Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2023/00075/И |
Дугаар | 134/ШШ2023/00118 |
Огноо | 2023-05-02 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 134/ШШ2023/00118
2023 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 134/ШШ2023/00118 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Ж
Хариуцагч: С.Э
Нэхэмжлэлийн шаардлага: 90-90 ... улсын дугаартай Тоёото кровн маркийн автомашиныг буцаан гаргуулах эсхүл 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Ж
Хариуцагч: С.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Х
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч С.Э-т холбогдуулан 90-90 ... улсын дугаартай Тоёото кровн маркийн автомашиныг буцаан гаргуулах эсхүл 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч ломбардад Тоёото кровн маркийн 90-90 ... дугаартай автомашинаа барьцаалж зээл авсан. Машинаа ломбардны эзэн С.Э-ийн нэр дээр шилжүүлсэн. Үеэл дүү А.А-д, миний машиныг хүнд үзүүлээд үнэ тохирвол зарах талаар хэлсэн байсан. Миний зарах үнэ 7,000,000-6,500,000 төгрөг байсан. А.А-ын машин үзүүлсэн ченж нь 4,500,000 төгрөгөөр авна гээд, үнэ тохироогүй учраас зарахаа больсон. Гэтэл С.Э ах ломбардад байсан машиныг надаас асууж суралгүй, хүнд зарсан байсан. А.А надад хэлэхдээ би өгч явуулаагүй гэж хэлсэн. С.Э ах тэр өдөр над руу залгаад машиныг чинь өгч явуулах гэж байна гэж хэлсэн бол би тохиролцоогүй гэдгээ хэлэх байсан. Гэтэл тэр өдөр над руу нэг ч утсаар яриагүй. Машин өгч явуулсныхаа дараа ярьсан. 2-3 хоногийн дараа нөгөө ченжээс машинаа авах гэтэл 2,000,000 төгрөг нэмж өг гээд мөнгө олдоогүй авч чадаагүй. Би машиныхаа дугаарыг авна гэж огт яриагүй, машинаа авах тухай л хэлсэн. Миний машин 5 дахь хүндээ зарагдсан байна лээ. Бидний тохиролцоогоор миний машиныг буцаагаад надад шилжүүлж өгөх байсан. А.А-аас би машины мөнгө аваагүй, урьд нь надад өртэй байсан тооцоогоо хийсэн. Одоо би машинаа буцааж авмаар байна, эсхүл 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд машин зарагдах болон шилжүүлэх процессийг бүгдийг нь мэдэгдэж байсан. Д.Ж, А.А хоёрыг би багаас нь мэднэ, ах дүү нарын хүүхдүүд, тухайн өдөр видео калл хийж яриад байсан болохоор би зарах эрхийг А.А-д бүрэн өгсөн байна гэж ойлгосон. Ченж над руу яриад таны үлдэгдэл мөнгө хэд байна гэхэд би хэнтэй нь яаж тохироод зарсан бэ? гэхэд А.А-тай тохиролцсон гэж надад хэлсэн. Миний дансанд зээлийн үлдэгдэл 2,940,000 төгрөг орсон. Би машиныг нь өгч явуулаад 10 минутын дараа Д.Ж-д утсаар хэлэхэд надад юм хэлэлгүй, чимээгүй утсаа тасалсан. Би энэ хэдийг хоорондоо зөвшилцсөн юм байна гэж ойлгосон. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Д.Ж над руу залгаад би машинаа зарахгүй байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэрээ шилжүүлээгүй байгаа юм чинь буцаагаад машинаа авчих, надад орсон мөнгөө авсан ч болно гэж хэлсэн. Ингээд эд нарыг хоорондоо ярилцаж байгаа гэж ойлгоод машиныг нь шилжүүлэхгүй хүлээсэн боловч тэр чигтээ алга болсон. Гэтэл машин худалдаж авсан хүмүүс, машинаа нэр дээрээ шилжүүлье гэхэд машины номероо авна гэж хэлсэн. Машины номероо авна гэдэг чинь машин зарахыг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэж ойлгосон. Машин авсан ченжийн ээж болох У эгч ирээд машинаа шилжүүлмээр байна, өчнөөн удлаа манай хүүхэд машин зарж орлого олдог гэж хэлсэн. Тэгээд хамт нотариат дээр очоод Д.Ж руу яриад машины нэрийг шилжүүллээ шүү гэхэд 1 дэх хүртэл хүлээж өгөөч гэж хэлсэн. Тэгээд 4 хоног хүлээж байгаад 1 дэх өдрийн орой нь машиныг шилжүүлж өгсөн процесс болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгч талаас, өөрийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Г аймаг дахь Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Г аймаг дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.У, гэрч Д.Ж-аас 2023.02.14-ний өдөр гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, Ч ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, Г аймгийн Прокурорын газрын 2023.03.09-ний өдрийн 26 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, хариуцагч талаас, 99302226 дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр, Г аймгийн Прокурорын газрын 2023.04.10-ны өдрийн 1/291 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г аймаг дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.У, 2023.02.14, 2023.03.01-ний өдрүүдэд гэрч Д.Ж, А.А нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Г.У, М.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, М.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч С.Э нь, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан машиныг надаас асууж лавлалгүй бусдад шилжүүлсэн тул 90-90 ... улсын дугаартай Тоёото кровн маркийн автомашиныг буцаан гаргуулах эсхүл 7,500,000 төгрөг гаргуулах гэжээ.
3.Хариуцагч, би уг автомашиныг бусдад худалдах ажиллагаанд огт оролцоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Д.Ж Г аймаг дахь Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Ч ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, Г аймгийн Прокурорын газрын 2023.03.09-ний өдрийн 26 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Г аймаг дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.У, 2023.02.14, 2023.03.01-ний өдрүүдэд гэрч Д.Ж, А.А нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, гэрч Г.У, М.Б нарын мэдүүлэг, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Барьцаалан зээлдүүлэх газар болох Ч ХХК, нэхэмжлэгч Д.Ж нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1,100,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
4.2.Зээлийн барьцаанд зээлдэгч Д.Ж нь өөрийн өмчлөлийн 90-90 ... улсын дугаартай Тоёото кровн маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан бөгөөд барьцаалан зээлдүүлэх газрын захирал С.Э-ийн нэр дээр шилжүүлж, бүртгүүлсэн байна.
4.3.Нэхэмжлэгч Д.Ж нь өөрийн үеэл дүү болох А.А-д автомашинаа худалдах талаар хэлсэн бөгөөд А.А нь автомашины ченж М.Б-тай утсаар холбогдож, барьцаанд байх автомашиныг үзүүлж, 4,500,000 төгрөгөөр худалдах санал тавьсан боловч Д.Ж нь хүлээн зөвшөөрөөгүй.
4.4.Гэвч М.Б нь, С.Э-т, А.А-тай ярилцаж тохиролцсон гэж хэлснээр зээлийн төлбөрт 2,940,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 1,560,000 төгрөгийг А.А-ын хэлсэн дансанд шилжүүлж, тээврийн хэрэгслийг хүлээн авсан байна.
4.5.Улмаар С.Э нь уг тээврийн хэрэгслийг худалдан борлуулах эрхийг М.Б-д итгэмжлэлээр олгож, нотариатаар гэрчлүүлсэн.
4.6.М.Б нь уг тээврийн хэрэгслийг цааш гуравдагч этгээдэд худалдан борлуулжээ.
5.Талууд зээлийн гэрээ болон зээлийн үлдэгдэл төлбөр, С.Э-ийн нэр дээр 90-90 ... улсын дугаартай Тоёото кровн маркийн тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн асуудлаар маргаагүй, харин уг тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн асуудлаар маргаантай.
6.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахаар шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын хүрээнд Ч ХХК, нэхэмжлэгч Д.Ж нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч, хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.
Улмаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэсэн байхад Ч ХХК-ийн захирал С.Э нь барьцаа хөрөнгө болох 90-90 ... улсын дугаартай Тоёото кровн маркийн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөх эрх олж авсан.
Хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ гэх гэрээнд энэ талаар тусгагдаагүй байх боловч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд уг тээврийн хэрэгслийг Д.Ж-ын өмчлөлд буцаан шилжүүлэх байсан гэж хэн аль нь тайлбарлана.
Талуудын хооронд дээрх хуульд заасан журмын дагуу хуулийн хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдаагүй ч хариуцагч С.Э нь 90-90 ... улсын дугаартай Тоёото кровн маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, улмаар буцаан шилжүүлэх үүрэгтэй байсан гэж үзэхээр байна.
Машины ченж буюу гэрч М.Б нь Д.Ж-ын өмнөөс зээлийн төлбөр болох 2,940,000 төгрөгийг Ч ХХК-д бүрэн төлж барагдуулснаар Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар талуудын тохиролцоо буюу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болж, мөн зүйлийн 160.3-т зааснаар хариуцагч С.Э нь эд хөрөнгийг өмчлөгчид буцаан өгөх үүрэг үүссэн.
Гэвч хариуцагч С.Э нь Д.Ж, А.А нар хоорондоо утсаар ярьж байсан, тэднийг хоорондоо тохиролцсон гэж бодсон гэх шалтгаанаар нэхэмжлэгч Д.Ж-ын эд хөрөнгийг бусад этгээд буюу гэрч М.Б-д захиран зарцуулах эрхийг олгож, хохирол учруулсан нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, тухайн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлж өгөхөөсөө өмнө өмчлөгч Д.Ж-д мэдэгдээгүй, өгч явуулсныхаа дараа утсаар мэдэгдсэн, М.Б-д итгэмжлэл олгохдоо Д.Ж-г биечлэн байлцуулаагүй, түүний зөвшөөрлийг бүрэн аваагүй буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй.
Нэхэмжлэгч, шүүхэд тээврийн хэрэгслээ буцаан гаргуулахаар шаардлага гаргасан боловч тухайн тээврийн хэрэгсэл нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн болох нь гэрч М.Б-ийн ...бусдад зарсан гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн ...миний машин одоо 5 дахь хүнд зарагдсан байна лээ гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул бодит байдлаар гаргуулах боломжгүй нөхцөл үүссэн байна.
Нэхэмжлэгч Д.Ж нь автомашины үнэ 7,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь баримтаар тогтоогдоогүй тул дүү А.А-д хэлсэн санал, Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэрчийн мэдүүлэгтээ өгсөн үнэлгээ зэргийг үндэслэн тээврийн хэрэгслийн үнийг 6,500,000 төгрөгөөр тооцож, үүнээс зээлийн төлбөрт төлсөн болон А.А-д шилжүүлсэн нийт 4,500,000 төгрөгийг хасч, хариуцагч С.Э-ээс 2,000,000 төгрөгийн хохирлыг гаргуулж Д.Ж-д олгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болголоо.
7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,223 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3, 286 дугаар зүйлийн 286.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч С.Э-ээс хохирол 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ж-д олгож, 90-90 ГСА улсын дугаартай Тоёото кровн маркийн автомашиныг буцаан гаргуулах болон 5,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,223 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ