Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2023/01618

 

 

 

 

 

 

 

      

 2023      05        30                                            182/ШШ2023/01618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 02 дугаар хороо, 02-р 40 мянгат гудамж, 21 дүгээр байр, 16 тоот хаягт оршин суух, Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, Нийслэлийн Засаг захиргааны 03 дугаар байр, Ж.Самбуугийн гудамж-16-д байрлах, ЧДЗДГ-т холбогдох

“Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:       

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хурцбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

“...******* нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 сарын 22-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/207 дугаар тушаалаар Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн болно.

Энэхүү тушаалыг эс зөвшөөрч тэрээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах" тухай нэхэмжлэл гаргасан.

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 128/ШШ2021/0388 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 523 дугаар Магадлалаар нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 сарын 22-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2020 оны 06 сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын бодож олгон, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.

Үүнээс хойш Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 11 сарын 07-ны өдрийн Б/300 дугаар "Довдоны Булганг албан тушаалд томилох тухай" тушаалаар тэрээр тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар 2022 оны 11 сарын 07-ны өдрөөс томилогдсон бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсаар 18 сарын дараа биелүүлсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу бодож үзвэл нийт 18 сарын хугацаанд ажлын 366 хоногийг *******ы дундаж цалин хөлс болох 1,451,396 төгрөгийг өдөрт авах цалингаар дунджилж үзвэл нэг өдрийн 67,506 төгрөг болж байгаа ба үүнийг 366 хоногоор үржүүлж бодвол нийт 24,707,485 төгрөг болж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас *******ы 2020 оны 06 сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 24,707,485 төгрөг гаргуулж, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо мөн байгуулагдаагүй байгаа тул энэ маргааныг урьдчилан шийдвэрлэх байгууллага байхгүй шалтгаанаар шууд тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно” гэв. 

2. Хариуцагч тал татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна.

“ ******* ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэх байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “...Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж, “Төвшинхүү” ХХК-иас 2017, 2018 онуудад тус бүр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг хувьдаа авч 2019 онд 5,000,000 төгрөг нэхсэн боловч өгөөгүйн улмаас “Төвшинхүү” ХХК-ийн “Найзууд” дэлгүүрийн үйл ажиллагаанд хувийн ашиг сонирхол гаргаж хохирол учруулсан тухай “Төвшинхүү” ХХК-ийн нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэрэг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 онд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан.

Мөн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас шан харамж, эд хөрөнгө шаардаж байсан тухай мэдээллийг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 “...ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчимд үл нийцэх нөхцөл байдал бий болоод байсан юм.

Иймд шүүхийн шийдвэрийн дагуу *******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд эгүүлэн томилох боломжгүй байсан болно” гэжээ. 

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022.12.28-ны өдрийн 3/3275 дугаар албан тоотын хуулбар, итгэмжлэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 11 сарын 07-ны өдрийн Б/300 дугаар “Довдоны Булганг албан тушаалд томилох тухай” тушаал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 523 дугаар магадлалын хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.01.27-ны өдрийн 22300290 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2022.11.08-ны өдрийн 22/11-1156 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, 2022.08.01-ний өдрийн 02/11129 дугаар Авлигатай тэмцэх газрын албан тоотын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  /хх-ийн 4-18, 50-51, 53-55, 64-65/

4. Хариуцагч талаас нотлох баримтаар: Нийслэх дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 128/ШШ2021/0388 дугаар шийдвэрийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2022.10.17-ны өдрийн 2/2559 дугаар албан тоотоор Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн албан тоотын хуулбар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2019.10.08-ны өдрийн Б/236 дугаар тушаалын хуулбар, Чингэлтэй дүүргийн Засаг драгын тамгын газрын даргын 2020.06.16-ны өдрийн Б/198 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын хуулбар, Чингэлтэй дүүргийн Засаг драгын тамгын газрын даргын 2020.04.22-ны өдрийн Б/134 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын хуулбар, Чингэлтэй дүүргийн Засаг драгын тамгын газрын даргын 2020.06.22-ны өдрийн Б/207 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын хуулбар, Авлигатай тэмцэх газрын 2020.04.17-ны өдрийн 05/4726 дугаар албан тоотын хуулбар, 2022.04.18-ны өдрийн 308 дугаар төлбөрийн хүсэлтийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Засаг драгын тамгын газрын 2022.09.23-ны өдрийн 3/2333 дугаар албан тоотын хуулбар, Чингэлтэй дүүргийн Засаг драгын тамгын газрын даргын 2022.08.26-ны өдрийн 2/2073 дугаар албан тоотын хуулбар, Чингэлтэй дүүргийн Засаг драгын тамгын газрын даргын 2022.08.10-ны өдрийн 3/1957 дугаар албан тоотын хуулбар, итгэмжлэл, итгэмжлэл /хх-ийн 24-44, 83, 105/

5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023.04.10-ны өдрийн 427 дугаар албан тоот, тус шүүхийн 2022.10.07-ны өдрийн 182/ТМ2022/03701 дугаар “Төвшинхүү” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, /хх-ийн 66-76/ зэрэг баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “ажилгүй байсан хугацааны цалин хөлс 24,707,485 төгрөг гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэн, хуулийн этгээд төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд зохигч талуудын төлөөлөл хуульд заасан шаардлага хангасан байна. /хх-ийн 9, 57/

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны 128/ШШ2021/0388 дугаар шийдвэрээр *******ыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилж, хариуцагчаас 2020 оны 06 сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 сарын 03 хүртэл хугацааны цалин хөлс болох 16,361,190 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.  /хх24-31/

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 11 сарын 07-ны өдрийн Б/300 тоот тушаалаар *******ыг дээрх албан тушаалд томилсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ажил олгогчийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн Б/207 тоот тушаал байх ба уг тушаалыг шүүх 2021 оны 06 сарын 03-ны өдөр хүчингүй болгосон хэдий ч ажилтныг 2022 оны 11 сарын 07-ны өдөр албан тушаалд томилсон үйл баримтаас үзэхэд  нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа гэж үзнэ. 

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр ажилд томилогдсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундаж хэмжээг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2021/0388 дугаар шийдвэрт нэг сарын 1,41,396 төгрөг гэж болохыг дурдсан мөн нэхэмжлэлд тухайн үнийн дүнгээр шаардсан бөгөөд цалин хөлсний дундаж хувь, хэмжээг шүүхийн шийдвэрээр дүгнэсэн байх тул дахин дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлөх үүрэгтэй болно.

Иймд шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 06 сарын 03-ны өдрөөс ажилд томилсон 2022 оны 11 сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлс нэхэмжилсэн шаардлагыг хангах нь зүйтэй.

Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 24,707,485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2. /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар хариуцагч  Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч *******ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамжийг нөхөн төлөх үүрэгтэй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас тэмдэгтийн хураамжид 281,487 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ЦОЛМОН