Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01751

 

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01751

 

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/01986 дугаар шийдвэртэй,

 

            Б.Аын нэхэмжлэлтэй,

Г.Бод холбогдох,

 

            Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмардорж, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.А нь тус дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/281 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад зуслангийн зориулалттай, нэгж талбарын -, - дугаар бүхий, тус бүр 700 м.кв хэмжээтэй 2 газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд 2017 онд эзэмшил газартаа хашаа барихаар очиход уг газарт 2 ширхэг контейнер байрлуулсан байсан. Тухайн үед уг газрын манаач гэх хүмүүс ирж маргаан үүсгэсний улмаас газар эзэмших эрхээ хэрэгжүүлж, хашаа барьж чадаагүй.

Улмаар 2017 онд Нийслэлийн газрын албанаас Б.Аыг дуудаж уг газрын асуудлыг шийдвэрлэж өгөх талаар мэдэгдэж, тухайн газар нь холбооны эзэмшил газар байсан боловч газар эзэмших эрх нь хүчингүй болсон гэж тайлбарласан тул асуудлыг шийдвэрлэх хүртэл хүлээх ёстой гэсэн ойлголттой байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

Энэ хугацаанд газрын төлбөрийг жил бүр төлж байсан бөгөөд 2022 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Газрын албанд очиж асуухад “мэдээллийн санд таны газар ямар нэгэн давхцалгүй бүртгэгдсэн” гэсэн хариу амаар өгсөн тул эзэмшил газар дээрээ очиход уг газрыг дамнуулан хувийн сууцны зориулалттай байшин барьсан байсан. Манаач н.Оюунсүрэн болон холбооноос уг байшинг тус холбоонд ажиллаж байсан Г.Б гэх хүний байшин гэж тайлбарласан бөгөөд Г.Бтой утсаар ярихад “хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ” гэсэн.

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Б.Аын эзэмших эрхтэй газруудад хууль бусаар хувийн сууцны зориулалттай байшин дамнуулан барьсанаас болж нэхэмжлэгч газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, хохирч байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Б.Аын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад байрлах, зуслангийн зориулалттай, нэгж талбарын -, - дугаар бүхий газруудад барьсан хариуцагч Г.Бын эзэмшлийн байшинг буулгаж, дээрх газруудыг хариуцагч Г.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаар хариу тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аын эзэмшлийн нэгж талбарын -, - дугаартай, тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Г.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх хариуцагч Г.Быг шүүх хуралдаанд оролцуулаагүй, шалтгааныг тордруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь түүний шүүх хуралдаанд оролцох, нотлох баримт гаргах эрхийг зөрчсөн. Шүүх шийдвэрийг гардуулж өгөх үүргээ биелүүлээгүй, шуудангаар хүргүүлсэн.

4.2. Тухайн газар нь холбооны эзэмшиж байсан газар ба Сүхбаатар дүүргийн Газрын алба эзэмших эрхийг шийдвэрлэж өгөхгүй байгаа.

4.3. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... газрын мэдээллийн санд газар давхцаагүй, уг газар дээр хувийн сууцны зориулалттай байшин барьсан бөгөөд манаач н.Оюунсүрэн болон Тэшүүрийн холбооноос уг байшин ... Г.Б гэх хүний байшин” гэж гаргасан тайлбарыг шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хангайтад зуслангийн зориулалттай нэгж талбарын -, - дугаар бүхий тус бүр 700 м.кв хэмжээтэй 2 газрыг тус дүүргийн газрын албанаас давхардал байгаа эсэхийг тодруулаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Б.А 2 айлын газрыг худалдан авсан, түүний эзэмшлийн газар бөгөөд тус газарт ямар ч давхцал байхгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Бод холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.А Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт, зуслангийн зориулалттай, нэгж талбарын -, - дугаар бүхий тус тус  700 м.кв талбай бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Газрын албанаас олгосон гэрчилгээний дагуу эзэмшиж байна.  

 

4. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газар дээр байгаа баригдсан бусдын байшинг нүүлгэх буюу газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгийн нэгэн адил шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.А нь энэ шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ түүний газар эзэмших эрхэд саад болж буй байшин Г.Бынх гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр буюу анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр тайлбарласнаар нэхэмжлэгч талд нотлох баримтыг хуулийн дагуу гаргаж, цуглуулж өгөх үүргийг биелүүлэх боломж олгоогүй гэж дүгнэхээр байна.

Нэхэмжлэгч маргааны зүйл болсон байшин Г.Бынх гэдгийг манаач н.Оюунсүрэн болон холбооноос өөрт нь тайлбарласан гэх байдлыг анхан шатны шүүх тодруулах байжээ.

 

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д  зааснаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад анхан шатны шүүх тодруулалгүйгээр шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүхээс уг нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

6. Харин анхан шатны шүүх хариуцагчид  шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн байх бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан ирээгүйгүй тохиолдолд түүний шүүх хуралдаанд ирээгүй нөхцөл шалтгааныг шүүх тодруулах үүрэггүйг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/01986 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Боос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХБАЯР

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА