Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/01986

 

 

 

 

 

 

2023 06 16

181/ШШ2023/01986

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.

 

(Хариуцагч товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн санал, хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Б ын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Б нь тус дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/281 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18642332796875, 18642332827854 дугаар бүхий тус бүр 700 м.кв хэмжээтэй 2 газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд 2017 онд эзэмшил газартаа хашаа барихаар очиход уг газарт 2 ширхэг контейнер байрлуулсан байсан болно.

Тухайн үед уг газрын манаач гэх хүмүүс ирж маргаан үүсгэсний улмаас газар эзэмших эрхээ хэрэгжүүлж, хашаа барьж чадаагүй билээ.

Улмаар 2017 онд Нийслэлийн Газрын албанаас газар эзэмшигч Б.Б ыг дуудаж уг газрын асуудлыг шийдвэрлэж өгөх талаар мэдэгдэж, тухайн газар нь Монголын Тэшүүрийн холбооны эзэмшил газар байсан боловч газар эзэмших эрх нь хүчингүй болсон гэж тайлбарласан болно.

Иргэн Б.Б нь үүнээс хойш газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, асуудал шийдвэрлэгдэхийг хүлээх ёстой гэсэн ойлголттой байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй өнөөдрийг хүрсэн билээ.

Энэ хугацаанд газрын төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн бөгөөд 2022 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Газрын албанд очиж асуухад мэдээллийн санд таны газар ямар нэгэн давхцалгүй бүртгэгдсэн гэсэн хариу амаар өгсөн бөгөөд эзэмшил газар дээрээ очиход уг газрыг дамнуулан хувийн сууцны зориулалттай байшин барьсан байсан бөгөөд манаач н.Оюунсүрэн гэх хүн болон Монголын Тэшүүрийн холбооноос уг байшинг Монголын Тэшүүрийн холбоонд ажиллаж байсан Г.Б гэх хүний байшин гэж тайлбарласан бөгөөд Г.Б той утсаар ярихад хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсэн тул нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Г.Б нь иргэн миний эзэмших эрхтэй газруудад хууль бусаар хувийн сууцны зориулалттай байшин дамнуулан барьсанаас болж миний бие газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, хохирч байна.

Уг нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр тус шүүхэд хандан гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/Ш32022/17975 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандан хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00601 дүгээр шийдвэрээр хариуцагч Г.Б ыг эрэн сурвалжлахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэсэн бөгөөд тус хэлсийн 2023 оны 2 дугаар сарын 28, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдийн тодорхойлолтуудаар хариуцагч Г.Б ыг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Сөүлийн гудамж 32 дугаар байрны 120 тоотод оршин суудаг болохыг тогтоосон тул уг нэхэмжлэлээ дахин гаргаж байна.

Тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/Ш32023/05642 дугаар захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганпүрэвт олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзсэн тул Н.Мягмардоржид итгэмжлэл олгон нэхэмжлэлээ дахин гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Б.Б ын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад байрлах, зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18642332796875, 18642332827854 дугаар бүхий газруудад барьсан хариуцагч Г.Б ын эзэмшлийн байшинг буулгаж, дээрх газруудыг хариуцагч Г.Б ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаар хариу тайлбар гаргаагүй.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, нэгж талбарын 18642332827854, 18642332796875 дугаар бүхий тус бүр 700 мкв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, өөрийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбарууд, Ньюсүрвэй ХХК-ийн гүйцэтгэсэн тоон байр зүйн зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00601 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 28, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолтууд /хх 4-19/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт үгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Б ын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шаардлагынхаа үндэслэлийг ...хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газруудад хууль бусаар хувийн сууцны зориулалттай байшин дамнуулан барьснаас болж нэхэмжлэгч газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, хохирч байгаа... гэж тайлбарлав.

3. Нэхэмжлэгч Б.Б д Нийслэлийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/281 тоот шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад байршилтай, нэгж талбарын 18642332827854, 18642332796875 дугаартай, тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хамтын хэрэгцээний /зуслан/ зориулалтаар эзэмшүүлэх 000652026, 000652027 дугаартай гэрчилгээ 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр олгогджээ. /хх 5-12/

Эдгээр гэрчилгээг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон, хүчингүйд тооцсоныг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно. гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь нэгж талбарын 18642332827854, 18642332796875 дугаартай газрын хууль ёсны эзэмшигч мөн байна.

4. Геодизи байр зүйн зураг хэмжилт боловсруулалтын үйл ажиллагаа явуулдаг Ньюсүрвэй ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэсэн тоон байр зүйн зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, зохигчийн төлөөлөгчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх газруудын хилийн зааг дээр дамнуулан хариуцагчийн гэх 60.8 мкв талбай бүхий байшин баригдсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр шаардах гаргах эрхтэй. /хх 13-14/

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага хууль зүйн үндэслэлтэй тул шүүх Б.Б ын эзэмшлийн нэгж талбарын 18642332827854, 18642332796875 дугаартай, тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг Г.Б ын хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00601 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б ын хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасны дагуу тус хэлтсээс эрэн сурвалжлах ажил зохион байгуулж, Г.Б ыг Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, 32 дугаар байр, 120 тоотод оршин суудаг болохыг олж тогтоожээ. /хх 15-19/

 

Хариуцагч Г.Б ын оршин суугаа дээрх хаягаар Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлэхэд заасан хаягт байнга эзэнгүй байсан талаар шуудан хүргэгчийн магадлагаанд тусгагдсан ба Баримт 3-т хариуцагчийн гэх 9919**** дугаарын утас руу залгахад утсаа аваагүй талаар тэмдэглэгджээ. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 181/ШЗ2023/07996 дугаартай захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхийг цагдаагийн албанд даалгаж, 2023 оны 5 дугаар сарын 18ы өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй байна. /хх 24-29/

 

Шүүх түүний эрхийг албадан эдлүүлэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн болно.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б ын эзэмшлийн нэгж талбарын 18642332827854, 18642332796875 дугаартай, тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Г.Б ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН