Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/00344

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/00344

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Л.Бийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  НШШГГ-т холбогдох,

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гэрч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 181/ШШ2020/00170 захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 564 дүгээр магадлалтай, Л.Б надаас нэхэмжилсэн мөнгийг гаргуулан Х БАНК ХХК-д олгож, барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. НШШГГ нь шинжээч томилж, хөндлөнгийн шинжээч болох Б" ХХК-ийн 2022 оны 09 дугаар сарын 13-нд 1,108,063,944 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зах зээл дээр 20-30 хувиар өссөн бөгөөд тухайн бүс нутгын ойролцоо үл хөдлөх хөрөнгөөс хэт доогуур үнэлсэн байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн №4-225/16307 Мэдэгдэл"-д заагдсан Ү-2203004737 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 40 дугаартай, 204 мкв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, мөн хаягт байрлалтай нэгж талбарын 1460700176 дугаар бүхий 147 мкв газарт хийсэн Б ХХК-ийн хөндлөнгийн шинжээчийн 2022 оны 09 сарын 02-ний өдрийн Б ХХК-ийн хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 564 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1473 дугаар тогтоолоор Нарны тосгон ХХК, Б.У, Л.Б нараас 246.765.047 төгрөгийг гаргуулж Х банк ХХК-долгож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Л.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 40 дугаар, улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, Л.Бгийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, .................. байрлах, улсын бүртгэлийн Г-2203010240 дугаартай, нэгж талбарын 146002/0040, 18643311981052 дугаартай, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал авахад 5.500.000.000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн. Төлбөр авагч талаас үнэлгээг эс зөвшөөрч хөндлөнгийн үнэлгээчин томилж үнэлгээ тогтоолгох хүсэлтийг тус газарт хандан гаргасаны дагуу Б ХХК, С.Мыг үнэлгээчнээр томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 1.108.063.944 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хуулийн дагуу талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, саад учруулж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна. 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний тайлан /нотлох баримтын шаардлага хангахгүй/

 

Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол, Хас банкны итгэмжлэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, газар зохион байгуулалтын албаны албан бичиг, эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нарны тосгон ХХК-ийн албан бичиг, Үнийн санал гаргах тухай хүсэлт, үнийн санал хүргүүлэх тухай хүсэлт, Хас банкны хүсэлт, шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүсэлт шийдвэрлэх тухай захирамж зэрэг баримтууд хавсаргагдсан байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч Л.Б нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

6. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №181/ШШ2020/00170 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 564 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1473 дугаар тогтоолоор хариуцагч Нарны тосгон ХХК, Б.У, Л.Б нараас 246,765,047 төгрөгийг гаргуулан Х БАНК ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлэгүй тохиолдолд Л.Бгийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. НШШГГ нь шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 09 дугаар сарын 13-нд 1,108,063,944 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зах зээл дээр 20-30 хувиар өссөн бөгөөд тухайн бүс нутгийн ойролцоо үл хөдлөх хөрөнгөөс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж маргасан.

 

7. Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал авсан, төлбөр авагч тал нь төлбөр төлөгчийн өгсөн 5,5 тэрбум төгрөгийн үнийн саналыг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт их үндэслэлгүй үнэлгээ гэж эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээнд хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу Б ХХК, С.Мыг томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 1.108.063.944 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хуулийн дагуу талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

8. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

9. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 564 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1473 дугаар тогтоолоор хариуцагч Нарны тосгон ХХК, Б.У, Л.Б нараас 246.765.047 төгрөгийг гаргуулж Х банк ХХК-долгож, хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Л.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ......... улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, Л.Бгийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах, улсын бүртгэлийн Г-2203010240 дугаартай, нэгж талбарын 146002/0040, 18643311981052 дугаартай, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-42-59/

10. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 519 дүгээр шүүгчийн захирамж, №00048 шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу хариуцагч Нарны тосгон ХХК, Б.У, Л.Б нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь өнөөг хүртэл дуусгавар болоогүй байгаа, ажиллагааны дагуу төлбөр төлөгчөөс мөнгөн төлбөрийг төлбөр авагчид бүрэн болон хэсэгчлэн шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул төлбөр төлөгч нарын үүрэг хэвээр байна. /хх-39-41/

11.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн, шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч нар сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлж, үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал авчээ. /хх-60-76/

11.2. Нарны тосгон ХХК, Б.У, Л.Б нар нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр барьцаа хөрөнгийн үнийн саналд 5,500,000,000 төгрөгийн үнийн саналыг гаргасныг төлбөр авагч Х БАНК ХХК эс зөвшөөрч, хөндлөнгийн шинжээээр үнэлгээг тогтоолгож албадан дуудлага худалдаан оруулах хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №2б/3945 тоот албан бичгээр НШШГГт гаргасныг үндэслэн тус газраас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэлгээг гаргуулах зорилгоор С.М/Б ХХК/-г томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 49, 54, 55 дугаар зүйлд нийцжээ. /хх-78-82/

11.3. Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ төв ХХК, мэргэшсэн үнэлгээчин С.М нь Сүхбаатар дүүргийн ................, улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар, Л.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Л.Бгийн эзэмшлийн 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхтэй газрын хамт өнөөгийн зах зээлийн үнэлгээг 1,108,063,944 төгрөгөөр тогтоожээ. /хх-83-103/

11.4. Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо өртгийн хандлага, зах зээлийн жишиг үнийн аргуудыг хослуулан үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцжээ.

12. Нэхэмжлэгч Л.Б нь дээрх хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, зах зээл дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ 20-30 хувиар өссөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа бүс нутгын ойролцоо үл хөдлөх хөрөнгөөс хэт доогуур үнэлсэн гэж хөрөнгийн үнэлгээнд маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

13. Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхоыг хамгаалж оролцсон өмгөөлөгч нь хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч мэтгэлцэхдээ, Барилга хот, байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм-ийн дагуу үнэлгээний зүйлийг өртгийн хандлагын аргаар үнэлэхдээ D ангилалд оруулсан нь үндэслэлгүй бөгөөд А ангилалд оруулж үнэлэх ёстой байсан гэж мэтгэлцсэн боловч энэхүү татгалзлын үндэслэлийг Иргэнйи хэрэг шүүх эд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, ямар учраас А ангилалд оруулах ёстой байсан талаар хангалттай тайлбар, нотолгоог шүүхэд гаргаагүй болно.

 

14. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбгдуулан гаргасан Л.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Л.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хүсэлт шийдвэрлэх тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №181/ШЗ2022/12855 захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД