Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2023/0421

 

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2023/0421

Улаанбаатар хот

 

 

                             

 

                                 С.Б***ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:                                              

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б***,

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/406 дугаар захирамжийн С.Б***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газрын дуудлага худалдааны үнийн зориулалтыг хандив нэрээр төрийн сангийн дансанд авсан 10 000 000 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэд тооцохыг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0318 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н*** нар,

Хэргийн индекс: 128/2021/0911/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б*** нь Баянгол дүүргийн Засаг дарга холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/406 дугаар захирамжийн С.Б***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газрын дуудлага худалдааны үнийн зориулалтыг хандив нэрээр төрийн сангийн дансанд авсан 10 000 000 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэд тооцохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0318 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан С.Б***гаас Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/406 дугаар захирамжийн С.Б***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газрын дуудлага худалдааны үнийн зориулалтыг хандив нэрээр төрийн сангийн дансанд авсан 10,000,000 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэд тооцохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Хариуцагчаас нэхэмжлэгчид газрын зориулалтыг өөрчлөх, дуудлага худалдааны үнийг төлөх, аудитын дүгнэлт, газар эзэмших эрхийг цуцлах болон цуцалсан агуулгатай албан бичгүүдийг хүргүүлсэн байтал шүүх “...хуульд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг албан бичгүүдээр хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” хэмээн илтэд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан нь буруу,

 3.2 Шүүх “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5 дугаар хэсгээр захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцэхгүй” гэж зөв дүгнэсэн атлаа захирамжид хариуцагчаас үндэслэл болгоогүй газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Газрын тухай хууль, тогтоомж зөрчсөн бол хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг хариуцагч огт хэрэгжүүлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх бодитой дүгнээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй,

 3.3 Хэрэгт авагдсан нотлох баримт болох аудитын дүгнэлтэд шүүх бодитой дүгнэлт хийгээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалах зарчмыг  зөрчсөн,  

3.4 Эерэг үйлчлэлтэй захиргааны актын хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сараас тоолж байгааг хүлээн зөвшөөрөхгүй,

3.5 Хариуцагч Газрын тухай хуулиар “захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийг үндэслэн захиргааны акт илэрхий хууль бус шийдвэр гаргаж байна зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын шаардлагын хүрээнд хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд:

3.1. Нэхэмжлэгч С.Б*** 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан “...20-р хороонд Хүнсний ногоо тарих чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа тул ... 100 м.кв газар эзэмшүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гарган, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн 200555403 дугаартай дансанд 10.000.000 сая төгрөгийг “Б***-с хандив” хэмээн шилжүүлсэн.

Улмаар, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны

өдрийн А/839 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид тус дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8023/5451 дугаар бүхий 1000 м.кв газрыг “үйлдвэрлэл, үйлчилгээ”-ний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгон, газар эзэмших эрхийн 000519272 дугаар гэрчилгээг олгосон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2016/0381 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 293 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамж, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр болон 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Газрын албанд хандан “...БГД 20-р хороонд маргаангүй газарт эзэмших эрхийг маань шилжүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасныг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар С.Б***д тус дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн баруун бүс-1 хаягт байрлах нэгж талбарын 1681610023 дугаар бүхий 1000 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, газар эзэмших эрхийн 000006160 дугаар гэрчилгээг олгосон.

3.2. Нийслэл дэх Төрийн аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д нийцлийн аудит хийж, 2019 оны 6 дугаар сарын 11-ны өдөр “Зөрчил арилгуулах тухай” ҮАГ-НАГ-2019/07/-НА 03/189 дүгээр албан шаардлагыг гарган Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн.

Тухайн нийцлийн аудитаар хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С.Б***д гэр бүлийн хамтын хэрэгцээнээс бусад зориулалтаар 2018 онд газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмыг баримтлахгүй, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэлгүй 1000 м.кв газрыг “үйлдвэр, үйлчилгээ” зориулалтаар олгосон болохыг тогтоон, зөрчлийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Газар ашиглалт бүртгэлийн хэлтэст тус тус даалгасан.

3.3 Нийслэл дэх Төрийн аудитын газрын дээрх албан шаардлагын дагуу Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12/2980, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 12/2056, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12/596 зэрэг албан бичгээр нэхэмжлэгч С.Б***д хандан газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг мэдэгдэж, нэхэмжлэгчээс албан шаардлагаар тогтоосон төлбөрийг төлөөгүй тул  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн болохыг мэдэгдэн, холбогдох тайлбар, саналаа захиргааны байгууллагад ирүүлэхийг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 12/2035 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн.

3.4. Нэхэмжлэгчээс Нийслэл дэх Төрийн аудитын албан шаардлагыг эс зөвшөөрч Нийслэл дэх Төрийн аудитын газар хандан “2014 онд хандив байдлаар тушаасан 10,000,000 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэд тооцуулах” агуулга бүхий гомдол гаргасныг Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1462 дугаар албан бичгээр  “...ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс, гүйлгээний утга нь Б***гаас хандив гэсэн байгаа тул дуудлага худалдааны анхны үнийг төлсөн гэж нотлох боломжгүй.  ... анхны үнийг төлүүлэх асуудлыг хүчингүй болгох, чөлөөлөх боломжгүй” хэмээн татгалзсан хариуг өгсөн.

3.5. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/406 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Нийслэл дэх Төрийн аудитын газрын ҮАГ-НАГ-2019/07/-НА 03/189 дүгээр албан шаардлагыг үндэслэн нэхэмжлэгч С.Б***гийн тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 1000 м.кв газрыг эзэмших эрх олгосон тус дүүргийн Засаг даргын 2018 оны А/574 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгон энэ талаарх мэдэгдлийг Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12/2137 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн заасанчлан захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсч буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” хэмээн тухайлан заасан.

 

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 болон А/839 дүгээр захирамжаар эзэмшиж байсан газрыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 188 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0381 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 293 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн,

Улмаар нэхэмжлэгчээс 2018 оны 4 дүгээр сарын 02, 6 дугаар сарын 12-ны өдрүүдэд гаргасан өргөдлийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн баруун бүс-1 хаягт байрлах нэгж талбарын 1681610023 дугаар бүхий 1000 м.кв газрыг дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэлгүй “үйлдвэрлэл, үйлчилгээ”-ний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн гэх үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийн зохицуулалт хэрэглэгдэхгүй.

Мөн хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч захиргааны байгууллагын зүгээс Нийслэл дэх Төрийн аудитын албан шаардлагын талаар болон түүнээс үүдэн гарч буй үр дагаврын талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж байсан, нэхэмжлэгчээс Нийслэл дэх Төрийн аудитын албан шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүй болох нь тус тус  тогтоогдож байх тул “хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй”, “эерэг үйлчлэлтэй захиргааны актын хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон”, “аудитын дүгнэлтэд шүүх бодитой дүгнэлт хийгээгүй” зэрэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

        

                          ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

                                                                                                                        

                                     ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА