Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01470

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 26 210/МА2023/01470

 

 

Д.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/01618 дугаар шийдвэртэй

Д.Б-ы нэхэмжлэлтэй,

ЧДЗДТГ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би ЧДЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад Тамгын газрын даргын 2020 оны 06 сарын 22-ны өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/207 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 000дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 001 дугаар Магадлалаар нэхэмжлэлийг хангасан.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг 18 сарын дараа биелүүлж, ЧДЗДТГ-ын даргын 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 6/300 тоот тушаалаар тус газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсон.

Би 18 сарын хугацаанд ажлын 366 хоногийн дундаж цалин хөлсөө нэг сарын 1,451,396 төгрөгийг, нэг өдрийн 67,506 төгрөгөөр тооцож 365 хоногоор үржүүлэхэд 24,707 485 төгрөг болж байна. Иймд ЧДЗДТГ-аас Д.Б-ы 2020 оны 06 сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 24,707,485 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.Б- нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчиж Т-ХХК-иас 2017, 2018 онуудад тус бүр 3,000,000 төгрөг хувьдаа авч 2019 онд 5,000,000 төгрөг нэхсэн ч өгөөгүйн улмаас Т-ХХК-ийн "Найзууд дэлгүүрийн үйл ажиллагаанд хувийн ашиг сонирхол гаргах хохирол учруулсан тухай "Төвшинхүү" ХХК-ийн нэхэмжлэл гаргаснаар ЧДЗДТГ-т холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан. Мөн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас шан харамж эд хөрөнгө шаардаж байсан тухай мэдээллийг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан сонирхлын зөрчлөөс ангид байх зарчимд үл нийцэх нөхцөл байдал бий болоод байсан юм.

Иймд шүүхийн шийдвэрийн дагуу Д.Б-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь шууд эгүүлэн томилох боломжгүй байсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ЧДЗДТГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 24,707,485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар хариуцагч ЧДЗДТГ- нь нэхэмжлэгч Д.Б-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамжийг нөхөн төлөх үүрэгтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. 1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлөн 281,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ЧДЗДТГ-аас тэмдэгтийн хураамжид 281,487 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг зөрчиж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн нь талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчтэй эвлэрэхээр ярилцаж байгааг дурдаж эвлэрэх боломж олгохыг хүссэн ч хүсэлтийг хангалгүй нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүх хуралдааны процессийн алдаатай анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Төлөөлөгч Г.Х- нь 2023 оны 04 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож хууль зүйн туслалцаа авах, талууд эвлэрэх хугацаа олгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 04 сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулсан. Г.Х- нь хэргийн материалтай танилцаж, баримтад гарын үсэг зурсан байдаг.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2023 оны 04 сарын 17-ны өдөр Б.С-, 2023 оны 05 сарын 16-ны өдөр Н.Х- нар томилогдож, хэргийн материалтай танилцах хүсэлт гарган шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан.

Шүүхээс шүүх хуралдааныг 2023 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулж хариуцагч талын эрхийг хангасан. Ийнхүү хариуцагч тал 6 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан.

2023 оны 05 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х- нь хэргийн материалтай танилцах, эвлэрэх хугацаа олгож өгөх тухай хүсэлт гаргасан ч Г.Х- нь 2023 оны 04 сарын 10-ны өдөр хэргийн материалтай танилцаж, баримтад гарын үсэг зурсан. Энэ өдрөөс хойш нэхэмжлэгч болон хариуцагч талын хэн аль нь шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн эвлэрэх боломжгүйг нэхэмжлэгч тал удаа дараа илэрхийлсэн байхад эвлэрэх тухай хүсэлт гаргасаар байсан. Иймд давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч ЧДЗДТГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 24,707,485 төгрөг гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэг авагдсан баримтаас үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны 000дугаар шийдвэрээр Д.Б-ыг ЧДЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилж, хариуцагчаас 2020 оны 06 сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 сарын 03 хүртэл хугацааны цалин хөлс 16,361,190 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 001 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Улмаар ЧДЗДТГ-ын даргын 2022 оны 11 сарын 07-ны өдрийн Б/300 тоот тушаалаар Д.Б-ыг дээрх албан тушаалд томилсон үйл баримтад талууд маргаагүй байна.

 

4. Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гарах үед Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул тухайн харилцааг зохицуулахад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ. Анхан шатны шүүхээс эрхзүйн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундаж хэмжээг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 000дугаар шийдвэрт зааснаар нэг сарын 1,451,396 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцнэ. Мөн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах үүрэгтэй бөгөөд энэ талаархи шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б-ы 2021 оны 06 сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлс 24,707,485 төгрөг гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд энэ талаархи хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна.

 

6. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2023 оны 01 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн төлөөлөгч Г.Х- нэхэмжлэлийг 2023 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авчээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг төлөөлөн Б.С-, Н.Х- нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцжээ. Хариуцагчийн төлөөлөгч Г.Х-т 2023 оны 04 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, төлөөлөгч мөн өдөр хэргийн материалтай танилцжээ.

Тус шүүхийн 2023 оны 05 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.С-, Н.Х- нар оролцсон, шүүх хуралдааныг хойшлуулж 2023 оны 05 сарын 30-ны өдөр товлосныг хариуцагч тал хүлээн авсан байна. Төлөөлөгч Г.Х-ын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг шүүх хангахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Учир хэргийн оролцогч шүүх хуралдааны бэлтгэлээ хангах, хэд хэдэн төлөөлөгчөөс хэн нь шүүх хуралдаанд оролцох эсэх нь тухайн талын эрх бөгөөд шүүх хариуцагч талд дараагийн шүүх хуралдаанаас 14 хоногийн өмнө товыг мэдэгдсэн байхад төлөөлөгч Г.Х- уг хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэх шалтгаанд тооцогдохгүй.

Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хууль зүйн техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/01618 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЧДЗДТГ-аас 24,707,485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай гэж,

2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг 2021 оны 06 сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдрийн хугацаагаар нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч ЧДЗДТГ-т даалгасугай гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Д Булганы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ЧДЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 351,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ