Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0318

 

    

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сын Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х,

Хариуцагч: *******н Засаг дарга,

Хариуцагч: *******н Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагч *******н Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Б.А,

Хариуцагч *******н Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э,

Маргааны төрөл: *******н Засаг даргын захирамжаар С.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагч *******н Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч *******н Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс *******н Засаг даргад холбогдуулан “*******н Засаг даргын 2021 оны А/406 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “*******н Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/406 дугаар захирамжийн С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газрын дуудлага худалдааны үнийн зориулалтыг хандив нэрээр төрийн сангийн дансанд авсан 10,000,000 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэд тооцохыг даалгах” гэж тодруулжээ.

2. *******н Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 8023/5451 дугаартай 1000 м.кв газрыг  хүнсний ногоо тарих зориулалтаар 5 жилийн хугацаагаар С.Бд эзэмшүүлж, эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг олгожээ.

С.Бгаас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Б-с хандив” гэсэн утгаар 10,000,000 төгрөгийг *******н Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн 200555403 дугаартай дансанд шилжүүлжээ.

Улмаар *******н Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8023/5451 дугаартай 1000 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг олгожээ.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Саас *******н Засаг даргад холбогдуулан “*******н Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн Т.Ж, С.Б, О.Н, Н.Ц, С.Т, М.Б, Б.О, Д.Г, Н.Т, М.Г, Д.Т нарт холбогдох хэсгийг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн С.Б, Ч.М нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/574 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргасныг тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2016/0381 дүгээр магадлалаар “нэхэмжлэгч Б.Сын “*******н Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,” гэснийг “нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “*******н Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дүгээр захирамжийг хүчингүй болгож,” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 293 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, 06 дугаар сарын 12-ны өдөр газрын байршил шилжүүлэх өргөдөл гаргасныг үндэслэн *******н Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн баруун бүс-1 хаягт байрлах нэгж талбарын 16******* дугаартай 1000 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг олгожээ.

4. ******* 2019 оны ҮАГ-НАГ-2019/07/-НА 03/189 дүгээр албан шаардлагаар дуудлага худалдаа, төсөл шалгалтын зарчим баримтлахгүйгээр олгосон нэгж талбарын газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй зөрчлийг арилгуулахад чиглэсэн арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжлүүлэхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Газар ашиглалт бүртгэлийн хэлтэст тус тус даалгажээ. 

*******н Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12/2980 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12/2056 дугаар, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12/596 дугаар албан бичгүүдээр аудитаар тавигдсан 26,400,000 төгрөгийг төлөхийг нэхэмжлэгчид тус тус мэдэгдсэн байна.

 Улмаар нэхэмжлэгч дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй тул  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсон тул тайлбар, саналаа ирүүлэхийг *******н Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 12/2035 дугаар албан бичгээр мэдэгджээ.

Харин нэхэмжлэгчээс 2014 онд тушаасан 10,000,000 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэд тооцуулах, дээрх албан шаардлагыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Төрийн аудитын газарт гомдол гаргахад тушаасан данс нь Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данс, гүйлгээний утга нь С.Бгаас хандив гэсэн байгаа тул дуудлага худалдааны анхны үнийг төлсөн гэж нотлох боломжгүй гэх хариуг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1462 дугаар албан бичгээр өгсөн байна.

Улмаар *******н Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/406 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, ******* ҮАГ-НАГ-2019/07/-НА 03/189 дүгээр албан шаардлагыг үндэслэн С.Бгийн тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 1000 м.кв газрыг эзэмших эрх олгосон тус дүүргийн Засаг даргын 2018 оны А/574 дүгээр захирамжийн С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, энэ тухай Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12/2137 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

5. Нэхэмжлэгч нь дээрх захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Засаг даргын Тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 07/4899 дүгээр албан бичгээр шийдвэрлэх боломжгүй талаар хариуг хүргүүлжээ.

С.Б дээрх хариуг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“Миний бие нь анх 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар тус хороонд хүнсний ногооны чиглэлээр газар эзэмших эрхтэй болсон. Тухайн үед маргаан бүхий газарт бетон зуурмагийн үйлдвэр ажиллаж байсан учраас ногоо тарих боломжгүй тул газрын зориулалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр өөрчлүүлэхээр хүсэлт гаргасныг *******н Засаг дарга 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн. Тухайн үед Б.Сын нэхэмжлэлтэй маргаан захиргааны хэргийн шүүхэд явж байсан бөгөөд шүүх иргэн С.Б миний биеийг хууль ёсоор газах эзэмших эрх олж авсныг нотолсон. Харин *******н Засаг дарга, Газрын албанаас дээд шүүхийн шийдвэр гарсан боловч газрыг чөлөөлж өгөөгүйгээс иргэн надад өнөөдрийн ийм хүндрэлтэй, хохиролтой асуудлыг төрөөс үүсгээд байна.

Тухайн үед тус газрыг өмнө нь эзэмшиж байгаад Газрын тухай хууль зөрчсөн үндэслэлээр эрх нь цуцлагдсан иргэн Б.С нь Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж бүтэн 2 жил гаруй хугацаанд шүүхийн шатанд маргалдаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаар  шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 211/MA2016/0381 дүгээр магадал, эцсийн байдлаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 293 дугаар тогтоолоор Б.Сын нэхэмжлэлийг хангахгүй орхиж С.Б болон тухайн үед хамт газар эзэмших эрх эзэмшиж байсан 11 иргэд газар эзэмших эрх шударгаар олж авсан болохыг тогтоосон.

Шүүхээс ийнхүү тогтоосон хэдий ч тус газарт иргэн Б.С болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Д” ХХК-иуд нь Газрын тухай хууль зөрчиж бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулсаар байсан тул 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр *******н Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж миний зүгээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д нь 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Монгол улсын хилээр нэвтэрсэн бүртгэл байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Энэ хугацаанд газар эзэмших эрхтэй холбоотойгоор тус албанд удаа дараа хандаж байсан боловч дорвитой үр дүн гараагүй бөгөөд 7 жилийн турш иргэн миний бие нь Газрын тухай хууль, газар эзэмших гэрээний үүргээ биелүүлж улирал тутам газрын төлбөрийг хугацаанд нь төлж ирсэн хэдий ч хохирсоор байсан.

Дээрх газраа хуулийн хүрээнд ашиглаж чадахгүй хууль зөрчиж эзэмшиж байгаа этгээдүүдээс газрыг чөлөөлөх арга хэмжээг *******н Засаг дарга, Газрын албанаас авахгүй байсаар 2018 оны А/537 дугаар захирамжаар ******* 20 дугаар хороо “Х” ХХК-ийн урд инженерийн шугамын урд хэсэгт байршил өөрчилж 1000 м.кв газрыг удаа дараа шаардуулж байж олгосон. Тухайн үед мөн дээрх газар нь орц, гарц байхгүй байсан бөгөөд энэ талаар газрын албанд асуудлыг тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл зохих арга хэмжээг огт авч өгөөгүй Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшигч С.Базарррагчаа минй эрх ашгийг хохироосоор өнөөдрийг хүргэсэн юм.

2018 оны А/537 дугаар захирамжаар олгосон газар нь ашиглах боломжгүй байгаа талаар дүүргийн газрын албанд удаа дараа бичгээр гомдол гаргасан боловч нэг ч удаа хариу ирүүлээгүй нь дээрх асуудлаар Газрын алба, зохих албан тушаалтнууд магадгүй хувийн сонирхолтой байсан гэж хардахаар байна.

Анх бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар газар эзэмших эрх авахдаа 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр *******н Газрын албанаас газрын төлбөр төлөхөөр өгсөн Төрийн сан УБ БГД ТТ банкны 200555403 тоот данстай Засаг даргын Тамгын газрын буюу төрийн байгууллагын дансанд 10,000,000 /арван сая/ төгрөгийг газрын дуудлага худалдааны анхны үнэ болгон төлсөн. Тухайн үед төлбөрийг *******н 50 жилийн арга хэмжээнд зарцуулах тул төрийн сангийн дансанд “хандив” гэсэн утгатай хий гэж тухайн үеийн газрын албаны дарга Бямбадорж, 20 дугаар хороо хариуцсан байцаагч нар чиглэл өгсний дагуу иргэн миний бие 10,000,000 төгрөгийг бусдаас зээлж өгсөн дансанд нь төлсөн бөгөөд одоо ч надад баримт нь байгаа болно.

Тухайн үед сая солигдсон газрын албаны дарга байсан М******* нь 20 дугаар хороо хариуцсан байцаагч байсан учраас энэ асуудлыг сайн мэдэж байгаа гэж бодож удаа дараа орж асуудлаа хэлж, ярьж байсан боловч дорвитой арга хэмжээ авч өгч байгаагүй.

Анх эзэмшихээр авсан газрын чанар байдал, үнэлгээ сая цуцалсан нөхөн олговор байдлаар олгосон газрын үнэлгээ ихээхэн зөрүүтэй, иргэн миний газрын үнэ гэж төлсөн 10,000,000 төгрөгийг тус алба ямар хэлбэр, зориулалтаар төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн талаар нийцлийн аудит хийсэн байгууллагад дүүргийн Газрын алба бодитой тайлбарлаагүйгээс иргэн миний бие хохироход хүрч байгаа талаар аудитын дүгнэлттэй холбоотойгоор бичгээр мөн тайлбараа Газрын албанд өгсөн боловч бас л хариу өгөөгүй таг болсон.

С.Б надад өмнөх газрын оронд шилжүүлж өгсөн 2018 оны А/537 дугаар захирамжаар олгосон 20 дугаар хороо Үйлдвэрлэлийн баруун бүс-1 /16100/ гэх газарт өнөөдөр хүртэл орц, гарцыг өмнө нь газар авсан эзэмшигч нь бүрэн хааж бүтэн 3 жил гаруйн хугацаанд ямар ч ашиглах боломжгүй хий газрын татвар, хураамжийг төлсөөр байгаа ба энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаагаас иргэн миний бие хохирсоор байна.

… Хэрвээ дуудлага худалдааны үнэ төлөх ёстой бол 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар олгогдсон газарт төлөх ёстой бөгөөд, дүүргийн дотоод хэрэгцээнд төрийн сангаар дамжуулан надаар төлүүлсэн 10,000,000 төгрөг тухайн үеийн анхны дуудлага худалдааны үнэд суутган тооцож авах ёстой юм.

… Миний хувьд заавал энэ маргаан бүхий эзэмшиж, ашиглах боломжгүй газрыг эзэмших сонирхолгүй бөгөөд хуулийн хүрээнд эзэмших боломжтой өөр байршилд шилжүүлэн өмнө төлсөн 10,000,000 төгрөгөө дуудлага худалдааны анхны үнэд тооцуулж газар эзэмших боломжтой талаар дүүрэг, Нийслэлийн Засаг даргад өөрийн байр сууриа илэрхийлсэн.

Иймд *******н Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/406 дугаар захирамжийн С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газрын дуудлага худалдааны үнийн зориулалтыг хандив нэрээр төрийн сангийн дансанд авсан 10,000,000 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэд тооцохыг даалгаж өгнө үү.” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгоод дахин А/570 дугаар захирамжаар байршил өөрчилсөн. Хэрвээ энэ 10,000,000 төгрөгийг Газар зохион байгуулалтын дансанд төлөөгүй байсан бол А/537 дугаар захирамж гарахгүй, байршил солихгүй бөгөөд татвар хураамж төлөх эрх үүсэхгүй байсан. Хандив гэдэг гүйлгээний утгатайгаар авсан ч хэрэгт цугларсан баримтаар 2021 он хүртэл хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байна.” гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Бгийн хувьд газар эзэмших эрхийг цуцалсан А/535 дугаар захирамж бол Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны акт байсан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дугаар зүйлд 5 үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгохоор заасан байдаг. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1,  48.2.2, 48.2.3, 48.2.5 дугаар зүйлд зааснаар 5 жилийн дотор хүчингүй болгоно, 48 дугаар зүйлийн 48.2.4 дүгээр зүйл бол өөр зохицуулалт байна. Тус захирамжид хүчингүй болгуулахаар заасан 5 үндэслэлийг дурдаагүй байна. Тэгэхээр газар эзэмших эрхийг цуцлах эрх зүйн үндэслэл байхгүй байсан нь харагдаж байна. 

Хоёрдугаарт 5 жилтэй холбоотой хугацааны асуудал яригддаг. Энэ маргаан нь 2014 оны А/240 дугаартай захирамжаар анх олгогдсон. Газрын тухай хуулиар газар эзэмшигч, төр болон түүний чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн захиргааны байгууллага нар нь харилцан гэрээ байгуулж газрыг эзэмшүүлдэг. Энэ зохицуулалтын хүрээнд иргэний эрх зүйн харилцааны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гардаг. Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор хүсэл зоригийн илэрхийлэл бичгэн хэлбэрээр болон талуудын санаа бодолд нийцсэн байна гэж тайлбарласан. Үүний дагуу эзэмшүүлж байгаа этгээд нь тодорхой үүрэг хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл газар эзэмшигчид давхардуулахгүй газар эзэмшүүлэх, газрыг ашиглах боломжоор хангах үүрэгтэй. Хураамжийг нь аваад хооронд нь маргалдуулдаг байж болохгүй. Газрын тухай хуульд заасан үүргээ төр хангалттай биелүүлээгүйгээс А/240 дүгээр захирамж дээр захиргааны хэргийн шүүхэд хандаж 2 жил гаруй шүүхээр явсан. С.Б болон нэр бүхий 11 иргэнийг орхисон А/240 дүгээр захирамж бол хуульд нийцсэн байна гэж үзээд Б.Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор газар чөлөөлөх Засаг даргын захирамж гарсан. Үүнийг мөн Б.С шүүхэд өгсөн бөгөөд шүүх нь Засаг даргын захирамж нь үндэслэлтэй гэж үзээд зарим хэсгийг хангаж шийдвэрлээд С.Бгийн газрыг хууль ёсонд нийцсэн байна гэж үзээд орхисон байдаг.

Гэтэл тус газрыг ашиглах боломжгүй хаасан бөгөөд үүнтэй холбоотойгоор удаа дараа холбогдох байгууллагад хандсан боловч шийдвэрлээгүй явсаар байсан.  2018 онд А/538 дугаар захирамжаар байршлыг нь өөрчилсөн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дүгээр зүйл,  48.2.2 дугаар зүйл, 48.2.3 дугаар зүйл, 48.2.5 дугаар зүйлд зааснаар 5  жилийн дотор хүчингүй болгохоор заасан. С.Бд олгосон газар эзэмшүүлэх харилцаа бол 2014 онд үүссэн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааны асуудал хөндөгдөнө. 

Гуравдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Захиргааны үйл ажиллагаа явуулах этгээд бол дүүргийн Засаг дарга байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 болон 24 дүгээр зүйлийн 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3, 25.1.4, 25.1.7-д тус тус зааснаар хүсэлтийг авах ажиллагааг хийх үүрэгтэй. Мөн 26 дугаар зүйл болон 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг дүүргийн Засаг дарга хийх үүрэгтэй. Гэтэл дүүргийн Засаг даргаас А/406 дугаар захирамжийг гаргахдаа С.Бг оролцуулах арга хэмжээ аваагүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 27 дугаар зүйлийн 27.1.1-27.1.3-д заасан мэдээллийг тусгасан мэдэгдлийг огт ирүүлээгүй. Газрын албанаас ирүүлсэн мэдэгдэлд 27.1.1-27.1.3-д зааснаар ямар хүн яаж хаана хийх талаар огт тусгагдаагүй. Захирамж гарсан гэж л зөвхөн албан бичиг ирсэн болохоос мэдэгдэл ирээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар захиргааны үйл ажиллагаа эрхлэх эрхтэй субъект биш боловч аудитын дүгнэлттэй холбоотой албан бичиг ирсний дагуу хариу тайлбар хүргүүлсэн бөгөөд үүний хариу ирээгүй байдаг. 2021 оны А/406 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хэд хэдэн заалтыг хангаагүй байна. 

Өөрөөр хэлбэл 4 дүгээр зүйлийн 4.2.1 буюу хуульд үндэслэхдээ эрх ашиг нь хөндөгдөж байгаа захиргааны актыг хэзээ цуцлах, яаж оролцоог нь хангах, Газрын тухай хуулиар ямар байх, нөхцөл байдал хэрхэн тогтоох талаар хуульд үндэслэсэн арга хэмжээг огт хийгээгүй байдаг. 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн үндэслэл бүхий зарчмыг хангахгүй байна. С.Бг 7 жилийн турш Баянгол дүүрэг өөрөө үүргээ биелүүлэхгүй ийм нөхцөл байдалд хүргэчихээд эцэст нь оруулсан мөнгийг хандив гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Мөн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар бусдын эрх ашиг сонирхлыг гаргахдаа тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангана гэсэн зарчим огт хангагдаагүй. Эсрэгээрээ С.Б болон холбогдох хүмүүс нэлээдгүй олон удаа хандсан боловч 10,000,000 төгрөг яагаад ингэж шилжүүлсэн талаар төрийн сангаас ажиллагаа огт хийгдээгүй. С.Бг оролцуулах арга хэмжээ хийгээгүй нь А/406 дугаар захирамж нь хуульд үндэслэх зарчимд халдаж байгаа юм. 

Нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргасан. Бид нар 2018 оны дуудлага худалдааны жишиг үнээр 10,000,000 төгрөгөөс тооцуулаад өгье эсхүл 2018 оныхоор 10,000,000 төгрөг нэмж өгөөд асуудлаа шийдвэрлэх ёстой газраас шийдвэрлүүлье гэхэд газрыг олж өгөх боломж байхгүй байна гэсэн. 2023 оныхоор 10 дахин үнэ цэн нь нэмэгдсэн. С.Бгийн 2016 оны 13,000,000 төгрөгийн үнэ цэн өнөөдрийн үнэ цэнээр гуч гаран сая төгрөг болж байна. Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хортой үр дагавар үүссэн байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа, хууль дээдлэх зарчим, сонсох ажиллагаа хийх, нөхцөл байдал тогтоох гэсэн эдгээрийн дагуу ажиллагааг хийж чадаагүй нь хууль ёсны байх шинжийг хангахгүй байна. 10,000,000 төгрөг төлсөнтэй хариуцагч маргаагүй гэхдээ хандив гэж хийсэн гээд байна. Энэ мөнгө нь *******н төрийн сангийн дансанд орсон байгаа юм. Хүнээс 10,000,000 төгрөг зээлээд тухайн өдрөө тэр дансанд шилжүүлсэн байгаа юм. Тус мөнгө нь газрын дуудлага худалдааны мөнгө мөн бөгөөд шилжүүлсэн утга нь тухайн үеийн албан хаагчид төөрөлдүүлсэн байна.” гэв. 

9. Хариуцагч *******н Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Тус дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар иргэн С.*******д *******н 20 дугаар хорооны ТЭЦ-4 станцын урд 1000 м.кв газрыг хүнсний ногоо тарих зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжаар иргэн С.*******д эзэмшүүлсэн *******н 20 дугаар хорооны ТЭЦ-4 урд 1000 м.кв газрыг зориулалт өөрчилж, Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Харин тус дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар иргэн С.*******д газрын байршил шилжүүлэн *******н 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үйлдвэрлэлийн баруун бүс-1 /16100/ 1000 м.кв газрыг Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Харин Нийслэл дэх Төрийн аудитын газраас Нийслэл, дүүргийн хэмжээнд “Иргэн, хуулийн этгээдэд газар олгосон байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д аудит хийж тус дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар иргэн С.Бд газар эзэмших эрх олгохдоо дуудлага худалдааны анхны үнэ болох 26,400,000 төгрөгийг төлөөгүй байх ба түүнийг төлөх тухай 2019 оны ҮАГ-НАГ-2019/07/-НА дугаар бүхий 03/189 тоот албан шаардлагыг *******н Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байдаг.

Дээрх албан шаардлагын биелэлтийг хангуулахаар *******н Газар зохион байгуулалтын албанаас иргэн С.Бд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12/2980, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12/2056, 2001 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12/596 албан бичгээр зөрчил арилгуулах тухай хугацаатай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байдаг.

Улмаар дээрх шаардлагууд нь биелэгдээгүй тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай тус дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/406 дугаар захирамжийг гаргасан байна.

Иймд С.Бд холбогдох *******н Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/406 дугаар захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөн үү.” гэжээ.

10. Хариуцагч *******н Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Маргаан бүхий газар нь Туул голын хамгаалалтад хамаарах газар юм. Уг асуудлыг шийдвэрлэх субъект нь дүүргийн Засаг дарга биш, Байгаль орчин аялал жуулчлалын яам байсан. Энэ үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Иргэн С.Бд газрыг дүүргийн Засаг дарга олгох эрхгүй байсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт байсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх санал гаргасан. Гэхдээ нэхэмжлэлийг хүлээж авах эсэх асуудлыг хариуцагч *******н Засаг даргын зүгээс хариу тайлбар өгч шийдвэрлээгүй.

Дуудлага худалдааны анхны үнэ байсан гэдгийг нотлох баримт удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар захирамжийг хүчингүй болгох харилцааг зохицуулах эрх үүрэгтэй. Сонсох ажиллагаа нь хуулийн хүрээнд хийгдсэн.” гэв. 

11. Хариуцагч *******н Газар зохион байгуулалтын алба татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.1-23.4.6 дахь заалтуудаар дүүргийн Газрын албаны эрх хэмжээг тодорхойлсон бөгөөд манай алба нь хуульд зааснаар дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний теслийг боловсруулах; Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх; газрын мэдээллийн санг эрхлэх; газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах, газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрх хэмжээг хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулдаг.

Дүүргийн Газрын албаны дарга нь дүүргийн Засаг дарга, эсвэл түүний Тамгын газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандив цуглуулж өгөх үүргийг хүлээгээгүй, мөн иргэн аж ахуйн нэгжид газрын дуудлага худалдааны үнийг Нийслэлийн Газрын албаны дуудлага худалдааны үнэ төвлөрүүлэх данснаас бусад дансанд төлүүлэхээр үүрэг, чиглэл өгөх эрхгүй этгээд юм.

Нэхэмжлэгч дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээнд зориулж 2014 онд дүүргийн Тамгын газрын дансанд "хандив" нэрээр мөнгө шилжүүлсэн бөгөөд энэ нь газрын дуудлага худалдааны үнэ байсан, энэ талаар дүүргийн Газрын албаны дарга "үүрэг, чиглэл" өгсөн" гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримт байхгүй байна. Иймд одоо энэ менгийг дуудлага худалдааны үнэд суутган тооцохыг Газрын албанд даалгуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мен Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар “захиргааны акт гаргахыг даалгах"-ыг шаардахын тулд захиргааны байгууллагын эс үйлдэхүй байгаа бөгөөд энэ эс үйлдэхүй нь хууль бус болохыг нотлох, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл биелүүлэхээс татгалзсан байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсэхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан.

Гэтэл Газар зохион байгуулалтын албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн зүгээс хуулиар хүлээсэн эрх хэмжээнд нь хамаарах нэхэмжлэгчид хандсан ямар хууль бус эс үйлдэхүй байгаа талаар үндэслэл, нотолгоо дурдаагүй байна. Нэгэнт хууль бус эс үйлдэхүй байхгүй тул "захиргааны акт гаргахыг даалгах" боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны талаар;

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.“Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:”, 27.2.1.“хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;”, 27.3.“Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:”, 27.3.1.“сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл;”, 27.3.2.“захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт;”, 27.3.3.“захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл.” гэж заажээ.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар *******н Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12/2980 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12/2056 дугаар, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12/596 дугаар, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 12/2035 дугаар албан бичгүүдээр мэдэгдэж, тус мэдэгдэлдээ дуудлага худалдааны үнийг төлөх, холбогдох тайлбар, саналаа ирүүлэх талаар тусгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй, мэдэгдэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй.

  1. *******н Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/406 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, ******* ҮАГ-НАГ-2019/07/-НА 03/189 дүгээр албан шаардлагыг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  А/574 дүгээр захирамжийн иргэн С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. 

*******н Засаг даргын 2018 оны А/574 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт боловч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.”Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж заасан 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байна. 

Хариуцагч нь ******* ҮАГ-НАГ-2019/07/-НА 03/189 дүгээр албан шаардлагын дагуу нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэхдээ Газрын тухай хууль 40.1.”Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5.”эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж заасныг үндэслсэн тус заалтад нийцээгүй боловч энэхүү үндэслэлээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ. 

Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.“Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. 

Газрын тухай хуулийн 33.1.2.”энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан ба нэхэмжлэгч нь дуудлага худалдаа төсөл сонгон шалгалтын үнэ төлөөгүй болох нь аудитын албан шаардлага болон бусад баримтаар тогтоогдож байна. 

Дээрх хуулийн заалт болон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийг дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэж түүнд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийсэн байх тул маргаан бүхий захирамжид тус хуулийн заалтыг хэрэглээгүй үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй юм. 

  1.  Нэхэмжлэгчээс *******н Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Газрын дуудлага худалдааны үнийн зориулалтыг хандив нэрээр төрийн сангийн дансанд авсан 10,000,000 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэд тооцохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.“Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.1.“сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах;”, 23.4.2.“Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;”, 23.4.3.“эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;”, 23.4.4.“газрын мэдээллийн санг эрхлэх;”, 23.4.5.“газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах;”, 23.4.6.“газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх.” гэж дүүргийн газрын албаны эрх хэмжээг заасан байна. 

Нэхэмжлэгч 10,000,000 төгрөгийг “хандив” гэх гүйлгээний утгаар *******н Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн дансанд төлсөн болох нь Хаан банкны 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд тус төлбөрийг дуудлага худалдааны үнэд төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дүүргийн газрын албанд иргэн, хуулийн этгээдээс төлсөн төлбөрийн зориулалтыг өөрчлөн тооцох эрхийг хуулиар олгоогүй тул *******н Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгчээс төлсөн 10,000,000 төгрөгийн зориулалтыг өөрчлөн газрын дуудлага худалдааны үнэд тооцох үндэслэлгүй байна.

Харин дуудлага худалдааны үнийг хандив нэрээр тушаалгасантай холбоотой асуудлаар хуульд заасан үндэслэл журмын дагуу өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан С.Бгаас *******н Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “*******н Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/406 дугаар захирамжийн С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газрын дуудлага худалдааны үнийн зориулалтыг хандив нэрээр төрийн сангийн дансанд авсан 10,000,000 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэд тооцохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН