Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2023/00596

 

 

 

 

 

2023 02 02 182/ШШ2023/00596

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТБ ХХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж, 781 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Борын Баярбат /РД:СЮ78112113/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 781 тоот хаягт оршин суух, Олохнууд овогт Сандагсүрэнгийн Одгэрэл /РД:ЧБ79010729/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 41,553,519.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТБ ХХК үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

"ТБ"ХХК болон Б.Б, С.О нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 252000085366 тоот зээлийн гэрээ байгуулан 36 сарын хугацаатай, нэг сарын 2,5 /жилийн 30,0 хувь/ хүүтэй, 21,500,000 төгрөгийн зээлийг олгохоор тохиролцож банк үүргээ биелүүлж, зээлдэгч Б.Бын харилцах дансанд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 21,500,000.00 төгрөгийг шилжүүлсэн. 

"ТБ"ХХК болон Б.Б нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор түүний өмлөлд бүртгэгдсэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх 4 гудамж 4 тоот хаягт байршилтай, 60,0 мкв талбайтай, эрхийн бүртгэлийн Y-1817002604 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, мөн хаягт орших 771,7 мкв талбайтай, эрхийн бүртгэлийн Г-1817000515 тоот бүртгэлтэй, гэр бүлийн хэрэглээний зориулалтай газрыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.  

Зээлдэгч Б.Б, С.О нар нь зээл авснаас хойш нийт 14,056,861.51 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлбөрөө төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж банкыг хохироож байна. 

Банкны зүгээс зээлдэгч нарыг гэрээнд заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж байгаа тухай мөн төлбөр төлөхийг мэдэгдсэн мэдэгдэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлж байсан. 

Хариуцагч Б.Б, С.О нар нь 2015 оны 07 дугаар сараас эхлэн 125 мкв талбай бүхий заалтай "Очир фитнесс төвийг ажиллуулж бизнес хийдэг бөгөөд уг бизнесээ өргөтгөхийн тулд хөрөнгө оруулалтын зорилгоор зээл авсан байдаг. Гэтэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, заасан хугацаанд төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрлээ. 

Хариуцагч Б.Б, С.О нар гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй бөгөөд 2022 оны 05 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 16,094,480.93 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 22,545,774.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,913,263.79 төгрөг, нийт 41,553,519.62 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул эдгээр төлбөрийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.Б, С.О нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б, С.О нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Бид 2016 онд зээл авч байсан бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлийн төлөлтөө хийж байсан боловч орлогогүй болсон тул гэрээний дагуу зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн.

Бид ТБ ХХК-иас 21,500,000 төгрөгийн зээл авсан  тухайдаа маргадаггүй. Нэхэмжлэгч талын зүгээс 2022 оны 05 дугаар сар хүртэл банкны зээлийн хүүг гэрээнд заасан журмаар тооцож 41,553,519 төгрөг нэхэмжилсэн байдаг.

Нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хувьд маргаантай байна. Өөрөөр хэлбэл банкны талаас гэрээ цуцлах мэдэгдлийг 2019.06.19-ны өдөр А/381 тоотоор ТБны эрх бүхий ажилтны шийдвэрээр эрсдэлийн удирдлагын газар луу шилжүүлсэн байгаа тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь 2019.06.19-ны өдөр цуцалсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Гэтэл нэхэмжлэгч тал  гэрээний төлбөрийг  2022 он хүртэл нэхэмжилсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 41,553,519 төгрөгөөс 16,090,000 төгрөг /үндсэн төлбөр/-ийг хүлээн зөвшөөрч байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтаар: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар, 2016.08.08-ны өдрийн Б.Бын ТБ ХХК-д гаргасан өргөдлийн хуулбар, 2016.09.08-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2016.09.08-ны өдрийн 252000085366 дугаар барьцааны гэрээний хуулбар, мемориалын баримт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаалбарын хуулбар, Хэнтийн салбарын зээлийн хорооны хурлын шийдвэрийн хуулбар, Зээл, хүүний тооцооны хуудас, 2019.11.11-ний өдрийн 04 дугаар мэдэгдлийн хуулбар, 2019.09.26-ны өдрийн А/331 дугаар ТБ ХХК-ийн захирлын тушаалын хуулбар, /хх-ийн 4-23

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтаар: хариу тайлбар, итгэмжлэл /хх-ийн /хх-ийн 30-31, 48/

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, ТБ ХХК-ийн 2022.12.01-ний өдрийн 85 дугаар албан тоот, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2022.07.25-ны өдрийн Б/69 дугаар Ажлаас чөлөөлж, томилох тухай захирлын тушаалын хуулбар, гэрч Б.Батчулууны мэдүүлэг, 2022.12.05-ны өдрийн Хэнтий аймаг, Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 4 дүгээр гудамж, 4 тоотод байрлах байшинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Зээлийн гэрээ цуцалсан тухай мэдэгдэл /хх-ийн 40-41, 56-71, 74/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ТБ ХХК хариуцагч Б.Б, С.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,094,480.93 төгрөг, үндсэн хүү 22,545,774.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,913,263.79 төгрөг, нийт 41,553,519.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулан, 21,500,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний хугацаа дууссан тул гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл болон шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй...барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж,

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ...Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 21,500,000 төгрөг хүлээн авсан, үндсэн зээлийн үлдэгдэл дээр маргах зүйлгүй...харин банк гэрээний хугацаа дууссаны дараа ирүүлсэн мэдэгдлээр тооцсон хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

ТБ ХХК, хариуцагч Б.Б, С.О нарын хооронд 2016 оны 09 сарын 08-ны өдөр 252000085366 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 21,500,000 төгрөгийг сарын 2,5 хувь буюу жилийн 30 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх10-12/

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь эрх бүхий этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтаар тогтоогдож байна. /хх6-11/

Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээл олгохдоо зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлж, мөн зээл олгох хэлбэрийг зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн данс нээж, зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдснээр зээл олгосонд тооцно.

Хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээгээр олгосон зээл нь хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон, талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон мөн түүний нэр дээр зээлийн данс нээж, тухайн дансанд зээлийн гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч Б.Б, С.О нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Зохигч талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 сарын 08-ны өдөр дууссан байх ба нэхэмжлэгч ТБ ХХК нь 2019 оны 11 сарын 11-ний өдөр 04 тоот албан бичгээр хариуцагч нарт Мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд гэрээний үүрэгт үндсэн зээл 16,094,480 төгрөг, хүү 10,415,387 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,032,194 төгрөг, нийт 27,542,062 төгрөгийн тооцоололтой байгаа ба гэрээний үүргийг биелүүлэхийг мэдэгдэж, хариуцагч Б.Б танилцаж гарын үсэг зуржээ. /хх21/

Дээрх мэдэгдлийн агуулгаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан улмаар үлдэгдэл үнийн дүнгийн хэмжээнд тооцоо нийлсэн гэж үзэхээр байх ба харин гэрээний хугацааг сунгах мөн хэтэрсэн хугацааны хүү тооцох талаар тохиролцоогүй байна.

Иймд хариуцагч талын гүйцэтгээгүй үүрэг нь тухайн мэдэгдэлд дурдснаар үндсэн зээл 16,094,480 төгрөг, хүү 10,415,387 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,032,194 төгрөг, нийт 27,542,062 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны нэхэмжилсэн хүү 12,130,387 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 452 дүгээр зүйлийн 452.2-д зааснаар зээлдүүлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүний хэмжээг 1,032,194 төгрөг гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.Б, С.О нар дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ТБ ХХК-тай 2016 оны 09 сарын 08-ны өдөр 25200008536а дугаартай барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Б.Бын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1817002604 дугаарт бүртгэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх 4 гудамж 4 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт орших улсын бүртгэлийн Г-1817000515 дугаарт бүртгэлтэй 771.7 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг барьцаалсан байх ба уг гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан заасан шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд үзлэгийн ажиллагаа явуулсан ба уг хөрөнгө нь бүрэн бүтэн байдалтай бусад этгээдэд худалдагдаагүй, түрээслэгдээгүй болох нь тогтоогдсон болно.

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 16,094,480 төгрөг, хүү 10,415,387 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,032,194 төгрөг, нийт 27,542,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Б, С.О нараас үндсэн зээл 16,094,480 төгрөг, хүү 10,415,387 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,032,194 төгрөг, нийт 27,542,062 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 12,130,387 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б, С.О нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.Бын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1817002604 дугаарт бүртгэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх 4 гудамж 4 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт орших улсын бүртгэлийн Г-1817000515 дугаарт бүртгэлтэй 771.7 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 435,918 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч хариуцагч Б.Б, С.О нараас 295,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН