Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01298

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01298

 

 

 

2023 06 30 210/МА2023/01298

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/01280 дугаар шийдвэртэй

Б.А-гийн нэхэмжлэлтэй

Э Т Т- ХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээний үр дүнгийн 6 сарын урамшуулал 34,140,000 төгрөг, цар тахлын үеэр нарийн бичгийн даргаар ажилласан 22 сарын цалин 125,180,000 төгрөг, нийт 193,460,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, О.Бадамжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би Э Т Т- ХК-д 2013 онд ажилд орж, 2021 оны 07 сарын 19-ний өдөр захирлын тушаалаар Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэ хугацаанд сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

Харин ажиллаж байх хугацаандаа хүний нөөцийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, менежментийн багийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон, иргэн бүрд боломж олгох зорилгоор нээлттэй ажлын өдөрлөгийг Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулж, нээлттэй сонгон шалгаруулалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, ил тод байдлаар хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийж, хүний нөөцийн өдөр тутмын баримт бичгийн дагуу төлөвлөгөө, стратеги гарган ажилласан. Нэгдсэн Үндэстний байгууллага болон Эрдэнэс баялаг эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран хүний эрхийн магадлан шинжилгээг хийсэн. Дэлхийн улс орныг хамарсан цар тахлын үеэр 2 жилийн хугацаанд 24 цагаар тасралтгүй ажиллаж, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

Гэтэл Э Т Т- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 сарын 28-ны өдөр Б/129 тоот тушаалаар хөдөлмөрийн хуулийг хэрэглэхгүйгээр ажлаас халсан. Энэхүү Б/129 тоот тушаал нь Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2, 2.1-т заасныг зөрчсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолд Э Т Т- ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 3-т онцгой дэглэмийн хугацаанд Э Т Т- ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараах албан тушаалтанд даалгасугай. 3.1-т компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол гэж заасан. Нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г-ад олгосугай гэж заасан.

Гэтэл энэ тогтоол болон Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1991 оны 1, 2 дугаар зүйлд чөлөөлөх гэсэн талаар үг, үсэг хуульд байхгүй. Тушаалд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлага гэсэн талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдээгүй, өөрчлөлт хийх нөхцөл байдал үүсээгүй байна. Энэ тогтоолын 3.1-т заасны дагуу компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлага бий болсон гэдэг нь нотлогдохгүй байна.

Иймд намайг ажлаас халсан дээрх тушаал үндэслэлгүй байх тул ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл 87,725,547 төгрөгийг, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолоор "Э Т Т-" ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, компанийг бүрэн төлөөлөх онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон үйл ажиллагаа явуулж байна. Тус тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-3.5 дах хэсэгт заасан арга хэмжээг онцгой дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлэхийг Бүрэн эрхт төлөөлөгчид Засгийн газраас даалгаж, бүрэн эрх олгосон.

Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн Б/1298 тоот тушаалаар Б.А-г үүрэгт ажлаас чөлөөлсөн, уг тушаал нь Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох" болон Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн "Э Т Т- ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан "...шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх" гэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн.

Онцгой дэглэм тогтоосон үед аливаа компани, байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй нийтлэг баримталдаг хууль тогтоомжуудын заалтыг хэрэглэхгүй гэж хуульд заасан тул энэхүү тушаал нь хууль зөрчөөгүй, хуульд заасан арга хэмжээг авсан. Хууль болон тогтоолд шаардлагатай гэж үзэх урьдчилсан нөхцөлийг зааж өгсөн байдаг ба энэ нь компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байх мөн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн байх гэсэн тохиолдол хамаарна.

Нэхэмжлэгч Б.А- нь компанийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн даргын ажил албан тушаал эрхэлж байсан, түүний хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан "Компанийн хүний нөөцийн удирдлагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах" зорилтын хүрээнд ажлын байрны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, хүний нөөцийн тушаалын төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, хөдөлмөрийн харилцааг зохион байгуулах үүрэгтэй байсан. Энэхүү чиг үүргээ гүйцэтгэх явцдаа дараах алдаа дутагдал гаргасныг Бүрэн эрхт төлөөлөгч ажил үүргээ хангалтгүй биелүүлж, компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гэж үзсэн тул хуульд заасан шаардлагатай байдлыг Б.А-гийн үйлдлийг сайтар шалгасны эцэст дүгнэлтээ гаргасан.

Иймд Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Э Т Т- ХК-д холбогдох Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга-ын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх Монгол улсын засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийг үндэслэсэн нь 1992 онд Монгол улсын Үндсэн хуулийг баталж, хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д олгосон байхад 1991 онд БНМАУ-ын Бага хурлаас тогтоосон хуулийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчсөн.

Шүүхийн шийдвэрт "талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 сарын 04-ний өдрийн хуулиар зохицуулагдсан харилцаа байх ба уг хуулийг үндэслэн бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолд заасан эрхийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тус хуульд нийцсэн байна. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийн 2 дугаар зүйлд онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино, 2 дугаар зүйлийн 2.1-т үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох гэж заасан.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаартай Э Т Т- ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэсэн. Уг тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг" бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасныг ноцтой зөрчсөн, хууль дээдлэх зарчим алдагдсан. Учир нь дээр дурдсан 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуульд томилох гэж зааснаас чөлөөлөх гэсэн үг, үсэг байхгүй. Монгол Улсын Засгийн газрын тогтоол нь дээрх хуулийн холбогдох заалтад нийцүүлсэн гэх мөртлөө тухайн хуульд заагаагүй эрхийг олгосон байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхээс онцгой бүрэн эрхт төлөөлөгчид онцгой дэглэм тогтоосон хугацаанд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тушаал гаргасан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд онцгой бүрэн эрхт төлөөлөгчид нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд ажилтныг чөлөөлөх асуудал нь гагцхүү тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зохицуулагдахаар байна. Гэтэл шүүхээс үүнийг анхаарч үзээгүй. үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Шүүхээс Засгийн газрын 385 тогтоолоор бүрэн эрхт төлөөлөгчид олгосон эрхийн хүрээнд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх талаар заасан байх хэдий ч тус компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөөгүй мөн нэхэмжлэгч Б.А-гийн ажиллаж байсан хэлтэс, хэлтсийн даргын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа гэж хариуцагч тал тайлбарласан ба энэ нь хэргийн дээрх баримтаар тогтоогдож байна гэж үзсэн атлаа хууль болон Засгийн газрын тогтоолд зааснаар тухайн байгууллагад компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх шаардлага үүссэн эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Хэргийн материалд цугларсан нотлох баримтаас үзэхэд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 сарын 29-ний өдрийн 28 тоот тогтоолоор компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан байх бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас халах үед болон онцгой бүрэн эрхт төлөөлөгч тухайн компанид эрхээ хэрэгжүүлэн ажиллах хугацаанд тус, байгууллагад компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлага үүссэн эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч Б.А-гийн ажиллаж байсан Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын орон тоонд өөрчлөлт ороогүй, хэвээр хадгалагдаж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтууд /1хх 242-246, 2хх 16/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгчдийн нэхэмжлэгчийн ажил, албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа, компанид 2021 оны 06 сараас хойш хугацаанд компанийн зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт ороогүй гэх тайлбар-аар нотлогдоно. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хуульгүйгээр ажлаас чөлөөлснааг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагад багш мэргэжилтэй хүнийг ажиллуулахаар заасан байхад уг ажлын байрны мэргэжлийн шаардлагад тэнцэхгүй, хамааралгүй өөр мэргэжлийн хүнийг ажиллуулж байгаагаас үзэхэд онцгой бүрэн эрхт төлөөлөгч өөрт нь хуулиар олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд шударга бус хандаж, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т үл ялгаварлан гадуурхах суурь зарчмыг зөрчиж, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, ашгийг зөрчсөн эсэхэд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Шүүхээс тушаалын үндэслэл болох шаардлагатай гэж үзэх гэсэн үндэслэл нь ажилтны ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд гаргасан зөрчлийн талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргасан, уг гомдолд дурдсан үйл баримтыг тухайн байгууллага хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 03/4468 тоотоор тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй. Гэвч нэхэмжлэгчийн зөрчил гаргасан гэх үйлдэл нь нотлогдоогүй, тогтоогдоогүй, хэрэгт авагдсан гэх нотлох баримтууд нь нэхэмжлэгчтэй хамааралгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2022 оны 11 сарын 15-ны өдөр өгсөн бөгөөд хариуцагч талаас тайлбартаа нэхэмжлэгчийн зөрчил гаргасан эсэхтэй холбоотой гэх баримтууд нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа бичигдсэн, тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газраас Э Т Т- ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Тухайн хууль Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар эрх бүхий байгууллагаас гарсан шийдвэр байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, үүрэг болгосон. Тус тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт шаардлагатай бол удирдах албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрх олгогдсон. Нэхэмжлэгч Б.А-тай хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн талаар маргаагүй. Гагцхүү онцгой дэглэмийн нөхцөлд орж, компанийг Засгийн газар шууд хяналтдаа авсан. Шүүх тус тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж, Б.А-г ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан шийдвэр хууль ёсны үндэслэлтэй. Мөн заавал бүтэц орон тоог шинэчлэх, өөрчлөх шаардлагагүй. Нөгөөтэйгөөр Б.А-г хөдөлмөрийн ноцтой зөрчил болон сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй. Чөлөөлөх шаардлагатай гэж үзсэн тул ажлаас чөлөөлсөн. Онцгой дэглэм тогтоосон хуулийн зорилго нь Монгол Улсын эдийн засаг, хүн амын нийтлэг эрх ашигтай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээ болно. Тус хууль тогтоомжоор Б.А-гийн үндсэн эрхийг зөрчөөгүй, хуулийн дагуу авсан арга хэмжээ юм. Онцгой дэглэм тогтоосноор давуу байдал үүсгэх, эсвэл ажилтнуудыг олноор нь чөлөөлсөн зүйл байхгүй. Шаардлагатай гэж үзсэн асуудлын хүрээнд шийдвэрлэсэн. Онцгой дэглэм тогтоосон нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүй тушаал шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Онцгой бүрэн эрхт төлөөлөгч өөрт олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэгч Б.А-г ажлын алдаа дутагдал гаргаж, хангалтгүй ажилласан үндэслэлээр шаардлагатай гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Засгийн газрын 385 дугаар тогтоолыг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэр байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.А-, хариуцагч Э Т Т- ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Э Т Т- ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь 2013 онд Э Т Т- ХК-д анх ажилд орсон байх бөгөөд түүнтэй тус компани 2021 оны 07 сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн даргын ажил, албан тушаалд томилжээ.

4. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны 01 сарын 04-ний өдрийн/ хуулийн 1 дэх заалтад Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгох-оор хуульчилсан бөгөөд уг хууль өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байна.

5.Монгол Улсын Засгийн газраас Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э Т Т- ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Г-ыг томилж, тодорхой бүрэн эрхийг олгожээ.

6.Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн Б/1298 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох /1991 оны/ хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг баримтлан Засгийн Газрын Онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагын дагуу Б.А-г Э Т Т- ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

6.1. Бүрэн эрхт төлөөлөгчөөс Засгийн газрын дээрх тогтоолын 3.1-д зааснаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай гэж үзэж, энэ шаардлагын хүрээнд тодорхой нэгжийн удирдлага, албан тушаалтан буюу тус компанийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга Б.А-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчөөгүй, бүрэн эрхт төлөөлөгч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Засгийн газарт нийтлэг баримталдаг хууль тогтоомжийг хэрэглэхгүйгээр тухайн үйлдвэрийн газарт тусад нь онцгой дэглэм тогтоох эрх хэмжээг хуулиар олгосон байх бөгөөд Засгийн газрын тогтоож болох эрх зүйн онцгой журмын хүрээнд тухайн үйлдвэрийн газрын бүх шатных нь удирдах ажилтныг томилох /энэ нь чөлөөлөх асуудлыг ч өөртөө багтаасан/ асуудал хамаарсан гэж үзэхээр байна.

6.2. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан зөрчлийн талаар хариуцагч нь Авлигатай тэмцэх газарт гомдол гарган шалгуулж байгаа, уг ажиллагаа явагдаж байгаа нь шаардлагатай гэж үзэх үндэслэлд хамаарна гэж дүгнэсэн нь уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул шүүхийн дүгнэлтийн энэ хэсгийг залруулна.

 

Засгийн газраас Э Т Т- ХК-д онцгой дэглэм тогтоох шаардлагатай гэж үзэн онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийн 1 дэх хэсэгт заасны дагуу гагцхүү Засгийн газарт хуулиар олгогдсон бүрэн эрх юм. Засгийн газрын бүрэн эрхийг төлөөлөн хэрэгжүүлж буй Бүрэн эрхт төлөөлөгч нь шаардлагатай гэж үзвэл бие даасан байдлаар Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд зааснаас өөрөөр онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхийг хууль, Засгийн газрын тогтоолоор олгоогүй байна.

 

7. Бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын тогтоолын 3, 3.1-д зааснаар өөрт нь олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг хэрэглэлгүй шийдвэр гаргасан нь дээрх Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүй гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүх залруулна.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/01280 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ... Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 ... гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ