Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/01923

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .............................. тоотод байрлах Б С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .................................. хаягт байрлах, Н газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч Б С ХХК нь хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ............................................. дугаартай шийдвэрээр Б С ХХК болон Ч.Д нараас 215,752,000 төгрөгийг гаргуулжА ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэж дараах үндэслэлээр гомдол, нэхэмжлэл гаргаж байгаа болно. Үүнд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлбөр авагч талаас хүсэлт гарахдаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар гомдол, шаардлага гаргаагүй байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн .... дугаар хороо, ............................. тоот хаягт байрлах, 1020.4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. Энэхүү ажиллагаанд төлбөр төлөгч хуулийн этгээдийн нөгөө хувьцаа эзэмшигч болох Г.Н-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг огт хүндэтгэн үзээгүй байна. Хариуцагч Н газар хариу тайлбартаа Б С ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ч гэж тодорхойлон, барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн ..................................... тоот хаягт байрлах, 1020.4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. Гэвч гүйцэтгэх баримт бичигт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар заагаагүй байна. Хэрэв энэ хөрөнгийг барьцааны зүйл гэж үзэж байгаа тохиолдолд энэ талаар шүүхийн шийдвэрт тусгагдсан байх ёстой. Хэрэв барьцааны зүйлийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан байхыг шаардана. Тодруулбал Улсын бүртгэлийн тухай хууль, үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээний бүртгэл хүчин төгөлдөр байгаа болно. Энэхүү бүртгэлийг төлбөр гаргуулахаар заасан шүүхийн шийдвэрийн дагуу хүчин төгөлдөр бус болгохгүй юм. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгоогүй, эсхүл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй юм. Төлбөр авагч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар Иргэний шүүхэд дахин хандан шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7. Дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчийг албадан нүүлгэхээс бусад тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн орон байранд нэвтрэн орох, үзлэг хийх гэж заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрлийг авалгүйгээр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа этгээдийн орон байранд нэвтрэн орж, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж хураасан байна. Нөгөө талаар Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлд төлбөр төлөгчийн болон бусдын эзэмшилд байгаа орон байранд нэвтрэн орохдоо заавал ахлах шийдвэр гүйцэтгэгчээс зөвшөөрөл авахаар заасан байдаг. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэгт зааснаар хөрөнгийг битүүмжилсэн тухай шийдвэрийг ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхээр заасан боловч энэ талаарх баримт шийдвэр гүйцэтгэх хувийн хэрэгт огт байхгүй байгаа нь битүүмжлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхгүй. Эндээс үзвэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрлийг авсан, эрх бүхий байгууллагад мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж битүүмжилсэн, хураан авсан тогтоолд үндэслэн шинжээч томилсон гэж үзэхээр байна. Шинжээчээр Б.Б гэгч этгээдийг томилсон байна. Гэтэл Х ХХК-ийн үнэлгээний тайлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад иржээ. Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлийг бичсэн байх бөгөөд энэ нь 2021 оны 03-р сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна. Иймээс Шүүхийн шинжилгээний тухайн хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчиж нэг этгээдийг томилчхоод нөгөө этгээдээс дүгнэлт гаргуулан авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн зарчимд харшилж байна. Нөгөө талаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу Б.Б д эрх, үүргийг танилцуулчхаад Х ХХК-ийн дүгнэлтийг үндэслэл болгон дуудлага худалдааг зохион байгуулах гэж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн л Х ХХК-ийн 2022 оны 10-р сарын 19-ний өдрийн 01/128 дугаартай албан бичгээр Б.Б д компанийг төлөөлөн үнэлгээний ажил хийх эрхийг итгэмжлэн олгосон байгаа нь хуулийн этгээдийн хувьд эсхүл хувь хүнийг шинжээчээр томилсон эсэх нь ойлгомжгүй байна. 2022 оны 10-р сарын 19-ний өдрийн ........ дугаартай Шинжээч томилох тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.8-д заасан тогтоолд гомдол гаргах журам, хугацааг тодорхой заагаагүй байгаа нь мөн зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Шийдвэр гүйцэтгэгчээс гаргаж байгаа аливаа үйлдэл, шийдвэр нь ямагт талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байдаг учраас аливаа тогтоолд гомдол гаргах боломжийг олгохоор хуульчилсан байна. Энэхүү тогтоолыг Б С ХХК хувьцаа эзэмшигч Г.Н огт танилцуулаагүй, түүнээс үнэлгээний санал аваагүй, тайланг танилцуулаагүй нь гомдол гаргах эрхийг зориуд хязгаарласан үйлдэл болжээ. Хуулиар олгосон гомдол гаргах боломжийг олголгүйгээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд төлбөр төлөгч Б С ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн Ү- .................... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ........................тоот хаягт байрлах, 1020.4 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ................................. дугаар шийдвэрээр Б СХХК-с 215,752,000 төгрөгийг гаргуулжА ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 6 дугаар 7-ны өдөр төлбөр төлөгч Б С ХХК-ний гүйцэтгэх захирал, 100 хувийн үүсгэн байгуулагч Д.Ч-д сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн төлбөрийг төлөөгүй тул, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн .............................................. тоот хаягт байрлах 1020,4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч нараас үнийн санал авахад Б С ХХК-с 1,450,000.000 төгрөг, Ч.Д гээс 1,400,000.000 төгрөг, төлбөр авагчаас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулсан 765,098,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Анхны албадан дуудлага худалдааг зарлагдсан боловч дуудлага худалдаанд хөрөнгийг оруулаагүй. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн тул дуудлага худалдаанаас материалыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хасуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс Б С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 627 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хх-ийн 5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ........................... дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 6/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ............................................. дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 7,8/, Н газрын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 9,10/, Н газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг /хх-ийн 11/, Н газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг /хх-ийн 12/, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-ийн 13/, хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 627 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 24/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ........................... дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 25/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ............................................. дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 26/, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 27/, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичгийн хуулбар /хх-ийн 28/, Б СХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 29/, Н газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 30/, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 31/, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 32/, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 33,34/, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2/205 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 35/, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 36/, Н газар шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 37/, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 38/, Х ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 39-43/, Х ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/16 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 44/, Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 45/, Н газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 46/, Б С ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 47/, шүүхээс Б.Б гийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 75,76/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4/2395 тоот албан бичиг /хх-ийн 81/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ...... тоот албан бичгийн хавсралт /хх-ийн 82-98/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийн жагсаалтын хуулбар /хх-ийн 111/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаар тушаалын хуулбар /хх-ийн 112/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийг сонгон шалгаруулах түр журмын хуулбар /хх-ийн 113-116/, шинжээч сонгон шалгаруулах орон тооны бус комиссын бүрэлдэхүүний хуулбар /хх-ийн 117/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б С ХХК нь хариуцагч Н газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б СХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын .... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ...................... тоот хаягт байрлалтай, 1020.4м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 765,098,500 төгрөгөөр тогтоосон нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. ...Компанийн хувьцаа эзэмшигч Г.Н-ын хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн үзээгүй, ...Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй бөгөөд барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шүүхээр тогтоолгох боломжтой. ...Хөрөнгө битүүмжлэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7-д заасан үл хөдлөх эд хөрөнгө болон өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нь бүртгүүлбэл зохих бусад хөрөнгийг битүүмжилсэн тухай шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад битүүмжилснээс хойш ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ гэснийг зөрчсөн. ... Үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Х ХХК гаргасан. Шинжээчээр томилогдсон этгээд дүгнэлт гаргаагүй. Хэн дүгнэлт гаргаж байгаа нь тодорхойгүй. ...Шинжээч томилох тухай тогтоолыг танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан, хууль зөрсөн зөрсөн гэж тайлбарлажээ.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .................... дугаар шийдвэрээр Б С ХХК-с 215,752,000 төгрөгийг гаргуулжА ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэхийг төлбөр төлөгч Б СХХК-ний гүйцэтгэх захирал, 100 хувийн үүсгэн байгуулагч Д.Ч-д удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн .................................... тоот хаягт байрлах 1020,4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч нараас үнийн санал авахад Б С ХХК нь 1,450,000.000 төгрөг, Ч.Д 1,400,000.000 төгрөг, төлбөр авагчаас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулсан. Шинжээч хөрөнгийг 765,098,500 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээг талуудад мэдэгдсэн. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Анхны албадан дуудлага худалдаа явуулахаар тогтоол гарч зарлагдсан боловч дуудлага худалдаанд хөрөнгийг оруулаагүй. Учир нь шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дуудлага худалдаанаас материалыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хасуулсан. гэж тайлбарласан.

 

5.Үнэлгээ хүчингүй болгох тухай шаардлага:

 

5.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн................ дугаар захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг баримтлан өргөдөл гаргагч А ББСБ ХХК өргөдлийн шаардлага 215,762,800 төгрөгийнхөө 10,800 төгрөгөөс татгалзаж, 215,752,000 төгрөг нэхэмжилснийг уригдагч тал Б С ХХК, Ч.Д нар 2020 оны 04 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталгаажуулсан байна. /хх-ийн 26/

 

5.2.Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ..................... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 627 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 08 сарын 17-ны өдөр үүгэн явуулжээ. /хх-ийн 24, 25, 27/

 

5.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Б С ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ............................. тоот хаягт байрлах 1020,4 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ...... дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаар тогтоолоор хураан авсан нь байх бөгөөд тус ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан журам зөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

5.4.Төлбөр төлөгч нараас албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад төлбөр төлөгч Б СХХК нь 1,450,000.000 төгрөг, Ч.Д 1,400,000.000 төгрөгийн үнийн санал өгч, төлбөр авагч А ББСБ ХХК нь шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилон үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан байна. /хх-ийн 34-35/

 

5.5.Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10/326 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Б СХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын .... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, .......................тоот хаягт байрлалтай, 1020.4м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр Б.Б г томилж, түүнд ашиг сонирхлын зөрчил, татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг тодруулж, хууль сануулсан байна. /хх-ийн 29, 35-37/

 

5.6.Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоож, үнэлгээний тайланг хавсралтын хамт 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгчээ. /хх-ийн 38-45/

 

5.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно. Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална. Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлэх тухай тодорхойлсон.

 

5.8.Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Б.Б г шинжээчээр томилж, Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б хөрөнгийн үнэлгээг хийсэн байх тул үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчөөгүй гэж үзэв. /хх-ийн 38-45, 84-85, 90-93/

 

5.9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ тогтоолгохоор тусгай мэдлэг бүхий иргэнийг хуульд заасны дагуу шинжээчээр томилон оролцуулсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийг сонгон шалгаруулах түр журам хүчинтэй эсэх нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

5.10.Шинжээч хөрөнгийн үнэлгээг өртгийн хандлагаарх тооцоолол, зах зээлийн хандлагаарх тооцооллыг тус тус хийж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээг холбогдох дүрэм, журам, тооцоололд үндэслэн гаргасан нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна. Иймээс хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур, үндэслэлгүй тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

5.11.Мөн шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 765,098,500 төгрөгөөр үнэлж, шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4-147/20715 тоот үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б С ХХК-ийн захирал Д.Ч болон Ч.Д нарт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр танилцуулж, гардуулсан байна. /хх-ийн 46/

 

5.12.Улмаар Б С ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 22/16 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу дуудлага худалдааны ажиллагааг 1 сарын хугацаатай сунгах хүсэлт гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгч зөвшөөрч, 2022 оны 12 дугаарын 04-ны өдөр хүртэл хугацаанд хөрөнгөө бие даан худалдах хугацаа олгож, тогтоосон хугацаанд албадан дуудлага худалдаагаар худалдахыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4-147/21052 тоот мэдэгдлээр мэдэгджээ. /хх-ийн 47/

 

5.13.Нэхэмжлэгч Б С ХХК нь үнэлгээг эс зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргасан.

 

5.14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Гэвч нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээн авснаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаагүйгээс хуульд заасан гомдол гаргах хугацаа дууссан байна.

 

5.15.Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шүүх тогтоогоогүй боловч нэхэмжлэгч хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаатай холбоотой гомдол гаргаагүй, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагаа явуулж, үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй. Мөн Б С ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож байна. Компанийн хувьцаа эзэмшигч гэх Г.Н эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл тэрээр хууль зааснаар эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

 

5.16.Иймд Н газарт холбогдох Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б СХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын ........................ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, .................. тоот хаягт байрлалтай, 1020.4м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 765,098,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б С ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

6.Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай шаардлага:

 

6.1.Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1-т заасныг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/19 дугаар тогтоол гаргаж, тогтоолоор Б С ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын ........ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ...................... тоот хаягт байрлалтай, 1020.4м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

6.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна гэж заасан.

 

6.3.Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон ажиллагаа тодорхой бус, хуульд нийцээгүй үндэслэлээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлага гаргасан боловч хариуцагч байгууллагаас шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй болох нь тогтоогдсон.

 

6.4.Нэхэмжлэгч анхны албадан дуудлага худалдаа явагдсан болохыг нотлох баримт, тайлбар гаргаагүй.

 

6.5.Нэхэмжлэгч Б С ХХК нь тус шүүхэд Н газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргаж, шүүх нэхэмжлэлд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүгчийн ............... дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, захирамжийг мөн өдөр 2/102 тоот албан бичгээр Н газарт хүргүүлсэн байна. /хх-ийн 17-18/

 

6.6.Шүүх үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор анхны албадан дуудлага худалдаа явагдаагүй болох нь хариуцагчийн тайлбар, дээрх баримтаар үгүйсгэгдэхгүй байна.

 

6.7.Иймд хариуцагч Н газарт холбогдох Б СХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын .......... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, .................. тоот хаягт байрлалтай, 1020.4м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/19 дугаар тогтоолын дагуу явуулах анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б СХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

8.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н газарт холбогдох Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б С ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын .................. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, .......................... тоот хаягт байрлалтай, 1020.4м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 765,098,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/19 дугаар тогтоолын дагуу явуулах анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР