Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01327

 

 

  

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01327

 

 

С.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/01253 дугаар шийдвэртэй, С.С-ын нэхэмжлэлтэй Н ХХК-д холбогдох зээлийн гэрээг цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 12,563,016 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие нь Н ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1360010111 тоот зээлийн гэрээгээр 5,500,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 1 сарын 4.5 хувийн хүүтэй төлөхөөр авсан. Мөн өдөр эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх 1360010111 тоот гэрээ байгуулан **-** УБП улсын дугаартай Тоёота А маркийн тээврийн хэрэгслийг Н ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэсэн. Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж дуусгасан гэж үзэж байна. Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж байсан боловч хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Иймд бидний хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1360010111 тоот зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: С.С нь харилцан тохиролцож байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэх талаар манай байгууллагаас мэдэгдсэн боловч өнөөдрийг хүрээд байна. Тус зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12,563,016 төгрөг болоод байна. Манай компани холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцдог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Н ХХК нь С.С тай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1360010111 тоот зээлийн гэрээ байгуулж, 5,500,000 төгрөгийг, сарын 4.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл С.С зээлийн төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж барагдуулахгүй элдэв шалтаг шалтгаан хэлж нэмэлт хугацаа авч байсан боловч өөрийн хэлсэн хугацаа болон биднээс тогтоож өгсөн хугацаанд төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд 4 удаа 3,173,300 төгрөг төлсөн ба үндсэн зээлд 1,940,364 төгрөг, хүү 1,232,936 төгрөг болж байна. Иймд үндсэн зээл 5,500,000 төгрөгөөс төлсөн 1,940,364 төгрөгийг хасахад үндсэн зээл 3,559,640 төгрөг болно. Харин зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хүү 5,597,775 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,405,601 төгрөг, нийт 12,563,016 төгрөгийн тооцоололтой байна.

Талууд үүргийн гүйцэтгэл хангах зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай 1360010111 тоот гэрээ байгуулж, С.С-ын өмчлөлийн **-** УБП улсын дугаартай Тоёота А маркийн автомашин барьцаалж, эзэмших эрхийг Н ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн. С.С тус автомашиныг өөрийн эзэмшилд байлгахаар тохиролцсон бөгөөд манай компанид шилжүүлж өгөхийг удаа дараа шаардахад тэрээр хөдөө газар моторыг нь цохиулж орхисон гэсэн. Хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд тус автомашины эзэмших эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

Иймд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.1, 21.1 дэх хэсэг болон бусад холбогдох хуульд заасны дагуу С.С-аас үндсэн зээл 3,559,640 төгрөг, хүү 5,597,775 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,405,601 төгрөг, нийт 12,563,016 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагагүй тул энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч С.С-ын хувьд зээлээ бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Н ХХК нь гэрээг цуцлахгүй байсан тул гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 3,559,640 төгрөгийг яаж тооцсон, хүү 5,597,000 төгрөг ямар хугацааг хамарч байгаа, нэмэгдүүлсэн хүү 20 хувь гэсэн нь хэдэн төгрөгөөс тооцсон нь тодорхойгүй. Гэрээг 12 сар буюу нэг жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дууссан, уг гэрээ дуусгавар болсон эсвэл сунгагдсан эсэх тодорхой бус тул нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй байр суурьтай байсан. Харин шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6,191,775 төгрөг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2,326,700 төгрөг, хүү 2,970,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 594,000 төгрөг болж байгаа ба энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК-д холбогдох 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1360010111 тоот зээлийн гэрээ-г цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч С.С аас үндсэн зээл 3,559,636 төгрөг, хүү 1,737,064, нэмэгдүүлсэн хүү 347,412 төгрөг, нийт 5,644,343 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 3,860,711 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,058,189 төгрөг, нийт 6,918,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.С-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 215,959 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.С аас тэмдэгтийн хураамжид 105,259 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх С.С-аас үндсэн зээлийн төлбөр 3,559,636 төгрөг, 1,737,064 төгрөгийн хүү, 347,412 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 5,644,343 төгрөгийг Н ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь

6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дууссан, талууд гэрээний хугацааг сунгаагүй мөн тус гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг тохирсон зүйл хэсэг байхгүй байх тул нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргах эрхгүй байна..." гэсэн нь 1995 оны Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасныг зөрчиж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байхаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Иймд Ньюстар финанс ББСБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 12,563,016 төгрөгийг С.С аас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талууд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 4,5 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцсон. С.С 3,173,300 төгрөг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байна, хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 2. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1360010111 тоот зээлийг гэрээг цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,559,640 төгрөг, зээлийн хүү 5,597,775 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,405,601 төгрөг, нийт 12,563,016 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Талууд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1360010111 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Н ХХК нь 5,500,000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлэх, С.С нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцлийг тус тус харилцан тохиролцжээ.

3.2. Мөн өдөр талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/ байгуулж, нэхэмжлэгч С.С нь **-** УБП улсын дугаартай Тоёото А маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Н ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

3.3. Зээлдүүлэгч Н ХХК-аас зээлдэгч С.С-ын өмчлөлд 2019 оны 08 дугаар сарын 23ы өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 5,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч С.С нь зээлийн эргэн төлөлтөд 3,173,300 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй.

 4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

 5. Гэрээг цуцлах нь талуудын хүсэл зоригийн дагуу гэрээний харилцааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох ойлголт юм. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн гэрээг цуцлуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 6. Хариуцагч Н ХХК нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч С.С аас шаардах эрхтэй тул нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,559,636 төгрөг, зээлийн хүү 1,737,064 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 347,412 төгрөг, нийт 5,644,343 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

7. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана. гэж заасан байна.

 Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг тухайлан тохиролцоогүй тул хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/01253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН