Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/01588

 

 

 

 

 

 

 

2023 03 29

101/ШШ2023/01588

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М-д холбогдох,

 

19,046,400 төгрөг гаргуулах үндсэн, 12,779,256 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч М,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.******* миний бие Ц.*******тай 2019 оны 09 сард Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо Тахилтын 21-р гудамжны 04 тоот хаягтай хашаа болон хувийн сууцыг 30,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож 2019 оны 10 сард том хүү *******ын хуримыг хийж тухайн байшинд амьдруулах зорилготой байсан болохоор очиж үзэхэд байшингийн дотор засал, таамбарын доторлогоо, халаалт зэргийн ажил дутуу байсан тул өөрсдийн зүгээс 6,000,000 орчим төгрөгийн материал хөлсний зардлыг төлж дуусгасан. Ингээд 2019 ондоо багтаж 13,000,000 төгрөгийг төлнө 2020 онд үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахаар тохиролцож эхний төлөлт болох 10,000,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 28-нд дансаар төлсөн. 2 дахь төлөлт болох 3,000,000 төгрөгийг 2019 оны 11 сарын 24-нд Ц.*******ын өөрийн дансанд шилжүүлсэн. Улмаар анх тухайн хашааг худалдан авахаар очиход тухайн хашаанд нэг айл гэр барин амьдарч байсан боловч энэ айл удахгүй нүүнэ гэсэн ч тухайн айлын эзэнтэй уулзахад манайх нүүхгүй энэ манай хашааны газар байсан гэж хариулахад би нүүлгүүлнэ ээ гэж Ц.******* хэлсэн. Гэвч тэр айл тэр жилдээ нүүгээгүй байсаар жил гаран болсон. Бид ч анхнаасаа газрын маргаантай байсныг мэдээд нүүж наймаа буцах бодолтой байсан. Харин Ц.*******ын зүгээс наймаа буцъя би өөрөө хашаа байшингаа зараад танай төлсөн мөнгийг гаргаж өгье гэсэн саналыг 2021 оны 5 сард гаргаж бид ч зөвшөөрсөн боловч өдий хүртэл нэг ч төгрөг өгөөгүй холбоо барих бүх утасны дугаарыг блоклож алга болсон. Өөрсдийн биеэр 2022 оны 09 сард ирж олж очоод уулзахад та нарт мөнгө өгөх шаардлагагүй гэсэн хариу өгсөн тул 13,000,000 төгрөгийг хариуцагч Ц.*******аас гаргуулан өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 21 дүгээр гудамжны 04 тоот хаягт байрлах байшинг худалдан аваад байшингийн дотор засал, үүдний өрөөний засвар, халаалт зэргийг хүн хөлсөлж, хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг засварын ажилд нийт 6,046,400 төгрөгийг зарцуулсан. Иймд хариуцагч Ц.*******аас дээрх гарсан зардал болох 6,046,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.******* нь Ц.*******аас 2019 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 21 дүгээр гудамжны 04 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон, гэр бүлийн хэрэгцээний газрыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч *******ын данс руу 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг Ц.*******ын хаан банкны 5753083360 тоот дансанд шилжүүлсэн. Энэ тал дээр зохигчид маргаан байхгүй. Тухайн хашаанд өөр айл байсан. Газрын маргаантай нүүхгүй байсан тул Ц.*******ад хэлсэн. 2021 оны 05 дугаар сард худалдан авсан хашааг буцаасан ба өнөөдрийг хүртэл урьдчилгаанд төлсөн 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй байна. Түүнчлэн 6,046,400 төгрөгийг байшингийн засварт нэхэмжилж байгаа. Үүнээс барилгын материалын зардалд 3,646,400 төгрөг, ажлын хөлсөнд 2,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. гэв.

 

4. Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ш.*******тай Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо, Тахилт 21 гудамж 4 тоот хаягтай хашаа болон хувийн сууцыг 2019 оны 9 сард авга ахаар минь дамжуулж хашаа байшингаа үзүүлээч, 1 жил түрээслэхээр хайж байна гэж анх холбогдсон. Хашаа байшингаа үзүүлэхэд Ш.******* өөрөө ирээгүй гэр бүл болон эхнэр ******* гэдэг хүн ирж үзэн таалагдаж байна гээд явсан. Дараа нь Ш.******* анхны саналаа өөрчлөн хашаа байшинг худалдаж авмаар байна гэсэн. Уг хашаа байшинг 35,000,000 төгрөгөөр зарна гэсэн боловч Ш.******* нь өөрөө болон авга ахаар минь удаа дараа гуйлгасны эцэст боломжийг нь харгалзаад 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Эхний ээлжинд урьдчилгаа болгон 15,000,000 төгрөг өгөөд байшиндаа орохыг зөвлөсөн. Авга ах маань бидэнд санал болгож танилцуулж ярьсан учраас би итгээд утсаар ярин аман гэрээ хийсэн. Танихгүй хүн байсан бол дээрх зүйл болохгүй байсан. Манай хашаа байшин нь 2019 оны 07 сард хөлсний ажилчдыг хөлслөн барьж дуусгасан. Халаалтын хувьд зуухаар халаахаар төлөвлөж барьсан. Ингээд Ш.*******ынх 2019 ондоо багтааж 15,000,000 төгрөгийг өгөх, 2020 онд үлдсэн төлбөрийг өгч дуусгахаар тохирч нүүж орсон. Төлбөрийн хувьд 2019 оны 09 сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг дансаар, 2019 оны 11 сарын 24-нд 3,000,000 төгрөгийг мөн дансаар тус тус шилжүүлсэн. Үүнээс хойш 2021 оны 5 cap хүртэл нэг ч төгрөг тохирсон хугацаандаа өгөөгүй, удаа дараа үлдэгдэл мөнгөө нэхэж миний бие залгаж байсан. 2021 оны 03 сарын 09-нд үлдэгдэл мөнгөө төрсөн эгч Батхаан овогт Шалшингийн Наранцэцэгийн нэр дээр зээл авч өгнө гэж хэлэн худалдах худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан. Энэ гэрээний үнэ 23,000,000 төгрөг. Уг зээл нь гарахгүй байсан тул дахин 2021 оны 03 сарын 12-нд дүү Батхаан овогт Н.*******тэй худалдах худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан. Энэ гэрээний үнэ 35,000,000 төгрөг. 2021 оны 03 сарын 29-нд дахин дүү Н.*******тэй худалдах худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан. Энэ гэрээний үнэ 35,000,000 төгрөг.

2021 оны 5 сард мөнгөө гүйцээж өгөөгүй харин наймаагаа буцъя түрээс, холбогдох зардлаа хасаад үлдэх төлбөрийн мөнгийг надад өг гэхэд нь би зөвшөөрсөн. Хашаа байршингаа үзэн түлхүүрээ авахаар очиход:

-Байшиндаа ороод үзэхэд паар болон сангаа задлаад тавьсан,

-Ус алдан паркетан шал нь бөмбийж овойсон,

-Тааз нь халтардаж мөөгөнцөрт идэгдсэн,

-Обой нь ус алдсан хэсгээрээ хууларч бохирдсон,

-Амьдарч байх үеийнх нь 6 сарын тогны мөнгөө төлөөгүй,

-Төслийн Өлзий зуухыг аваад явсан,

-4 цонхны хөшиг, тогтоогчийг аваад явсан,

-1 суурин компьютерын аваад явсан байдалтай хүү ******* нь түлхүүр хүлээлгэж өгсөн. /Анх хүлээлгэж өгөх, хүлээн авсан үеийн зургууд хавсралтаар орсон болно/

Анх байшиндаа шинэ гал тогооны тавилга, зуух, хөшиг суурилуулж мөн суурин компьютер тавин өөрсдийн амьдрах орчныг тухтай байх зорилгоор маш сайхан тохижуулсан байсан. Гэвч хувийн сууцанд маань орсноосоо хойш чанар, өнгө үзэмж алдагдуулан, дээрх эд зүйлсийг аваад явсан. Энэ байдлыг Ш.*******д утсаар хэлсэн. Хүний өмчийг 2 жил гаруй ашиглан, ажил сунжруулж, хэлэлцэж тохирсон байдлаасаа зөрчихөөд ийм байдалтай хүлээлгэн өгсөн тул миний сэтгэл маш гонсгор байсан. Ингээд бидний хооронд маргаан үүссэн.

1. Ш.******* өргөдөлдөө анх байшинг очиж үзэхэд байшингийн үүдний дотор засал, халаалт 6,000,000 орчим төгрөгийн материал хөлсний зардлыг гаргасан гэсэн утгатай ойлгомжгүй үгээр үг бичсэнээ нэхэмжилж бичсэнийг үзэхэд 6,000,000 төгрөг надад төлсөн мэт бичсэнийг би аваагүй ээ.

2. Уг хашааг худалдан авахаар очиход тухайн хашаанд 1 айл гэр барьж амьдарч байсан. Айлын эзэн манайх нүүхгүй энэ хашааны газар манайх байсан энэ талаар би Ц.*******ад хэлсэн гэж бичжээ. Үүнд тайлбар хийхэд: Тухайн хашаанд айл байсан нь үнэн, хашаа газар нь тэр айлд огт хамаагүй. Өөрөөр хэлбэл миний өмчлөлийн газар Улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөлийн гэрчилгээ авч кадастр хийлгэсэн баримт нь одоо байгаа. Энэ баримтуудыг Ш.*******ын эгч дүүгийн нэр дээр гэрээ байгуулахдаа үзэж байсан. Тэр ч бүү хэл хүү У.******* нь надаас гэрчилгээ баримтаа өгөөч хашаа байшинг хүнд үзүүлэн худалдах гэсэн юм гэж хэлэн хуулбар авч байсан.

3. Одоо Ш.******* наймаагаа буцъя төлсөн 13,000,000 төгрөгөө буцааж авъя гэж байгаа бол миний хувьд наймаа буцахыг зөвшөөрнө. Харин миний өмчлөлийн хашаа байшинд 2 жил гаран амьдарч доторх эд зүйлсийг алга болгож эвдэн бохирдуулж, төлбөр мөнгөө тохирсан цаг хугацаандаа төлөөгүй тул хохирлыг тооцож нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасан үлдэх мөнгийг өгөх болно. Үнэндээ бол Ш.******* нь хашаа байшинд орж суух хүртэл нэг ч удаа очоогүй хараагүй надтай биеэр уулзаагүй утсаар ярьж авга ахаар удаа дараа яриулж өөрөө сонирхож үзэж авсан болно. Эхнэр ******* нь хүртэл анх очоод эрүүл тэгш газар, шинэ гал тогооны тавилгатай найр хийхэд бэлэн сайхан байшин байна гэж магтаж байсан.

4. Ш.******* нь наймаа буцъя мөнгийг чинь өгье гэж хэлсэн гэж нэхэмжилдээ дурдсан байна. Би анхныхаа үнээс доош татан, урьдчилгааны мөнгөө багасгаж, гурван ч удаа хамаатны хүмүүстэй нь худалдах худалдан авах гэрээ хийн нааштай хандсан боловч худал үнэн ярьж наймааг өөрөө буцсан мөртөл намайг буруутан болгож байгаа нь биднийг залилсан гэж үзэж байна. ******* нь тохирсон ёсоор үлдэгдэл мөнгөө хугацаандаа өгч дуусгасан бол тухайн үед манайх байранд орох гэрээ хийх байсан юм. Энэ мэтээр материал болон алдагдсан боломжийн өртөг маш их байгаа юм. 2 жил гаран хүний цаг хугацаа барж, эцэст нь буруутан болгож байгаад миний бие гомдолтой байна.

Энэ тайлбарт холбогдох баримт бичгүүд надад байгаа хохирлын үнэлгээг ч гаргуулна. Шаардлагатай бол гэрч оролцуулж болох юм.

Учирсан хохирол

1.2019.09.28-аас 2021.05.20 cap хүртэл 20 сарын хашаа байшингийнхаа түрээсийг зах зээлийн ханшийн хамгийн багаар тооцов. /Үнэгүй.мн сайт дээр Сонгинохайрхан дүүрэгт хуучин хашаа байшингийн 1 сарын түрээсийн зах зээлийн ханш 350,000-500,000 төгрөг хооронд байна, харин манайх шинэ хашаа байшин байсан / зураг хавсралтаар оруулав.

Төрөл

1 сар

хугацаа

нийт

1

Түрээс

350,000

20 сар

7,000,000

 

2. Байшинд учирсан хохирол /шал, тааз, обойг солих, засвар хийх/

Нийт 3,142,000 төгрөг /хохирлын үнэлгээний тайланг хавсралтаар оруулав/

3. Амьдарч байх үеийн тогны мөнгөө 6 сараар төлөөгүй. Энийг нь миний бие төлсөн. Нийт 447,256.9 төгрөг /төлсөн баримт хавсралтаар оруулав/

4. Алдагдсан эд зүйлс /Үнэгүй.мн сайтаас зах зээлийн ханшаар авав/ зураг хавсралтаар оруулав.

А. Өлзий зуух дундажлаад 600,000 төгрөг /Шинэ хуучнаасаа хамаарч 500,000 төгрөгөөс 800,000 төгрөг/,

Б. 4 хос хөшиг 180,000*4=720,000 төгрөг /материал даавуунаасаа хамаарч 180,000 төгрөгөөс 250,000 төгрөг/

В. Иж бүрэн компьютер 400,000 төгрөг /Dota тоглох боломжтой компьютерын зах зээлийн үнэ/

5. Үнэлгээ хийлгэсэн баримт 171,800 төгрөг,

Нийт хохирлын үнэлгээ 12,481,056.9 төгрөг,

Надад учирсан бодит хохирлуудаа нэхэмжилж байгаа 13,000,000 төгрөгөөс хасаж зөрүү мөнгийг Ш.*******д төлнө.

Ш.******* нь байшингийн дотор засал, үүдний өрөөний засвар, халаалт зэргийг хүн хөлсөлж 6,046,400 төгрөг хийж гүйцэтгүүлсэн мөнгөө нэмж нэхэмжилж байгаад тайлбар хүргүүлэх нь:

-Уг хашаа байшинг худалдахад дотор засал бүрэн дууссан байсан. Нүүж ороход бэлэн хүлээлгэж өгсөн. Уг зурагнуудыг өмнө шүүхэд хавсралтаар өгсөн.

-Үүдний таамбарын хананы шавар, эмульс дутуу байсан би өөрөө материалуудаа аваад бэлдээд тавьсан байсан. Цемент 3 шуудай, замаск 1,5 шуудай, элс хашаанд овоолоостой, эмульс 4л, дулаалгын хөөс, шахмал хавтан гэх мэт зүйлс бэлдээд орхисон байсан. /Таамбарын зураг хавсралтаар оруулав/

-Би уг байшингаа зуухаар халаахаар төлөвлөж барьсан байсан. Гэтэл өөрсдөө дур мэдэн сан паар тавьж миний зуухыг аваад явсан мөн амьдарч байх үеийн тогны мөнгөө 6 cap өгөөгүйгээс шинээр тавьсан паар, сан, тогоо нь хөлдөж үүнээсээ болж хагарч, ус алдан паркетан шал пөмбийж дахин ашиглагдахааргүй болсон байдалтай хүлээлгэж өгсөн. Өөрсдөө байх үедээ хариуцлагагүйгээсээ паар сан хоолойгоо хөлдөөж, хагалсан.

-Хавсралтаар өгсөн зарлагын баримтууд нь нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Уг баримтууд нь хэний баримт нь мэдэгдэхүй, юу авсан ойлгомжгүй, он cap өдрийг зассан, мөнгө шилжүүлсэн баримт байхгүй байна.

-Хавсралтаар өгсөн барилгын ажил гүйцэтгэх 3 хүний гэрээ нь өөрөө итгэх боломжгүй тухайн 3 хүний гарын үсгийг 1 хүн зурсан нь бичгийн хэвээр мэдэгдэж байна. Гарын үсгийн таталт, регистр, утасны дүгаар болон хаяг нь байхгүй. Зүгээр нэрийг нь ******* өөрөө бичсэн бололтой. Уг баримтуудыг харахад үүнийг би хариуцахгүй.

Халаалт засварын ажилд хэдэн төгрөг зарсан нь надад хамаагүй учир нь надаас үнээ тохиролцож, худалдан авсан байшиндаа өөрсдөө ямар материалаар юу авах нь, яах нь надад хамаагүй гэж бодож байна. Иймд нэмэлтээр нэхэмжилсэн 6,046,400 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өмнө нь нэхэмжилсэн 13,000,000 төгрөгөөс түрээс болон холбогдох зардал 12,481,057 төгрөгийг хасан тооцож 518,943 төгрөгийг Ш.*******д өгөх саналтай байна.

Би ч гэсэн Ш.*******ын гуйлтаар байраа худалдчихаад тухайн үед хүүхдүүдээ агаар салхинд гаргахдаа зуслан хөлсөн суусан түрээсийн мөнгөө баримттайгаар нэхэмжлэх боломжтой.

Хүү ******* нь аав ээжийнхээ авч өгсөн хашаа байшинг хүн амьдрахын аргагүй муухай болгож аав *******, ээж ******* нь ахуй амьдралдаа ашиглах зорилгоо өөрчлөн намайг залилах зорилготой болсон гэж би бодож байна. Яагаад гэвэл амаар хэлцэл хийгээд тохирсон мөнгөө өгөхгүй хойшлуулах явцдаа Ш.******* нь өөрийн эгч дүү хоёртоо удаа дараа нэр дээр нь зээл авах зорилгоор худалдах худалдан авах гэрээ хийж байсан. Уг гэрээнүүдийг өмнө нь шүүхэд өгсөн.гэв.

 

5. Хариуцагч Ш.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ц.******* миний бие Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилт 21 гудамж, 4 тоот хаягт 76 м.кв талбайтай хувийн байшинг 2019 оны 7 сард барьж дуусгасан юм. Гэтэл 2019 оны 9 сард ******* болон авга ахаар минь удаа дараалан 30 сая төгрөгөөр зарчих гэж гуйсны эцэст би зөвшөөрсөн. Уг нь би дээрх хашаа байшинг 35 сая төгрөгөөр зарж орон сууцны урьдчилгаа болгох байсан юм. Ингээд тухайн үед *******ын эхнэр ирж ******* үзээд сайхан байшин гэж зөвшөөрөн урьдчилгаа нийт 13,000,000 төгрөг өгөөд үлдэх 17,000,000 төгрөгийг өгөлгүй удаа дараалан гуйлгуулж өнөөдрийг хүрсэн билээ.

Харин 2021 оны 5 сард Ш.******* өөрөө над руу наймаагаа буцъя, түрээс болон холбогдох зардлаа хасаад үлдэх мөнгийг нь надад өгөөрэй гэхэд нь би зөвшөөрсөн юм. Ингээд байшингаа очиж үзэхэд паар нь зад хагарсан, паркетан шал нь усанд автаж бөмбийж овойсон ашиглах боломжгүй тааз халтартаж мөөгөнцөртсөн, өвлийн зуух алдагдсан, 4 цонхны хөшиг болон хөшиг тогтоогч байхгүй, 1 суурин компьютер байхгүй, сүүлийн 6 сарын цахилгааны үнэ төлөөгүй, хананы цаас урагдаж бохир болгосон байсан. Иймд бидний байшинд 2019 оны 09 сарын 30-наас 2021 оны 05 сарын 20 хүртэлх нийт 20 сар амьдарсан учир бид зах зээлийн ханшаар 1 сарын түрээс гэж бодоход сарын 350,000 төгрөгөөр бодож 20*350,000=7,000,000 төгрөг,

Шал, тааз обой солихоор засвар хийхэд 3,142,000 төгрөг /үнэлгээ хийлгэсэн/

Цахилгааны төлбөр 447,256.9 төгрөг,

Алга болсон Өлзий зуух 600,000 төгрөг,

4 хос хөшиг 180,000*4=720,000 төгрөг,

Иж бүрэн компьютер 400,000 төгрөг,

Үнэлгээ хийлгэсэн баримт бүгд 171,800 төгрөг

Нийт 12,981,056 төгрөгийг Ш.*******аас нэхэмжилж байна. гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.*******аас 2019 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 21-р гудамжны 04 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 699 м.кв газрыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцож, 2019.09.28-ны өдөр 10,000,000, 2019.11.24-ний өдөр 3,000,000, нийт 13,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон Ц.*******ын Хаан банкны 5753083360 тоот дансанд шилжүүлсэн. Хашаа байшинг худалдаж авахад тус хашаанд өөр айл байсан бөгөөд Ц.*******тай газрын маргаантай учир нүүхгүй байсан учраас 2021 оны 5 дугаар сард өгсөн авснаа буцаахаар болсон. Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл урьдчилгаанд төлсөн 13,000,000 төгрөгийг өгөхгүй, элдэв шалтаг тоочин ямар ч үндэслэлгүй, худлаа зүйлсийг бичиж, баримт бүрдүүлэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Миний бие Ц.*******тай ямар нэгэн түрээсийн гэрээ огт байгуулаагүй, эд зүйлсийг алга болгож, байшинг бохирдуулан эвдрэл гэмтэл учруулаагүй. Харин ч тухайн байшинг өөрийн хөрөнгөөр засан сайжруулсан болно. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өөрт учирсан буюу ирээдүйд олох мөнгө буюу түрээсийн төлбөр 7,000,000 төгрөг гэсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ огт байхгүй. Урьдчилгаа мөнгөө хариуцагч авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ огт зөрчөөгүй. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн газрын байршлууд байгаа. Газрын үнэлгээг харьцуулаад үзэхээр тухайн үл хөдлөхийг худалдан авах газар нь байршлын хувьд хотоос зайтай тул хашаа байшингийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь анхнаасаа худалдах хүсэл зоригтой байсан тул түрээслээд олох төлбөр нэхэмжлэх ёсгүй гэж үзэж байна. Байшинд учирсан хохирол 3,142,000 төгрөг гэж байна. Байшинг хүлээлгэж өгсөн тухай акт үйлдэж өгөөгүй. Эвдрэл гэмтэл бохирдсон гэдэгт хэзээ үүссэн нь тодорхойгүй байна. Цахилгааны төлбөрийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн хашаанд өөр айл газрын маргаантай гээд байсан. Хариуцагчид энэ тухай удаа дараа мэдэгдсэн. Гэрчийн мэдүүлэг ч байгаа. Нэхэмжлэгч 2020 оны 06 сараас хойш тухайн газарт очоогүй. Хариуцагчийн өгсөн баримтаас харахад яг хэзээний тогны мөнгө нэхээд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч уг байшинг худалдаж аваад цахилгаанаар халдаг паар хийсэн тул огт галлагаа хийгээгүй. Паар хөлдсөн гэж байгаа. Хэрэв паар эвдрээд хагарсан бол баримтаа шүүхэд өгсөн зүйл байхгүй. 2021 оны 09 сарын 28 гэж байгаа ч 2020 оны 05 дугаар сард хариуцагчид буцааж өгсөн байдаг. Алдагдсан эд хөрөнгө, өлзий зуухыг хүлээн зөвшөөрч байгаа, төлөхөд татгалзах зүйлгүй. Зуух нь 340,000 төгрөгөөс 450,000 төгрөгийн үнэтэй байдаг юм билээ. 4 хос хөшиг, компьютер гээд байгаа. Энэ эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн тухай баримт байхгүй. Ямар ч хүн компьютероо хүнд зүгээр өгөхгүй байх гэж бодож байна. Фото зурагтай холбоотой тайлбарыг хариуцагч өөрөө хэлсэн. Үнэлгээний төлбөр нийт 671,800 төгрөгийг хариуцагч өөрийн хүсэл зоригоор хийлгэсэн тул манай тал төлөх боломжгүй. Хашаа байшинг үнэлсэн гэж байна. Хашаа байшинд огт маргаан байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

7. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 3-5 дугаар тал, 48-49 дүгээр тал, 55-61 дүгээр тал, 84-85 дугаар талд авагдсан баримтуудыг,

хариуцагчаас 19-46 дугаар тал, 69-70 дугаар тал, 89-116 дугаар тал, 130-133 дугаар талд авагдсан баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх Б.*******, Э.******* нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн байна. /хх-140-147/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, үлдсэнийг нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.*******ад холбогдуулан хашаа байшингийн үнийн урьдчилгаанд өгсөн 13,000,000 төгрөг, уг хашаа байшингийн дотор засал, үүдний өрөөний засвар, халаалт зэргийн засварын ажилд зарцуулсан 6,046,400 төгрөг, нийт 19,046,400 төгрөгийг нэхэмжилжээ.

3.Хариуцагч Ц.******* нь урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн мөнгийг хасч үлдэх мөнгийг төлнө гэсэн тайлбар гаргаж, сөрөг нэхэмжлэлээр 12,981,056 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд 12,694,189 төгрөг болгон бууруулжээ.

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Өлзий зуухны үнийг 340,000-450,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, бусад шаардлагыг үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх зорилго байгаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг актаар хүлээлгэн өгөөгүй, үнэлгээний төлбөрийг өөрсдөө сайн дураар хийлгэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргажээ.

5. Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо Тахилтын 21-р гудамжны 04 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 699 м.кв талбайтай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 76 м.кв талбайтай, хувийн сууц нь хариуцагч Ц.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-22, 24/

6. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оны 9 сард дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах талаар амаар тохирч, төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон байна.

Төлбөрийн нөхцөлийн нэхэмжлэгч тал 2019 онд багтааж 13,000,000 төгрөг төлөх, үлдэгдэл төлбөрийг 2020 онд багтааж төлөхөөр тохиролцсон гэж, хариуцагч тал эхлээд 50 хувийг төлж, 2020 оны 11 сард идэшний үеэр үлдэх 50 хувийг төлөхөөр тохирсон гэж тус тус тайлбарлаж байна.

7. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

8. Талууд ийнхүү амаар хэлцэл хийсний дараа үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж, нэхэмжлэгч нь 2019 оны 9 сарын 28-нд 10,000,000 төгрөг, 2019 оны 11 сарын 24-нд 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь зохигчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байна.

9. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заажээ.

10. Үүнээс үзэхэд зохигч талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан боловч энэ нь цааш гэрээ болж хэрэгжээгүй, улмаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжихдээ насанд хүрсэн өмчлөгч тус бүрийн бичгээр гаргасан зөвшөөрлийг үндэслэн өмчлөх эрх шилжүүлэх аливаа хэлцэл нь бичгээр хийгдэх, нотариатчаар гэрчлүүлэх, улмаар улсын бүртгэлд бүртгэгдэх хуулийн зохицуулалтийг хангаагүй байна.

11. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т Энэ хуулийн 421-1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасны дагуу талуудын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичгийг үйлдэж, гарын үсэг зураагүй тул хүсэл зоригийн илэрхийлэл хэрэгжээгүй, хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Иймээс Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хувьд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ буцааж өгөх тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэд шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

12. Харин нэмэгдүүлсэн шаардлага, байшингийн дотор засал, үүдний өрөөний засвар, халаалт зэргийг хийж гүйцэтгэсэн барилгын материалын зардал 3,646,400 төгрөг, ажлын хөлс 2,400,000 төгрөг, нийт 6,046,400 төгрөгийн тухайд засварын ажил хийсэн гэх Б.*******г гэрчээр асуулгасан боловч гэрчийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдоогүй, тодруулбал хэрэгт хавсаргасан зарлагын баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй. /хх-55-61/

Нэхэмжлэгч нь дээрх засварыг хийхдээ өмчлөгчийн зөвшөөрөл аваагүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д зааснаар засварын зардал нь буцаан шаардах шаардлагад хамаарахгүй тул засварын зардал 6,046,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

13. Хариуцагч нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн задаргаа, дүнг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд;

- 2019 оны 9 сарын 28-ны өдрөөс 2021 оны 5 сар хүртэл нийт 20 сарын хугацаанд, сар бүр 350,000 төгрөгийн түрээсийн төлбөрөөр тооцож олох байсан ашиг, алдагдсан боломж 7,000,000 төгрөг,

- шал, тааз, обой солих засвар-3,142,000 төгрөг,

- цахилгааны төлбөр-447,256 төгрөг баримтаар боловч цахилгааны төлбөрт 440,389 төгрөг,

- Өлзий зуухны үнэ-600,000 төгрөг,

- 4 хос хөшиг-440,000 төгрөг, компьютер-400,000,

- үнэлгээний зардал-171,800 төгрөг,

- үнэлгээний хөлс-500,000 төгрөг, нийт 12,694,189 төгрөгийг нэхэмжилсэн.

14. Зохигч талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл цааш хэрэгжээгүй үндэслэлийг нэхэмжлэгч тал тайлбарлахдаа хашаанд гэртэй хүн амьдарч нүүхгүй байсныг тухайн хүнээс асуухад газрын маргаантай гэж тайлбарласан гэж, хариуцагч тал хашаа байшинг маань харж байсан гэж өөр өөрөөр тайлбарладаг.

Гэвч зохигчийн дээрх тайлбарууд хэргийн баримтаар тогтоогдоогүй, үл хөдлөх хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон талаар дээр дүгнэсэн, нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сар хүртэл нийт 20 сарын хугацаанд өөрийн эзэмшилд байлгасан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлээс 7,000,000 төгрөг, Өлзий зуухны үнэ 600,000 төгрөг, цахилгааны төлбөр 440,389 төгрөг, нийт 8,040,389 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ш.*******аас гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.*******ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн байршилд зах зээлийн түрээсийн төлбөр 1 сард 374,000 төгрөгийн үнэлгээтэй, Өлзий зуух 600,000 төгрөгийн үнэлгээтэй талаар Арвижих эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, цахилгааны зардлын баримт хэрэгт авагдсан тул дээрх баримтуудын хүрээнд сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч нь анх үл хөдлөх эд хөрөнгөө хүлээлгэн өгөх үедээ эд хөрөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй тул фото зураг, гэрч Э.*******ийн мэдүүлэг өөр баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлээс шал, тааз, обой солих засвар 3,143,000 төгрөг, 4 хос хөшиг 440,000 төгрөг, комьпютер 400,000 төгрөг, үнэлгээний зардал 171,800 төгрөг, үнэлгээний хөлс 500,000 төгрөг, нийт 4,654,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

15. Шүүх үндсэн нэхэмжлэлээс 13,000,000 төгрөгийг хангаж, 6,046,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 8,040,389 төгрөгийг хангаж, 4,653,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хангасан дүнг харилцан тооцоход /13,000,000-8,040,389=/ 4,959,611 төгрөгийн зөрүү гарсныг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 334,650 төгрөг, хариуцагчийн төлсөн 222,700 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, үндсэн нэхэмжлэл хангагдсан 13,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 222,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэл хангагдсан 8,040,389 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 143,596 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ш.*******аас гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.*******ад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 238 дугаар зүйлийн 238.1, 238.4, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ц.*******аас 4,959,611 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгож, үндсэн нэхэмжлэлээс 6,046,400 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээс 4,653,800 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 334,650 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 222,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 222,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ш.*******аас 143,596 төгрөг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.*******ад тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ