Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/00612

 

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/00612

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: МКийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар -д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, Б.О, гэрч Н.Б, А.Ө, Э.С, нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр МКийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар Санхүү бүртгэл, зохион байгуулалт хариуцсан ажилтнаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дарга Т М Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 2022.28 тоот мэдэгдэл өгсөн. Тус мэдэгдэлд, Төлөөлөгчийн газрын боловсруулсан бүтэц сайжруулах төлөвлөгөөг толгой байгууллага баталсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл өгч, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоог цөөрүүлсэн тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгоно гэсэн байсан. Улмаар 2022 оны 06 дүгээр сарын 16-ны өдрийн 12 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Тус тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 2-4-1 (1) а, 3-2-1 (5) заалтууд, 2011 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн №1 тоот хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэсэн.

МК-ийнУланбаатар хот дахь төлөөлөгчийн газар нь Орон тоо Хасагдсан, орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар орон тоо бодитой хасагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан боловч нэхэмжлэгчийн ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад орон тоо хасагдсан нь бодитой бус болно. Мөн төлөөлөгчийн газрын 5 ажилтны 4 ажилтанд дээрх мэдэгдлийг олгосон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1-т заасан бөөнөөр халах зохицуулалтад хамаарна. Учир нь хуульд, тухайн байгууллагын ажилтнуудын 10%-иас дээш хувь нь чөлөөлөгдөж буй тохиолдолд бөөнөөр халагдахаар зохицуулсан. 5 ажилтнаас 4 ажилтны хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул нийт ажилтнуудын 80% нь орон тоо цөөрүүлсэн үндэслэлд хамаарна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн зүйлийн 81.3-т заасан бөөнөөр халах асуудлаар ажил олгогч нь ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийгээгүй гэх үндэслэл болно.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан. Төлөөлөгчийн газар нь МКиар орон тоо цомхотгосон шинэ бүтцийг батлуулсан эсэх нь эргэлзээтэй буюу үүнийг нотлох баримтгүй, Орон тоог хасахдаа ажлын байрны зураглал хийгээгүй, тодорхой судалгаа шинжилгээг хууль, журамд нийцүүлэн хийгээгүй, мөн Н.Эын ажил үүргийн хуваарь нь шинэ бүтцээр үгүй болоогүй, өнөөг хүртэл ажилын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг нь хэвээр хадгалагдсаар байхад Н.Эыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Мөн ажлын байрны дарамттай холбоотой ажлаас чөлөөлсөн. Иймд Н.Эыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу Захиргаа, байгууллагын нийгмийн хариуцлага, улс төр, эдийн засгийн мэдээлэл хариуцсан ахлах ажилтан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч МК-ийнтөлөөлөгчийн газар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Захиргаа,байгууллагын нийгмийн хариуцлага, улс төр, эдийн засгийн мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Н.Этай 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан №1 тоот Хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 2-4-1(1)а, 3-2-1(5) заалтууд, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №13 тоот Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасныг тус тус үндэслэн орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр төлөөлөгчийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр №12 тоот, тушаал гарган дуусгавар болгосон. Үүнтэй холбогдуулан төлөөлөгчийн газрын зүгээс Н.Эд №12 тоот тушаалын дагуу Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох өдөр хүртэлх нийт олговор 10,920,0537, 6 өдрийн ээлжийн амралтын нийт цалин 3,959,6747, ээлжийн амралтын цалингийн нийт үлдэгдэл 4,123,0337 (2022 оны 01-06 сар), Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4 дэх хэсэгт заасны дагуу зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж болох 55,064,3727, нийт 74,067,1337 төгрөгийг олгосон байна.

Нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэх шаардлага, тайлбарыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна: Бүтэц шинэчлэн боловсруулах төлөвлөгөө нь холбогдох дүрэм, журмын дагуу батлагдсан. Төлөөлөгчийн газар нь Монгол Улсад гол төлөв МК-ийнхөрөнгө оруулсан төслүүд болох ураны төсөл, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төсөл, Монгол Оппортюнити Сантай холбоотой дэмжлэг туслалцааг үзүүлэх, Мицубиши корпорацид зориулан бусад шинэ боломжит төсөл хөгжүүлэлтийг хэрэгжүүлэх, Монгол Улсын улс төр, эдийн засаг болон нүүрс, зэс зэрэг ашигт малтмалын судалгаатай холбоотой үйл ажиллагааг явуулж ирсэн. Гэвч 2021 оны 02 дугаар сард Ураны төслөөс, 2021 оны 11 дүгээр сард Монгол Оппортюнити Сангаас гарсан үйл явдлууд, мөн оны 07 дугаар сард шинэ нисэх онгоцны буудлын төслийг тогтвортой, бие даан эрхлэн явуулах зорилгоор үүсгэн байгуулсан Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК нь үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлсэнтэй хдабогдуулан Төлөөлөгчийн газрын ажлын ачаалал, хэмжээ эрс буурсан. Мөн хэдийгээр өнгөрсөн жилүүдэд их хэмжээний хүчин чармайлт гаргаж ирсэн ч Япон Улсын Засгийн Газрын том хэмжээний Хөгжлийн албан ёсны тусламж (ODA) төслүүд болон, Монгол Улс дахь том хэмжээний дэд бүтцийн төслүүд зэрэг шинэ боломжит төслүүдийн бизнес хөгжүүлэлтийн хэд хэдэн санаачилгууд амжилтгүй болсон юм. Эдгээрийн үр дүнд Монгол Улсад хэрэгжүүлэх бизнес төсөл байхгүй байна. Иймээс орон тоог цөөрүүлэхээс өөр замгүй болсон бөгөөд үүнийг 2022 онд хэрэгжүүлэх шаардлага үүссэн.

Төлөөлөгчийн газрын дүрмийн 4.3 дахь хэсэгт зааснаар тус газрын дарга нь төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулж, Толгой байгууллагаар батлуулах бүрэн эрхтэй. Иймээс төлөөлөгчийн газрын зүгээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын бүтцийг шинэчлэн боловсруулах төлөвлөгөөг боловсруулсан. Үүний дагуу бүтэц шинэчлэн боловсруулах төлөвлөгөөг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр МКид танилцуулж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр батлуулсан.

Нэхэмжлэгчтэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажлын байрыг хассан бус, харин орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр цуцалсан. Ажлын ачаалал, хэмжээ буурсан учир ТөлөөлөгчийнТазар орон тоогоо цөөрүүлсэн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт болон Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №33 тоот Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтын тайлбарт дурдсанаар ажлын байрыг хассан ба орон тоог цөөрүүлсэн гэдэг нь хоёр тусдаа үндэслэл юм. Орон тоог цөөрүүлсэн гэдэг нь адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. Харин тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ажлын байрыг хассан гэж ойлгодог.

Төлөөлөгчийн газраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халсан бус, харин 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хуулиар тогтоосон хувь, хэмжээний ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 90 хоногийн хугацаанд цуцалсныг бөөнөөр халсанд тооцдог. Харин Төлөөлөгчийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл гаргах үед зөвхөн таван ажилтантай байсан тул бөөнөөр халахтай холбоотой зохицуулалтыг хэрэглэхгүй, бөөнөөр халсан гэдэгт хамаарахгүй тул ажилтнуудын төлөөлөгчтэй хэлэлцээ хийх хуулийн шаардлага байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 05 сарын 18-ны өдрийн мэдэгдэл, Төлөөлөгчийн газрын даргын №12 дугаартай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж,

Хариуцагчаас: Төлөөлөгчийн газрын гэрчилгээ, Б.Б, М.Э нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, төлөөлөгчийн газрын дүрэм, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, шимтгэл төлөлтийн тайлан, хөдөлмөрийн дотоод журам, цалин олговор, тэтгэмж олгосон талаарх банкны шилжүүлгийн баримт, цалин олговор, тэтгэмжийн зөрүү олгосон талаарх банкны шилжүүлгийн баримт, итгэмжлэлийн баталгаат орчуулга, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, Гадаад улс дахь ажилтны хүний нөөцийн удирдлагын хэм хэмжээ Апостиль гэрчилгээ бүхий шийдвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулсан тэмдэглэл, Мицубиши Шёожи ХК-ийн дүрэм апостиль гэрчилгээ бүхий шийдвэр орчуулгын хамт, 2022 оны 09 сарын 01-ний өдрийн төлөөлөгчийн газрын үндсэн бүтэц шинэчлэн боловсруулах тухай баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, ажил хүлээлцэх акт

Шүүгчийн захирамжийн дагуу: Төлөөлөгчийн газрын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн найруулах тухай шийдвэр, ажилтны эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийн төлөөлөгчийн газар олгосон талаарх баримт, ажил үүргийн тодорхойлолт, бүтэц шинэчлэн боловсруулах тухай апостиль гэрчилгээ бүхий шийдвэр, тушаал хүргүүлсэн талаарх баталгаат шуудангийн тэмдэглэл, МК Шёожи ХК-ийн дүрэм, Т Мыг томилсон шийдвэр зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Н.Э нь МКийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар-т холбогдуулан МК-ийнУлаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын Захиргаа, байгууллагын нийгмийн хариуцлага, улс төр, эдийн засгийн мэдээлэл хариуцсан ахлах ажилтны албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь Н.Эыг орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч бодит байдал дээр төлөөлөгчийн газрын ажилчдын орон тоо хуульд заасны дагуу хасагдаагүй, Н.Эын ажил албан үүрэг нь хэвээр, тухайн ажлын байр нь бодитоор байхгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, төлөөлөгчийн газрын 5 ажилтны 4 ажилтныг чөлөөлсөн нь хөдөлмөрийн хуульд зааснаар бөөнөөр халах зохицуулалтад хамаарч байхад төлөөлөгчтэй хэлэлцээр хийгээгүй, мөн орон тоо хасч байгаатай холбоотойгоор зохих журмын дагуу ажлын байрны зураг авалт, шинжилгээ судалгааг хийхгүйгээр чөлөөлсөн, эрх бүхий этгээд ажилтныг чөлөөлсөн эсэх нь тодорхой бус, бүтцийн өөрчлөлтийг эрх бүхий этгээд батлаагүй байхад ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус, тушаал шийдвэр нь агуулга, хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлага хангаагүй, ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй гэж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь тайлбар гаргаж мэтгэлцсэн.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Төлөөлөгчийн газар нь Монгол Улсад гол төлөв МК-ийнхөрөнгө оруулсан төслүүд дээр ажилладаг ба Төлөөлөгчийн газрын төслүүд дуусгавар болсон, цаашид хэрэгжихгүй болсон зэргээс шалтгаалан ажлын ачаалал эрс буурсан. Мөн цаашид хэрэгжүүлэх төслүүдийн санаачилгууд амжилтгүй болсны улмаас 2022 онд орон тоог цөөрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон, Төлөөлөгчийн газрын дарга нь өөрийн эрх мэдлийн хүрээнд шинэ орон тоог боловсруулан МК-ийнхолбогдох албан тушаалтанд танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр ажилчдыг чөлөөлсөн. Нэхэмжлэгчтэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажлын байрыг хассан бус, харин орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр цуцалсан нь төлөөлөгчийн газрын ажлын ачаалал, хэмжээ буурсантай холбоотой. Төлөөлөгчийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл гаргах үед даргаас гадна зөвхөн таван үндсэн ажилтантай байсан тул бөөнөөр халах зохицуулалтад хамаарахгүй. Иймд ажилтнуудын төлөөлөлтэй хэлэлцээ хийх шаардлагагүй. Н.Этай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр дуусгавар болгосон. Хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээг дуусгавар болох өдөр хүртэлх олговор, ээлжийн амралтын цалин, ээлжийн амралтын цалингийн үлдэгдэл, 6 сарын дундаж цалинтай тэнцэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж зэрэгт нийт 74,067,1337 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч Н.Э нь 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр МКийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт Мэдээлэл, санхүү бүртгэл, зохион байгуулалт хариуцсан ажилтнаар томилогдон, ажил олгогчтой 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллажээ. /хх-5/

 

6. Н.Этай байгуулсан 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 1.1-т Албан тушаалын зэрэглэл: Мэдээлэл, санхүү бүртгэл, зохион байгуулалт хариуцсан ажилтан гэж, гэрээний 1.5-д хөдөлмөрийн гэрээг 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаагүй байгуулах-аар тохирсон, анх байгуулсан энэхүү хөдөлмөрийн гэрээнээс хойш талуудын хооронд дахин хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй тул тухайн гэрээ, түүнд хамаарах зохицуулалт, хэм хэмжээний талаар гэрээний талууд маргаангүй гэж үзнэ.

 

6.1. Харин тухайн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцаанд дээр дурдсанчлан 2011 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Тухайн хөдөлмөрийн гэрээний зохицуулалт, үндсэн нөхцлийн асуудлаар ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд ажилтан, ажил олгогчийн хэн алин нь маргаж байгаагүйгээгүйгээс гадна уг хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байх тул талуудын хооронд 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /хх-5/

7. Энэхүү хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний талуудаас орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалсан нь эрх зүйн үндэслэлтэй эсэх талаар талууд маргасантай холбогдуулан талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

8. МКийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар нь Н.Эыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Бүтэц шинэчлэн боловсруулах төлөвлөгөөг толгой байгууллага баталсантай холбогдуулан орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №12 тушаалд тодорхойлжээ./хх-9/

8.1. МКийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар нь Монгол Улсад худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, зах зээлийн судалгаа хийх, мэдээлэл солилцох, корпорацийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах, биелэлт гүйцэтгэлийг хангах зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилгоор үйл ажиллагааны чиглэлээр бүртгэгдсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар ба өөртөө ашиг олох, аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна. /хх-17/

8.2. Мицубиши корпорациас томилсон Төлөөлөгчийн газрын дарга нь Тус төлөөлөгчийн газрыг толгойлох ба өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах, төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулж, Мицубиши корпорациар батлуулах, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, албан хаагчдыг ажилд авах, сургах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааг толгой компанид илтгэх...зэрэг эрх, үүрэг эдэлдэг байна. /хх-103/

8.3. Иймд төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоог боловсруулах, төлөөлөгчийн газарт ажилтныг шилж, сонгож авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох, үйл ажиллагааг нь удирдах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь тус газрын даргын ажил үүрэгт хамаарах тул ажилтныг ажлаас чөлөөлөх бүрэн эрх олгогдсон этгээд гэж үзнэ.

9.1. Талуудын хооронд үүссэн МКийн төлөөлөгчийн газрын орон тоог цөөрүүлсэн, орон тоо хасагдсан гэх маргааны тухайд хавтаст хэргийн 112 дугаар талд, нэхэмжлэгч Н.Эын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан Ажил үүргийн тодорхойлолт буюу ажлын байрны тодорхойлолт авагдсан, уг тодорхойлолтод, Н.Эын албан тушаалын нэрийг Захиргаа нийгмийн хариуцлагын төсөл, улс төр, эдийн засгийн мэдээлэл хариусан ахлах ажилтан гэжээ.

9.2. Ажил үүргийн тодорхойлолтын Ажлын зорилго гэсэн хэсэгт: -Шинэ нисэх онгоцны буудлын төслийг дэмжих ажлын хүрээнд төв компанийн холбогдох хэлтэст монгол дахь нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээлэл илгээх, -Монгол Улсын улс төр, эдийн засгийн тухай мэдээ мэдээллийг төв компанийн Бүс нутгийн удирдлагын хэлтэс зэрэгт илгээх, -Захиргаа олон нийттэй харилцах болон IT-г хариуцан төлөөлөгчийн газрын тогтмол үйл ажиллагааг дэмжиж ажиллах, -Онцгой байдлын менежменттэй холбоотой бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх/Монгол дахь шинэ коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээлэх ажил багтана/ гэж,

-Гол хариуцах ажил гэсэн хэсэгт: -Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, менежментийн төслийг дэмжих, -Захиргаа, олон нийттэй харилцах, -Мэдээллийн технологийг нэвтрүүлэх, -Онцгой байдлын менежмент, -Нийгмийн хариуцлагын хүрээн дэх үйл ажиллагаа (Тэтгэлэг), Улс төр, эдийн засаг, Шинэ нисэх онгоцны буудлын төсөлтэй холбоотой мэдээ, мэдээлэл гэж,

 

-Ажлын цар хүрээ гэсэн хэсэгт: -Байгууллага доторх: Төв компанийн нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааны баг, Захиргааны хэлтэс (Онцгой байдлын менежментийн баг), Олон нийттэй харилцах хэлтэс, Бүс нутгийн удирдлагын хэлтэс, SSL болон төв компанийн IТ үйлчилгээний төв гэх мэт.-Байгууллагаас гаднах: Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт ХХК, Зам тээвэр хөгжлийн яам, Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаатай холбоотой гэрээ байгуулсан бусад гэрээт байгууллагууд, Тэтгэлэг олгодог их сургуулиуд гэх мэт, гэж ажил үүргийн хуваарийг тогтоосон байна.

 

9.3. Мөн Ажил үүргийн тодорхойлолт-ын №3-т Төлөөлөгчийн газрын бүтцийг Газрын дарга болон Г.Золжаргал, Н.Э, Б.Энхзол гэсэн үндсэн гурван ажилтантай гэж зурагласан, эдгээр ажилтны хариуцах ажлын чиг үүрэг нь өөр өөр боловч, албан тушаалын хувьд Ахлах ажилтан нэршилтэй байжээ./хх-112-116/

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд, төлөөлөгчийн газрын ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг ажил, албан тушаалд нь томилохдоо хугацаагүй байгуулж, цаашид ажил үүргийн хуваарийг нь өөрчилсөн, зарим ажилтнууд Ядон Улсад томилолтоор ажиллах тохиолдол зэрэгт тухай бүр Ажил үүргийн тодорхойлолт буюу ажлын байрны тодорхойлолтыг шинээр баталгаажуулан заншсан болох нь тогтоогдож байна. Иймд, ажилтны ажил үүргийн хуваарь өөрчлөгдөх бүрт нь хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, харин ажил үүргийн тодорхойлолтыг шинээр байгуулдаг байжээ.

9.4. Улмаар төлөөлөгчийн газрын эрхлэн явуулж байсан төсөл, хөтөлбөр дуусгавар болсон, ажил үүргийн хуваарь багассантай холбоотойгоор Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын үндсэн бүтэц шинэчлэн боловсруулах тухай төслийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлөөлөгчийн газрын дарга Таката Мотосабуро боловсруулж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Япон Улсын толгой компанийн холбогдох эрх бүхий этгээдүүдэд и-мэйлээр илгээжээ. /хх-118-132/

 

9.5. Тодруулбал, МК-ийнБүс нутгийн хөгжлийн хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн дарга, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга болон Нэгдсэн хотын хөгжил Жи Си И Өү Оффисын дарга, Үнэт металлын нөөц хариуцсан Жи Си И Өү дарга нарт Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын үндсэн бүтэн шинэчлэн боловсруулах тухай төслийг хүргүүлсэн баримт авагджээ. /хх-118, япон хэлний орчуулга/

 

-Үүнд: МК-ийнУлаанбаатар дахь төлөөлөгчийн газар (УБТГ)-ын үндсэн бүтцийг шинэчлэн боловсруулах болон түүнийг бодитоор хэрэгжүүлэх саналыг гаргахдаа дараах асуудлыг тусгасан байна. Тодруулбал: Төлөөлөгчийн газар нь толгой байгууллагаас томилогдсон дарга-1, үндсэн 5 ажилтан/хөдөлмөрийн гэрээгээр/, гадны 1 ажилтан /Ажил гүйцэтгэх гэрээний дагуу/, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй байгаа боловч 2022 оны эхний хагаст бүтцийг шинэчилж /орон тоог цөөрүүлж/, Төлөөлөгчийн газрын дарга-1, үндсэн ажилтан-1, гадны ажилтан-1, гэсэн нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй болгож өөрчлөхөөр төлөвлөсөн байна. /хх-118/

 

-Ажилтны тоог багасгах шалтгаан, нөхцлийг тайлбарлахдаа: Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй үндсэн 5 ажилтныг 2010 онд Ураны эрх авсан үеэс ажиллуулж эхэлсэн боловч ураны төслөөс гарсан ч олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг явуулах гэрээ байгуулах, үйл ажиллагааг эрхлэн явуулах компанийг үүсгэн байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх болон шинэ бизнес хөгжүүлэх үйл ажиллагааг явуулсаар ирсэн боловч үйл ажиллагаа явуулах эрхийг авч 2021 оны 07 дугаар сард нислэгүүдийг албан ёсоор эхлүүлж, үйл ажиллагааг эрхлэн явуулах бие даасан компанийн хувиар үйл ажиллагаагаа эхлүүлсэн, бусад үйл ажиллагааны хувьд ч төлөөлөгчийн газрын ердийн үеийн ажлын хэмжээ эрс буурсан,

-шинэ бизнес хөгжүүлэлтийн тухайд Монгол Улсын зах зээл цар хүрээ бага байдал, Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн байдлаас үүдэлтэй том хэмжээний зээлийн боломж доогуур байдал, ОХУ, БНХАУ-ын дунд орших геополитикийн байршил болон тээврийн бодит хүндрэлтэй байдал зэрэг шалтгаанаас хэрэглээний зүйлстэй холбоотой бага хэмжээний худалдааны хэд хэдэн төслүүд урагштай хэдий ч том төслийн талаар бодит ахиц гарах найдвар бага, өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төлөөлөгчийн газрын ажилтнууд харилцаа холбооны ажлыг голчлон гүйцэтгэж байсантай холбогдуулан шинэ бизнес, худалдааг бий болгоход чиглэсэн бизнес хөгжүүлэлтийн мэдлэг, туршлага, хүсэл эрмэлзэл ч дутуу байгаа зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан 2022 онд төлөөлөгчийн газрын бүтцийг шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. /хх-119-120/

 

-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 5 ажилтан, гадны 1 ажилтны нийт ажлын хэмжээний хагас орчим нь сул зогсолтын хэмжээнд байгаа, бодит үйл ажиллагаанд чиглэгдээгүй ажлыг оролцуулан ажил хуваарилах байдлаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хадгалж авч үлдэж байгаа нь бодит нөхцөл байдал гэж үзээд,

төлөөлөгчийн газрын үндсэн үйл ажиллагааны зорилтыг үнэт металлын нөөцтэй холбоотой судалгааны ажил болон шинэ бизнес хөгжүүлэлт гэж тогтоон, түүнд нийцсэн зохион байгуулалтын бүтцийг бий болгож, Нэг дарга, хөдөлмөрийн гэрээгээр нэг ажилтан, гаднаас ажиллуулах нэг хүний бүтэцтэйгээр төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг явуулахаар төлөвлөжээ. /хх-120/

 

-Үлдсэн 1 ажилтанд үндсэн захиргааны ажлыг, үнэт металлын нөөцтэй холбоотой судалгааны ажлыг голчлон хариуцуулж, бусад ажлыг гаднаас 1 хүний туслалцааг авч, төлөөлөгчийн газрын дарга нь голчлон гүйцэтгэх, нийтдээ 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүтээмжтэй ажиллах судалгаа, саналыг гаргасан, ажилтны тоо олон байгаагаас ажил давхардах тохиолдол гардаг гэж дүгнэжээ.

 

Эдгээр үйл баримт нь МК-ийнУлаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дүрэмд зааснаар төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулах, толгой компаниар батлуулах газрын даргын эрх, үүргийн хүрээнд хийгдсэн байна.

 

9.6. Улмаар, Улаанбаатар төлөөлөгчийн газрын дарга Т Мийн мэйл хаягнаас Ш Т, К Т, Ё Т, К А, Т Ё, Х Э, И А зэрэг нэртэй хүмүүсийн мэйлд илгээснийг К Т МК-ийнБүс нутгийн стратеги хэлтсийн дарга Ш Т нар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр баталжээ. /хх-130-132, хх-117/

 

9.7. Улаанбаатар төлөөлөгчийн газрын дарга Т Мийн боловсруулсан бүтцийн саналыг МК-ийнБүс нутгийн стратеги хэлтсийн дарга Шинохара Тэцүяа 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр баталсан болохыг нотолсон тодорхойлолтын орчуулгад огнооны алдаа гарсныг залруулсан болохоо тайлбарлаж, хариуцагч талаас шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн, уг баримтын эх хувь болон албан ёсны орчуулга, апостиль гэрчилгээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байх тул төлөөлөгчийн газрын ажиллах орон тоо, бүтцийг өөрчлөхөд хамаарвал зохих холбогдох ажиллагааг өөрсдийн дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. /хх-117-143, хх-2-67/

 

9.8. Нэхэмжлэгч нь МК төлөөлөгчийн газрын дүрэмд зааснаар төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулж, толгой компаниар батлуулах үүрэг нь төлөөлөгчийн газрын даргад хамаарах боловч уг бүтцийг батлуулсан эсэх нь тодорхойгүй, эрх бүхий этгээд баталсныг нотлох баримт байхгүй гэж маргасан боловч дээрх баримтуудаар эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр төлөөлөгчийн газар нь бүтцийн өөрчлөлтийг хийсэн, нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар цуглуулсан эдгээр баримт нь хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэв.

 

9.9. Түүнчлэн хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн МКид хүчин төгөлдөр үйлчилж байгаа National staff-Гадаад улс дахь ажилтны хүний нөөцийн удирдлагын хэм хэмжээ дотоод стандартын 2-т гадаад дахь байгууллагын хүний нөөцийн тогтолцоог, энэ хэм хэмжээнээс гадна тухайн газрын эрх зүйн тогтолцоо, хөдөлмөрийн зах зээлийн зан заншлыг харгалзан, дунд урт хугацааны үүднээс авч үзэн, бүс нутаг хариуцсан эрх бүхий этгээд эсвэл гадаад дахь байгууллагын дарга нь тогтоох-оор заасан байх тул төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоог толгой компанийн зөвшөөрлийн дагуу, зохих дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-2-9-32/

 

10. Улмаар, МК-ийнУлаанбаатар дахь төлөөлөгчийн газрын бүтэц сайжруулах төлөвлөгөөг толгой байгууллага нь баталсантай холбогдуулан Н.Эд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд ....Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл хүргүүлж байна. Дээрх төлөвлөгөөг баталсантай холбогдуулан орон тоог цөөрүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгоогчийн санаачилгаар цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна. Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгох болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.4, ажлаас халагдсаны тэтгэмжийн тухай дотоод журмын 3./1/с-д заасны дагуу 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгоно гэжээ.

 

10.1. Мэдэгдлийг гардуулсны дараа буюу МК-ийнУлаанбаатар дахь төлөөлөгчийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №12 тушаалаар Н.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгохдоо дараах үндэслэлийг заажээ.

Үүнд: Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын боловсруулсан Бүтэц шинэчлэн боловсруулах төлөвлөгөөг толгой байгууллага баталсантай холбогдуулан орон тоог цөөрүүлсэн тул Захиргаа, байгууллагын нийгмийн хариуцлага, улс төр, эдийн засгийн мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Н.Этай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр (Дуусгавар болох өдөр) тасалбар болгон дуусгавар болгосон байна.

 

10.2. Мөн Н.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 2-4-1 (1)а, 3-2-1 (5) заалтууд, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №1 тоот Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасныг тус тус үндэслэжээ.

 

10.3. Талуудын хооронд 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байгаа, тухайн гэрээг байгуулснаас хойш 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөгдөх хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй тул 2011 онд байгуулсан Хөдөлмөрийн гэрээг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн хянах үндэслэлтэй.

 

Учир нь талууд 2011 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинээр батлагдсан хөдөлмөрийн хуулийн хүрээнд шинэчилж батлаагүй үйл баримт тогтоогдсон, уг гэрээний 4.1-т энэхүү гэрээгээр зохицуулагдаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн зохицуулна гэсэн байх тул талуудын хооронд 2011 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэв.

10.4. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө гэсэн байх тул тухайн хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр харилцааны явцад үүссэн маргаантай асуудлыг тухайн үеийн хөдөлмөрийн гэрээний талууд тохиролцсон харилцааны хэм хэмжээ болон түхайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу маргаантай харилцааг шийдвэрлэх нь хууль тогтоомжид нийцнэ.

11. Нэхэмжлэгчийн зүгээс орон тоог цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч, ажил олгогч нь орон тоог хассан гэж маргасан боловч Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

11.1. Тодруулбал, МК-ийннэгж нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар МК-ийнУлаанбаатар дахь төлөөлөгчийн газарт хамаарч байна.

11.2. Иймд Мицубиши төлөөлөгчийн газар нь бүхэлдээ татан буугдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан гэх үндэслэлд хамаарах бөгөөд төлөөлөгчийн газар нь бүхэлдээ татан буугдсан гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа тул тус төлөөлөгчийн газрын хувьд орон тоо цөөрүүлсэн гэх тайлбар нь эрх зүйн үндэслэлтэй байна.

11.3. Түүнчлэн МК-ийнУлаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь хуучин бүтцээрээ даргыг нь оролцуулаад үндсэн 6 ажилтантай байсан, эдгээр ажилтнууд нь МК-ийнтөлөөлөгчийн газар буюу нэгж-ийн бүтцэд хамаарах ажилтнууд байсан, уг төлөөлөгчийн газар нь бүтцийн хувьд салбар, нэгж, газар, хэлтэс зэрэг зохион байгуулалтын бүтцээр тусгаарлагдаагүй байна.

Мөн тухайн хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан 6 ажилтны ажил үүргийн хуваарь нь өөр өөр боловч ажилчдын нэршил нь ...... хариуцсан ажилтан ахлах ажилтан гэсэн адил нэршилтэй байжээ. Иймд төлөөлөгчийн газрын ажилтнуудын тодорхой ажил, албан тушаалын ажлын байрыг байхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

12. Түүнчлэн нэхэмжлэгч талаас хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлэхдээ хуульд заасан хугацааг баримтлаагүй гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан.

 

12.1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ гэж заасны дагуу МК-ийнУлаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан нэгжийн бүтцэд хамаарна.

 

12.2. Иймд Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар Салбар, нэгжийг татан буулгасан буюу МК-ийнУлаанбаатар дахь төлөөлөгчийн газрыг бүхэлд нь татан буулгасан гэх асуудал талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд хөндөгдөөгүй тул хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор зохицуулсан бөөнөөр халах асуудал анхнаасаа яригдах үндэслэлгүй юм.

 

12.3. Түүнчлэн нэхэмжлэгч тал нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нийт 5 ажилтны 4 ажилтантай байгуулсан гэрээг цуцалсан нь бөөнөөр халах зохицуулалтад хамаарна гэж нэхэмжлэгч маргасан боловч төлөөлөгчийн газрын салбар, нэгж татан буугдсан гэх үндэслэл дээрх байдлаар тогтоогдоогүй гэж үзэв.

 

12.4. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1-т заасан бөөнөөр халах зохицуулалтыг ажил олгогч зөрчсөн гэх тайлбарыг гаргадаг боловч нийт 6 ажилтантай нэгжийн хувьд бөөнөөр халах зохицуулалт хамаарахгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар хамгийн багадаа 10 болон түүнээс дээш ажилтантай байгууллагын хувьд бөөнөөр халах асуудал хамаарахаар хуульчилжээ. Иймд 7 ажилтантай Мицубиши корпораци нь 5 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон асуудал нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэ, хуучин/-ийн бөөнөөр халах тухай хэм хэмжээнд хамаарахгүй, уг асуудлаар хэлэлцээр хийх ёстой байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

 

13. Хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй боловч төлөөлөгчийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2-4-1-т ажилтны тоог цөөрүүлсэн бол 45-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд урьдчилан мэдэгдэнэ гэж заасан тул хөдөлмөрийн дотоод журамдаа заасан хугацааг баримтлах үүрэгтэй.

 

13.1. Энэ хугацааг баримталсан эсэх талаар нотлох баримтыг шнижлэн судлахад ажил олгогч нь Н.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоос 46 хоногийн өмнө мэдэгдсэн, Н.Э нь тухайн мэдэгдлийг хүлээж авсан хугацааны талаар маргаагүй тул хөдөлмөрийн дотооод журамд заасан мэдэгдэл өгөх хугацааг ажил олгогч мөрдсөн гэж үзнэ.

 

14. Түүнчлэн нэхэмжлэгч Н.Э нь ажлын байрны дарамтаас шалтгаалан өөрийг нь санаатайгаар ажлаас чөлөөлсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна 2022 оны 09-12 дугаар сарын байдлаар ажил олгогч нь даргаасаа гадна нэг үндсэн ажилтан /Б.Энхзол/-тай үйл ажиллагаа явуулж байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтуудаар нотлогдсон тул орон тоог цөөрүүлсэн асуудал нь бодит байдалд нийцсэн, харин өөр бусад санаа, зорилгоор ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

15. Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулсан бөгөөд Төлөөлөгчийн газар нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг тооцож олгосон нь ажилтны хуулиар хамгаалагдсан эрх зүйн байдлыг дордуулаагүй, хуульд заасан тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн байна.

 

16. Иймд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа холбогдох тэтгэмжийг хуульд нийцүүлэн олгосон, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа хуулиар тотгоосон хоног, хугацаанд нь зохих мэдэгдлийг гардуулсан, орон тоо цөөрсөн асуудал нь бодитой байгаа тохиолдолд ажил олгогч нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан, хөдөлмөрийн хууль тогтоомжоор баталгаажсан эрхийг хөндсөн, зөрчсөн гэж үзэх боломжгүй.

 

17. Харин Н.Эыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай /1991он/ хуулийн заалтыг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалд баримтлах ёстой байсан боловч Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн баримталсан нь уг тушаал нь хэлбэрийн хувьд учир дутагдалтай болжээ.

 

18. Гэвч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн /орон тоог цөөрүүлсэн/ үндэслэл нь шинэ, хуучин хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн үзэл баримтлалын хувьд өөрчлөгдөөгүй, зарчмын зөрүүтэй байдал үүсгээгүй тул гагцхүү Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн зохицуулалтыг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ёстой байсан гэдэг үндэслэлээр ажил олгогчийг буруутгаж, зөвхөн энэ үндэслэлээр ажилтныг эгүүлэн томилох үндэслэлгүй байна.

 

19. Нөгөө талаас Н.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг цуцалсан асуудал нь эрх зүйн үр дагаврын хувьд ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан, илтэд үндэслэлгүйгээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон асуудалд хамааралгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө ажилтны эрхийг дордуулсан гэх үйл баримт нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

20. Эдгээр үндэслэлээр хариуцагч Мицубиши корпарацийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу Захиргаа, байгууллагын нийгмийн хариуцлага, улс төр, эдийн засгийн мэдээлэл хариуцсан ахлах ажилтан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч МКийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу Захиргаа, байгууллагын нийгмийн хариуцлага, улс төр, эдийн засгийн мэдээлэл хариуцсан ахлах ажилтан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД