Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00755

 

 

А.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/00344 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.Л

Хариуцагч: Г.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 564 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1473 дугаар тогтоолоор Т.Н ХХК, Р.Б, А.Л нараас 246,765,047 төгрөгийг гаргуулж К.Х ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2 Г.Н нь шинжээч томилж, хөндлөнгийн шинжээч болох В.БХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр барьцаа хөрөнгийг 1,108,063,944 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зах зээл дээр 20-30 хувиар өссөн бөгөөд тухайн бүс нутгын ойролцоо үл хөдлөх хөрөнгөөс хэт доогуур үнэлсэн байна.

Иймд улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэлтэй, С дүүрэг, 000, 00, 204 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, мөн хаягт байрлалтай нэгж талбарын 00 дугаартай, 147 м.кв талбай газрыг үнэлсэн В.Б ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 564 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1473 дугаар тогтоолоор Т.Н ХХК, Р.Б, А.Л нараас 246,765,047 төгрөгийг гаргуулж К.Х-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох А.Лгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэлтэй, 00, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, А.Лгийн эзэмшлийн улсын бүртгэлийн Г-00 дугаар бүртгэлтэй, нэгж талбарын ,00 дугаартай, ... гудамжинд байрлах, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

2.2 Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал авахад 5,500,000,000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн. Төлбөр авагч саналыг эс зөвшөөрч хөндлөнгийн үнэлгээчин томилж үнэлгээ тогтоолгох хүсэлтийг гаргасны дагуу В.Б ХХК, Л.Сыг үнэлгээчнээр томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 1,108,063,944 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хуулийн дагуу талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Г.Нт холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай А.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хүсэлт шийдвэрлэх тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/12855 захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 В.Б ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм-д зааснаар үнэлээгүй. Тус барилгын хана, суурь хучилтын хийц нь даацын хийц, бүтээцийн хувьд төмөр бетон арагт бүтээцтэй бөгөөд хучилт нь цутгамал бетон хучилттай байгаа нь тус дүрэмд зааснаар үнийн А ангилалд багтаж байна. Мөн гадна ханын зузаан нь 640 мм-ийн зузаантай нь 0,92 итгэлцүүртэй байгааг бууруулж тооцолгүй 0,94 итгэлцүүрээр үнэлсэн.

4.2 Мөн Барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн индекс-ийг 2016 оноор тооцсон. Жишиг үнийг харьцуулахдаа ойролцоо байршлын бус өөр бүсэд байрлах эд хөрөнгөтэй харьцуулсан. Гадна зам талбай, тохижилтын ажлын үнэлгээг тооцоогүй зэрэг алдааг гаргаж үнэлгээг хийсэн байхад анхан шатны шүүхээс үнэлгээг хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 344 дүгээр шийдвэрт нэхэмжлэгч А.Л гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний "В.БХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Л.С нь анхан шатны шүүх хуралд оролцохдоо барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний тухай хууль, дүрэмд заасны дагуу 1,108,063,944 төгрөгөөр үнэлж, үнэлгээний арга журмыг баримталж үнэлгээг хийсэн талаар шүүх хуралдааны явцад нотолж анхан шатны шүүхээс хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн.

5.2 Нэхэмжлэгч А.Л өмгөөлөгч хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч мэтгэлцэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны дүрэмд заасны дагуу өртгийн хандлагын аргаар үнэлэхдээ D ангилалд оруулсан нь үндэслэлгүй бөгөөд А ангилалд оруулж үнэлэх ёстой гэж мэтгэлцээний үед маргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй атал төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд гомдол гарган төлбөрийн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, саад учруулж байна.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч Г.Нт холбогдуулан В.Б ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг 1,108,063,944 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00170 дугаар шийдвэрээр Т.Н ХХК, Р.Б, А.Л нараас 251,817,047 төгрөгийг хувь тэнцүүлэх гаргуулж, К.Х ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэлтэй, 00байршилтай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 10, 20 дугаартай, ...чөлөө гудамжинд байрлах, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 564 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Т.Н ХХК, Р.Б, А.Л нараас 246,765,047 төгрөгийг хувь тэнцүүлэх гаргуулж, К.Х ХХК-д олгож, тогтоох хэсгийн 2 дахь заалтад найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. /хх 42-54/

Улмаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/01473 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Т.Н ХХК, Р.Б, А.Л нараас 251,817,047 төгрөгийг хувь тэнцүүлэх гаргуулж, К.Х ХХК-д олгосугай. гэснийг ...Т.Н ХХК, Р.Б, А.Л нараас 251,817,047 төгрөгийг гаргуулж, К.Х ХХК-д олгосугай. гэж өөрчилж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 55-59/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

4.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэлтэй, 00 дугаарт байршилтай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах, нэгж талбарын 000 дугаартай, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхтэй газрыг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 005 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 65-67/, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаар тогтоолоор хураан авсан /хх 69-71/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд нийцжээ.

4.2 Төлбөр төлөгч А.Лгаас үнийн санал авахад тэрээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 5,500,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч К.Х ХХК эс зөвшөөрч 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх 75-77/

Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9/225 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр В.Б ХХК-ийн шинжээч Л.Сыг томилсон. /хх 78/

4.3 Шинжээч В.Б ХХК нь А.Л гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1,108,063,944 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний тайланг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. /хх 103/ Улмаар, хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 000 дугаар мэдэгдлүүдээр нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. /хх 105-107/

5. Шинжээч В.Б ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 20-30 хувиар нэмэгдсэн, барилгын хана, суурь хучилтын хийц нь даацын хийц, бүтээцийн хувьд төмөр бетон арагт бүтээцтэй бөгөөд хучилт нь цутгамал бетон хучилттай байгаа нь үнийн А ангилалд багтсан гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/00344 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН