Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2023/01280

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 24 182/ШШ2023/01280

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил махатма Ганди гудамж, 107 дугаар байр, 62 тоот хаягт оршин суух, Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, финанс төв, ЭТ ХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх,

ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээний үр дүнгийн урамшуулал 6 сараар тооцоход 34,140,000 төгрөг, 

цар тахлын үеэр нарийн бичгийн даргаар ажилласан 22 сарын цалин 125,180,000 төгрөг, нийт 193,460,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиун ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, О.Бадамжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч тал үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь*******-д 2013 оны 02 сарын 18-ны өдөр ажилд ороод 2022 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан. 2021 оны 07 сарын 19-ний өдөр захирлын тушаалаар Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон 221/106 тоот хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.

Энэ хугацаанд сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн асуудал үүсгэж байгаагүй.

Харин ажиллаж байх хугацаанд өөрийн чадвар чадлаа ашиглан Хүний нөөцийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж Даш Хүр буюу Хүний нөөцийн нэгдсэн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, менежментийн багийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон, иргэн бүрд боломж олгох зорилгоор нээлттэй ажлын өдөрлөгийг Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулж, нээлттэй сонгон шалгаруулалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, ил тод байдлаар хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийж, хүний нөөцийн өдөр тутмын баримт бичгийн дагуу төлөвлөгөө, стратеги гарган ажилласан. Нэгдсэн Үндэстний байгууллага болон Эрдэнэс баялаг эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран хүний эрхийн магадлан шинжилгээг хийсэн. Магадлан шинжилгээний дагуу Уул уурхайн салбарт хөдөлмөрийн харилцаагаар анхны баримтат кино хийж, хийсэн ажлаа үнэлүүлэн 2013, 2020 онуудад компанийн шилдэг ажилтан, хөдөлмөрийн хүндэт медаль, Нийгмийн хамгааллын яамны жуух бичгээр тус тус шагнуулж байсан.

Дэлхийн улс орныг хамарсан цар тахлын үеэр 2 жилийн хугацаанд 24 цагаар тасралтгүй ажиллаж, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

Энэхүү ажилдаа чин сэтгэлээсээ шударга, ажил хэрэгч хандаж, бүхий л амралтын цагаа ажилдаа зориулж, цаашдаа ч тогтвортой ажиллана гэсэн зорилготой байсан тул банкнаас 150.000.000 төгрөг мөн 23.000.000 төгрөгийн зээл авсан байдаг мөн бага насны 2, өсвөр насны 1 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болно.

Гэтэл Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 сарын 28-ны өдөр Б/129 тоот тушаалаар хөдөлмөрийн хуулийн нарийвчилсан зохицуулалтгүйгээр үндэслэлгүйгээр ажлаас халсан. Энэхүү Б/129 тоот тушаал нь дараах хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2-т Онцгой дэглэмээр ажиллах газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн Ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино гэж, Ардчилсан нийгмийн зарчим, хуульд нийцсэн байх ёстой гэж, 2.1-т үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгууллагын бүтэц, үүргийг тогтоох бүх шатны удирдах ажилтныг томилох гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолд Эрдэнэс Таван толгой ХК-ний талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 3 дугаар зүйлд: Онцгой дэглэмийн хугацаанд Эрдэнэс Таван толгой ХК-ний үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараах албан тушаалтанд даалгасугай. 3.1-т компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол гэж заасан. Нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад олгосугай гэж заасан.

Гэтэл энэ тогтоол болон Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1991 оны 1, 2 дугаар зүйлд чөлөөлөх гэсэн талаар үг, үсэг хуульд байхгүй байна.

Тушаалд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлага гэсэн талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна. Мөн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөхдөө компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдээгүй, өөрчлөлт хийх нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзэж байна. Энэ тогтоолын 3.1-т заасны дагуу компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлага бий болсон гэдэг нь нотлогдохгүй байна.

Иймд *******г ажлаас халсан дээрх тушаал үндэслэлгүй байх тул ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр дуусах хүртэл хугацаагаар гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан ба энэ тооцоолол нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаарын тушаалыг үндэслэж, 87.725.547 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Харин *******г ажлаас үндэслэлгүй халагдсаны дараа 2022 оны 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал гарсан байдаг. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ажилд эгүүлэн тогтоолгосон шүүхийн шийдвэр гарсаны дараа нотлох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй байх тул энэ шаардлагыг багасгаж байна гэв.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, эвлэрэх эрхтэй бөгөөд ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээний үр дүнгийн урамшуулал 6 сараар тооцоход 34,140,000 төгрөг, цар тахлын үеэр нарийн бичгийн даргаар ажилласан 22 сарын цалин 125,180,000 төгрөг, нийт 193,460,000 төгрөг гаргуулах шаардлагыг багасгасан нь түүний эрх гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, компанийг бүрэн төлөөлөх онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон үйл ажиллагаа явуулж байна. Тус тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-3.5 дах хэсэгт заасан арга хэмжээг онцгой дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлэхийг Бүрэн эрхт төлөөлөгчид Засгийн газраас даалгаж, бүрэн эрх олгосон байна. 

Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн Б/1298 тоот тушаалаар *******г үүрэгт ажлаас чөлөөлсөн, уг тушаал нь Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох" болон Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан "...шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх" гэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн болно.

Онцгой дэглэм тогтоосон үед аливаа компани, байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй нийтлэг баримталдаг хууль тогтоомжуудын заалтыг хэрэглэхгүй гэж ....хуульд заасан тул энэхүү тушаал нь хууль зөрчөөгүй, хуульд заасан арга хэмжээг авсан болно.

Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолоор бүрэн эрхт төлөөлөгчид өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг хангуулах хүрээнд компанийн хэмжээнд тодорхой ажлууд зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. 

Хууль болон тогтоолд шаардлагатай гэж үзэх урьдчилсан нөхцөлийг зааж өгсөн байдаг ба энэ нь компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байх мөн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн байх гэсэн тохиолдол хамаарна.

Нэхэмжлэгч ******* нь Компанийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн даргын ажил албан тушаал эрхэлж байсан, түүний хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан "Компанийн хүний нөөцийн удирдлагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах" зорилтын хүрээнд ажлын байрны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, хүний нөөцийн тушаалын төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, хөдөлмөрийн харилцааг зохион байгуулах үүрэгтэй байсан. Энэхүү чиг үүргээ гүйцэтгэх явцдаа дараах алдаа дутагдал гаргасныг Бүрэн эрхт төлөөлөгч ажил үүргээ хангалтгүй биелүүлж, компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гэж үзсэн болно.

Хуульд заасан шаардлагатай байдлыг *******гийн үйлдлийг сайтар шалгасаны эцэст дүгнэлтээ гаргасан. Тухайлбал:  Ажилтан Ж.Энхнаран нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан мэтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал гаргасан ба уг тушаал үндэслэлгүй болох нь шүүхээр тогтоогдож, компанид 5,000,000 гаруй төгрөгийн хохирол учруулсан.

Компанийн бүтцийн өөрчлөлт нэрээр хувийн ашиг сонирхлоор, дур зоргоор ажилтнуудтай харилцаж, хандсан тухай гомдлыг Эрсдэл, стандарт үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Үүрийнтуяа, ажилтан А.Алтандүү нар гаргасан.

 Ажилтанд олгодог мэргэшсэн зэргийн нэмэгдлийн олгохдоо ялгавартай байдлаар хандсан өргөдөл гомдлыг нэр бүхий ажилтнууд гаргасан.

Компанийн нууцад хамаарах асуудлыг хариуцсан нэгж, ажилтан байхад өөрт давуу байдал үүсгэх замаар сар бүр үндсэн цалингийн 20 хүртэл хувиар нэмэгдэл авах тушаалыг гаргуулсан. 

2022 оны 4-5 сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулсан "Нээлттэй ажлын байрны өдөрлөг"-ийн үеэр Уурхайд ажилтан сонгон шалгаруулахдаа ажил орохоор хүсэлт гаргасан иргэдээс "Ажилд оруулж өгнө гэж мөнгө авсан байж болзошгүй мэдээлэл ирснийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан бөгөөд тус газраас эрүүгийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдож байна.

Иймд *******гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: 2021.07.09-ний өдрийн №2021/107 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбар, Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2022.10.28-ны өдрийн Б/1298 дугаар *******г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, *******гийн ажлыг хүлээлцүүлэх комиссын гишүүдийн бүрэлдэхүүний хуулбар, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2022.11.09-ний өдрийн Т-22/01 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2022.11.02-ны өдрийн 3/2749 дугаар Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын албан тоот, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2021.08.16-ны өдрийн А/250 дугаар Эрдэнэс тавантолгой ХК-ийн Шуурхай штабын чиг үүрэг, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, Шуурхай штабын чиг үүрэг, Шуурхай штабын бүрэлдэхүүн, *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааны тодорхойлолт, нэхэмжлэлийн нэмэгдүүлж, тодруулсан шаардлага, итгэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /1хх-ийн 3-14, 31, 63-73, 163, 213-214, 2хх-ийн 25-26/

Хариуцагч талаас нотлох баримтаар: итгэмжлэл, 2022.11.22-ны өдрийн 01/2439 дугаар Эрдэнэс тавантолгой ХК-иас Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлын хуулбар, 2022.12.23-ны өдрийн 06/17805 дугаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Эрдэнэс тавантолгой ХК-д хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2022.12.20-ны өдрийн А/752 дугаар Эрдэнэс тавантолгой ХК-ийн Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай захирлын тушаал, 2022.12.20-ны өдрийн А/753 дугаар Эрдэнэс тавантолгой ХК-ийн Ажилтнуудад шагналт цалин олгох тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2020.10.23-ны өдрийн Эрдэнэс тавантолгой ХК-ийн №ЭТТ-2018/140-2 дугаар Захиргаа үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 2022.10.26-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын Эрдэнэс тавантолгой ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын хуулбар, 2022.03.16-ны өдрийн №G/2022/0087 дугаар Хөдөлмөрийн гэрээ-ний хуулбар, Ажлын байрны тодорхойлолтын хуулбар, 2022.10.28-ны өдрийн Эрдэнэс тавантолгой ХК-ийн Б/1298 дугаар *******г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2021.04.23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 104 дүгээр тогтоолын хуулбар, 2022.01.12-ны өдрийн Эрдэнэс тавантолгой ХК-ийнАжил хавсран гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022.05.25-ны өдрийн Эрдэнэс тавантолгой ХК-ийн Ж.Энхнарантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/506 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022.08.08-ны өдрийн Эрдэнэс тавантолгой ХК-ийн Б/832 дугаар Ж.Энхнаранг ажилд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2018.07.26-ны өдрийн Эрдэнэс тавантолгой ХК-ийн Нууцын ажилтнаар томилох тухай Б/323 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, *******гийн цалин хөлсний лавлагааны хуулбар, 2022.11.13-ны өдрийн өргөдөл, 2022.11.16-ны өдрийн А.Алтандүүгийн өргөдөл, Б.Оюунням, С.Мандахтуяа нарын 2022.11.03-ны өдрийн хүсэлтийн хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар, 2023.02.14-ний өдрийн*******-ийн ажлын хэсгийн дүгнэлт, 2023.03.06-ны өдрийн А/75 дугаар Итгэмжлэл олгох тухай*******-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн тушаалын хуулбар, 2022.08.12-ны өдрийн А/487 дугаар Ажлын цаг ашиглалтын журам-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай*******-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022.09.19-ний өдрийн А/583 дугаар Тушаал шинэчлэн батлах тухай*******-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022.11.18-ны өдрийн А/713 дугаар Тушаал хүчингүй болгох тухай*******-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, *******гийн цалин хөлсний лавлагааны хуулбар, 2019.06.21-ний өдрийн Б/456 дугаар *******г ажилд томилох тухай*******-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2020.07.08-ны өдрийн Б/659 дугаар *******г ажилд томилох тухай*******-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2021.07.09-ний өдрийн Б/413 дугаар *******г ажилд томилох тухай*******-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022.10.25-ны өдрийн А/677 дугаар Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай*******-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2021.06.29-ний өдрийн 28 дугаар Компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай*******-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар,*******-ийн зохион байгуулалтын бүтцийн хуулбар, 2021.06.30-ны өдрийн А/183 дугаар Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай*******-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар,*******-ийн дүрмийн хуулбар, 2022.03.16-ны өдрийн А/124 дугаар Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах журам*******-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар,*******-ийн гүйцэтгэх захирлын 2022.05.25-ны өдрийн А/288 тоот Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.01.24-ний өдрийн А/22 дугаар тоот Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар, Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчийн 2023.01.24-ний өдрийн А/22 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт,*******-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчийн 2023.01.24-ний өдрийн А/22 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар,*******-ийн гүйцэтгэх захирлын 2018.12.19-ний өдрийн А/462 дугаар Журам батлах тухай тушаалын хуулбар,*******-ийн гүйцэтгэх захирлын 2019.04.05-ны өдрийн А/198 дугаар Журамд өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, /1хх-ийн 16, 22-23, 43-54, 83-104, 156, 165-178 ,238-250, 2хх-ийн 1-21, 27-33/

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: 2023.02.07-ны өдрийн 02/221 дугаар*******-ийн албан тоот, 2022.07.01-ний А/394 дугаар Компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар,*******-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын нэгдүгээр хавсралтын хуулбар, 2022.07.01-ний өдрийн А/394 дугаар*******-ийн Компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ажилтанд цалин хөлс олгох журмын нэгдүгээр хавсралтын хуулбар, 2021.08.16-ны өдрийн А/250 дугаар*******-ийн Шуурхай штабын чиг үүрэг, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, шуурхай штабын чиг үүргийн хуулбар, шуурхай штабын бүрэлдэхүүний хуулбар, 2020.03.23-ны өдрийн А/91 дугаар Түр журам батлах тухай Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2020.02.21-ний өдрийн А/55 дугаар Шуурхай удирдлагаар хангах штаб байгуулах тухай*******-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Шуурхай удирдлагаар хангах штабын бүрэлдэхүүний хуулбар, 2020.11.12-ны өдрийн А/328 дугаар Шуурхай штабын бүрэлдэхүүнийг батлах тухай Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар,*******-ийн хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн үйл ажиллагааны 2022 оны жилийн эцсийн тайлангийн хуулбар, 2023.02.27-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадамжаргалын баримтын талаар ирүүлсэн тайлбар, 2022.12.06-ны өдрийн А/733 дугаар Ажилтнуудыг сургалтанд хамруулах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022.12.06-ны өдрийн А/733 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын хуулбар, 2022.12.06-ны өдрийн А/733 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын хуулбар, *******гийн цалин хөлсний лавлагааны хуулбар, *******гийн ирцийн мэдээлэл, 2023.03.20-ны өдрийн 03/4468 дугаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан тоот /1хх-ийн 75-80, 107-153, 204/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх,

ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээний үр дүнгийн урамшуулал 6 сараар тооцоход 34,140,000 төгрөг, 

цар тахлын үеэр нарийн бичгийн даргаар ажилласан 22 сарын цалин 125,180,000 төгрөг, нийт 193,460,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1хх-ийн 63, 163/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй болохыг хуулиар олгожээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээний үр дүнгийн урамшуулал 6 сараар тооцоход 34,140,000 төгрөг, цар тахлын үеэр нарийн бичгийн даргаар ажилласан 22 сарын цалин 125,180,000 төгрөг, нийт 193,460,000 төгрөг гаргуулах шаардлагыг багасгаж,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг дэмжсэн тайлбарыг гаргасан. /2023 оны 04 сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/

Иймд шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр томилж оролцох эрхтэй, нэхэмжлэгч 2023 оны 04 сарын 17-ны өдрийн итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиуныг томилж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг олгосон байна. /1хх-ийн 213/

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолоор хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон улмаар Монгол Улсын Их хурлын 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тус компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгажээ. /1хх-ийн 85/

Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 01/2505 тоотоор О.Бадамжаргалыг, 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 01/285 тоотоор Х.Эрдэнэцогтыг төлөөлөгчөөр тус тус томилсон байх ба дээрх төлөөлөл нь хуулийн шаардлага хангасан байна. /1хх-ийн 16, 156/

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-д ...Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн өмнөх шатанд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ажил олгогчийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн Б/1298 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд Эрдэнэс тавантолгой ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан байх ба талууд харилцан тохиролцоогүй байна.

Мөн тус дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 3/2749 тоотоор тогтоогдож байна. /1хх-ийн 12/

Иймд талуудын хөдөлмөрийн эрхийн маргаан урьдчилан шийдвэрлэгдсэн байх ба шүүхийн өмнөх шатанд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, хэргийг хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Засгийн газрын тогтоолоор бүрэн эрхт төлөөлөгчид ажилтныг ажлаас чөлөөлөх эрх олгоогүй, Б/1298 тоот тушаалд хөдөлмөрийн хуулийн зохих зүйлийг баримтлаагүй, компанийн бүтэц өөрчлөгдөөгүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж,

Хариуцагч татгалзлын тайлбараа...Хууль болон тогтоолоор онцгой бүрэн эрхт төлөөлөгчид олгосон эрхийн хүрээнд нийтлэг баримтлах хууль хэрэглэхгүйгээр ажлаас чөлөөлсөн...бүтцийн өөрчлөлт ороогүй хэдий ч ажилтан нь ажил үүргээ хангалтгүй биелүүлж, компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон энэ нь тогтоолд заасан шаардлагатай гэсэн үндэслэлд хамаарах тул тушаал үндэслэлтэй гэж маргаж байна.

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирлын 2021 оны 07 сарын 09-ний өдрийн Б/413 тоот тушаалаар *******г хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн даргаар томилж, талууд мөн өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж, ажилтан ажил үүргээ гүйцэтгэж, ажил олгогч цалин хөлс олгосноор тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсчээ. /1хх-ийн 3-5, 178/

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж заасантай нийцэж байна.

Эрдэнэс Тавантолгой ХК хаалттай хувьцаат компани нь 2010 онд үүсгэн байгуулагджээ. /1хх-ийн 54/

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолоор Эрдэнэс Таван толгой ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд компаний үндсэн үйл ажилллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилжээ. /1хх-ийн 85/

Дээрх тогтоолоос үзэхэд*******-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь бүрэн эрхт төлөөлөгч байх ба тэрээр 2022 оны 10 сарын 28-ны өдрийн Б/1298 тоот тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.

5. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн Б/1298 тоот тушаалд...Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн Засгийн газрын Онцгой дэглэм бүхий компаний бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга *******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Зохигч талууд Б/1298 тоот тушаалын үндэслэлийн талаар бүхэлд нь маргаж байна.

Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд... Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгожээ.

Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Эрдэнэс Тавантолгой ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд компаний үндсэн үйл ажилллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилж, ...компаний бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг ... Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгажээ. /1хх-ийн 85/

Тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 сарын 29-ний өдрийн 28 тоот тогтоолоор компаний орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан ба Захиргаа удирдлагын газарт Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэс, тус хэлтсийн даргын орон тоо нэг, мөн компаний захирлын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/183 тоот тушаалаар төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтын шинэчлэн батлахад Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэс, даргын орон тоо нэг, мөн 2022 оны 05 сарын 25-ны А/288 тоот тушаалаар төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтын шинэчлэн батласан ба Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэс, хэлтсийн даргын орон тоо нэг байхаар тус тус батлагдсан байна. /1хх-ийн 242-246 ,2хх-ийн 16/

Засгийн газрын 385 тогтоолоор бүрэн эрхт төлөөлөгчид олгосон эрхийн хүрээнд компаний бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх талаар заасан байх хэдий ч тус компаний бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөөгүй мөн нэхэмжлэгч *******гийн ажиллаж байсан хэлтэс, хэлтсийн даргын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа гэж хариуцагч тал тайлбарласан ба энэ нь хэргийн дээрхи баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал компаний бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөөгүй хэдий ч нэхэмжлэгч *******г ажил үүргээ хангалтгүй биелүүлж, компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн үйлдэл нь тушаалын үндэслэл бөгөөд энэ нь 385 тоот тогтоолын 3.1-д заасан шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөх эрхийн хүрээнд ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл, мөн ажилтны болон ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуульд тухайлан зохицуулсан.

Харин талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар зохицуулагдсан харилцаа байх ба уг хуулийг үндэслэн бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолд заасан эрхийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тус хуульд нийцсэн байна.

 

Тодруулбал Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд ...шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр...тусад нь онцгой дэглэм тогтоож...харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгосон, энэ тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан тушаал гэж үзэхээр байна.

 

Мөн тушаалын үндэслэл болох шаардлагатай гэж үзэх гэсэн үндэслэл нь ажилтаны ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд гаргасан зөрчлийн талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргасан, уг гомдолд дурдсан үйл баримтыг тухайн байгууллага хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 03/4468 тоотоор тогтоогдож байна. /1хх-ийн 204/

Иймд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажилтан болон ажил олгогчийн санаачлагаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл хэсгийг баримтлаагүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад бичмэл нотлох баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар*******-д холбогдох Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга -ын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН