээ биелүүлээгүй тул барьцаа хөрөнгүүдийг 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 17290910/02, 17290910/03 тоот тогтоолуудаар битүүмжилж, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг мэдэгдэхэд татгалзсан учир Вендо" ХХК-г томилж зах зээлийг үнийг тогтоолгосон. Үнэлгээгээр Баянгол дүүргийн 3 хороо, Төмөр зам гудамж, 65 дугаар байрны 0006 орон сууцыг 75,366,667 төгрөгөөр, Сонгинохайрхан дүургийн 1 хороо, Баянгол ам бор толгой 1 гудамж, 0 тоот 202 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй 2 ширхэг амины сууцыг тус бүр 122,720,963 төгрөгөөр, эзэмших эрхтэй газрыг 35,705,952 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 4/940 щугаар мэдэгдлээр Ц.Ц-гийн оршин суух хаяг руу баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан.

Барьцаа хөрөнгүүдийг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 4-222/24340 тоот мэдэгдэл, тогтоолыг төлбөр төлөгч Ц.Ц-д биечлэн гардуулж, хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2021 оны 12 сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орон сууц 87,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Ц.Ц- нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тул барьцааны хөрөнгийг албадан худалдах болсон. Барьцааны хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч Ц.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийг гурван шатны шүүхээр хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т хөрөнгийн үнэлгээний асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй" гэж заасан тул дахин нэхэмжлэл гаргасан нь тус хуулийг зөрчиж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар НШШГГ-т холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгуулах тухай Ц.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга: Ц.Ц- би шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч Ц.Ц- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, шүүх Ц.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрүүдэд "Вендо" ХХК-ийн үнэлгээг хуульд нийцсэн талаар дүгнэсэн тул шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж дүгнэжээ. Миний бие урьд нь шийдвэр гүйцэтгэгч үнэлгээчний тайланг ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ, үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчсен үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Харин одоо өөр үндэслэлээр буюу шүүхийн шийдвэр хучин тегелдер болсноос хойшхи үйл баримттай холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д "Үнэ ханшийн еерчлелтеес шалтгаалан тогтоосон херенгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно" гэж заасныг хариуцагч зөрчсөн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасныг шүүх анхаарч үзсэнгүй.

Хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон үндэслэлээр дахин үнэлгээ хийлгэх хүсэлтээ 2021 оны 12 сарын 16-ны өдөр, 2022 оны 1 сарын 26-ны өдер. 2022 оны 3 сарын 16-ны өдөр тус тус шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан ч хүсэлтийг татгалзаж, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулж, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгүүдийн үнэлгээ нь үнэ ханшийн өөрчлелтөөс шалтгаалан үнийн 3/1-с багагүй хэмжээний өөрчлөлт орсныг нотлох баримтыг хүсэлт гаргагч эрх бүхий этгээдэд гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, нийтэд илэрхий байгаа" гэж гаргасан гомдлыг хүлээн аваагүй, дахин үнэлгээ хийгээгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Би хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулах тухай мэдэгдлийг хулээн авсан даруйд НШШГГ-т Шуухийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан ч тус байгууллага татгалзсан хариу өгч, херенгийн үнэлгээнд их хэмжээний херенге оруулалт хийгдсэн баримтуудыг маань хүлээж аваагүй атал анхан шатны шүүх "еерчлөлт орсныг нотлох баримтыг гаргаагүй" гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд ундэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Монгол Улсад 2018 оноос хойш барилгын материалын үнэ огцом өсч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ илтэд нэмэгдсэн нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд барьцаа хөрөнгөө засан сайжруулж, анхны үнэлгээнээс хойш хийгдсэн засвар, засан сайжруулалт, зарлагын бүх нотлох баримтаа НШШГГ-т гаргаж өгсөөр байхад миний хүсэлтийг үл харгалзан, анхны үнэлгээнээс хойш хийгдсэн 135.000.000 төгрөгийн засвар засан сайжруулалтыг маань үнэгүйдүүлж, зах зээлийн үнээс илт хямдаар худалдсан нь иргэн миний эрх, ашиг сонирхлыг ноцтой зорчиж байгааг Монгол Улсын шүүх хамгаалж, сэргээж өгөөгүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд дээрх баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн барьцаанд хураагдах болон одоо байгаа байдлын фото зургийг нотлох баримтаар өгсөн. Эдгээр баримтуудаар 100 сая тегрегийн хөрөнгө оруулалт хийсэн нь нотлогдож, 35 сая төгрөгийн засварын баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгөхөд шүүх хүлээж аваагүй, үнэ ханшийн өөрчлөлтийн талаарх статистикийн баримтыг эрх бүхий байгууллагаас нь шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүйгээр шийдвэр гаргасан атлаа "нотлогдоогүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй учир хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Манай зүгээс 7 жилийн хугацаанд зээлийн төлөлтөө барьцаа хөрөнгөөр хангуулж чадахгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасны дагуу талууд үнэлгээтэй холбогдуулж өмнө нь маргасан байгаа учраас дахин гомдол гаргах эрхгүй гэх зохицуулалт байдаг. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дахин үнэлгээ хийлгэх талаар тодруулсан. Үнэлгээтэй холбоотой гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2021 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 001 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 002 дугаар тогтоолоор Ц.Ц-гаас 189,363,555 төгрөг гаргуулан Т- ББСБ ХХК-д олгож, Ц.Ц-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, Бор толгой 1 дүгээр гудамж, 0 тоот хаягт байх 202 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй, хойд /Ү-2201043234/ болон урд /Ү-2201043235/ талын үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт, С.Д-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж 65 дугаар байрны 0006 хаягт байх 30 м.кв тайлбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 74-88/

 

3.1. Хариуцагч НШШГГ- нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017 оны 09 сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /1хх89/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах тодорхой ажиллагааг явуулсан. Дээрх ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэрт нэрлэн заасан барьцаа хөрөнгийг 2017 оны 10 сарын 31-ний өдөр битүүмжилж, 2018 оны 10 сарын 18-ны өдөр хурааж, мөн 2018 оны 11 сарын 12-ны өдөр шинжээч томилон хөрөнгө үнэлэхтэй холбоотой болон анхны албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа нь хуульд нийцсэнийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тухайн үйл баримтыг шүүх дахин дүгнэхгүй. /1хх 167-001/

 

3.2. Хариуцагч нь барьцааны хөрөнгүүдийн дуудлага худалдааны доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 12 сарын 24-ний өдөр явуулахаар 13/39, 13/56 тоот тогтоолуудыг 2021 оны 12 сарын 07-ны өдөр гаргаж, энэ тухай нэхэмжлэгч Ц.Ц-д 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр биечлэн гардуулсан, мөн өдөр барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Д-д баталгаат шуудангаар мэдэгдсэн байна. /1хх 001-198/

3.3. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 сарын 16-ны өдөр хариуцагчид хандан барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг /2018.12.17-ны өдөр В-ХХК-ийн үнэлгээгээр/ тогтоосноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн, барьцаа хөрөнгөд их хэмжээний засвар хийгдэж үнэ нэмэгдсэн үндэслэлээр дахин шинжээч томилуулах, тус хүсэлттэй холбоотой хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох хүсэлтийг гаргажээ. Тус хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуг өгчээ. /1хх 10-11, 14/

3.4. Нэхэмжлэгч дээрх хариуг хүлээн авч мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан болох нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09/833 тоот хариу мэдэгдэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 сарын 09-ны өдрийн 6346 дугаартай захирамжаар тогтоогдож, хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна. /1хх 5-7, 11/

 

4. Зохигчдын тайлбар, хэргийн баримтаар хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч, барьцаа хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлаж барьцаа хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4.1. Хөрөнгийн үнэлгээний Виндо ХХК нь 2018 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар барьцаа хөрөнгүүдийг үнэлж, С.Д-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 75,366,667 төгрөгөөр, Ц.Ц-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд орших 1-0 тоотын 2 ширхэг амины сууцыг тус бүр 122,720,963 төгрөгөөр, мөн хаягт орших 3,370 м.кв газрыг 35,705,952 төгрөгөөр тус тус тогтоожээ. Барьцаа хөрөнгийг үнэлснээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэлгээг дахин тогтоох үндэслэлийг шууд бий болгохгүй.

4.2. Хариуцагч мөн хуулийн 44 дүгээр ззүйлийн 44.2.9-д заасан тодорхой ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгүүдэд анхны албадан дуудлага худалдаазохион байгуулсны дараа нэхэмжлэгч 2019 оны 03 сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хэргийг 2021 оны 09 сарын 14-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Иймд барьцаа хөрөнгүүдийн анхны үнэлгээг тогтоосноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн ч нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөд үнэ ханшийн өөрчлөлт орсон талаар холбогдох баримтаа хариуцагчид гаргаж өгөөгүй явдалд хариуцагч буруугүй байх тул барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэгчийн гомдол үгүйсгэгдэж байна.

4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан нь үнийн өөрчлөлттэй холбоотойгоор барьцаа хөрөнгийн үнэлгээнд 1/3 хэмжээний өөрчлөлт орсон бол тухайн хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш хамгийн багадаа 6 сар өнгөрсний дараа талуудын хүсэлтээр дахин үнэлгээ тогтоож болохыг хуульчилжээ. Үнэ ханшийн огцом өөрчлөлт (үнэ өсөх, буурах г.м)-өөс шалтгаалж эд хөрөнгийн үнэ, үнэлгээний 1/3-с багагүй хэмжээгээр өөрчлөгдсөн ч хөрөнгийг анх үнэлснээс хойш 6 сар өнгөрөөгүй бол дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүйг хуульчилсан нь эдийн засгийн агуулгаар тухайн хөрөнгийн үнэ, зах зээл дээрх үнийн хэлбэлзлийн тогтвортой, бодитой тогтоогдох, үнэ тогтвортой байх шалгуурыг харгалзан үзэх суурь нөхцөл юм.

4.4. Хариуцагч хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар мэдэгдсэнийг нэхэмжлэгч хүлээн авчээ. Дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө худалдан борлогдсон тухай мэдэгдлийг хариуцагч 2021 оны 12 сарын 31-ны өдөр баталгаат шуудангаар төлбөр төлөгч, өмчлөгч нарт хүргүүлжээ. Иймд мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.2.2-т зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нь дуудлага худалдаанд оролцох боломжтой учир ийнхүү оролцоогүйгээс барьцаа хөрөнгө худалдан борлогдсоныг мэдээгүй нь эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахгүй.

4.5. Мөн нэхэмжлэгч барьцаа хөрөнгүүдэд хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө хүсэлтээ гаргаагүй, хожим гаргасан хүсэлтдээ барьцаа хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн 1/3-ээс их буюу 70-80 хувиар үнэ өссөн болон барилгад 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухай баримтыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргаагүй, барьцаа хөрөнгөд засан сайжруулалт хийсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

4.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэгт орших хоёр ширхэг амины сууцыг засахад зориулж 100,000,000 төгрөг зарцуулсан тухай зарлагын баримтуудыг шүүхэд гаргасан ч тус баримтууд нь дээрх хоёр амины сууцанд хөрөнгө оруулалт хийснийг шууд нотлохгүй, ерөнхий мэдээлэл бүхий баримтууд байгааг шүүх хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцүүлэн дүгнэж шийдвэрлэсэн байна. /1хх 26-62/

 

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 1547 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг шүүх зөрчсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ханшийн өөрчлөлтийн талаархи мэдээлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн журмаар бүрдүүлбэл зохих нотлох баримтад хамаарахгүй юм.

Тухайн баримтыг нэхэмжлэгч 2022 оны 05 сарын 25-ны өдрөөс хойш шүүх хуралдаан хүртэлх 8 сарын хугацаанд өөрөө бүрдүүлэх боломжтой байхад эрхээ хэрэгжүүлээгүй байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах, зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг болон хүсэлтэд дурдсан байгууллагаас дурдсан баримтыг өөрөө гаргуулан авах боломжтой, эсхүл нэхэмжлэгчид гарган өгөхөөс татгалзсан үйл баримт тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрсөн гэх гомдлыг хангахгүй.

 

6. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрсөн үндэслэлээр бус хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг хангаагүй шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээр гомдол гаргасан нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан ажиллагаанд хамаарах учир шүүх энэ үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэх зохицуулалттайг анхан шатны шүүх анхаараагүй байна.

6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох тул анхан шатны шүүхийн хуулийн заалтыг буруу баримтлан хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00247 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...55 дугаар зүйлийн 55.5, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг гэснийг ...44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ