2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2420

 

 

 

 

 

 

 

    2025       10         22                                      2025/ШЦТ/2420

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Золзаяа,

Улсын яллагч П.Итгэл,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Ц,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Оид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503 00475 0731 дугаар хэргийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *** тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн *** дугаартай, Д.О.

Холбогдсон хэргийн талаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.О нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн замд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг 40 минутын орчимд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас *** улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Б.Тийн эрүүл мэндэд зүүн сүүжний тогооны дээд ирмэгийн зөрүүгүй сэлтэрсэн хугарал, тархи доргилт, хүзүү, нуруу, баруун гарын алганы зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн тээврийн хэрэгслийг 4 жилийн өмнө банк бусаар авч байсан ба миний нөхөр ажил, гэр хоёрын хооронд унадаг байсан. Ингээд зам тээврийн осолд орсны дараагаас тухайн тээврийн хэрэгслийг зарчихсан. Хохирол төлбөрийн тухайд нийтдээ 42.000.000 төгрөг хохирогчид төлж барагдуулсан байгаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан байгаа. Тухайн хохирол төлж барагдуулсан баримтыг мөрдөн байцаагчид өгсөн...” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Шуурхай зохицуулалтын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13 дахь тал/,

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14 дэх тал/,

Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17, 115 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/6592 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-50 дахь тал/,

“Бэст Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-60 дахь тал/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 250 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-80 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0000773 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 84 дэх тал/,

Яллагдагч Д.Оийн мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 144 дэх тал/ зэрэг болно.

Тээврийн Прокурорын газраас яллагдагч Д.Оид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Д.Оаас гэрчээр /хх-ийн 42 дахь тал/ мэдүүлэг авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.

Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Д.Оийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Д.О нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн замд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг 40 минутын орчимд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.10-т Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас *** улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Б.Тийн эрүүл мэндэд зүүн сүүжний тогооны дээд ирмэгийн зөрүүгүй сэлтэрсэн хугарал, тархи доргилт, хүзүү, нуруу, баруун гарын алганы зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс хохирол төлбөрөө хүлээж авсан ба гомдол саналгүй гэсэн тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж байна. Харин Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 7 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Д.О нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

Яллагдагч Д.Оийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд дүүтэйгээ Цайз зах руу явж барилгын материал аваад 12 цаг өнгөрч байх үед дүүгийндээ Улиастайд очсон. Тэнд юм хийж байгаад 18 цаг өнгөрч байхад гэртээ харихаар Улиастайн хуучин эцсийн буудал дээр ирээд тээврийн хэрэгслийн дугуйны хий нэмүүлж байгаад 2 найзтайгаа таарсан. Тэгээд гурвуулаа нийлээд “Экс” нэртэй 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд би харанхуй болохоос өмнө гэртээ харилаа гээд машинаа жолоодоод явсан. Би гэр лүүгээ 15 дугаар цэргийн ангийн уулзвараар зүүн гар тал руугаа дохио өгөөд эргэсэн, тэгсэн түс тас гээд явчихсан. Би буугаад очих үед миний машины хажууд босож чадахгүй хүн хэвтэж байхаар нь түргэн дуудсан. Түргэн ирээд нөгөө залууг аваад явсан, цагдаа удалгүй ирээд хэргийн газар хэмжилт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 144 дэх тал/ авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13 дахь тал/,

Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би гэрээсээ хоол идээд гарсан. Тэгээд 16 дугаар цэргийн ангийн тэнд явж байсан. Тухайн орой би ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй эгнээндээ явж байсан. Тэгэхэд хурц гэрэл орж ирээд тэгээд яг түргэний тэрэг дотор сэрсэн.Тэрнээс өөр санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 115 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/6592 дугаартай: “...Б.Тийн биед зүүн сүүжний тогооны дээд ирмэгийн зөрүүгүй сэлтэрсэн хугарал, тархи доргилт, хүзүү, нуруу, баруун гарын алганы зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-50 дахь тал/,

“Бэст Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний: “...Марк, загвар: ***, Үнэлгээгээр тогтоогдсон үнэ: 31.956.000₮...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-60 дахь тал/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 250 дугаартай: “...*** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...Урд салхины шил бяцарч хагарсан, урд буфер баруун гар талдаа хагарсан, баруун гар талын их гэрэл хагарсан, баруун гар талын урд крыло чихэгдсэн, баруун гар талын урд хаалга чихэгдэж гажсан, копут баруун гар талдаа чихэгдэж хонхойсон, баруун гар талын толь хугарсан, баруун гар талын дохио, оврын гэрэл, хол болон ойрын гэрэл асахгүй эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтлүүд байна. Зүүн гар талын их гэрэл хол болон ойр дээрээ асахгүй байгааг ослын өмнө дараа асахгүй болсныг нарийн тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-80 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0000773 дугаартай: “...Жолооч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Жолооч Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.10-т “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл тогтоогдож байна...” гэх Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 84 дэх тал/ болон шүүх хуралдааны үед талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүх хуралдааны үед өгсөн талуудын мэдүүлэг зэргүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Д.Оийн үйлдлийн улмаас хохирогч Б.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хүндрүүлэх шинжийн хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад “согтуурсан, мансуурсан үедээ” гэх хүндрүүлэх шинжийг тогтоож өгчээ.

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь:

Яллагдагч Д.О нь мөрдөн байцаалтын үед: “...Улиастайн хуучин эцсийн буудал дээр ирээд тээврийн хэрэгслийн дугуйны хий нэмүүлж байгаад 2 найзтайгаа таарсан. Тэгээд гурвуулаа нийлээд “Экс” нэртэй 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд би харанхуй болохоос өмнө гэртээ харилаа гээд машинаа жолоодоод явсан...” гэж /хх-ийн 144 дэх тал/ мэдүүлжээ.

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14 дэх тал/-д “...Шалгуулагчийн нэр: Д.О, Спиртийн агууламж: 2.709%...” зэргээр тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “…согтуугаар ...үедээ…” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” эрхтэй гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Д.О нь тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа сэтгэцийн хувьд эрүүл байсан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг мэдэж байсан боловч хохирол, хор уршигт зориудаар хүргээгүй байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/6592 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-50 дахь тал/-ээр хохирогч Б.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан хүндэвтэр хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч Д.Оийн гэм буруутай болгоомжгүй үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ.

“Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар” /хх-ийн 18 дахь тал/-т хохирогч Б.Т нь “...Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэж тэмдэглэжээ.

Шүүгдэгч Д.Оийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Тийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 31.956.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-60 дахь тал/-ээр тогтоогджээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.

Хохирогч Б.Тийн авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 7.112.000 төгрөгийн зардал гарсан /хх-ийн 194-196 дахь тал/ байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Б.Т нь эрүүл мэндийн зардал, үйлчилгээтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “…Нийт эмчилгээний төлбөр болон бие махбодод учирсан хохирол, эд хөрөнгөд учирсан хохирол нийт 41.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж намайг хохиролгүй болгосон…” гэж /хх-ийн 115 дахь тал/ мэдүүлсэн байх бөгөөд уг мэдүүлэг нь шүүгдэгч Д.Оаас гаргаж өгсөн дансны хуулга, гүйлгээний баримт /хх-ийн 117-133 дахь тал/ зэрэгтэй тохирч байна.

Иймд шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Тт баримтаар төлөх төлбөргүй байна.

Хохирогч Б.Тийн авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 7.112.000 төгрөгийн зардал гарсан /хх-ийн 194-196 дахь тал/ байх бөгөөд шүүгдэгч нь уг зардлаас 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд 277.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. /хх-ийн 113 дахь тал/

Хэдийгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “...Иргэн Д.Оийн төлсөн гэх 277.000 төгрөг дээрх дансанд ороогүй нь үнэн болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 197 дахь тал/-ыг ирүүлсэн байх боловч тус баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсэгт тус тус заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхээс үнэлсэнгүй.

Харин мөн газраас 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “...Б.Т /РД: ***/ Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр болох 277.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь MN090090100900020080 тоот дансанд 2025 оны 06 дугаар сарын 17-ны төлсөн нь үнэн болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 113 дахь тал/ нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул тус баримтаар 277.000 төгрөгийг хасаж тооцлоо.

Иймд шүүгдэгч Д.О нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлөх 6.835.000 төгрөгийн төлбөртэй байна.

Харин шүүгдэгч Д.Оийн хууль бус үйлдлийн улмаас учирсан болон цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Б.Т нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Д.Оид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хамрах хүрээг *** нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэх дүгнэлт гаргасан болно.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Ц нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг томруулж өгөхийг хүсэж байна...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Оид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзлээ.

Шүүгдэгч Д.Оид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Оид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо шүүгдэгч Д.Оийн ***оршин суудаг байдлыг харгалзан *** нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Оид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд *** нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Оаас 6.835.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч Б.Т нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ