Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2023/01253

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 20 182/ШШ2023/01253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 20 дугаар байр, 2 тоот хаягт оршин суух, С.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 05 дугаар хороо, Нисдэг машин төвийн 4 давхарт 412 тоот хаягт байрлах,НСФ ББСБ ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:

2019 оны 08 сарын 23-ны өдрийн 1360010111 тоот зээлийн гэрээг цуцлах тухай үндсэн нэхэмжлэл, гэрээний үүрэгт 12,563,016 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь*******-тай 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 1360010111 тоот зээлийн гэрээгээр 5,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 4,5 хувийн хүүтэй төлөхөөр авсан. Мөн өдөр эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх 1360010111 тоот гэрээ байгуулан 1129 УБП улсын дугаартай тоёота алфард маркын тээврийн хэрэгслийг*******-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэсэн.

Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж дуусгасан гэж үзэж байна. Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж байсан боловч хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд бидний хооронд байгуулагдсан 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 1360010111 тоот зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэв.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

******* нь харилцан тохиролцож байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэх талаар манай байгууллагаас мэдэгдсэн боловч өнөөдрийг хүрээд байна. Тус зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12,563,016 төгрөг болоод байна.

Манай компани холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцдог, иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Ньюстар финанс ББСБ ХХК нь *******тай 2019 оны 08 сарын 23-ны өдөр 1360010111 тоот зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 5,500,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэтэл С.Сэргэлэнбаатар нь зээлийн төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж барагдуулахгүй элдэв шалтаг шалтгаан хэлж нэмэлт хугацаа авч байсан боловч өөрийнхөө хэлсэн хугацаанд болон биднээс тогтоож өгсөн хугацаанд төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрлээ.

Энэ хугацаанд нийт 4 удаагийн төлбөрөөр 3,173,300 төгрөг төлсөн байдаг ба үндсэн зээлд 1,940,364 төгрөг, хүү 1,232,936 төгрөг болж байна. Иймд үндсэн зээл 5500000 төгрөгөөс төлсөн 1940364 төгрөгийг хасахад үндсэн зээл нь 3,559,640 төгрөг болж байна. Харин зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хүү 5,597,775 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,405,601 төгрөг, нийт 12,563,016 төгрөгийн тооцоололтой байна.

 

Талууд үүргийн гүйцэтгэл хангах зорилгоор 2019 оны 08 сарын 23-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай 1360010111 тоот гэрээ байгуулж, *******ын өмчлөлийн 1129 УБП улсын дугаартай тоёота алфард маркийн автомашин барьцаалж, эзэмших эрхийг Ньюстар финанс ББСБ ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн.

******* тус автомашиныг өөрийн эзэмшилд байлгахаар тохиролцсон бөгөөд манай компанид шилжүүлж өгөхийг удаа дараа шаардахад тэрээр хөдөө газар моторыг нь цохиулж орхисон гэсэн. Хариуцагч нь зээлийн төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд тус автомашины эзэмших эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

Иймд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгБанк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.1 дэх хэсэг, 21.1 дэх хэсэг болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу С.Сэргэлэнбаатараас үндсэн зээл 3,559,640 төгрөг, хүү 5,597,775 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,405,601 төгрөг, нийт 12,563,016 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагагүй тул энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэв.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзлыг дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч *******ын хувьд зээлээ бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Нью стар финанс ББСБ ХХК нь гэрээг цуцлахгүй байсан тул гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага 3,559,640 төгрөгийн үлдэгдэлийг яаж тооцсон, хүү нэхэмжилсэн 5,597,000 төгрөг нь ямар хугацааг хамарч байгаа, нэмэгдүүлсэн  хүү 20 хувь гэсэн нь хэдэн төгрөгөөс тооцсон нь тус тус тодорхойгүй байна.

Гэрээг 12 сар буюу нэг жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дууссан тул уг гэрээ дуусгавар болсон эсвэл сунгагдсан эсэх нь тодорхой бус тул нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байсан.

Харин шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6,191,775 төгрөг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2,326,700 төгрөг, хүү 2,970,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 594,000 төгрөг болж байгаа ба энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.08.23-ны өдрийн №1360010111 дугаар Зээлийн гэрээ-ний хуулбар, 2019.06.23-ны өдрийн №1360010111 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ийн хуулбар, *******ын зээлийн мэдээлэл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /хх-ийн 2-9, 23/

6. Хариуцагчаас нотлох баримтаар: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, /хх-ийн 12-14, 17-20/

7. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: 2019.08.23-ны өдрийн мемориалын баримт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.23-ны өдрийн 183/ШЗ2021/02186 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2021.10.06-ны өдөр Ньюстар финанс ББСБ ХХК-д *******ын гаргасан тайлбар, Ньюстар финанс ББСБ ХХК-д Б.Алтанхуягийн гаргасан хүсэлт, 11-29 УБП тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, *******ын харилцагчийн дансны хуулга, дуудлагын түүх, Ньюстар финанс ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, *******ын зээлийн дэлгэрэнгүй мэдээллийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбатын тайлбар, /хх-ийн 53-63/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-д холбогдуулан 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 1360010111 тоот зээлийн гэрээг цуцлах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 12,563,016 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байгаа ба үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

Нью стар финанс ББСБ ХХК, нэхэмжлэгч ******* нарын хооронд 2019 оны 08 сарын 23-ны өдөр 1360010111 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 5,500,000 төгрөгийг нэг сарын 4,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваариараар төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх3-4/

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь эрх бүхий этгээд болох нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Тусгай зөвшөөрлийн ТЗ 101/537 тоот гэрчилгээ, хуулийн этгээдийн 0000118521 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх12,61/

 

Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээл олгохдоо зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлж, мөн зээл олгох хэлбэрийг зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн данс нээж, зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдснээр зээл олгосонд тооцно.

 

Нью стар финанс ББСБ ХХК нь нэхэмжлэгч *******ын нэр дээр 2019 оны 08 сарын 23-ны өдөр 1360010112 тоот зээлийн данс нээж, тухайн дансаар гэрээний үнийн дүн 5,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь харилцагчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх59/

 

 Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч *******ын үүргээ гүйцэтгээгүй үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 

Талууд 2019 оны 08 сарын 23-ны өдөр гэрээгээр эргэн төлөх хуваарийг 2019 оны 09 сарын 23-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар тутам 603,288 төгрөгийг тогтмол төлөхөөр тохиролцсон ба зээлдэгч ******* нь 2019 оны 09 сарын 22-ны өдөр 603,300 төгрөг, 2019 оны 11 сарын 04-ны өдөр 638,000 төгрөг, 2019 оны 11 сарын 24-ний өдөр 612,000 төгрөг, 2020 оны 01 сарын 31-ний өдөр 1,320,000 төгрөг, нийт 4 удаагийн төлөлтөөр 3,173,300 төгрөг төлсөн болох харилцагчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх59/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх ба үүрэг гүйцэтгүүлэгч болох банк бус санхүүгийн байгууллага нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн болох нь дээрх баримтаар тогтоогдсон, түүний буруугаас гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүсээгүй байх тул энэ талаар шаардлага гаргасан *******ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 08 сарын 23-ны өдрийн гэрээ нь 12 сарын хугацаатай, гэрээний хугацаанд *******ын төлсөн 3,173,300 төгрөгийн тооцооллыг нэхэмжлэгч Нью стар финанс ББСБнь үндсэн зээлд 1,940,364 төгрөг, хүү 1,232,936 төгрөг гэж тайлбарлаж байна.

 

Гэрээний хугацаа 2020 оны 08 сарын 23-ны өдөр дууссан, талууд гэрээний хугацааг сунгаагүй мөн тус гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг тохирсон гэх зүйл хэсэг байхгүй байх тул нэхэмжлэгч нь энэ талаар шаардлага гаргах эрхгүй байна.

 

Иймд хариуцагч ******* нь гэрээний үндсэн төлбөр 5,500,000 төгрөгөөс төлсөн 1,940,364 төгрөгийг хасаж 3,559,636 төгрөг, хүүнд нэг сарын 247,500 төгрөг, 12 сарын хүү 2,970,000 төгрөг төлөхөөс түүний төлсөн 1,232,936 төгрөгийг хасаж 1,737,064 төгрөг, нийт 5,296,700 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дүгээр зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заажээ.

 

Гэтэл гэрээний 2.5-д хоног тутам 20 хувийн нэмэгдүүлсэн хүү гэж заасан нь үндэслэлгүй байх хэдий ч зээлдэгч нь хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул төлөгдөөгүй үндсэн хүү болох 1,737,064 төгрөгийн 20 хувиас хэтрэхгүй 347,412 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Дээрх тооцоололоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 3,559,636 төгрөг, хүү 1,737,064, нэмэгдүүлсэн хүү 347,412 төгрөг, нийт 5,644,343 төгрөгийг хангаж, хүү 4 364 839 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 058 189 төгрөг нийт 7 423 028 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Гэрээний талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг 2019 оны 08 сарын 23-ны өдөр байгуулжээ. Уг гэрээгээр талуудын байгуулсан 1360010111 тоот зээлийн гэрээний үүргийн хангуулах, төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэх баталгаа болгон үүрэг хүлээлэгчийн өмчлөлд байгаа хөрөнгийг үүрэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор *******ын эзэмшлийн 1129 УБП улсын дугаартай, алфард маркын тээврийн хэрэгслийг Нью стар финанс ББСБ ХХК-ийн эзэмшилд бүртгэсэн болох нь талуудын тайлбар, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэлээр тогтоогдож байна. /хх57/

 

Уг тээврийн хэрэгсэл нь хариуцагч *******ын эзэмшилд байгаа ба нэхэмжлэгч******* нь фидуци гэрээгээр бүртгэсэн уг тээврийн хэрэгслээр үүрэг хангуулах шаардлага гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

  Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Нью стар финанс ББСБ ХХК-д холбогдох 2019 оны 08 сарын 23-ны өдөр 1360010111 тоот зээлийн гэрээ-г цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч *******аас үндсэн зээл 3,559,636 төгрөг, хүү 1,737,064, нэмэгдүүлсэн хүү 347,412 төгрөг, нийт 5,644,343 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Нью стар финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 3,860,711 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,058,189 төгрөг, нийт 6,918,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нью стар финанс ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 215,959 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас тэмдэгтийн хураамжид 105,259 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нью стар финанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН