Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01224

 

 

   

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01224

 

 

 

 Ш.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/01588 дугаар шийдвэртэй, Ш.У-ын нэхэмжлэлтэй Ц.М-ад холбогдох, 19,046,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 12,694,189 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Ц.М-тай 2019 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Т-ын ** дүгээр гудамжны ** тоот, хашаа болон хувийн сууцыг 30,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож 2019 оны 10 дугаар сард том хүү н.С-ын хуримыг хийж, тухайн байшинд амьдруулах зорилготой байсан болохоор очиж үзэхэд байшингийн дотор засал, таамбарын доторлогоо, халаалт зэргийн ажил дутуу байсан тул өөрсдөө 6,000,000 орчим төгрөгийн материал, ажын хөлс төлж дуусгасан. Ингээд 2019 онд багтааж 13,000,000 төгрөгийг, 2020 онд үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон болно. Эхлээд 10,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, дараа нь 3,000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ц.М-ын дансанд шилжүүлсэн. Улмаар анх тухайн хашааг худалдан авахаар очиход хашаанд нэг айл гэр барин амьдарч байсан боловч энэ айл удахгүй нүүнэ гэсэн ч тухайн айлын эзэнтэй уулзахад манайх нүүхгүй, энэ манай хашааны газар байсан гэж хариулахад би нүүлгүүлнэ гэж Ц.М хэлсэн. Гэвч айл нь нүүлгүй жил гаран болсон. Харин Ц.М наймаа буцъя, би өөрөө хашаа байшингаа зараад танай мөнгийг гаргаж өгье гэсэн саналыг 2021 оны 05 дугаар сард гаргаж бид зөвшөөрсөн боловч өдий хүртэл өгөхгүй, алга болсон. Биеэр 2022 оны 09 дүгээр сард очиж уулзахад мөнгө өгөх шаардлагагүй гэсэн тул 13,000,000 төгрөгийг Ц.М-аас гаргуулна.

Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Т-ын ** дүгээр гудамжны ** тоот хаягт байрлах байшинг худалдаж, аваад байшингийн дотоод засал, үүдний өрөөний засвар, халаалт зэргийг хүн хөлсөлж, хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг засварын ажилд 6,046,400 төгрөг зарцуулсан. Иймд шилжүүлсэн 13,000,000 төгрөг, засварын зардалд 6,046,400 төгрөг, нийт 19,046,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Ш.У-тай Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Т ** дүгээр гудамж ** тоот, хашаа болон хувийн сууцыг 2019 оны 09 дүгээр сард авга ахаар минь дамжуулж хашаа байшингаа үзүүлээч, 1 жил түрээслэхээр хайж байна гэж анх холбогдсон. Хашаа байшингаа үзүүлэхэд Ш.У өөрөө ирээгүй, эхнэр н.А ирж үзэн таалагдаж байна гээд явсан. Дараа нь Ш.У анхны саналаа өөрчлөн хашаа байшинг худалдаж авна гэхэд 35,000,000 төгрөгөөр зарна гэсэн боловч Ш.У өөрөө болон авга ахаар удаа дараа гуйлгасны эцэст 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Эхлээд урьдчилгаа 15,000,000 төгрөг өгөөд байшиндаа орохыг зөвлөсөн. Манай хашаа байшин 2019 оны 07 дугаар сард хөлсний ажилчдыг хөлслөн барьж дуусгасан. Халаалтын хувьд зуухаар халаахаар төлөвлөж барьсан. Ингээд Ш.У-ынх 2019 ондоо багтааж 15,000,000 төгрөгийг, 2020 онд үлдсэн төлбөрийг өгч дуусгахаар тохирч нүүж орсон. Төлбөрийн хувьд 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлсэн. Үүнээс хойш 2021 оны 05 дугаар cap хүртэл нэг ч төгрөг өгөөгүй, удаа дараа үлдэгдэл мөнгөө нэхэж миний бие залгаж байсан. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн эгч Ш.Наранцэцэгийн нэр дээр зээл авч өгнө гэж хэлэн худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулсан, гэрээний үнэ 23,000,000 төгрөг. Уг зээл гарахгүй байсан тул дахин 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дүү Н.Н-тэй худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулсан, гэрээний үнэ 35,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөн дүү Н.Н-тэй худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулсан, гэрээний үнэ 35,000,000 төгрөг байсан.

Харин 2021 оны 05 дугаар сард мөнгөө гүйцээж өгөөгүй харин наймаагаа буцъя түрээс, холбогдох зардлаа хасаад үлдэх төлбөрийг надад өг гэхэд нь би зөвшөөрсөн. Хашаа байршингаа үзэн түлхүүрээ авахаар очиход байшинд паар болон сангаа задлаад тавьсан, ус алдан паркетан шал нь бөмбийж овойсон, тааз нь халтардаж мөөгөнцөрт идэгдсэн, обой нь ус алдсан хэсгээрээ хууларч бохирдсон, амьдарч байх үеийнх нь 6 сарын тогны мөнгөө төлөөгүй, төслийн Өлзий зуухыг болон 4 цонхны хөшиг, тогтоогчийг авсан, 1 суурин компьютерыг аваад явсан байдалтай хүү н.С нь түлхүүр хүлээлгэж өгсөн. Анх байшиндаа шинэ гал тогооны тавилга, зуух, хөшиг суурилуулж мөн суурин компьютер тавин өөрсдийн амьдрах орчныг тухтай байх зорилгоор маш сайхан тохижуулсан байсан. Энэ байдлыг Ш.У-д утсаар хэлсэн. Хүний өмчийг 2 жил гаруй ашиглан, хэлэлцэж тохирсоноо зөрчин ийм байдалтай хүлээлгэн өгсөн тул бидний хооронд маргаан үүссэн

Ш.У тохирсон ёсоор үлдэгдэл мөнгөө хугацаандаа өгч дуусгасан бол тухайн үед манайх байранд орох гэрээ хийх байсан. Энэ мэтээр материал болон алдагдсан боломжийн өртөг маш их байгаа юм. 2 жил гаран хүний цаг хугацаа барж, эцэст нь буруутан болгож байгаад миний бие гомдолтой байна. Учирсан хохирлын хувьд 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 20 сарын хашаа байшингийн түрээсийг зах зээлийн ханшийн хамгийн багаар тооцож 7,000,000 /20*350,000/ төгрөг, байшинд учирсан хохирол /шал, тааз, обойг солих, засвар хийх/ нийт 3,142,000 төгрөг, амьдарч байх үеийн тогны мөнгө 6 сар нийт 447,256.9 төгрөг, алдагдсан Өлзий зуух-600,000 төгрөг, 4 хос хөшиг 180,000*4=720,000 төгрөг, иж бүрэн компьютер 400,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний 171,800 төгрөг, нийт 12,481,056.9 төгрөгийн хохирол бодитоор учирсан тул 13,000,000 төгрөгөөс хасаж зөрүү мөнийг Ш.У-д төлнө.

Хашаа байшинг худалдахад дотор засал бүрэн дууссан, нүүж ороход бэлэн хүлээлгэж өгсөн. Үүдний таамбарын хананы шавар, эмульс дутуу байсан, би өөрөө материалуудаа аваад бэлдээд тавьсан байсан. Цемент 3 шуудай, замаск 1,5 шуудай, элс хашаанд овоолоостой, эмульс 4л, дулаалгын хөөс, шахмал хавтан гэх мэт зүйлс бэлдээд орхисон байсан. Би уг байшингаа зуухаар халаахаар төлөвлөж байсан. Гэтэл өөрсдөө дур мэдэн сан паар тавьж миний зуухыг аваад явсан мөн амьдарсан үеийн тогны 6 cap мөнгөө өгөөгүйгээс шинээр тавьсан паар, сан, тог нь хөлдсөнөөс болж хагарч, ус алдан паркетан шал пөмбийж дахин ашиглагдахгүй болсон байдалтай хүлээлгэж өгсөн. Мөн хавсралт зарлагын баримтууд нь нотлож чадахгүй. Ажил гүйцэтгэх 3 хүний гэрээнд 3 хүний гарын үсгийг 1 хүн зурсан нь бичгийн хэвээр мэдэгдэж байна, гарын үсгийн таталт, регистр, утасны дүгаар, хаяг байхгүй. Худалдан авсан байшиндаа ямар материалаар юу авах нь надад хамаагүй. Нэмэлтээр нэхэмжилсэн 6,046,400 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжилсэн 13,000,000 төгрөгөөс түрээс болон холбогдох зардал 12,481,057 төгрөгийг хасан тооцож 518,943 төгрөгийг Ш.У-д өгөх саналтай байна гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Т ** дүгээр гудамжны ** тоот, 76 м.кв талбайтай, хувийн байшинг 2019 оны 07 дугаар сард барьж дуусгасан. 2019 оны 09 дүгээр сард Ш.У болон авга ахаар минь удаа дараа 30 сая төгрөгөөр зарчих гэж гуйсны эцэст би зөвшөөрсөн. Дээрх хашаа байшинг 35 сая төгрөгөөр зарж орон сууцны урьдчилгаа болгох байсан юм. Тухайн үед Ш.У-ын эхнэр н.А үзээд сайхан байшин гэж зөвшөөрөн урьдчилгаа 13,000,000 төгрөг өгч, үлдэх 17,000,000 төгрөгийг өгөлгүй өнөөдрийг хүрсэн билээ. Харин 2021 оны 05 дугаар сард Ш.У- өөрөө над руу наймаагаа буцъя, түрээс болон холбогдох зардлаа хасаад үлдэгдэл мөнгийг өгөөрэй гэхэд нь би зөвшөөрсөн. Ингээд байшингаа очиж үзэхэд паар нь зад хагарсан, паркетан шал нь усанд автаж бөмбийж овойсон ашиглах боломжгүй тааз халтартаж мөөгөнцөртсөн, өвлийн зуух алдагдсан, 4 цонхны хөшиг болон хөшиг тогтоогч байхгүй, 1 суурин компьютер байхгүй, сүүлийн 6 сарын цахилгааны үнэ төлөөгүй, хананы цаас урагдаж бохир болгосон байсан.

Иймд бидний байшинд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 20 сар амьдарсан учир бид зах зээлийн ханшаар 1 сарын түрээс 350,000 төгрөгөөр бодож 20*350,000=7,000,000 төгрөг, шал, тааз обой солихоор засвар хийхэд 3,142,000 төгрөг /үнэлгээ хийлгэсэн/, цахилгааны төлбөр 447,256.9 төгрөг, алга болсон Өлзий зуух 600,000 төгрөг, 4 хос хөшиг 180,000*4=720,000 төгрөг, иж бүрэн компьютер 400,000 төгрөг, үнэлгээ хийлгүүлсэн баримт 171,800 төгрөг, нийт 12,981,056 төгрөгийг Ш.У-аас нэхэмжилж байна гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: ...Хашаа байшинг худалдаж авахад тус хашаанд өөр айл байсан бөгөөд Ц.М-тай газрын маргаантай учир нүүхгүй байсан учраас 2021 оны 05 дугаар сард өгсөн авснаа буцаахаар болсон. Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл урьдчилгаанд төлсөн 13,000,000 төгрөгийг өгөхгүй, шалтаг тоочин үндэслэлгүй зүйлсийг бичиж, баримт бүрдүүлэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Миний бие Ц.М-тай ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй, эд зүйлсийг алга болгож, байшинг бохирдуулан эвдрэл гэмтэл учруулаагүй. Тухайн байшинг өөрийн хөрөнгөөр засан сайжруулсан болно. Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байхгүй. Урьдчилгаа мөнгөө хариуцагч авсан. Нэхэмжлэгчээс гэрээний үүргээ зөрчөөгүй. Газрын үнэлгээг харьцуулахад тухайн үл хөдлөхийг худалдан авах газар нь байршлын хувьд хотоос зайтай тул хашаа байшингийн үнэлгээг зөвшөөрөхгүй. Хариуцагч анхнаасаа худалдах хүсэл зорилготой байсан тул түрээслээд олох төлбөр нэхэмжлэх ёсгүй гэж үзэж байна.

Байшинг хүлээлгэж өгсөн акт үйлдэж өгөөгүй. Эвдрэл гэмтэл бохирдол хэзээ үүссэн нь тодорхойгүй. Цахилгааны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн хашаанд өөр айл газрын маргаантай байсан, хариуцагчид энэ тухай удаа дараа мэдэгдсэн. Нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сараас хойш тухайн газарт очоогүй. Хариуцагчаас хэзээний тогны мөнгө нэхэж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч уг байшинг худалдаж аваад цахилгаанаар халдаг паар хийсэн тул галлагаа хийгээгүй. Паар хөлдөж, хагарсан баримтгүй. 2021 оны 09 дүгээр сарын 28 гэсэн ч 2020 оны 05 дугаар сард хариуцагчид буцааж өгсөн байдаг. Алдагдсан өлзий зуухыг хүлээн зөвшөөрч, төлөхөд татгалзахгүй. Зуух 340,000-450,000 төгрөгийн үнэтэй, 4 хос хөшиг, компьютерыг хүлээлгэж өгсөн баримтгүй. Үнэлгээг хариуцагч өөрийн хүсэл зоригоор хийлгэсэн тул манайх төлөхгүй. Хашаа байшинг үнэлсэн ч хашаа байшинд маргаан байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 238 дугаар зүйлийн 238.1, 238.4, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ц.М-аас 4,959,611 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.У-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 6,046,400 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээс 4,653,800 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 334,650 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 222,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-аас 222,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.У-д, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ш.У-аас 143,596 төгрөг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.М-ад тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, уг үнэлгээгээ үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүхээс шинжээч томилоогүй бөгөөд шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч шүүхэд гаргаагүй. Шүүх үнэлгээ хийсэн хуулийн этгээдэд хууль сануулж, эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй. Гэтэл уг дүгнэлтийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж, ... сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,040,389 төгрөгийг хангасан нь үндэслэлгүй. Дээрх үнэлгээтэй танилцахад тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрладаг газартай хамаагүй, хотын өөр бүсэд байрлах газруудтай харьцуулж үнэлгээг тогтоосон, нэхэмжлэгчээсс үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд холбогдох тайлбараа хэлж, мэтгэлцсэн боловч шүүх анхаарч үзээгүй.

6.2. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч хашаа, байшинг худалдах хүсэл зорилготой байсан. Тухайн хашаанд нэхэмжлэгчээс гадна өөр айл амьдарч байсан үйл баримттай хэн аль нь маргаагүй, мөн гэрчийн мэдүүлгээр давхар нотлогддог. Хариуцагчаас гаргаж өгсөн Арвижих-Эстимейт ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/19 дугаартай түрээсийн үнийн тухай тодорхойлолт гэх баримтад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтад байрлалтай хашаа байшин нь 2019 онд 250,000 төгрөг, 2020, 2021 онд 300,000 төгрөг-өөр түрээслэгдэх боломжтой гэж тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн бөгөөд зохигч үүнтэй маргаагүй байхад 1 сарын түрээсийн төлбөрийг анхан шатны шүүх 2022 оны 350,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй, шүүхээс шинжээч томилоогүй тул дээрх үнэлгээг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Хариуцагчаас анх шүүхэд гаргаж өгсөн Т ХХК-ийн Харилцах дансны харилцагчийн хуулга-тай танилцахад Намжилмаа гэсэн нэртэй байсан бөгөөд сүүлд өгсөн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан гэх баримтаас нь үзэхэд Хамрах хугацаа 2021.09.01-2023.02.06 гэсэн байна. Хэрвээ нэхэмжлэгчийн амьдарч байх хугацааны төлбөр гэж шүүх үзсэн бол тухайн хашааны 2 айл дундаа нэг тоолууртай, нэг оролтоос салаалж хэрэглээний эрчим хүчээ авдаг байсан тул гарсан төлбөрийг хувааж төлөх ёстой.

6.3. Нөгөөтэйгүүр, хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ гэм хорын хохирол 12,694,189 төгрөг гаргуулах гэж тодорхойлон маргасан. Гэтэл шүүх түрээсийн төлбөрөөр тооцож олох байсан ашиг, алдагдсан боломж гэж үзэн 7,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хангасан. Нэхэмжлэгч хашаа байшинг өөрийн эзэмшилд шилжүүлэн аваад хариуцагчтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр 6,046,600 төгрөгөөр засан сайжруулсан. Тухайн үед засвар хийнэ гэдгийг хариуцагч мэдсэн, зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэгчээс засвар, үйлчилгээтэй холбоотой зарлагын баримтууд болон Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, нийт 7 хуудас нотлох баримтыг шүүхэд өгсөн. Мөн гэрч Б.Бахаамаазагдаа Ямар ямар ажлыг, хэнтэй хийж гүйцэтгэсэн тухай мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх дээрх баримт, гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, 6,046,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.

6.4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс 2019 оны 09 дүгээр сард байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган хэн аль нь маргаагүй. Гэтэл шүүх хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Иймд шийдвэрийн үндсэн нэхэмжлэлээс 6,046,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 8,040,389 төгрөгийг хангасан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргийнхээ дагуу хашаа байшингаа хөндлөнгийн үнэлгээний компаниар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан хийлгэн нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал хэрэг хянан хэлэлцэх явцад маргаагүй, хүсэлт гаргаж, шинжээч томилуулах эрх нээлттэй байсан. Үнэлгээний тайлантай танилцсан атлаа газрын байршлын талаар харьцуулсан үнэлгээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч түрээсийн гэрээ байгуулаагүй гэж маргадаг хэдий ч 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сар хүртэл буюу 20 сарын хугацаанд нэхэмжлэгч Ш.У-ын эзэмшилд байсан бөгөөд хүлээлгэн өгсөн хугацааны талаар маргаагүй. Тус хугацаанд үлдэгдэл мөнгөө авахын тулд өөрсдийнх нь санал болгосон 3 хүнтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан үйл баримт болсон. Үлдэгдэл мөнгө олдоогүй болохоор 20 сар ашиглачхаад мөнгө шаардаж байгаа нь шударга бус байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсэгт заасныг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь би хашаа байшингаа зарсан боловч үлдэгдэл мөнгө гүйцээгүй учраас гэрээ хийгдээгүй. Мөн өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа засвар хийх үгүй нь өөрийнх нь асуудал юм. Засвар хийж байгаа талаараа надад мэдэгдээгүй, акт үйлдээгүй. Анхан шатны шүүх хэрэг маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ш.У нь хариуцагч Ц.М-д холбогдуулан 19,046,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 12,981,056 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн хэмжээг багасган 12,964,189 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 3. Хариуцагч Ц.М-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Т-ын ** дүгээр гудамжны ** тоот хаягтай, 1862731156**** нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн Г-220104**** тоот гэрчилгээтэй, 699 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220106**** дугаарт бүртгэлтэй, 76 м.кв талбайтай хувийн сууцыг нэхэмжлэгч Ш.У нь 2019 оны 09 дүгээр сард 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцон, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагчид 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн, нэхэмжлэгч хашаа, байшинг 2021 оны 05 дугаар сар хүртэл эзэмшиж байсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

3.1. Хэрэгт маргаан бүхий газрыг худалдах-худалдан авахаар хариуцагч Ц.М-, Ш.Н нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 0724 тоот гэрээ, хариуцагч Ц.М, Н.Н нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 0847 тоот гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 1217 тоот гэрээ, маргаан бүхий хувийн сууцыг худалдах-худалдан авахаар хариуцагч Ц.М, Н.Н нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 1216 тоот гэрээ тус тус авагдсан боловч эдгээр гэрээг зээл авахын тулд дүр үзүүлэн хийсэн хэлцэл, бодит байдал дээр зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч энэ талаар маргаагүй.

 4. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан ба хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч У.Мандах нь нэхэмжлэгч Ш.У-д Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөрт шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан шилжүүлнэ.

4.2. Нэхэмжлэгч байшинд хийсэн засварын зардал 6,046,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Зайлшгүй зардал гэдэгт тухайн эд зүйлийг өөрийнх нь зориулалтаар ашиглахад шаардлагатай зардлыг ойлгоно. Байшингийн дотор засал, үүдний өрөөний засвар, халаалт тавихад гаргасан зардал нь байшинг үндсэн зориулалтаар нь ашиглахад зайлшгүй шаардлагатай биш бөгөөд засвар хийгдсэнээр тухайн байшингийн үнэ өссөн гэдгийг нэхэмжлэгч нотлооогүй байна. Харин хариуцагч нь байшинг буцааж авах үед шал, тааз, обой муудсан, зуух, хөшиг, иж бүрэн компьютерыг нэхэмжлэгч буцааж өгөөгүй гэж маргаж, Арвижих-Эстимейт ХХК болон Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дээрх зардал нь зайлшгүй зардал биш тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 5. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч нь нэхэмжлэгч хашаа байшинг эзэмшиж байх хугацааны хөлс 7,000,000 төгрөг, байшингийн шал, тааз, обой солих засварын зардал 3,142,000 төгрөг, нэхэмжлэгч хашаа, байшинг эзэмшиж байх хугацаандаа хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэ 440,389 төгрөг, байшинд байсан эд зүйлс болох зуух, хөшиг, иж бүрэн компьютерыг нэхэмжлэгч буцааж өгөөгүй гэх үндэслэлээр зуухны үнэ 600,000 төгрөг, 4 хос хөшигний үнэ 440,000 төгрөг, компьютерийн үнэ 400,000 төгрөг, эдгээр эд зүйлсийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 171,800 төгрөг, үнэлгээчний ажлын хөлс 500,000 төгрөг, нийт 12,694,189 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаснаас шүүх хашаа байшингийн хөлс 7,000,000 төгрөг, зуухны үнэ 600,000 төгрөг, цахилгаан эрчим хүчний үнэ 440,389 төгрөг, нийт 8,040,389 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

5.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хашаа байшинг 2019 оны 09 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл эзэмшиж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. Ийнхүү нэхэмжлэгч хариуцагчийн хашаа байшинд үнэ төлбөргүй амьдарч өөрт ашигтай байдлыг бий болгосон тул хашаа, байшингийн хөлсийг жишиг болгон хариуцагч нь ашиг 7,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, шаардлагаа нотлохоор Арвижих-Эстимейт ХХК-ийн үнэлгээг шүүхэд гаргаж өгчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан дээрх баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй. Иймд хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Нэхэмжлэгч тухайн хашаа, байшинг 2019-2021 онд эзэмшиж, ашигласан байхад шүүх 2022 оны зах зээлийн дундаж хөлсөөр тооцож шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд 2019 оны зах зээлийн дундаж хөлс 250,000 төгрөгөөр тооцож, 20 сарын хөлс 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй. Энэ талаарх гомдол үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг хариуцагч төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон тул 440,389 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.2. Хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан зуухыг буцааж өгөөгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар зуухны үнэ 600,000 төгрөгийг нөхөн төлнө.

Дээрх үндэслэлээр хашаа, байшингийн хөлс 5,000,000 төгрөг, зуухны үнэ 600,000 төгрөг, цахилгаан, эрчим хүч хэрэглэсний төлбөр 440,389 төгрөг, нийт 6,040,389 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

 6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/01588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М-аас 13,000,000 гаргуулж нэхэмжлэгч Ш.У-д олгож, нэхэмжлэлээс 6,046,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.У-аас 6,040,389 төгрөг гаргуулж хариуцагч Ц.М-ад олгож, сөрөг нэхэмжлэлээс 6,653,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн заалт нэмж,

2 дахь заалтын дугаарыг 3 гэж, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж өөрчилж,

3 дахь заалтад 73 дугаар зүйлийн 73.3 гэснийг хасч, 56.1 гэснийг 56.2 гэж, 143,596 гэснийг 111,597 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН