Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 149/ШШ2023/00200

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 149/ШШ2023/00200

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн сумын Хараа 1-р багт байрлах “******* *******” ХХК-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн сумын Гонир баг, “Дэрстэй” гэх газар оршин суух Авгачууд овогт ******* *******,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн сумын Гонир баг, “Дэрстэй” гэх газар оршин суух ******* ******* / нарт холбогдох

Гэм хорын хохирол 12 675 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, иргэдийн төлөөлөгч М.Чулуунбат, гэрч Х.*******, Д.*******, Г., шүүх хуралдааны нарийн бичгийн С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:.. “******* *******” ХХК нь суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанийн “Ташир” гэх газарт тариалсан улаан буудайн 30 га талбайд 2022 оны 09 сарын 13-аас 09 сарын 18-ны өдрүүдэд (шөнө болгон) сумын иргэн Ц.*******, Б.******* (ээж, хүү) нарын хээр, хар халзан, зээрд зүсмийн 4 азарга адуу орж, тариаг идэж, гишгэж, хөрвөөж сүйтгэснээс 15 га талбайн ургацыг хураах ямар ч боломжгүй болгож манай компанид 12675000 төгрөгийн хохирол учруулсан нь сумын мэргэжлийн комиссын хохирол тооцох тухай актаар тогтоогдсон юм. Иймд Ц.*******, Б.******* нараас ургацын хохирол 12675000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217730 төгрөг, нийт 12892730 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тус шүүхэд “******* *******’’ ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хариуцагч Б.*******, Ц.******* нараас ургацын хохирол 12892730 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ манай компани “Ташир” гэх газарт тариалсан 30 га талбайд хариуцагч нар нь 2022 оны 09 дүгээр сарын 13-аас 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд шөнө болгон 4 азарга адуугаа оруулж 15 га тариалангийн талбайн ургацыг хураах боломжгүй болгосон мөн тухайн хохирол төлбөрийг сумын мэргэжлийн комиссын хохирол тооцох актаар тогтоосон гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна. 1-рт: Нэхэмжлэгч нар нь 2022 оны 09 дүгээр сарын 13-аас 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд шөнө болгон зөвхөн манай адуу тариалангийн талбайд орсон гэх тайлбар гаргасан боловч тухайн өдрүүдэд манай өмчлөлийн бүх мал нэхэмжлэгч нарын эзэмшлийн талбайд ороогүй, тухайн дурдсан талбайд хохирол учруулаагүй. Эздийн хараа хяналтад байсан болно. 2-рт: 2022 оны 09 дүгээр сарын 13-аас 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд шөнө болгон хэн нэгэн айлын мал, амьтан тариалангийн талбайг сүйтгэж байсан болон анх тариалангийн талбайд мал орсон буюу 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс л нэхэмжлэгч нар нь тухайн нөхцөл байдлыг таслан зогсоох эрхээ хамгаалах асуудлаар шаардлага гаргах, тухайн малын эзэн болох малчдад мэдэгдэх арга хэмжээ авах боломжтой байсан гэвч эрхийг нь зөрчсөн асуудал гарсаар байхад мал, амьтны эзэн холбогчдод мэдэгдээгүй таслан зогсоох арга хэмжээ аваагүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх хандлага гаргасан нь Монгол Улсын иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасны дагуу гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн улмаар “******* *******” ХХК-ийн буруутай үйл явдлын улмаас энэ хохирол нэмэгдэж тухайн хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэж байна. 3-рт: Учирсан хохирол төлбөрийг зөвхөн 2022 оны 09 дүгээр сарын 13-аас 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд л учирсан гэх асуудлыг дурдсан гэвч тухайн үйл явдал нь зөвхөн нэхэмжлэлд дурдсан 4 азарга адуунаас учирсан хохирол төлбөр үү! эсвэл бусад өөр мал амтны давхар оролцооны улсаас тухайн хохирол нэхэмжлэгч байгууллагад учирсан уу! гэдгийг тогтоогоогүй бодит бус хохирол төлбөрийг шаардаж байна. Тухайн хохирлыг дээр дурдсан 4 азарга адууны улмаас үүссэн гэж үзэхгүй байна. Учир нь мал, амьтан өөрөө бусдын оролцоогүй бэлчих, хөдөлгөөн хийх боломжтой тул нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн тариалангийн талбайд өөр мал амьтан орсны улмаас тухайн хохирол учирсан байх боломжтой тул хохирол төлбөрийг бодитоор, үндэслэл бүхий гаргаагүй байна. Харин тухайн байгууллагын буруугаас мөн эзэн нь тодорхойгүй мал, амьтны учруулсан хохирол төлбөрийг 4 азарга адууны эзнээс шууд шаардаж байна гэж үзэж байна. 4-рт: Нэхэмжлэгч “******* *******” ХХК-д учирсан хохирол 12675000 төгрөг нь нэхэмжлэгч байгууллагын 100% буруутай үйлдлээс болсон. Учир нь Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйл Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг, 20.2-т Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараах үүрэгтэй, 20.2.1-т өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй гэж хуульд тусгаж өгсөн үүнээс үзвэл тариалан эрхлэгч нь ургацаа бусдын халдлага болон малаас урьдчилан хамгаалах арга хэмжээг бүх талаар нь авсан байх үүрэгтэй гэвч нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тариалангийн талбайгаа мал, амьтны халдлагаас хамгаалах хашаажуулах, тор татах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй өөрт хохирол учрах боломжийг нэхэмжлэгч байгууллага бүрдүүлсэн улмаас тухайн хохирол нэхэмжлэгч байгууллагад учирсан мөн гаднаас талбайд нь мал амьтан орох боломжийг нэхэмжлэгч байгууллага өөрсдөө бүрдүүлсэн тул тухайн нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие нь “******* *******” ХХК-ий захирал Л.Алимаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, хуульд зааснаар Л.Алимаагийн эрх ашгийг хуулийн дагуу шударгаар нотлох баримтыг үндэслэн хамгаална. Ийм учраас Л.Алимаагийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нотлох баримтыг танилцуулж тайлбарлаж хэлэх болно. “******* *******” ХХК нь суманд үр тарианы үйлдвэрлэл олон жил тогтвортой эрхэлж байгаа.  “******* *******” ХХК-ий 2022 оны 9 дүгээр сард ид будаа боловсорч хураалт эхлэхийн өмнө сумын иргэн *******, ******* нарын адуу сумын “Ташир”-ын нуруунд байх 30 га талбайд тариаг идэж, хөрвөөж, гишгэж, сүйтгэснээс сумын ургацын хохирол тогтоох комиссын тогтоосон актаар 15 га талбайг ургац хураах боломжгүй болгож компанид 12675000 төгрөгийн хохирол учирсан. Чингүнжавын адуу жалга дагаад ордог. ******* ******* нарын адуу бэлчээрээс ордог нөхцөл байдалтай байсан гэж талбайн сахиул *******ийн тодорхойлолтоор тогтоогддог. 2022 оны 09 сарын 13-аас 19-ний өдрийг хүртэл шөнө болгон адуу орж байсан. Яг тухайн хугацаанд актаар тогтоосон хохирлыг л нэхэмжилж байгаа юм. “******* *******” ХХК нь тухайн жилд 280 гаран га талбайд тариалаад 180 орчмыг нь хашаалаад яг “Ташир”-т байгаа 30, 30 га-ийн 2 талбай нэг 40 га-ийн талбай санхүүгийн байдлаас болж хашаажуулалт хийгээгүй байсныг “******* *******” ХХК нь маргадаггүй. “******* *******” нь хашаалж амжаагүй байсан “Ташир”-ын нурууны зуугаад га талбайд сахиул *******ийг авч ажиллуулсан байдаг. Тариалангийн тухай хуульд заавал хашаажуулна гэсэн заалт байхгүй ч хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг. Хоёрт хамгаалаагүй хэрэг биш юм. Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.1-д малчдын хүлээх үүрэг бас зааж өгсөн. Мал тэжээвэр амьтан оруулахыг хориглоно. Тариалангийн захаас 500 метр зайд бэлчээхийг хориглоно гэж заасан. Уг хуулийн 24.5-д хүлээх хариуцлагын талаар заасан байгаа. Энэ тариаланд учирсан хохирол нь малчдын хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй юм. Малчид тариаланчдыг тэрсэлдүүлэх шаардлагагүй. Харин хуульд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж байсан бол ийм маргаан гарахгүй. Тариалангийн бүс нутгийг Засгийн газрын тогтоолоор тогтоодог. Сэлэнгэ аймгийн сумын 1, 2, 3 дугаар багууд нь тариалангийн бүс нутагт хамаардаг. Малчид тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журамд малчид шөнийн цагаар малаа адгуулж хариулж хашиж хамгаалах ёстой гээд малчдын үүргийг сайтар зааж өгсөн байгаа. Энэ журмын дагуу сум болгоны засаг даргын захирамжууд байдаг. Малчдын хувьд уг хэрэгт үүргээ биелүүлээгүй улмаас уг тариалангийн талбайд хохирол учирсан. Харин нэхэмжлэгч тал нь үүргээ биелүүлж, хариуцагчийн хэлээд байгаа “хашаалах үүргээ биелүүлээгүй” гэдгийг хашаагүй учраас тэр ургацыг бусдын халдлагаас хамгаалж *******ийг сахиулаар ажиллуулж бүх бололцоогоор хамгаалж байснаар няцааж байгаа юм. Ингээд ургацын хохирлын комиссын акт нь хуулийн үндэслэлтэй хууль зүйн дагуу гарсан. Энэ хохирлыг *******, ******* нар хариуцах бүрэн дүүрэн үндэслэлтэй, хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр бүрэн дүүрэн тогтоогдлоо гэж би үзэж байгаа учраас “******* *******” ХХК-ний захирал Алимаагийн нэхэмжлэлтэй *******, ******* нараас 12675000 төгрөгийг улсын тэмдэгтийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Манай адуу пойл руу нь ороогүй. Цаг тухайд нь хашиж байсан. Надад нэг удаа хүлээлгэж, манай адууг хашчихаад өгсөн тохиолдол байхгүй. Танай адуу манай пойлонд орчихлоо хашаатай байна ирээд аваадах гээд хашсан тохиолдол байхгүй. Тэгээд өдөр шөнөгүй орсон гээд байгаа. Тэр үед нь би ч гэсэн малаа байнгын хашиж хонодог. Тэгээд пойлны манаач гээд нэг их айхтар техниктэй хүн тавьчихсан юм шиг. Ганцхан морьтой хөгшин хүн тавьчихсан. Тэр нь пойлныхоо ард ч биш урдаа. Тэгээд пойл нь ард талаараа ямар ч тор байхгүй. Мал бол угаас урт хөлийн амьтан хаагуур л бол хаагуур бэлчинэ. Малын бэлчээр. Доогуур нь битүү л айлууд байдаг. Тэгээд бусдыг нь өмгөөлөгчөөр яриулъя. Өөр нэмж хэлэх зүйлгүй...гэжээ.

 

Гэрч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 07 сарын хорьдоор би ажилд гарсан. Тэрнээс хойш 8 сарын 10-ны үеэр бага зэрэг адуу тариан талбайд орж эхэлсэн. Тэгэхэд би тэр адууг орж ирэхэд.., түрүүлж айхтар алхаж ирээд байсан юм байхгүй байсан. Дөхөж орж ирээд хөөгөөд үгүй бол хүн амьтан араас нь ирээд авдаг байсан. Тэр үеэр би *******ын адуу орж ирээд би өөрт нь “адуунууд орлоо шүү, одоо эхлэх нь байна шүү” гэж хэлж байсан удаа бий. Тэгээд 9 сарын 18-ны алдад амьтан болгон хадланд гарсан. Адуу мал өвс жаахан цайраад ер нь тарианы боловсруулалт болоод ******* дарга “хяналттай байхгүй бол аюултай байна шүү” гэж надад сануулсан. Тэгээд би өдөр шөнөгүй тэнд байдаг байсан. Тэгэхэд л сүүлийн үед адуунууд ширүүн орж ирсэн. *******ад би зөндөө олон сануулсан. Адуу нь ч шуурхай орж ирсэн. Хэд хэдэн удаа би доош нь хүргэж өгсөн. Гэр орныхон ах дүү хамаатан саданд нь би хэлсэн. Өөрөө ч гэсэн мотоциклтой ирээд авдаг л байсан. Тэгээд сүүлдээ хадлан гарсан гээд чимээ тасраад утас нь холбогдохоо байгаад тэгээд би ******* даргад хэлээд “одоо яах вэ энэ адуу байнга давхиад байна одоо яах вэ” гэсэн. Тэгээд ******* дарга өөрөө “хашаа барина. Адууг хашихгүй бол болохгүй” гээд төмөр хашаа бид нар 09 сарын 18-ны алдад хашаа авчирч барьсан. Би морио эцээгээд дийлэхээ байгаад “одоо би дийлэхээ байх нь адуу их орж ирээд өдөр шөнөгүй дайраад байх нь ээ” гэхэд надад хоёр хүн машинтай мотоциклтой өгсөн. Тэгээд хашааг нь бариад бид нар тэр адуунд энэ хүний адуу эхлээд ороод ирэхэд нь оройхон нар жаргахын алдад орж ирсэн. Адууг нь би хашсан. Тэгээд төмөр хашаанд адуу нь багтахгүй байсан. Гадуур зарим бага адуунууд, тэгээд дотор орсон адуунууд нь багтдаггүй, хашаа хэмхчих гээд нөгөө төмөр хашаа нь нурж уначих гээд байсан. Тэгээд ******* даргыг дуудуулаад бид нар тэнд хорьж байж тэгээд энэ залууг дуудуулъя гээд ярьсан. Тэгээд энэ залууг дуудуулаад хүрээд ирсэн. “Адуу чинь энэ байна одоо чи яах уу ийх үү “ гэсэн. Тэгээд би гаргах гэхэд ******* дарга “байж байгаарай” гэсэн. Адуу хашааг хэмхчих гээд болохгүй болохоор нь хүний адууг хөл гарыг нь хугалчихна, хашаа эвдчихнэ яадаг юм билээ гээд энэ залууг хүрээд ирэхээр нь би “за дүү минь яах уу” гэхэд дарга нартай уулзъя “энэ адууг яах уу” гэсэн. Тэгэхэд энэ намайг “үгүй ах хүү би учир зүйг нь олъё би, та надад гаргаад өгчхөөч” гэж гуйсан. Тэгээд би адууг нь гаргаад өгсөн. “За одоо дахиж оруулж болохгүй шүү чи” гээд гаргаад өгсөн. Дахиад л хоёр хоноод л адуу нь орж ирсэн. Тэгээд нөгөөдөр өглөө нь бас л адуу нь ороод ирсэн. Тэгээд би ахиад утсаар ярьсан утас нь холбогдохоо больсон. Тэрнээс хойш 3, 4 хоног бид нарыг нойртой нойргүй адуутай нь хөөцөлдөөд тэгээд тэр талбайг дээшээ нэг давхиад доошоо нэг давхисаар байгаад талхлаад хаячихсан. Ийм учир шалтгаантай байгаа юм. Хашааны үүдэнд зогсож байхад энэ залуу мотоциклтой ирсэн. Энэ ирээд “адуу чинь мөн үү” гэхэд “мөн” гэсэн. “За чи одоо яах вэ. Энэ улсууд дарга нар бүгд байна. Чи одоо энэ адууг үгүй бол мана, эсвэл хаш. Бид нар нааш цаашаа давхиад байх хэцүү байна. Би өөрөө унаа морь муутай боллоо. Энэ пойлд саяны хэд хоног 4, 5 морио дууслаа. Би засгаас морь унаагүй. Би өөрөөсөө морь унаж байгаа. Би энэ хүнээс цалин авч байгаа. Хэрвээ намайг энэ адууг учир зүйг нь олохгүй бол цалингаас чинь хасна шүү гээд намайг тэгсэн учраас би цалингаа бүтэн авахын тулд өөрийгөө барж яваа хүн шүү” гэж учирлаж хэлж байсан. “За ах хоёулаа учир зүйгээ олъё. Би болох ёсны хөлсийг чинь өгье” гэж миний өмнө тэгж хэлээд адуугаа аваад явсан. Эднийхний адуу адуунаас онцгой. Адууны шинж чанар шинэ цаг гаралтай. Бие хаа томтой. Эдний адуу айлуудын адуунаас ондоо. Эрлийздүү. Эднийх том эрлийз хар азаргатай адуу бий. Жижиг хээр азаргатай адуу бий. Бас нэг хээр азаргатай адуу бий. Эрлийз хүрэн азаргатай адуу бий. Ойртож ирэх л юм бол би адууг хөөх үүрэгтэй байсан. Эзэнтэй нь утсаар ярих хөөх л арга хэмжээ авна. Даргатай бол ярьдаг. Тэр үед наад адуунуудаа эздэд нь дуудаж өг гэсэн. Би үүрээр адуу гаргаад байж байтал өөрөө хүрээд ирсэн. Би тэгээд “энэ адууг яах вэ” гэхэд “энэ хэний адуу вэ гэж надаас асуухад” би “энэ адуу *******ын адуу байна. Энэ Төгсөө гуай эд нар мэдэх байх. Чи харж бай би хөөгөөдөхье” гээд машинтай хөөгөөд явсан...гэжээ.

 

Гэрч Х.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Би өөрөө энэ компанид ажилладаг үйл ажиллагаа хариуцдаг учраас мэднэ. 7 хоногт би 3 удаа явдаг. Байнга л талбайгаараа явдаг. Тэгээд манайх 280 га талбай байдаг. 180 га талбайг хашиж торон хашаа хийж хамгаалсан. Харин 30 га хоёр тусдаа газар, нэг 40 га газар, 100 га газар нь хашиж хамгаалж хараахан чадаагүй. Газрын тариалангийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 500-с дээш га газартаа талбайн сахиул тавих ёстой учраас би 100 га газрыг хашиж хамгаалаагүй учраас *******ийг талбайн сахиулаар ажиллуулж байсан. Тэгээд 8 сард ганц нэг адуу эргэж тойрдог тарианы үнэр гүйцэт болоогүй учраас тэгээд буцаад явчихдаг байсан. Харин 9 сар гараад бол мал нэлээн эрчимтэй болж нэмэгдэж байсан. Манаач хэлж байсан, би яваад таарч байсан. Энэ адуунуудыг би *******ад аваачиж өгч байсан. Би Төгсөөтэй 2,3 удаа уулзсан. Энэ нөхөртэй бас нэг удаа уулзсан. Өглөө “хайчсан бэ” гэхээр “адуундаа явсан” гэдэг. Би тэр адуугаар нь яваад байдаг. Манай хүн байдаггүй таарладаггүй. Тэгээд удаа дараа 30 га талбайд орж байсныг харж байсан юм. Мэдэж байна. 9 сарын 13-аас 23-ны орчим мал ид орсон. 13-аас 19-ний хавьцаа тарианы хохирол гарсан. Тэр 5 таван хоногт дийлэхээ байгаад хашаа барьсан. Төмөр хашаа. Хүч нэмэгдүүлж хүмүүс авч тавьж байсан. Акт бол хохирсон 20, 21-ний өдрийн үед байна уу. Би 18-нд сумын комисст хэлсэн. Тэгээд ирц бүрдэхгүй байж байгаад 20-ны хавьцаа сумын комисс үзсэн. Хохирол нь журмын дагуу тогтоогддог. Би технологийн хугацаа болоогүй учраас шууд хураах гэж байснаа 13, 14, 15-ны үед ангилсан. Хураалтын аргаа өөрчлөөд хураагаад эхлэхээр нөгөө багаар тогтоож байсан ургаж одоо миний хураасан ургацын зөрүүгээр ургацын баланс гардаг. Түүнээс байцаа шиг тоолох боломжгүй. Нэг үрээс 30-50 ширхэг үр гардаг. Тэрийг чинь мал явахдаа заримыг нь иднэ. Биеэр шүргэж унагана. Ингээд 20-ны үед акт тогтоогдсон. Хохирол нь бол хорьд жаахан гаргаад гарсан. Олон тариагаар мал явахаар биеэрээ хөлөөрөө борвиороо болсон тариа руу хүрэх тусам тариа унаж байдаг. Тэрийг ангилахаар эрх биш хөлөөрөө амаараа нөгөө 6 ам гэдгээрээ идэж тэгж гаргадаг. Арай хохирлоо багасгахын тулд техналогио өөрчлөөд унагаж байгаад хурааж байгаа нь ангилан хураалт. Шууд хураалт нь байж байгаад мал орохгүй бол яг чийгээ 18 болгохоор хураадаг. Арай бага хохирол тогтохын тулд ангилан хураалт хийдэг. Би 280 га газарт сахиул тавьж байгаа. Сахиулаар тэр хавийн малаа сайн таньдаг малч удмын хүн учраас сахиулаар авч ажиллуулж байгаа. Сүүлд хүч нэмж хүн техник тавьсан. Малчдадаа удаа дараа хэлж ярьдаг. Удаа дараа хохирол учруулдаг. Удаа дараа ургацын эрсдэлд орж байсан. Миний хохирлын хэмжээ урьдынх шиг зүгээр өнгөрч болохгүй болсон учраас энэ нэхэмжлэлийг өгсөн байгаа. 8, 9 сард чи бий. 9 сарын 11-19-ний хооронд, 12-нд нэг уулзсан. Харин Төгсөөтэй бол 19-ний хавьцаа нэг очиж уулзсан. Ер нь бол тариа руу яваад буцах замд эднийх байдаг. Олон адуу орж байсан гарч байсныг хохирол тогтоох хэмжээнд биш 8 сарын сүүлчээр буюу 9 сарын эхээр айхтар хохирол тогтчихоор адуу захаар нь ороод хальт шүргээд энэ дээр акт тогтоолгох асуудал биш. Миний хохирсон нь бол 13-аас 19-ний хооронд маш их хохирсон. Би тодорхой санаж байна. 20-ны үед би тариагаа бүрэн хураахаас өмнө комисс авчирч 20-нд үзүүлсэн. Комиссын дүгнэлт нь тариа хураасны дараа 20-нд гарсны дараа гарсан. Тэгж ч тооцдог. Намарын ургацыг маш амархан тогтоодог. Хохирол шөнө болсон. Үхэр бол ороогүй. Эдний адууг орж байсныг хашиж байсан учраас мэдэж байна. Өдөр бол усандаа яваад өгдөг. Эдний адуу бол тэмээнээс тэмдэгтэй. Эднийх бол хамар дээгүүр явж байгаад доод тал руу ордог. Би олон жил ажилласан хүний хувьд үндэслэлгүй зүйл ярихгүй. 20-нд комисс ирээд 22-нд дүгнэлт гарсан байх. Тэгээд би ангилаад хураалтаа хийсэн. 18 хувийн чийгтэй байх ёстой. Алдагдал нэмэгдэнэ үү гэхээс буурах үндэслэл байхгүй. Адуу бол урт хөлийн амьтан. Шөнө бол малчин адуугаа манана. Өдөр нь аль болох тариаланч үүргээ биелүүлнэ. Оруулахгүйгээр бодно шүү дээ. Би үүргээ хангалттай боломжоороо биелүүлсэн гэж үзэж байна. Гэхдээ үүнээс сургамж аваад хашаалсан байгаа. Би малчдадаа хэлж ярьдаг. Өдөр нь бид анхааръя шөнө хариулаад байгаарай гэж хэлж байсан...гэжээ.

 

Гэрч Г. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би Жаргалантад морь уядаг юм. Би ер нь багш дээрээ л байдаг юм. Манайх төвдөө байдаг. Ер нь 9 сар гаргаад *******ынхтай цуг байсан шүү. Тариалангийн талбайгаас нэлээн зайтай. Гол дээрээ байдаг. Гүүрний хажуухан талд байдаг. Багцаагаар 5-6 километр зайтай байдаг. Шөнөдөө адуугаа хашчихсан байгаад байдаг. Намайг ирэх болгонд. Урагшаа пойл руу гүйх гээд байна гээд хашаад байдаг байсан. Ер нь 9 сар гаргаад хашиж байсан. Хорьд гаргаад мэдэхгүй байна, адууг нь харж байсан болохоос тоог нь мэдэхгүй. Би 9 сараас 11 сар хүртэл ирэн очин байсан. Тэгээд 11 сар гаргаад Жаргалант явчихдаг байсан...гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь Ц.*******, Б.******* нарт холбогдууланГэм хорын хохирол 12675000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг шаардсан шаардлага ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь Сэлэнгэ аймгийн суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанийн “Ташир” гэх газарт тариалсан улаан буудайн 30 га талбайд 2022 оны 09 сарын 13-аас 09 сарын 18-нд хариуцагч Ц.*******, Б.******* нарын хээр, хар, халзан, зээрд зүсмийн дөрвөн азарга адуу орж, тариаг идэж, гишгэж, хөрвөөж сүйтгэснээс 15 га талбайн ургацыг хураах боломжгүй болгож “******* *******” ХХКомпанид 12675000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан: Сэлэнгэ аймгийн сумын Гонир багийн засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/292 тоот Тодорхойлолт: “Тус багийн иргэн Цэрэндулам овогтой ******* /ТЯ53010103/ ам бүл 3, хүүхдүүдийн хамт Гонир 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг дэрстэй хэмээх газар оршин суудаг. 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор Адуу-119, Үхэр-12, Хонь-100, Ямаа-96, бүгд 327 толгой мал тоолуулсан болохыг уламжлан тодорхойлов гэх тодорхойлолт /ХХ-н 2-р тал/, Таримал ургамлын талбайд хохирол тогтоосон тухай 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Акт: Тус суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “******* *******” ХХК-ны 30 га талбайд 2022 оны 09 дүгээр ....-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын иргэн Цэрэндулам овогтой ******* /*******/-ын адуу 15 га газар 19,5 тн улаан буудай төрлийн ургамлыг идэж, гишгэж, сүйтгэн 12675000 төгрөгийг хохирол учруулсан тул сумын мэргэжлийн комисс газар нь очиж хохирлын акт тогтоов. 2022 оны 10 дугаар сарын 01-ний дотор уг хохирлыг барагдуулахыг албан ёсоор мэдэгдье. Дурдсан хугацаанаас хэтэрвэл хууль, шүүхийн байгууллагад шилжүүлнэ. Комиссын дарга: засаг даргын орлогч Ө., Х.А.А.Т-ийн мэргэжилтэн Ц., Б.О.Х-ын Улсын байцаагч М., Багийн засаг дарга А., Нийгмийн ажилтан Г.Тольтдэлбээ нар гарын үсэг зурсан болно. /ХХ-н 4-р тал/, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл: Засаг даргын орлогч Ө.өөр ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 09 сарын 19-ний өдөр Гонир 3 дугаар багийн нутагт дэвсгэрт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч “******* *******” ХХК-ийн улаан буудай тариалсан 30 га-ийн 2 талбайд мал орж сүйтгэсэн нөхцөл байдалд ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гонир багийн засаг дарга А., Байгаль орчны хяналтын Улсын байцаагч М., Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Ц., Нийгмийн ажилтан Г.Тольтдэлбээ нар байв. Талбайд ажиллах үед “******* *******” ХХК-ийн улаан буудай тариалсан талбайд Гонир багийн малчин Ц.*******, Хараа багийн малчин Э.Чингүнжав нарын 100 гаран тооны адуу удаа дараа орж, их хэмжээгээр идэж сүйтгэн, хэвтэж хөрвөөсөн байдалтай байсан. Уг талхлагдсан эхний 30 га-г хэмжиж үзэхэд нийт талбайн 50-60 хувь буюу 15 га талбай нь бүрэн хураах боломжгүй, хоёр дахь талбайг үзэхэд 30 хувь буюу 9-10 га талбай бүрэн ургац хураах боломжгүй болгосон байдалтай байв. Тухайн үеийн нөхцөл байдалтай танилцсан баримтыг зургаар баталгаажуулав...” /ХХ-н 5-р тал/, “******* *******” ХХК-ний талбайд хохирол тооцсон 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн аргачлалд: Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын А-136, А-158, А-210,

2.6 “Үр тариа төмс хүнсний ногоо”-ны талбайд ургацын бланс гарснаас хураалт дуусах /8 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл/ хугацаанд учруулсан хохирлыг D2=(SxYxP)+K аргачлалаар тооцно.

D2-бодит хохирлын хэмжээ/төгрөг/

S-нийт мал орсон талбайн хэмжээ/га/

Н-тухайн талбайн нэг га-ийн ургац/блансын ургац/кг

P-тухайн таримлын  нэг кг-ийн зах зэлийн дундаж үнэн/төгрөг

К-банкны хадгаламжийн дундаж хүү/сарын 1, 2 хувь/

S-15 га/хэмжилтээр 30 га улаан буудай тариалсан талбайн 50-60 хувь нь хураах боломжгүй болсон/

Y-2022 оны улаан буудайн ургацын урьдчилсан блансаар 13 цн гэж тогтоосон.

P-2019-2021 онд сүүлийн 3 жилд улаан буудайн зах зээлийн дундаж үнэ 650000 төгрөгөөр тооцсон./ 2022 онд улаан буудайн үнийг улсаас 1000000-1200000 төгрөгөөр тогтоосон/

К-банкны хадгаламжийн хүүг 0-оор тооцсон.

Тооцсон байдал:

D2=15га х 13 цн = 195 цн буюу 19,5 тн буудай.

19,5 тн х 650000 төгрөг = 12675000 төгрөг

D2= бодит хохирлын хэмжээ=12675000 төгрөг. ...гэх /ХХ-н 6-р тал/, сумын Гонир 3 дугаар хэсэг Хар хошуу хүнхэр хүр гэх газар оршин суух Д.******* “******* ******* ХХК”-д 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан Тодорхойлолт: “Миний бие нь “******* *******” ХХК-ний “Ташир” “Чандагатай”-н талбайд тарьсан 263 га улаан буудайн талбайн сахиулын ажлыг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэл хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд буюу 2022 оны 08 дугаар сард сумын иргэн Ц.*******, Б.******* /ээж, хүү/ хоёр нарын дөрвөн азарга адуу улаан буудай тариалсан талбайд орж байсан бөгөөд би эзэнд нь хэлж адууг авхуулж байсан ба мөн өөрийн биеэр 2-3 удаа малыг тууж гэрт нь аваачиж өгч байсан. Энэ үед малын эзэн *******, хүү *******ын эхнэр нар гэртээ байсан болно. Үүний дараа 9 дүгээр сарын 13-19-ий өдрийн хооронд тариа ид боловсорч гүйцэж байх үед “Чанадагтайн” ард байх 30 га талбайд Ц.*******, Б.******* нарын хал халзан, хоёр хээр зүсмийн мөн зээрд зүсмийн 4 азарга адуу шөнө болгон орж талбайн сахиул надад үнэндээ дийлэхээ байсан. Энэ үед ч би *******тай биечлэн уулзаж хэлсэн. Адуугаа татаад аваад явдаг боловч үргэлжлүүлэн орсоор байсан. Мөн 9 сард сумын иргэн Э.Чингүнжавын хар азаргатай адуу байнга орж байсан тухай бүрд хөөж эзэнд нь энэ тухай хэлж шаардаж байсан. Дээрх зэргэлдээ  30, 30 га талбайг ******* Чингүнжав нарын адуу бүрэн сүйтгэсэн нь үнэн болно. Будаанд нэг орсон адуу яаж ч хөөгөөд дийлдэхгүй эзэд нь малаа хашиж  хариулахгүй бол дийлдэхгүй байсныг тодорхойлов...” /ХХ-н 7-р тал/, Сэлэнгэ аймгийн сумын “******* *******” ХХК-ний захирлын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний №07/22 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт зааснаар *******т “Нэг бус удаа тариан талбайд адуу оруулсан сахилгын шийтгэл ногдуулж өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авсан тухай” /ХХ-н 12-р тал/, Гэрч Ө.ийн шүүхэд мэдүүлсэн:”...Ажлын хэсэг бол зөвхөн тариалангийн талбайн ургацын хохирлыг тогтооно. Харин “******* *******” ХХК-ны эзэд эзнээ мэднэ гэсэн. Миний бие нь тухайн үед албан ажилтай байсан учраас газар дээр нь очиж амжаагүй манай ажлын хэсгийн хүмүүс энэ тухай нарийн тайлбарлах байх. Хөдөө аж ахуйн мэргэжилтэн тооцооллыг гаргасан. Миний бие нь ажлын хэсгийн хурал хийж дүгнэлт актыг үндэслэж л гарын үсгээ зурсан. Ерөнхий мэдээллийг л надад хэлсэн. Би санхүүгийн баримтыг үзээгүй. Тухайн үед 2022 оны нийт хураах ургацын санхүүгийн баримт гараагүй байсан. Жилийн эцэст бол мэдээлэл ургацын мэдээлэл хэдэн цетр ургац хураасан гэх мэдээллүүд газар тариалангийн мэргэжилтэн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-н 34-36-р тал/, Гэрч М.ийн шүүхэд мэдүүлсэн:”... сумын Гонир 3-р багийн “Чандагатай” гэх газарт байх “******* *******” ХХК-ний тариалангийн талбайн 30 га газарт адуу тариалсан талбайд талхалж идсэн байдалтай байсан. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тариан талбайд очсон. Багийн засаг дарга , багийн нийгмийн ажилтан Тольтдэлбээ, миний бие 3 лаа очсон. 1 удаа очсон. Бид нарыг очиход тариалангийн талбайд хашигдсан гэх адуу мал байгаагүй.”******* *******” ХХК-ны захирал ******* манай тариалангийн талбайд Ц.*******, Э., ******* нарын 100 гаруй адуу орж тариан талбайг талхалсан гэж хэлсэн.Удаа дараа эдгээр айлын адуу орсон. Адууны эздэд тухай бүрд хэлсэн. Одоо акт тогтоолгоё гэсэн. Адуу талхалсан 30 га газар бол хашаагүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-н 37-р тал/, Гэрч Ц.гийн шүүхэд мэдүүлсэн:”...“******* *******” ХХК-ийн тариалангийн талбай дээр тухайн үед эрүүл мэндийн шалтгааны улмаас очиж чадаагүй.Тухайн тариалангийн талбайд очсон комиссын гишүүдийн баримтжуулсан авсан зураг, хэмжилт хийсэн баримтуудтай танилцсан. Миний бие нь тариалан хураалтын үеэр тухайн тариалангийн талбайд биеэр очсон. Мал ороогүй талбайгаас 23 центр буудай хураан авсан. Мал орсон талбайгаас 5-7 центр буудай хураан авсан байдаг. Тэгэхээр “******* *******” ХХК нь 10 центр гаруй буудай алдсан гэсэн үг. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тариан талбайд комиссын гишүүд очсон. Багийн засаг дарга , багийн нийгмийн ажилтан, Байгаль орчны улсын байцаагч нарт 1 удаа очсон байх. Миний бие нь ургацын соёололтын үеэр, мөн тариа хураах үеэр очсон. Ерөнхийдөө бол Компани өөрөө тариалангийн талбайд адуу мал орсон нотлох баримтаа бүрдүүлж өгдөг.Тухайн тариалангийн талбайд адуу орсон байдал хохирол учирсан байдал зэрэг нь 1 удаагийнх бол биш байсан. Бид нар ер нь хэлж байсан нэг тал нь тариалсан тариа будаагаараа амьдарч нөгөө тал малаараа амьдарч амьжиргаагаа залгуулж байна гэж. “******* *******” ХХК-ны тариалангийн талбайд адуу орсон байдал нь 3-4 удаа орсон байсан нөхцөл байдалд бид нар акт тогтоосон. Тариалангийн талбайд биеэр очсон хүмүүсийн дүгнэлтийг сонсож, байгаль орчны улсын байцаагчийн гаргаж өгсөн хэмжилтийн дагуу тооцоолол гаргасан. Тухайн компанийн сүүлийн 3 жилийн дунджаар буюу хамгийн доод хэмжээгээр 12 тонн ургац алдсан гэж тооцоолж, мөн  сүүлийн 3 жилийн дундаж ханшаар 1 тн буудайг 650000 төгрөгөөр бодож л тооцоогоо гаргасан. Угаасаа тооцоолбол гаргадаг тусдаа журам бий тэр журмын дагуу ер нь аль аль талыг нь бодож л тооцоогоо гаргасан. Энэ гаргасан тооцоо зөвхөн тариан талбайд учирсан хохирол, үүн дээр тариа тариалах үеийн тооцоолол нэмэгдвэл тооцоо нь нэлээн өндөр дүнгээр гарна. Бид төрийн албан хаагчид учраас тогтоосон журам зааврын дагуу л актаа гаргасан. Адуу талхалсан 30 га газар бол хашаагүй л байсан. Хаш гэсэн хуулийн заалт бол байхгүй шүү дээ. Харин мал амьтнаас хамгаалж хашаалах үүрэг бол байдаг...” гэх мэдүүлэг, мөн гэрч Д.*******, гэрч Х.*******, гэрч Г.ийн нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Харин хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:”...Нэхэмжлэгч нар нь 2022 оны 09 дүгээр сарын 13-аас 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд шөнө болгон зөвхөн манай адуу тариалангийн талбайд орсон гэх тайлбар гаргасан боловч тухайн өдрүүдэд манай өмчлөлийн бүх мал нэхэмжлэгч нарын эзэмшлийн талбайд ороогүй, тухайн дурдсан талбайд хохирол учруулаагүй. Эздийн хараа хяналтад байсан болно...”, “...2022 оны 09 дүгээр сарын 13-аас 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд шөнө болгон хэн нэгэн айлын мал, амьтан тариалангийн талбайг сүйтгэж байсан болон анх тариалангийн талбайд мал орсон буюу 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс л нэхэмжлэгч нар нь тухайн нөхцөл байдлыг таслан зогсоох эрхээ хамгаалах асуудлаар шаардлага гаргах, тухайн малын эзэн болох малчдад мэдэгдэх арга хэмжээ авах боломжтой байсан гэвч эрхийг нь зөрчсөн асуудал гарсаар байхад мал, амьтны эзэн холбогчдод мэдэгдээгүй таслан зогсоох арга хэмжээ аваагүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх хандлага гаргасан нь Монгол Улсын иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасны дагуу гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн улмаар “******* *******” ХХК-ийн буруутай үйл явдлын улмаас энэ хохирол нэмэгдэж тухайн хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэж байна...”, “... Учирсан хохирол төлбөрийг зөвхөн 2022 оны 09 дүгээр сарын 13-аас 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд л учирсан гэх асуудлыг дурдсан гэвч тухайн үйл явдал нь зөвхөн нэхэмжлэлд дурдсан 4 азарга адуунаас учирсан хохирол төлбөр үү! эсвэл бусад өөр мал амтны давхар оролцооны улсаас тухайн хохирол нэхэмжлэгч байгууллагад учирсан уу! гэдгийг тогтоогоогүй бодит бус хохирол төлбөрийг шаардаж байна. Тухайн хохирлыг дээр дурдсан 4 азарга адууны улмаас үүссэн гэж үзэхгүй байна. Учир нь мал, амьтан өөрөө бусдын оролцоогүй бэлчих, хөдөлгөөн хийх боломжтой тул нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн тариалангийн талбайд өөр мал амьтан орсны улмаас тухайн хохирол учирсан байх боломжтой тул хохирол төлбөрийг бодитоор, үндэслэл бүхий гаргаагүй байна. Харин тухайн байгууллагын буруугаас мөн эзэн нь тодорхойгүй мал, амьтны учруулсан хохирол төлбөрийг 4 азарга адууны эзнээс шууд шаардаж байна гэж үзэж байна...”, “... Нэхэмжлэгч “******* *******” ХХК-д учирсан хохирол 12675000 төгрөг нь нэхэмжлэгч байгууллагын 100% буруутай үйлдлээс болсон. Учир нь Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйл Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг, 20.2-т Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараах үүрэгтэй, 20.2.1-т өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй гэж хуульд тусгаж өгсөн үүнээс үзвэл тариалан эрхлэгч нь ургацаа бусдын халдлага болон малаас урьдчилан хамгаалах арга хэмжээг бүх талаар нь авсан байх үүрэгтэй гэвч нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тариалангийн талбайгаа мал, амьтны халдлагаас хамгаалах хашаажуулах, тор татах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй өөрт хохирол учрах боломжийг нэхэмжлэгч байгууллага бүрдүүлсэн улмаас тухайн хохирол нэхэмжлэгч байгууллагад учирсан мөн гаднаас талбайд нь мал амьтан орох боломжийг нэхэмжлэгч байгууллага өөрсдөө бүрдүүлсэн тул тухайн нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно...” гэсэн тайлбарууд нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх баримтуудаар тус тус үгүйсгэгдэж, няцаагдаж байна гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглосон ба мөн зүйлийн 24.5-д “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалыг тариалангийн, хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж хуульчилсан. Үүний дагуу “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ыг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийг сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаартай “Аргачлал батлах тухай” тушаалаар баталж, захиргааны хэм хэмжээний акт тогтоосон тул хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Энэ аргачлалын 3 дахь хэсгийн 3.1-д “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хэрэгжүүлнэ”, 3.2-т “сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгоно”, мөн 3.4-т “Ажлын хэсэг нь талуудын хохирол тогтоолгох тухай хүсэлтийг хэлээн авсан даруй төлөөлөл томилж ажиллуулна”, 3.7-д  “...ажлын хэсэг дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд Ажлын хэсгийн ахлагч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж журамласан байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүн, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хариуцагч Ц.*******, Б.******* нар нь уг учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Ц.*******, Б.******* нараас 12675000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Чулуунбат  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “******* *******” ХХК 30 га 30 га газрын тариалангийн шүүх хуралд 15 га газар сумын комисс батлан гаргах ёстой... хариуцагчаас төлбөрийг гаргуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ны Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217730 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Б.******* нараас 217730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Авгачууд овогт ******* *******, Адуучин овогт ******* ******* нараас гэм хорын хохиролд 12675000 /арван хоёр сая зургаан зуун далан таван мянга /төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ны Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217730 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Б.******* нараас 217730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ

                                  

                    ШҮҮГЧИД                            Б.АЛТАНЦЭЦЭГ

     

                                                                                                              Б.ЭРДЭНЭМӨНХ.