Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01045

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01045

 

  

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00612 дугаар шийдвэртэй, Н.Э-ын нэхэмжлэлтэй М-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр М Санхүү бүртгэл, зохион байгуулалт хариуцсан ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дарга ТМ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 28 тоот мэдэгдэл өгсөн. Улмаар 2022 оны 06 дүгээр сарын 16-ны өдрийн 12 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Уг тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 2-4-1 (1) а, 3-2-1 (5) заалтууд, 2011 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн №1 тоот хөдөлмөрийн гэрээний 3.2-д заасныг тус тус үндэслэсэн.

М нь орон тоо хасагдсан, орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар орон тоо бодитой хасагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан боловч нэхэмжлэгчийн ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад орон тоо хасагдсан нь бодитой бус болно. Мөн төлөөлөгчийн газрын 5 ажилтны 4 ажилтанд дээрх мэдэгдлийг олгосон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1-д заасан бөөнөөр халах зохицуулалтад хамаарна. Учир нь хуульд, тухайн байгууллагын ажилтнуудын 10 хувиас дээш хувь нь чөлөөлөгдөж буй тохиолдолд бөөнөөр халагдахаар зохицуулсан. 5 ажилтнаас 4 ажилтны хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул нийт ажилтнуудын 80 хувь нь орон тоо цөөрүүлсэн үндэслэлд хамаарна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн зүйлийн 81.3-т заасан бөөнөөр халах асуудлаар ажил олгогч нь ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийгээгүй гэх үндэслэл болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан. Төлөөлөгчийн газар нь М-иар орон тоо цомхотгосон шинэ бүтцийг батлуулсан эсэх нь эргэлзээтэй, үүнийг нотолсон баримтгүй, ажлын байрны зураглал, тодорхой судалгаа шинжилгээг хууль, журамд нийцүүлэн хийгээгүй, мөн Н.Э-ын ажил үүргийн хуваарь нь шинэ бүтцээр үгүй болоогүй, өнөөг хүртэл ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг нь хэвээр хадгалагдсаар байхад Н.Э-ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Мөн ажлын байрны дарамттай холбоотой ажлаас чөлөөлсөн.

Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу Захиргаа, байгууллагын нийгмийн хариуцлага, улс төр, эдийн засгийн мэдээлэл хариуцсан ахлах ажилтан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Захиргаа, байгууллагын нийгмийн хариуцлага, улс төр, эдийн засгийн мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Н.Этай 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 01 тоот хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 2-4-1(1)а, 3-2-1(5) заалтууд, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13 тоот хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасныг тус тус үндэслэн орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр төлөөлөгчийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 12 тоот тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох өдөр хүртэлх олговорт 10,920,053 төгрөг, 6 өдрийн ээлжийн амралтын цалин 3,959,674 төгрөг, ээлжийн амралтын цалингийн үлдэгдэл 4,123,033 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-д заасны дагуу 6 сарын дундаж цалинтай тэнцэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 55,064,3727 төгрөг, нийт 74,067,1337 төгрөгийг олгосон байна.

Бүтэц шинэчлэн боловсруулах төлөвлөгөө нь холбогдох дүрэм, журмын дагуу батлагдсан. Төлөөлөгчийн газар нь Монгол Улсад гол төлөв Мйн хөрөнгө оруулсан төслүүд болох ураны төсөл, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төсөл, Монгол Оппортюнити сантай холбоотой дэмжлэг туслалцааг үзүүлэх, М-д зориулан бусад шинэ боломжит төсөл хөгжүүлэлтийг хэрэгжүүлэх, Монгол Улсын улс төр, эдийн засаг болон нүүрс, зэс зэрэг ашигт малтмалын судалгаатай холбоотой үйл ажиллагааг явуулж ирсэн. Гэвч 2021 оны 02 дугаар сард Ураны төслөөс, 2021 оны 11 дүгээр сард Монгол Оппортюнити Сангаас гарсан үйл явдлууд, мөн оны 07 дугаар сард шинэ нисэх онгоцны буудлын төслийг тогтвортой, бие даан эрхлэн явуулах зорилгоор үүсгэн байгуулсан Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК нь үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлсэнтэй холбогдуулан Төлөөлөгчийн газрын ажлын ачаалал, хэмжээ эрс буурсан. Мөн хэдийгээр өнгөрсөн жилүүдэд их хэмжээний хүчин чармайлт гаргасан Япон Улсын Засгийн газрын том хэмжээний Хөгжлийн албан ёсны тусламж (ODA) төслүүд болон, Монгол Улс дахь том хэмжээний дэд бүтцийн төслүүд зэрэг шинэ боломжит төслүүдийн бизнес хөгжүүлэлтийн хэд хэдэн санаачилгууд амжилтгүй болсон юм. Эдгээрийн үр дүнд Монгол Улсад хэрэгжүүлэх бизнес төсөл байхгүй байна. Иймээс орон тоог цөөрүүлэхээс өөр замгүй болсон бөгөөд үүнийг 2022 онд хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Төлөөлөгчийн газрын дүрмийн 4.3-д зааснаар тус газрын дарга нь төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулж, толгой байгууллагаар батлуулах бүрэн эрхтэй. Иймд төлөөлөгчийн газраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын бүтцийг шинэчлэн боловсруулах төлөвлөгөөг боловсруулсан. Үүний дагуу бүтэц шинэчлэн боловсруулах төлөвлөгөөг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Мд танилцуулж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр батлуулсан.

Нэхэмжлэгчтэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажлын байрыг хассан бус, харин орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр цуцалсан. Ажлын ачаалал, хэмжээ буурсан учир Төлөөлөгчийн газар орон тоогоо цөөрүүлсэн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт болон Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтын тайлбарт дурдсанаар ажлын байрыг хассан ба орон тоог цөөрүүлсэн гэдэг нь тусдаа үндэслэл юм. Орон тоог цөөрүүлсэн гэдэг нь адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг, харин тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ажлын байрыг хассан гэж ойлгодог.

Төлөөлөгчийн газраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халсан бус, харин 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсгийг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хуулиар тогтоосон хувь, хэмжээний ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 90 хоногийн хугацаанд цуцалсныг бөөнөөр халсанд тооцдог. Харин Төлөөлөгчийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл гаргах үед зөвхөн таван ажилтантай байсан тул бөөнөөр халахтай холбоотой зохицуулалтыг хэрэглэхгүй тул ажилтнуудын төлөөлөгчтэй хэлэлцээ хийх хуулийн шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М-т холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу Захиргаа, байгууллагын нийгмийн хариуцлага, улс төр, эдийн засгийн мэдээлэл хариуцсан ахлах ажилтан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Н.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн байна.

а. Шийдвэрийн тогтоох хэсгийг тайлбараа шийдвэртээ өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Шийдвэрийн тогтоох хэсгийг шүүх хуралдаанд сонсгосон тайлбар болон шүүхийн шийдвэрийг бичгээр гаргасан үндэслэх хэсэг хоорондоо зөрүүтэй байх бөгөөд 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас халсан нь үндэслэлгүй байна гэж шүүхийн дүгнэлт шүүхийн шийдвэрт тусгагдаагүй. Эсрэгээрээ 1991 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, тогтоох хэсгийн ттайлбараа шүүхийн шийдвэрээ бичгээр зориуд өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

б.2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 03 минутанд (Японы цагаар) М-н Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга ТМ-ийн и-мэйл хаягнаас Ш, К, Ё, К, Т нар руу явуулсан и-мэйл хаяг, түүний хавсралтуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг, хангаж шийдвэрлэсэн. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчаас Мйн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга ТМ-ийн боловсруулсан бүтцийн санал нь и-мэйлээр биш тухайн компанийн дотоод системээр явуулсан гэх тайлбарыг ирүүлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй тул хариуцагчийн тайлбарт тайлбарлагдсан М-н дотоод системд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Шүүх тухайн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй мөртлөө шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9.6-д тусган нотлох баримтаар бэхжүүлээгүй, хүсэлтийг хангаагүй мөртлөө шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулсан нь нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчсөн, нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг хөндөөд зогсохгүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн болно.

в. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэж заажээ. Хариуцагчийн өмгөөлөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд Н.Эд Хөдөлмөрийн дотоод журам танилцуулж байсан Н.Э, Б.Ө нарын и-мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, шүүхээс хангаж шийдвэрлэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг товлогдсон боловч хариуцагчийн зүгээс и-мэйл хаяг нь устгагдсан байна. Иймээс системд, түүний архивт үзлэг хийлгэсэн. Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүсэлт гаргаагүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тус үзлэг нь цахим шууданд үзлэг хийгдээгүй, цахим файл буюу баримтад үзлэг хийгдэж байна. Цахим шуудан нь харилцаа холбооны тухай хуулиар хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулиар мэдээллийг эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй талаар маргасан боловч шүүхээс үзлэгийг /цахим шууданд бус/ системд хийсэн. Гэсэн атлаа 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр системд үзлэг хийлгэх хүсэлт гаргахад хангаж шийдвэрлээгүй. Шүүх хэт нэг талыг баримталж, талуудад ялгавартай хандаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

г. М-н Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргыг томилсон тогтоол шийдвэр хэрэгт авагдаагүй. Харин шүүхэд албан бичгээр Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргаар томилсон тухай захидлыг ирүүлсэн нь итгэмжлэх, төлөөлөх эрхийг шалгахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М-н Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын нийт ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хангаагүй. Тус нотлох баримтаар ажил, албан тушаалын нэршил тус бүр өөр гэдгийг нотлох эрх зүйн ач холбогдолтой байсныг хүлээн аваагүй нь мэтгэлцэх зарчмыг хязгаарлаж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ.

4.2. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй.

а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг /9.4, 9.5/-т Мйн Бүс нутгийн хөгжлийн хэлтсийн дарга, хуулийн хэлтсийн дарга, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга болон Нэгдсэн хотын хөгжил Ж оффисын дарга, Үнэт металлын нөөц хариуцсан Ж дарга нарт Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын үндсэн бүтэц шинэчлэн батлах эрх хэмжээ байгаа эсэхийг шүүх тал бүрээс нь бодитой үнэн зөв нотлох баримтыг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, дээрх албан тушаалтнууд нь эрх бүхий этгээд мөн эсэхийг тогтоосон тушаал шийдвэр байхгүй.

б. Хэрэгт авагдсан Natianal staff шүүхийн байгууллагад хариуцагч Мас шүүхэд ирүүлсэн албан бичиг (ТУЗ-ийн гишүүн мөн эсэх, батлагдсан тогтоол байхгүй), 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн Стратегийн хэлтсийн захирлын албан бичиг нь Гэрчийн мэдүүлэг бус харин зохигчийн тайлбар юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхолын үүднээс нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч буй албан бичиг байх тул түүнийг тухайн баримт бичгийг баталсан эрх бүхий этгээд гэж дүгнэх, шууд үнэлэх боломжгүй юм.

в. Цахим баримт буюу и-мэйл хаягийг шүүхийн журмаар нотлох баримтыг бэхжүүлэхгүйгээр үнэлэх боломжгүй. Гэтэл шүүх нь цахим баримтыг бэхжүүлэх зохигчийн хүсэлтийг эхний захирамжаар хангаж шийдвэрлэж, дараагийн захирамжаар хангахгүй шийдвэрлэснээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь заасныг зөрчсөн.

4.2.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хавсралт 2-т тусгагдсан өмнөх орон тоо, ажлын байр, бүтцийг тал бүрээс нь бодитой, үнэн зөв үнэлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн (2022) 49 дүгээр зүйлийн 49.1.1-д заасан албан тушаалын нэршил, ажил үүрэг нь салшгүй нэг хэсэг бөгөөд ажил үүрэг нь өөр, өөр албан тушаалын нэршил нь ахлах ажилтан гэж дүгнэсэн тал бүрээс нь бодитой үнэлээгүй гэж үзнэ. Учир нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэх харилцаа бөгөөд албан тушаалын нэршил нь ахлах ажилтан бол тодорхой ажил үүрэг хариуцсан ажилтан гэсэн нэршил байгаа болно.

Хавтаст хэрэгт авагдсан Ц.Ц Хүний нөөцийн менежмент сурах бичгийн 141 дүгээр талд Албан тушаалын нэр буюу ажлын шинжилгээ, тодорхойлолтыг ажил олгогч батлахдаа шинжлэх ухааны түвшинд бичил хөдөлгөөн нь элементүудийг бурдүүлж, элементүүдийг нэгтгэн ажилбарууд бий болж, ажилбаруудын нийлбэр нь ажил үүрэг, ажил үүрэг нь тодорхой мэргэжил, тус тусын хариуцлага болж албан тушаал бүрддэг байна. Шүүхээс дээрх шинжлэх ухааны гарын авлагыг нотлох баримт гэж үнэлээгүй. Тухайлбал, Нийгэм, хамгаалал хөдөлмөрийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/143, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/210 тоот тушаалуудад ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг баталсан байдаг. Тус тодорхойлолтоор ч мөн адил өөр, өөр ажил үүрэг, албан тушаал болох нь тогтоогддог.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс өөр, өөр албан тушаалын нэршил болох 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар Үндсэн бүтэц шинэчлэн боловсруулах тухай баримт бичгийн Хавсралт 2-т Одоогийн бүтэц хэсэгт албан тушаалын нэршил нь тус бүртээ өөр байх атал шүүхээс нэг албан тушаалын нэршилтэй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тус газарт Н.Э-ын ажил үүрэг байхгүй болоогүй, ажил үүргийг нь Б.Энхзол гүйцэтгэж байгаа талаар хэлдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримт болно. Гэрч Н.Б, н.Ө, н.С нарын мэдүүлгээр тус бүртээ өөр, өөр ажил үүрэг, албан тушаалын нэршилтэй болох нь тогтоогддог.

4.3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ орон тоо цөөрүүлэхдээ тодорхой үнэлгээ, шалгуургүйгээр Б.Э гэх нэг ажилтныг сонгон авч ажиллуулж, бусад ажилтнуудад шууд халах ажилтнаар сонгосон үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, нийт ажилтнуудад ижил шалгуур боломж олгож, сонгон шалгаруулаагүй нь ялгавартай хандсан гэж үзэх үндэслэлтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.7-д заасан зарчмуудыг тус тус зөрчсөн байна.

4.4. Нэхэмжлэгч Н.Э 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөриин тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан болно. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар чөлөөлөгдөөгүй. Нөгөө талаар Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг зөрчиж шийдвэрлэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх орон тоо хасагдах, орон тоо цөөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлах хэрэглэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн (2022) 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын нэршил, ажил үүрэг нь салшгүй нэг хэсэг бөгөөд ажил үүрэг нь өөр, өөр албан тушаалын нэршил нь ахлах ажилтан гэж дүгнэсэн тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Учир нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэх харилцаа бөгөөд албан тушаалын нэршил нь Ахлах ажилтан бол тодорхой ажил үүрэг хариуцсан ажилтан гэсэн нэршил байгаа болно. Тухайлбал, аливаа компанид маркетинг хариуцсан ажилтан, хүний нөөц хариуцсан ажилтан, санхүү хариуцсан ажилтныг нь нэг ажлын байр гэж үзэх боломжгүй юм юм.

Мйн дүрмийн 20 дугаар зүйл, төлөөлөгчийн газрын дүрмийн 4.3, 22 дугаар зүйлд зааснаар ТУЗ хуралдсан эсэх, бүтцийг хуралдаж баталсан эсэхийг мэтгэлцээний шатанд асуухад хуралдаагүй талаар зохигч тайлбарласан. Иймд дүрэмд заасан эрх бүхий этгээд батлаагүй, ТУЗ-ийн төлөөлөх эрх бүхий этгээдийг ТУЗ томилсон шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүх шийдвэрийн агуулгыг тайлбарлахдаа нэхэмжлэгчийн гомдолд дурдсан шиг 1991 оны Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлах ёстой байсан гэсэн" зүйлийг тайлбарлаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Шүүхийн шийдвэрт 1991 оны хуулийн талаар байхгүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.1, 119.2, 119.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Гомдолд шүүгч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захирамж гаргаж, нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн гэж андуурсан бөгөөд шүүгч хангаж шийдвэрлээгүй нь захирамжаас тодорхой харагддаг. Учир нь нэхэмжлэгч тал цахим шуудан хаягт үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргасан. Харин хариуцагчийн зүгээс тухайн баримт нь цахим шуудангийн хаягт бус, харин цахим системээр баталсан баримт бичиг болох тухай болон тэдгээр баримт бичгийг шүүхэд нэгэнт нотариатаар гэрчлүүлж, апостиль гэрчилгээ гаргуулан Япон Улсаас шүүхэд хүргүүлсэн байдаг. Иймд шүүхээс нэгэнт нэхэмжлэгчийн хүсэлтээр тодорхойлсон баримт нь цахим шуудан биш гэдэг нь тодорхой болсон тул хүсэлтийг хангаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тус баримтыг цахим шуудан гэж буруу ойлгосон бөгөөд анхнаасаа байхгүй баримтад үзлэг хийлгэх нь ач холбогдолгүй тул хүсэлтийг хангаагүй. Мөн гомдолд дурдсан цахим системд үзлэг хийлгүүлэх хүсэлтийг гаргаж байгаагүй. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлт нь өөр агуулга, зорилготой баримт болох Н.Э-ын зүгээс төлөөлөгчийн газрын даргад хүргүүлж байсан Ажил хүлээлцэх акт нэртэй цахим шуудан байсан. Нэхэмжлэгчээс тус баримт бичиг нь ажлын байрны шинжилгээ субьектив байсныг нотлох зорилготой байсан гэх бөгөөд хариуцагчаас энэ цахим шуудангийн талаар маргаагүй, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн зүгээс дуусгавар болгоход ажилтнаас илгээсэн цахим шуудан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй тул хүсэлтийг хангаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй. Харин ажил хүлээлцэх нь ажил олгогч болон ажилтны хоёр талын үйлдэж баталгаажуулсан баримт бичиг байх шаардлагатай бөгөөд зөвхөн Н.Э-ын талаас илгээсэн цахим шуудан Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүчин төгөлдөр баримт бичиг болохгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны гүйцэтгэсэн ажлын агуулгын дүн шинжилгээнээс хамаарч орон тоог цөөрүүлэх эсэх талаар тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж шүүх үзээгүй.

Харин шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9.6-д ...цахим шуудангаар илгээжээ гэдэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар талд байх цахим системээр баталсан тухай эрх бүхий албан тушаалтнуудын цахим шуудан хаягт хүргэгдсэнийг дурдсан байна. Шүүхээс талуудад мэтгэлцэх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангасан. Хариуцагчийн зүгээс гаргасан хүсэлт ажилтан Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан тухай үйл баримтыг нотлох зорилготой байсан бөгөөд тус хүсэлтэд тодорхой тусгаснаар цахим шуудан хаяг биш цахим шуудан болох тухайн цахим баримт, түүний хавсралтын агуулгад үзлэг хийлгүүлэх хүсэлтэй байсан. Илгээгдсэн цахим шуудангууд архивт хадгалагддаг.

Мйн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар-ын дарга Т-г томилсон шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэгчээс хүсэлт гаргасны дагуу хариуцагчаас Улсын бүртгэлийн газарт гаргаж байсан 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл нэртэй шийдвэрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж шүүхэд өгсөн. Үүнээс гадна нэхэмжлэгчээс шүүх хуралдааны үеэр тус баримтын талаар маргаагүй тул зохигчид мэтгэлцээгүй, шүүхээс Т гэж хүн төлөөлөх эрхтэй байсан талаарх дүгнэлтийг хийгээгүй. Мөн хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн албан ёсны орчуулгатай байх шаардлагын дагуу уг орчуулгыг гаргаж өгч байсан.

Бусад ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт нь уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Ажил, албан тушаалын нэршил өөр өөр байх талаар хариуцагч тал маргаагүйгээс гадна төлөөлөгчийн газрын нийт ажилтнуудын ажил, албан тушаалын нэршил, ажил үүргийн агуулга нь хариуцагчаас гаргаж өгсөн баримт болох бүтцийн өөрчлөлтийг харуулсан бүдүүвч зургаас тодорхой харагддаг. Мөн нэхэмжлэгчээс гэрчээр бусад 3 ажилтныг дуудаж, урьд ямар ажил эрхэлж байсан талаар асууж, эдгээр үйл баримтуудыг хангалттай нотолсон. Иймд шүүхээс зөвхөн ажил, үүргийн агуулгыг нотлохын тулд дахин тус хэрэгт зохигчоор оролцоогүй этгээдүүдийн Хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох хувийн баримт бичгийг гаргуулах нь ач холбогдолгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

Төлөөлөгчийн газрын дүрмийн 4.3-ийн 1 дэх хэсэг, Гадаад улс дахь ажилтны хүний нөөцийн удирдлагын хэм хэмжээ-ний Хавсралт 1-д хэсэгт заасны дагуу төлөөлөгчийн газар Монгол Улсад хэдэн хүнтэй ажиллах боломжтой талаарх нөхцөл байдлын талаар төлөөлөгчийн газрын дарга өөрийн саналаа боловсруулж, түүнийг Мйн эрх бүхий этгээд болох Бүс нутаг хариуцсан захирлаас зөвшөөрөл олгох журамтай. Иймд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөөлөгчийн газрын дарга Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар үндсэн бүтэц шинэчлэн боловсруулах тухай саналыг гаргаж, энэ баримтыг цахим системээр Бүс нутгийн ерөнхий хэсгийн дарга баталж, зөвшөөрөл өгсөн. М нь Япон Улсад үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дотооддоо цаасан баримт бичиг биш, цаг хугацаа, орон зайнаас шалтгаалан үйл ажиллагаагаа доголдуулахгүйн үүднээс цахим систем хэрэглэдэг. Харин тус хэрэг үүсгэснээс хойш ийнхүү нэгэнт баталсан цахим систем дэх баримт бичгийг Япон Улсын Нотариатын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн цаасан хэлбэрт оруулан баталгаажуулж, апостиль гэрчилгээгээр гэрчлүүлэн шүүхэд гаргаж өгсөн. Тодруулбал, Нотариатын тухай хуулийн 21.2.5, 21.2.8, 21.3.1, 21.3.2, 21.3.3, 27.1, 37.1-т тус тус зааснаар нотариатч нь баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлан, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгасны үндсэн дээр аливаа нотариатын үйлдэл хийдэг. Иймд тус баримт нь Япон Улсын хууль тогтоомжийн дагуу авсан апостиль гэрчилгээ бүхий баримт бөгөөд баримт бичгийг үйлдсэн холбогдох этгээд нь тухайн баримтыг үнэн зөв гэдгийг апостиль гэрчилгээгээр дахин баталгаажуулсан тул Мйн эрх бүхий этгээдүүд цахим системээр баталсан эсэхтэй маргах шаардлагагүй.

Төлөөлөгчийн газар нь Компанийн тухай хуулийн 7.2, 7.7-д заасны дагуу эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн эрхийг эдэлдэггүй. Өөрөөр хэлбэл, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй. Нийт 5 ажилтан нь захиргааны ажил гүйцэтгэдэг байсан. Ийнхүү ажилтнууд нь ажил, үүргийн хувьд нийтлэг хэдий ч албан тушаалын нэршил өөр өөр байгаа нь тухайн судалж буй мэдээллийн агуулгыг чиглэлээр нь хуваасантай холбоотой. Үүнээс гадна орон тоо цөөрсөн гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны 33 дугаар тогтоолд тайлбарласан байдаг. Төлөөлөгчийн газрын ажилтнуудын албан тушаалын нэршил өөр өөр байж болох ч Н.Эын эрхэлж байсан ажил, чиг үүрэг нь огт үгүй болж хасагдаагүй, одоо ч төлөөлөгчийн газарт тухай албан тушаал байдаг. Гагцхүү нийт ажлын хэмжээ буурсантай холбогдуулан өмнө нь 6 хүний хийдэг байсан ажлыг 2 хүний бүрэлдэхүүнтэй хийж байгаа тул орон тоог цөөрүүлсэн нь хуульд нийцсэн гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Түүнчлэн ажлын байр хасах ба орон тоог цөөрүүлэх үндэслэл нь ойлголтын хувьд ялгаатай ч, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д хамаарах бөгөөд эрх зүйн өөр өөр үр дагаварт хүргэхгүй юм.

Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг үндэслэн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан нь үндэслэлгүй байгааг залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 2. Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч М-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Нэхэмжлэгч Н.Э нь 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр М-т мэдээлэл, санхүү бүртгэл, зохион байгуулалт хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 2-4-1/1/а, 3-2-1 /5/ заалтууд, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасныг тус тус баримтлан Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын боловсруулсан бүтэц шинэчлэн боловсруулах төлөвлөгөөг толгой байгууллага баталсантай холбогдуулан орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр Н.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгожээ.

4. Нэхэмжлэгч Н.Э ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч Төлөөлөгчийн газрын үндсэн 5 ажилтнаас 4 ажилтных нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1-д заасан бөөнөөр халах зохицуулалтад хамаарах тул ажил олгогч нь ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийх ёстой байтал хэлэлцээ хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Төлөөлөгчийн газар нь Мар орон тоо цомхтгосон шинэ бүтцийг батлуулсан эсэх нь эргэлзээтэй. Орон тоог хасахдаа ажлын байрны зураглал болон тодорхой судалгаа шинжилгээг хууль журамд нийцүүлэн хийгээгүй. Н.Э-ын ажил үүргийн хуваарь нь шинэ бүтцээр үгүй болоогүй, өнөөг хүртэл ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг нь хэвээр хадгалагдсаар байгаа тул орон тоо бодитой хасагдаагүй. Ажлын байрны дарамттай холбоотой ажлаас чөлөөлсөн гэсэн агуулгаар шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэж Монгол Улсад хэрэгжүүлэх бизнес төсөл байхгүй болсон тул орон тоог цөөрүүлэхээс өөр аргагүй болсон. Төлөөлөгчийн газрын дүрмийн 4.3-д зааснаар тус газрын дарга нь төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулж толгой байгууллагаар батлуулах бүрэн эрхтэй. Үүний дагуу бүтэц шинэчлэн боловсруулах төлөвлөгөөг М-д танилцуулж батлуулсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр цуцалсан. Үндсэн таван ажилтантай байсан тул бөөнөөр халахтай холбоотой зохицуулалтыг хэрэглэхгүй. Иймд ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийх хуулийн шаардлага байхгүй. гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргажээ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан бөгөөд орон тоо цөөрсөн гэдэгт ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгоно.

Хэрэгт цугларсан баримтаар Мйн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дүрмийн 4.3-д зааснаар дарга төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулж Мар батлуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ эрхийн хүрээнд Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын үндсэн бүтцийг шинэчлэн боловсруулж, М-р батлуулж, Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга 1, үндсэн ажилтан 1, гадны ажилтан 1, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй болгож өөрчилжээ. Уг шийдвэрээр үндсэн ажилтны 5 орон тоог 1 орон тоо болгон багасгасан байх тул орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д нийцсэн гэж үзнэ.

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халах үеийн зохицуулалт нь 10-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахаар зохицуулалт тул Мйн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нийт 7 орон тоотой байсныг 3 болгож цөөрүүлсэн учир ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хэлэлцээ хийх үүргийг хүлээхгүй.

5.2. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай нэхэмжлэгчид 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болгожээ. Тушаалд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор ажил хүлээлцэхээр, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх дундаж цалин хөлснөөс тооцсон олговрыг олгож, нэхэмжлэгчийг ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт зааснаар мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цуцлах мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу 47 хоногийн өмнө мэдэгдсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн гэж үзнэ.

5.3. Хэрэгт МШ ХК-ийн бүс нутгийн стратеги хэлтсийн дарга Ш-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын үндсэн бүтэц шинэчлэн боловсруулах тухай бичгийг баталсан талаарх баримт /1хх 117-143/ авагдсан байх тул төлөөлөгчийн газар нь М-р орон тоо цомхтгосон шинэ бүтцийг батлуулсан эсэх нь эргэлзээтэй, орон тоог хасахдаа ажлын байрны зураглал хийгээгүй, тодорхой судалгаа шинжилгээг хууль журамд нийцүүлэн хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

5.4. Нэхэмжлэгч нь ажил үүргийн тодорхойлолтод зааснаар захиргаа, нийгмийн хариуцлагын төсөл, улс төр, эдийн засгийн мэдээлэл хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байсан ба шинээр батлагдсан бүтцээр ажиллах үндсэн ажилтны ажил үүрэг нь ашигт малтмалын судалгаа, шинэ бизнес хөгжүүлэлт гэсэн өөр чиг үүрэгтэй байх тул орон тоо бодитой хасагдаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

5.5. Нэхэмжлэгч ажлын байрны дарамттай холбоотой ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон хэдий ч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18:03 цагт /Японы цагаар/ Мйн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга Т-ийн и-мейл хаягнаас Ш, К, Ё, К, Т нар луу явуулсан и-мейл, түүний хавсралтуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа үзлэг хийгээгүй, шүүгчийн захирамж заавал биелэгдэх зарчмыг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

6.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн и-мейл хаягаас Мйн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга Т-ийн и-мейл хаягт 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10:57 цагт хүргүүлсэн Ажил хүлээлцэх бичиг нэртэй цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хэрэгт ажил хүлээлцэх акт /2хх 69-83/ авагдсан, хариуцагч талаас уг баримттай маргаагүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд мэтгэлцэх зарчим, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

6.3. Хэрэгт М-н Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргаар Т-г 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр томилсон баримт /2хх-59/ авагдсан байх тул төлөөлөх эрхийг шалгалгүйгээр шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх гомдол үндэслэлгүй.

 7. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ажил олгогчийн тушаалд шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан нь зөв байхад шүүх 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас халсан нь үндэслэлгүй гэж дүгнэн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00612 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.БЯМБАСҮРЭН