Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2016/0250/з |
Дугаар | 221/МА2017/0393 |
Огноо | 2017-06-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2017/0393
Г.Доржханд, У.Ганхуяг, У.Туул нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Загдсүрэн, гуравдагч этгээд М.Баярбилэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Доржханд, У.Ганхуяг, У.Туул нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Ганхуяг, У.Туул нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Х.Ухнаа, У.Отгонзул нарын өвлөгч Г.Доржхандаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/309 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Доржханд, түүний өмгөөлөгч Ц.Загдсүрэн нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий газартай холбоотой гарсан захирамжууд, холбогдох баримтуудыг цуглуулж, Газрын албанд бичиг баримтад үзлэг хийх, гэрчүүдээс тодруулах зэргээр хангалттай ажиллагаа хийсэн боловч эдгээр нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүйгээр нотлох баримтыг үнэлэхдээ илт алдаа гарган, хийсвэр буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ. Ялангуяа хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, түүний харьяа газрын алба, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, уг ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох үүрэгтэй атлаа үүнд огт дүгнэлт өгөлгүй, зөвхөн гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалсан, нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтүүд хийж хэргийг шийдвэрлэв.
Нэг. Маргаан бүхий А/309 дүгээр захирамжийн үндэслэлийн тухайд:
1. Маргаан бүхий А/309 дүгээр захирамж нь “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” гэсэн атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг огт дурдаагүй, 40.1-д заасан нөхцөл байдал огт үүсээгүй.
2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг үндэслэсэн ба энэ заалт нь “хүсэлт гаргасан газар нь бусдын газартай давхцаагүй байх” гэсэн хуулийн шаардлага бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд зөвхөн хүсэлт гаргасан биш, 2008 онд Засаг даргын захирамж гарсны дагуу тухайн газрыг бодитой эзэмшээд 9 жил болж байна. Захиргааны байгууллага 2008 онд хүсэлт гаргасан асуудлыг нягталж, үүргээ биелүүлж давхардсан эсэхийг нь хянах эрхтэй байсан гэдэгт шүүх ач холбогдол өгсөнгүй. Үүнд нэхэмжлэгч нар ямар буруутай болохыг тодорхойлсонгүй.
3. Мөн захирамж нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-д заасныг үндэслэж гарсан бөгөөд энэ нь газар эзэмших талаар иргэн аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэх тухай заалт бөгөөд тухайн үед гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарын хооронд үүссэн ямар ч маргаан байгаагүй. Гуравдагч этгээд нь 2015 оны сүүлээр буюу энэ газрыг эзэмшин сахиул айл буулгаснаас хойш 7 жилийн дараа маргаан үүсгэсэн.
Харин гуравдагч этгээд нь нэхэмжлэгчид огт мэдэгдэлгүйгээр 2010 онд, мөн 2013 онд захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан байх бөгөөд нэхэмжлэгч нарт газар олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжид гомдол гаргаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 915 дугаар захирамж хэрэгт байгаа. Баянзүрх дүүргийн Газрын алба гуравдагч этгээд М.Баярбилэгт хандаж, 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1155 тоот бичгээр “уг газрыг нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн утгатай хариу өгч байсан атлаа гомдлыг дахин 6 жилийн дараа хүлээн авч нэхэмжлэгч нарт холбогдох захирамжийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгч нарт огт мэдэгдээгүй, мэдэгдэж хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй.
4. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.4-д дүүргийн Газрын албаны эрх хэмжээг “эзэмшилд олгосон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж координатжуулах, кадастрын зургийг үйлдэж газрыг улсын бүртгэлд бүртгэх” гэж тодорхойлсон атал хариуцагч эдгээр үүргээ биелүүлэхгүй будлиан үүсгэж, хянаж шалгах магадлах үүрэгтэй атлаа гуравдагч этгээдийн эрхийг өөрийн үйл ажиллагаагаар зөрчлөө гэж үзээд ямар ч буруугүй нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчиж болно гэсэн утгатай шийдвэр гаргалаа. Үүгээрээ Газар эзэмших ашиглах талаар тэгш байдал, шударга ёсыг баримтлах Газрын тухай хуулийн зарчмыг зөрчиж байна.
Хоёр. Эргэлзээтэй нотлох баримтуудын талаар:
1. Дүүргийн Засаг дарга гуравдагч этгээдүүдэд газар олгосон сунгасан газрын хэмжээг хассан зэрэг захирамжууддаа хаягийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулаг /заримдаа Баянбулгийн гэх/ 2-37, 2-37а, 2-37б, 2-37в гэх мэтээр өөр өөрөөр бичдэг, гэрчилгээ захирамжийн заалт зөрдөг. Нэхэмжлэгч нарт Баянбулаг 3-38, 3-39, 3-40, 3-41 гэсэн хаягаар захирамж болон газрын гэрчилгээ олгосон байдаг. Эндээс харвал давхардсан гэж харагдахааргүй байдаг. Гэрчилгээ, захирамж хоёрт бичигдсэн хаяг, гудамжны дугаар, хашааны дугаар үнэн зөв байх ёстой. Өнөөдөр нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хэнийх нь хаяг зөв эсэхийг тодруулсан баримт байхгүй. 2007, 2008 онд ч, өнөөдөр ч Баянбулаг 2, Баянбулаг 3 гэх гудамжууд бодитой байгаа тохиолдолд давхардсан гэж үзэх нь учир дутагдалтай.
Баянзүрх дүүргийн бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 8/1065 дугаар албан бичигт Баянбулгийн гэх гудамж байхгүй гэсэн ч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/111 дүгээр захирамжид гуравдагч этгээд Г.Төмөрбаатар, Т.Ганчимэг нарт газар олгохдоо Баянбулгийн гэх хаяг заасан. Зөвхөн кадастрын зургаар давхардлыг тодорхойлох боломжгүй, кадастрын зураг туйлын үнэн байдаггүй, энэ тохиолдолд ч хариуцагч захиргааны байгууллага кадастрын тухай хууль тогтоомжийг зөрчиж бүртгэлээ хөтлөөгүй байгаа. Энд хувь иргэний буруутай үйлдэл байхгүй.
2. Шүүх нэгэнт маргаан бүхий актаар хязгаарлахгүй тухайн газартай холбоотой бусад бичиг баримт гуравдагч этгээдүүдэд газар олгосон сунгасан зэрэг эрхийн актуудыг хэрэгт ач холбогдолтой гэж хавсаргасны хувьд эдгээр нь хуулийн үндэслэлтэй эсэхэд бүхэлд нь дүгнэлт өгөх шаардлагатай.
Учир нь тухайн газрыг яаж олж авсан, хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг тодорхойлох бөгөөд энэ байдлыг авч үзэхэд гуравдагч этгээдүүд нь бусдын газрыг шилжүүлж авч байгаа гэдэг байдлаар худал баримт бичиг бүрдүүлсэн нь бүгд хэрэгт байгаа. Тухайлбал, гуравдагч этгээд М.Баярбилэг нь иргэн н.Долгорсүрэнгээс газар шилжүүлж авсан гэх ч н.Долгорсүрэнд газар олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаар захирамжид Баянбулаг 2-37биш, 17-276 гэсэн хаяг байх жишээтэй.
Мөн гэрчилгээнд хугацаа 1 жил байгаа нь 2005 оны 04 дүгээр сарын 01-нд дууссан байтал М.Баярбилэгт 2007 онд хугацаа нь дуусаад 2 жилийн дараа шилжүүлж буйг зөвтгөж үүнийгээ н.Долгорсүрэнгийн иргэний үнэмлэх 2-37 гэсэн хаягтай гэдгээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй.
Гуравдагч этгээд Г.Төмөрбаатар, Т.Ганчимэг нар нь Анаголий, Евгений гэх 2 орос иргэний эзэмшиж байсан газрыг шилжүүлж авлаа гэх боловч тэдгээр иргэд нь огт газар эзэмших эрхгүй газрын бичиг баримтгүй хүмүүс байгаа бөгөөд газар байхгүй учир шилжүүлсэн хуурамч бичиг баримт үндэслэн газар олгосон нь хэрэг хянан шийдвэрлэх явцад тодорхой болсон.
Гуравдагч этгээдүүд шилжүүлэн авсан гэх газраа бодитойгоор эзэмшээгүй, анх 2007, 2008 онд олгосон 5 жилийн хугацаа дуусаад 3 жил болсон ч 2015 онд 450 дугаар захирамжийн хавсралтад газрын хэмжээг багасгах гэсэн атал 15 жилээр сунгасан гэх мэт холбогдох хууль дүрэм зөрчсөн атал эдгээрийг байх ёстой гэж үзсэн атлаа нэхэмжлэгч нар ямар ч буруугүй, хүний газар шилжүүлж авлаа, барьцаанд авлаа гэх мэтээр худал баримт бүрдүүлээгүй үнэнээрээ яваа ч хохирох болоод байгааг шүүх авч хэлэлцсэнгүй. Гуравдагч этгээдүүд тэдэнд газраа шилжүүлсэн гэх 3 иргэн төрийн өмчийн газрыг хувийн өмч адил үзэж төлбөрийн хэрэгсэл болгон бие биедээ дур мэдэн дамжуулж барьцаалж байсныг мөн хууль ёсны гэж үзлээ.
Мөн гуравдагч этгээд М.Баярбилэгт Т.Ганчимэгийн олгосон итгэмжлэл нь түүнийг гуравдагч этгээдээр хэрэгт оролцуулах эахирамжаас өмнө байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-д заасан ямар маргаанд оролцохыг тодорхой заах гэснийг зөрчсөн, энэ талаар нэхэмжлэгч удаа дараа хэлж байсан.
Ийнхүү давхардаагүй байхад давхардсан гэж дүгнэсэн, давхардсан байлаа ч тухайн ажлыг хариуцсан захиргааны байгууллагын албан тушаалтнуудын буруутай үйлдлийг тодорхойлж, уг газрыг тэгш эрхийн үндсэн дээр эзэмшүүлэх боломжтой байтал нэхэмжлэгчийг шууд буруутгаагүй атлаа захиргааны хууль бус актыг хамгаалсан шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжаар гуравдагч этгээд М.Баярбилэгт тус дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 2-37 тоот хаягт газар эзэмших гэрчилгээ олгохоор, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Т.Ганчимэгт тус дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 2-37 тоот хаягтай 700 м.кв газрын, Г.Төмөрбаатарт Баянбулагийн 2-37а тоот хаягтай 700 м.кв газрын газар эзэмших гэрчилгээг олгохоор шийдвэрлэжээ.
Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршил өөрчлөх тухай” А/450 дугаар захирамжаар М.Баярбилэгт Баянбулагийн 2-37 тоотод, Г.Төмөрбаатарт Баянбулагийн 2-37а тоотод, Т.Ганчимэгт Баянбулагийн 2-37б тоотод тус бүр 669 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний үндсэн дээр тэдгээр нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээ авсан байна.
Нэхэмжлэгч “...Mиний нөхөр асан Х.Ухнаа, хүү У.Ганхуяг, охин У.Отгонзул, У.Туул нарын эзэмшиж байсан Баянбулагийн 3-38, 3-39, 3-40, 3-41 тоот газрыг хашаа барьж, сахиул буулган, сар бүр хөлс төлж, мөн зарим нэг аж ахуйн үйл ажиллагаа явуулах, бараа хадгалах зэргээр бодитойгоор эзэмшиж байхад хэдэн сарын өмнөөс өөрийгөө Баяраа гэж танилцуулсан хүн ирж газар чөлөөлөхийг шаардсан. Газрын албанаас энэ талаар тодруулахад, та нарт бусдын газартай давхцуулан газар олгосон байна гэсэн. Газар эзэмших эрхээ хууль ёсоор олж авсан бидний ашиг сонирхлыг зөрчиж, үл ойлголцох байдалд хүргэж, амар тайван амьдрах боломжгүй болголоо...” гэж маргажээ.
Гэтэл маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/309 дүгээр захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 2 гудамж 37 тоотод иргэн М.Баярбилэг, 37а тоотод иргэн Г.Төмөрбаатар, 37б тоотод иргэн Т.Ганчимэг нарт тус бүр амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн 700 м.кв газарт нь Газрын тухай хуулийг зөрчиж давхардуулан газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн иргэн У.Отгонзул, У.Ганхуяг, У.Туул, Х.Ухнаа нарт холбогдох хэсэг, тэдгээрийн газар эзэмших эрхийн 0215213, 0215214, 0215215, 0215216 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх”-ээр зохицуулсан хэдий ч Х.Ухнаа, хүү У.Ганхуяг, охин У.Отгонзул, У.Туул нар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан эсэх нь тодорхойгүй байна.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар Х.Ухнаад тус дүүргийн 11 дүгээр хороо Баянбулагийн 3-38 тоотод, У.Ганхуягт Баянбулагийн 3-39 тоотод, У.Туулд Баянбулагийн 3-40 тоотод, У.Отгонзулд Баянбулагийн 3-41 тоотод тус тус 492 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ гуравдагч этгээд М.Баярбилэг, Г.Төмөрбаатар, Т.Ганчимэг нарын эзэмшил газартай давхацуулан иргэн Х.Ухнаа, У.Отгонзул, У.Ганхуяг, У.Туул нарт газар эзэмших гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчжээ.
Учир нь, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 1865307891409 дугаар бүхий газар Г.Төмөрбаатарын, нэгж талбарын 18657307916389 дугаар бүхий газар Т.Ганчимэгийн, нэгж талбарын 18657307943367 дугаар бүхий газар М.Баярбилэгийн нэр дээр бүртгэгдсэн байх ба уг сан дахь Г.Төмөрбаатарын газар нь Х.Ухнаагийн газартай 492 м.кв-аар, У.Ганхуягийн газартай 166 м.кв-аар, Т.Ганчимэгийн газар нь У.Ганхуягийн газартай 326 м.кв-аар, У.Отгонзулын газартай 323 м.кв-аар, М.Баярбилэгийн газар нь У.Отгонзулын газартай 170 м.кв-аар, У.Туулын газартай 492 м.кв-аар давхцалтай болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2/1438 тоот албан бичгээр, мөн тухайн үед гэр хорооллын суурьшлын бүс эхлэх үед хаягийг замбараагүй олгож байснаас нэг газрыг өөр өөр хаягаар эзэмшүүлж байсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон тул “...хаяг өөр байгаагаас үзэхэд газар давхардсан гэж харагдахааргүй байдаг. Харин Баянбулагийн 2-37, 2-37а, 2-37б, 2-37в гэх мэт өөр өөр хаягаар захирамж гарсан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.
Нэхэмжлэгчээс “гуравдагч этгээд нь 2010, 2013 онд 342 дугаар захирамжийг хүчингүй болгохоор шүүхэд хандаж, шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хүлээн авахаас татгалзсан байхад гомдлыг дахин 6 жилийн дараа хүлээн авч нэхэмжлэгч нарт холбогдох захирамжийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн” гэх гомдол гаргасан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол...Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/309 дүгээр захирамжаар Х.Ухнаа, У.Отгонзул, У.Ганхуяг, У.Туул нарт газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн тэдгээрт холбогдох хэсгийг хүчингүй болгосон талаар захиргааны байгууллага нэхэмжлэгчид мэдэгдээгүй боловч шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий актыг мэдсэн үеэс нэхэмжлэл гаргасныг шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзээгүй байна.
Түүнчлэн “аль 2008 онд газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн газрын давхардлын асуудлыг захиргааны байгууллага нягталж шалгах үүргээ биелүүлээгүй” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй хэдий ч Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасанчлан иргэд хооронд үүссэн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ газар давхцуулан олгосон үндэслэлээр Х.Ухнаа, У.Отгонзул, У.Ганхуяг, У.Туул нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцжээ.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН