Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2023/00560

 

 

 

 

 

 

 

 

2023 01 30

*******2/ШШ2023/00560

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

俿 . , ,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нарны зам гудамж, 8/1 дүгээр байр, 132 тоот хаягт оршин суух, Тоост овогт Буянжаргалын ******* /РД:НЩ93012617/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Эрх чөлөөний талбай-н баруун талд, ******* tower-ын ******* дугаар давхарт байрлах, ******* ******* ХХК /РД:5614643/-д холбогдох,

Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээнд заасан талбайн хэмжээнээс дутсан 3,55 м.кв-ын үнэ болох 8 875 000 төгрөг, алданги 560 000 төгрөг, нийт 9 435 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.*******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулж Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2 төрлийн шаардлага байгаа. 1/.Биет байдлын доголдол буюу талбайн хэмжээгээс дутсан 3,55 м.кв талбайн холбогдох төлбөрийг буцааж гаргуулах, 2/. Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангийг тооцож гаргуулан авах гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай.

Тус худалдах, худалдан авах гэрээнд нийт 56 м.кв орон сууцны байрыг тус бүрийн м.кв-ыг нь 2 500 000 төгрөгөөр үнэлж нийт 140 000 000 төгрөгөөр худалдсан. Гэтэл орон сууцыг хүлээж авсны дараа хэмжилт хийж үзэхэд тухайн талбайн хэмжээ нь 3.55 м.кв-р дутсан буюу 52,45 м.кв талбайтай болохыг тодорхойлсон. Энэ талбайн хэмжилтийг эрх бүхий бүхий тусгай зөвшөөрөлтэй Эй Эн Би дизайн ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд 2022.03.07-ны өдрийн 22/034 тоот орон сууцны өрөөний талбайг хэмжиж баримт авагдсан байдаг.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй. 251 дүгээр зүйлийн 251.1.-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэсэн.

Гэтэл хариуцагч талаас худалдан авагч надад хүлээлгэж өгсөн орон сууц нь гэрээгээр тохирсон тоо хэмжээ, талбайн хэмжээнд хүрэхгүй, биет байдлын доголдолтой эд хөрөнгө байсан тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2.-т заасны дагуу анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй юм. Үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэсний дагуу үндсэн гэрээний 1 м.кв нь 2 500 000 төгрөг гэдэг үнэлгээг үндэслэж хуульд заасан шаардлага гаргах хугацаанд нэхэмжлэл гаргасан.

Алдангийн хувьд гэрээний 4.2.3-т зааснаар худалдагч тал нь 2021 оны 4 дүгээр улиралд багтааж, орон сууцыг хүлээлгэж өгөх ёстой байсан. Ийнхүү хүлээлгэж өгөөгүй тохиолдолд 4.2.4-т зааснаар 30 дахь хоног өнгөрснөөс хойш сар бүр 0,5 хувиар торгууль төлөхөөр байдаг. Энэ заалтыг агуулгын хувьд алданги тодорхойлсон заалт гэж үзэж байгаа.

Орон сууцыг надад 2022.02.23-нд хүлээлгэн өгсөн нь хариуцагч талаас гаргаж өгсөн хүлээлцэх актаар нотлогддог. Хүлээлцэх хугацаа нь хойшилсон тухай шалгаан нь 128-132 дугаар хуудаст авагдсан мессежэнд шүүхээс үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Хариуцагч талаас хийж гүйцэтгэх ёстой барилгын болон заслын ажлууд нь хугацаандаа дуусаагүй, бүрэн гүйцэт хийгдээгүйн улмаас байр хүлээлгэж өгөх хугацаа нь удаа дараа хойшлоод байсан. Үүнтэй холбоотойгоор миний төлөвлөсөн ажлууд хойшлогдож, энэ тухай би нүүлгэлтийн хүмүүсээ захиалмаар байна. Хугацаагаа тодорхой хэлээч гэхэд маргааш, нөгөөдөр гэж явсаар байгаад 2022.02.23-нд хүлээлгэж өгсөн. Хугацаа хариуцагч талаас ийм байдлаар хэтэрсэн учир гэрээнд заасан алданги тооцож шаардсан байгаа.

Улсын Дээд шүүхийн 2010.06.02-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 41.1., 41.2.-т заасныг тайлбарласан. 41.1.-д заасныг тайлбарлахдаа хүсэл, зоригийн агуулга гэдгийг хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн эрмэлзлийн мөн чанар гэж, 41.2.-т заасныг хүсэл зоригийн илэрхийллийн утга гэдгийг энэхүү эрмэлзлийн гадаад илэрхийллийн гол санаа гэж тус тус ойлгоно гэсэн. Гэрээний бусад заалтыг үзвэл, худалдагч тал нь алданги тооцохоор заалт байдаг. Гэтэл худалдан авагч талын заалтын хувьд яагаад торгууль гэдэг үг оруулсныг мэдэхгүй ч зарчмын хувьд энэ алдангийн заалттай нийцсэн, талуудын хүсэл зориг бол алданги тооцох байсан гэдэг нь харагддаг.

Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2.-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан. Нэгэнт хугацаа хэтрүүлсэн нь үнэн учраас нэг үгийг өөрөөр бичсэнийг үндэслээд алданги тооцох нэхэмжлэгчийн эрхийг хангахгүй байх нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тийм учир алдангид 560 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагчийг үүргийн зөрчлөө арилгаач гээд нэмэгдэл хугацааг удаа дараа тогтоож өгсөн боловч нэмэгдэл хугацаанд хариуцагч үүргийн зөрчлөө арилгаагүй учир би шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Доголдлын талаар би хариуцагч талд урьдчилан 2022.03.10-ны өдрийн мэдэгдлийг би биечлэн хүргэж өгсөн. Ингээд дахин мөн ижил утгатай мэдэгдлээ Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар 2022.04.07-нд хүргүүлсэн.

2021.05.10-ны өдрийн гэрээнд ч орон сууцны хэмжээ тоог 56 м.кв, 2 өрөө гээд 2.1 дэх заалтад нь заасан, мөн өдрийн үндсэн гэрээний 2.1-д бас заасан, аль аль гэрээнд нь заасан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь олгогдсон байгаа. Н.Бат-Эрдэнэтэй байгуулсан эрх шилжүүлэх гэрээ 2021.11.08-нд байгуулагдсан байгаа. Надтай байгуулсан 2021.05.10-ны өдрийн гэрээ нь бүр сүүлд гэрчилгээ авахын тулд бүртгэлийн байгууллагад материалын бүрдүүлбэр хангахад зориулж хийсэн гэрээ юм.

Иймд дутуу 3,55 м.кв-ын үнэ болох 8 875 000 төгрөг, алданги 560 000 төгрөг, нийт 9 435 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******гаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэлийн тухайд, талуудын хооронд байгуулсан гэрээнд худалдагч талаас алданги төлөх зохицуулалт байхгүй. Торгууль төлөх зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хүртэлх хувиар тооцох зохицуулалттай. Торгууль бол нэг удаа төлөх, тодорхой хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн дүнгээр тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу худалдагч гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.-д зааснаар торгууль төлөхөөр зохицуулсан.Талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувь хэмжээг тогтоосон байдаг. Ямар нэгэн байдлаар хоног гэдэг байдлаар тогтоогоогүй. Сар гэж тогтоосон. Өөрөөр хэлэх юм бол талууд хүсэл зоригоо тухайн үедээ илэрхийлээд сар тутамд гээд сард буюу нэг удаагийн торгууль төлөхөөр зохицуулсан учир энэхүү заалтыг торгууль гэж ойлгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас торгуулийн зохицуулалтыг алданги мэтээр тайлбарлаж байгаа нь хууль болон гэрээний заалт талуудын хүсэл зоригийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд энэ шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч талаас орон сууцны талбай 3,55 м.кв-р дутуу учир энэ зөрүү үнийг шаардсан нь үндэслэлгүй. Хариуцагчаас м.кв нь бүрэн орон сууц хүлээлгэн өгсөн. Холбогдох баримтуудыг тухай бүрд нь шилжүүлж өгсөн байдаг. Талууд орон сууцны м.кв-ын үнийг тохиролцоогүй.

******* ******* ХХК-иас Б.*******ид тухайн орон сууцыг 140 000 000 төгрөгөөр үнэлээд бүхэлд нь шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл талууд 1 м.кв нь тийм төгрөг гэдэг тохиролцоо байхгүй. Энэ нь тодорхой харагддаг. Эрх шилжүүлэх гэрээний 3.1-д талууд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй байгуулах гэрээг шинэчлэн байгуулахаар бол худалдагч буюу ажил гүйцэтгэгч тал шаардах тохиолдолд эрх шилжүүлэн авагч нь гэрээг шинэчлэн байгуулахаар тохиролцоно гэсэн.

Улмаар талууд өмнө байгуулсан гэрээг бус шинэчлэн гэрээ байгуулсан буюу орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээг хийж 2021.05.10-ны огноотой гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл өмнөх захиалагч буюу Н.Бат-Эрдэнэ гэдэг хүний гэрээний эрх, үүргийг тухайн гэрээний дагуу харилцаа нь үргэлжилнэ. Б.******* гэдэг хүн дээр орон сууцны гэрчилгээ гарахад Н.Бат-Эрдэнийн гэрээ дууссан.

Энэхүү Б.*******той байгуулсан 2021.05.10-ны огноотой Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу эрх зүйн харилцаа үүсэж, орон сууцны гэрчилгээ гарсан байдаг. Тэгэхээр талууд энэ гэрээний дагуу талуудын эрх үүрэг зохицуулагдах бөгөөд орон сууцны нийт үнийг 140 000 000 төгрөгөөр худалдан борлуулна, нөгөө талаас хүлээн авна гэдэг зохицуулалттай. Нэг м.кв нь үнийг тодорхойлсон заалт бол байхгүй. Талуудын хооронд тохиролцоогүй, гэрээнд байхгүй 2 500 000 төгрөгөөр тооцсон гэж байгаа  нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 214 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийн чанарыг зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дунджаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэсэн байдаг.  Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар хүн амьдрах боломжгүй, ашиглах боломжгүй орон сууцыг шилжүүлээгүй. Одоо амьдарч байгаа гэж тайлбарладаг. Гэрчилгээ гарсан, өмчлөгч болсон. Ямар нэгэн байдлаар гэрчилгээгээ бусдад барьцаалах, зээлдэх, худалдан борлуулах бүрэн эрхтэй. Талууд м.кв-ын үнийг тохиролцоогүй учраас үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заахдаа зайлшгүй үүрэг гүйцэтгүүлэгчид үүрэг гүйцэтгэгчид өр шилжүүлэхдээ мэдэгдэнэ гэж, 123.8.-д хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцэл шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэхээр, 124.1.-т зааснаар эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8.-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэсэн. Өөрөөр хэлбэл, ******* ******* ХХК энэхүү эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж хүлээн зөвшөөрүүлсэн баталгаажуулсан байдаггүй. Талуудын хооронд ганц л гэрээ байдаг, тэр нь албан ёсоор хэрэгжсэн хариуцлага хүлээсэн, талууд тохиролцсон, м.кв-ын үнэлгээг тохироогүй гэрээ юм. Нотариатаар батлуулсан гэрээ бол Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-т заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн. Мөн тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол талууд ямар нэгэн байдлаар м.кв-ыг тохиролцоогүй байна.

Тиймээс ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг дунджаас дээгүүр буюу ашиглах боломжтой орон сууцыг хүлээлгэн өгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул үүргийн гүйцэтгэлийг доголдолтой гэж үзэхгүй байна.

Нэхэмжлэгч алданги тооцохдоо хариуцагч талын ямар үнийн дүнтэй үүрэг хугацаандаа гүйцэтгээгүй гэдгийг тооцоогүй. Өөрөөр хэлбэл, 140 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг огт бариагүй, огт ажил хийгээгүй гэдэг байдлаар тооцсон. Улсын комисс ажиллуулах тухайн барилгын ажлыг гүйцэтгүүлэх, холбогдох ажлыг хийлгэх гэдэг үнэлгээ байхгүй. Ямар нэгэн байдлаар тэр орон сууц огт байгаагүй юм шиг 140 000 000 төгрөгөөр үнэлсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан гүйцэтгээгүй үүрэг гэж заасныг зөрчсөн. Тухайн орон сууц огт баригдаагүй тохиолдолд 140 000 000 төгрөгөөс тооцох байх. Гэвч орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, гэрчилгээ гараагүй л болохоос бусдаар бол орон сууц бүрэн баригдчихсан байсан. Иймд гүйцэтгээгүй үүргийг буруу тогтоосон.

Иргэний хуульд зааснаар алданги, торгууль хоёр тусдаа зохицуулалттай. Хоёулаа нэг удаа төлөх шинжтэй. Алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувь хүртэл төлөхөөр тооцсон. Гэвч энэхүү зохицуулалт нь талуудын хооронд зохицуулагдаагүй байна. Хэрэгжээгүй гэрээний буюу Н.Бат-Эрдэнэтэй байгуулсан гэрээний дагуу тооцох үндэслэлгүй. Энэхүү гэрээ ямар нэгэн байдлаар улсын бүртгэлд байхгүй, бүртгэгдээгүй. Б.******* энэхүү гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг аваагүй. Иймд алданги тооцож нэхэмжлэх үндэслэл байхгүй.

Иймд м.кв-ын зөрүү үнэ 8 875 000 төгрөг, алданги 560 000 төгрөг, нийт 9 435 000 төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2021.11.08-ны өдрийн Н.Бат-Эрдэнэ, Б.******* нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, 2021.05.10-ны өдрийн Н.Бат-Эрдэнэ болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан Р-2021/0136 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ, Эй Би Эн Дизайн ХХК-ийн 2022.03.07-ны өдрийн 22/034 тоот Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, Дүгнэлт, хавсралт, ******* ******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичиг, 2021.05.10-ны өдрийн огноотой Б.******* болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ, 2021.11.22-ны өдрийн 56 240 000 төгрөгийн дүн бүхий Төрийн банк дахь дансны интернет банкны гүйлгээний мэдээлэл, 2021.11.30-ны өдрийн 100 000 000 төгрөгийн дүн бүхий Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, 2022.03.10, 2022.04.07-ны өдрүүдийн нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад явуулсан мэдэгдлүүд, 2022.04.07-ны өдрийн RD164745945******* кодтой Монгол шуудан ХК-ийн иргэнд очих баримт, Б.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206085323 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нарны зам гудамж, 8/1 дүгээр байр, 132 тоот, 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 000940581 тоот гэрчилгээ зэргийг /хх-ийн 6-24/,

4.Хариуцагч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх 32-33/, 2021.10.01-ний өдрийн БА-*******8/2021 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Байр хүлээлцэх акт /хх-ийн 55-59/,

5. Тус шүүхийн шүүгчийн 2022.11.02-ны өдрийн *******2/ШЗ2022/13852, 20022.11.21-ний өдрийн *******2/ШЗ2022/14950, 20022.12.07-ны өдрийн *******2/ШЗ2022/15770 дугаартай захирамжуудын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Эй Би Эн дизайн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Монгол шуудан ХК-ийн Хүргэлтийн дэвтрийн хуулбар, Барилга хот байгуулалтын яамны 2022.11.10-ны өдрийн 9/5199 тоот тодорхойлолт /хх-ийн 89-93/, тус яамнаас ирүүлсэн Эй Би Эн дизайн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, уг компанийн ЗТ17-116/19 дугаартай Тусгай зөвшөөрөл түүний хавсралтууд болох 2019.02.25-ны өдрийн ЗТ17-116/19 тоот гэрээ, 20*******.12.10-ны өдрийн Эй Би Эн дизайн ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг, инженер техникийн ажилтнуудын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнүүд, УЭЛ-046:2019 тоот Шалгалт тохируулгын гэрчилгээ, Монголын Барилгын үндэсний Ассоциаци ТББ-ын 2022.12.01-ний өдрийн Мэдээлэл хүрүүлэх тухай албан бичиг /хх-ийн 119-124,134-171/, Барилга хот байгуулалтын яамны 2022.12.14-ний өдрийн 9/5735 тоот лавлагаа, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын 2011.12.13-ны өдрийн 1/2360 тоот албан бичиг /хх-ийн *******6-*******7/, 2022.12.02-ны өдрийн цахим захидалд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 125-132/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн үнийн зөрүү буюу 3,55 м.кв талбайн үнэ 8 875 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алдангид 560 000 төгрөг, нийт 9 435 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 8 8750 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 2021.11.08-ны өдөр Н.Бат-Эрдэнэтэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-ний дагуу хариуцагч компанитай байгуулсан 2021.05.10-ны өдрийн Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний эрх, үүргийг шилжүүлэн авсан, тус гэрээнд зааснаар нийт 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг нь 2 500 000 төгрөгөөр үнэлж нийт 140 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч худалдагч талаас 52,45 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 251 дүгээр зүйлийн 251.1.-д заасан биет байдлын доголдолгүй, гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ зөрчиж 3,55 м.кв-р дутуу талбайтай орон сууц болох нь Эй Эн Би дизайн ХХК-ийн 2022.03.07-ны өдрийн 22/034 тоот Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүнийг талбайг тооцсон тэмдэглэл-р нотлогдсон тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2.-т заасны дагуу анхны үнийг бууруулж 8 875 000 төгрөг шаардах эрхтэй, орон сууц хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., гэрээний 4.2.4-т заасны дагуу 2022.01.31-нээс 2022.02.23-ныг хүртэл 24 хоногт 1 өдөрт 23 333 төгрөгөөр тооцон 560 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нь үл зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ,

******* ******* ХХК-иас Б.*******ид тухайн орон сууцыг 140 000 000 төгрөгөөр үнэлээд бүхэлд нь шилжүүлсэн, 1 м.кв-ын үнийг тохиролцоогүй, Н.Бат-Эрдэнэтэй байгуулсан эрх шилжүүлэх гэрээний 3.1-д талууд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй байгуулах гэрээг шинэчлэн байгуулахаар бол худалдагч буюу ажил гүйцэтгэгч тал шаардах тохиолдолд эрх шилжүүлэн авагч нь гэрээг шинэчлэн байгуулахаар тохиролцоно гэснээр нэхэмжлэгчтэй байгуулсан 2021.05.10-ны өдрийн орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны нийт үнийг 140 000 000 төгрөг гэж заасан, гэрээнд байхгүй, 1 м.кв-ын үнийг 2 500 000 төгрөгөөр тооцож 3,55 м.кв-ын зөрүүг нэхсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 214 дүгээр зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг дунджаас дээгүүр буюу ашиглах боломжтой орон сууцыг хүлээлгэн өгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул үүргийн гүйцэтгэлийг доголдолтой гэж үзэхгүй. Алданги тооцохоор тохиролцоогүй, гэрээнд зааснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.-д заасан торгууль төлөхөөр тохиролцсон, орон сууц баригдсан байхад гүйцэтгээгүй үүргийн дүнг 140 000 000 төгрөг гэж тооцох үндэслэлгүй, хэрэгжээгүй гэрээ буюу Н.Бат-Эрдэнэтэй байгуулсан гэрээний дагуу алданги тооцох боломжгүй, уг гэрээ дуусгавар болсон, нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1.Хариуцагч ******* ******* ХХК болон иргэн Н.Бат-Эрдэнэ нар нь тус компанийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, River villa хотхоны А блокийн 8 дугаар давхарт байрлах 100 тоот, 56 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 10 дугаар давхарт байрлах 132 тоот, 56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус 1 м.кв талбайн үнийг 2 500 000 төгрөгөөр, 1 орон сууцны үнэ 140 000 000 төгрөг, нийт 280 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон 2021.05.10-ны өдөр Р-2021/0136 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

3.2.Дээрх гэрээний худалдан авагч тал болох иргэн Н.Бат-Эрдэнэ нь худалдан авсан 2 орон сууцны нэг буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, River villa хотхоны барилгын А блокийн 10 дугаар давхарт байрлах 132 тоот, 56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдагч талаас хүлээж аваагүй байх үедээ тухайн орон сууцтай холбоотой гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгч Б.*******ид шилжүүлсэн нь 2021.11.08-ны өдрийн Н.Бат-Эрдэнэ, Б.******* нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдсон.

Уг гэрээний 2.1-д ******* ******* ХХК болон Н.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулсан Р-2021/0136 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ 2021.05.10... Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, River villa апартмент орон сууцны барилгын А блок 10 дугаар давхарын 132 тоот, 56 м.кв, орон сууцны зориулалтай 2 өрөө... гэж гэрээний зүйлийг тодорхойлжээ.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж, 123.6.-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж тус тус зааснаар ******* ******* ХХК болон Н.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулсан Р-2021/0136 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний худалдан авагчийн эрх, үүрэг нэхэмжлэгч Б.*******ид шилжсэн, ийнхүү Н.Бат-Эрдэнэ А блок 10 дугаар давхарын 132 тоот, 56 м.кв, орон сууцны зориулалтай 2 өрөөг худалдан авахтай холбоотой шаардах эрхээ шилжүүлэхдээ худалдагч компаниас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй байна.

3.3.Хэрэгт Н.Бат-Эрдэнээс 2 орон сууцны үнэ 280 000 000 төгрөг төлсөн талаарх баримт авагдаагүй боловч нэхэмжлэгч Б.*******оос Н.Бат-Эрдэнэд эрх шилжүүлэх гэрээний дагуу 132 тоот орон сууцны үнэд 156 240 000 төгрөг төлсөн нь 2021.11.22-ны өдрийн 56 240 000 төгрөгийн дүн бүхий Төрийн банк дахь дансны интернет банкны гүйлгээний мэдээлэл, 2021.11.30-ны өдрийн 100 000 000 төгрөгийн дүн бүхий Төрийн банкны мөнгөн шилжүүлэг зэргээр нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Б.*******ийн худалдан авсан А блок, 10 дугаар давхарын 132 тоот, 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц байрлах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 16 давхар, 2 блок хүчин чадал бүхий, 52 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 3 агуулахтай, 475 айлын орон сууцны зориулалттай барилга нь БА-*******8/2021 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-р 2021.10.01-нд ашиглалтад орсон, түүнчлэн 2021.11.29-ний өдөр Б.*******ийн нэр дээр, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206085323 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нарны зам гудамж, 8/1 дүгээр байр, 132 тоот, 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 000940581 тоот гэрчилгээ бүртгэгдсэн зэргээр орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, хариуцагч талаас энэ талаар маргаагүй байна.

3.4.Талуудын хооронд байгуулсан Р-2021/0136 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний 4.2.3-т Худалдагч тал гэрээний дагуу орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан худалдан авагч талд хүлээлгэн өгнө гэж, 4.2.6-д Талууд орон сууц хүлээлцсэн акт үйлдэн худалдагч тал, худалдан авагч талд түлхүүрийг хүлээлгэн өгнө гэж заасан байх бөгөөд үүний дагуу 132 тоот 56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авагч Б.*******ид 2022.02.23-нд хүлээлгэн өгсөн нь Байр хүлээлцэх акт-р нотлогдсон.

 

4.2021.05.10-ны өдрийн Р-2021/0136 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1-д гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцны талбайг 56 м.кв, нэгж м.кв-ын үнэ 2 500 000 төгрөг гэж заасан байх бөгөөд хариуцагч ******* ******* ХХК-иас 3,55 м.кв-р дутуу буюу 52,45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан Эй Эн Би дизайн ХХК-ийн 2022.03.07-ны өдрийн 22/034 дугаартай, Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, Дүгнэлт, хавсралт, Эй Би Эн дизайн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, уг компанийн ЗТ17-116/19 дугаартай Тусгай зөвшөөрөл түүний хавсралтууд болох 2019.02.25-ны өдрийн ЗТ17-116/19 тоот гэрээ, 20*******.12.10-ны өдрийн Эй Би Эн дизайн ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг, УЭЛ-046:2019 тоот Шалгалт тохируулгын гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д ...худалдагч нь биет байдлын доголдолгүй...хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...үүргийг...хүлээнэ гэж, 251 дүгээр зүйлийн 251.1.-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч буюу худалдагч тал нь худалдан авагчид гэрээнд заасан тоо хэмжээнд хүрээгүй буюу 3,55 м.кв-р дутуу талбайтай, 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн нь дээрх хуульд заасан үүргээ зөрчсөн, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэж үзнэ.

 

5.Хариуцагч талаас Б.*******той байгуулсан 2021.05.10-ны өдрийн Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-нд талууд нэгж м.кв талбайн үнийг тохиролцоогүй, уг гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, Н.Бат-Эрдэнэтэй байгуулсан өмнөх гэрээний харилцаа дуусгавар болсон гэж тайлбарласан боловч, 2021.05.10-ны өдөр, нэхэмжлэгч Б.******* болон иргэн Н.Бат-Эрдэнэ нартай нэгэн зэрэг А блок, 10 дугаар давхарын 132 тоот, 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах хууль зүйн боломжгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахын тулд бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх баримтын бүрдүүлбэрт зориулж 2021.05.10-ны өдрийн огноотой Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г сүүлд үйлдэж, гарын үсэг зурсан гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй байна.

Иймд 2021.05.10-ны өдрийн Р-2021/0136 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1-д зааснаар гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцны талбайн нэгж м.кв-ын үнийг 2 500 000 төгрөгөөр тодорхойлж, талууд тохиролцсон гэж үзэх бөгөөд Б.******* болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2021.05.10-ны өдрөөр огноолсон, дугааргүй Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г үндэслэн талууд орон сууцны 1 м.кв талбайн үнэлгээг тохиролцоогүй, орон сууцны нийт үнийг 140 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.-д зааснаар ердийн шаардлагад нийцүүлэн, дундаас доошгүй чанарын эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэх хариуцагч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

 

6.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж, талуудын хооронд байгуулсан Р-2021/0136 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний 4.2.1-д Худалдагч тал барилгын тухай хуулийн үндэслэн орон сууцны чанарт 3 жилийн баталгаа гаргах бөгөөд орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан хугацааны дотор гэрээний зүйл болох орон сууцны талбай нь 3,55 м.кв дутуу буюу эд хөрөнгө доголдолтой болохыг 2022.03.10, 2022.04.07-нд худалдагч талд мэдэгдсэн байна.

Энэ нь хэрэгт авагдсан 2022.03.10, 2022.04.07-ны өдрүүдийн нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад явуулсан мэдэгдлүүд, 2022.04.07-ны өдрийн RD164745945******* кодтой Монгол шуудан ХК-ийн иргэнд очих баримт, Монгол шуудан ХК-ийн Хүргэлтийн дэвтэр-ийн хуулбар зэргээр нотлогдсон.

Иймд нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д заасан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2.-т Худалдан авагч нь ...доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж, 254.4.-т Худалдан авагч....эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь ...дутуу эд хөрөнгийн үнийг буцаан төлнө гэсний дагуу дутуу шилжүүлсэн талбайн үнэ болох 8 875 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

7.Нэхэмжлэгч нь гэрээний 4.2.3-т заасан орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэж өгөх үүргээ зөрчин, хугацааг хэтрүүлсэн гэж үзэж 4.2.4-т зааснаар 2022.01.31-нээс 2022.02.23-ныг хүртэл 24 хоногийн алдангид 560 000 төгрөг нэхэмжилж, орон сууцыг хүлээлгэн өгөөгүй шалтгааныг тодруулсан талаар хариуцагч байгууллагын ажилтантай ярилцсан тухай 2022.01.31-нээс 2022.02.22-ныг хүртэлх хугацааны цахим захидлуудад шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Талуудын хооронд байгуулсан Р-2021/0136 тоот гэрээний 4.2.4-т Худалдагч тал орон сууцны ашиглалтад орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд төлсөн төлбөрөөс 0,5 хувийн торгууль төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний 4.2.3-т зааснаар худалдагч тал орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан ба хэрэгт авагдсан БА-*******8/2021 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-р орон сууцны барилга 2021.10.01-нд ашиглалтад орж,2021.11.29-ний өдөр Б.*******ийн нэр дээр, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206085323 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нарны зам гудамж, 8/1 дүгээр байр, 132 тоот, 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 000940581 тоот гэрчилгээ бүртгэгдэж олгогдсон байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч талаас 560 000 төгрөгийг хугацаа хэтрүүлсний алдангид тооцон төлүүлэх боломжгүй болно.

 

8.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч ******* ******* ХХК нь худалдан авагч Б.*******ид доголдолтой хөрөнгө шилжүүлсэн буюу гэрээний 2.1.-д зааснаас 3,55 м.кв-р дутуу талбайтай орон сууцыг шилжүүлсэн тул талбайн үнийн зөрүүд 8 875 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

9.Хэрэгт авагдсан Эй Би Эн дизайн ХХК-ийн инженер техникийн ажилтнуудын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнүүд, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын 2011.12.13-ны өдрийн 1/2360 тоот албан бичиг зэрэг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 156 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 1******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.2., 254.4., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас 8 875 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ид олгож, нэхэмжлэлээс 560 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 156 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.И уулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА