Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/02216

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ................. тоотод оршин суух, Т ургийн овогтой М.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, .......................... тоотод оршин суух, Н ургийн овогтой Б.Т-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Э ,

Хариуцагч Б.Т ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: Миний бие М.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Т аас фэйсбүүк дээрх зарын дагуу Grand mark II машины урьдчилгаанд Grand mark II улсын дугаар ..... УБД машин болон 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг 5,200,000 төгрөгийг машин болон бэлэн мөнгө оролцуулан урьдчилгаа болгон өгөхдөө гарын үсэг, иргэний үнэмлэх, Grand mark II машины гэрчилгээний хамт гэрээ хийж өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний төлөлт болох 600,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 700,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 600,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэргэжилтэн Ж.Б-ийн Хаан банкны ............................ тоот дансанд тус тус шилжүүлсэн. Сүүлийн 2 төлөлт болох 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр болон 2023 оны 04 дүгээр сарын 02-ны төлөлтөө цалин хараахан буугаагүй тул хийгээгүй. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагын ажилчид ирсэн ба тус хүмүүст одоо төлөлтөө хийлээ гэж хэлэхэд банк бус санхүүгийн байгууллага дээр маань очиж уулз гэж хэлээд машиныг авч явсан. Энэ хугацаанд өөрсдийн буруутай үйлдлээс болж автомашиныг эвдэж сүйтгэсэн. Nissan note автомашиныг зээлийн төлөлт болох нийт 7,100,000 төгрөгийг өгсөн байсан. Уг хэргийг хуулийн дагуу эзэмшигч Б.Т д хохирлыг барагдуул гэх мэдэгдлийг банк бус санхүүгийн байгууллагад өгсөн боловч тус байгууллага нь хариуцахгүй, Б.Т тай асуудлаа шийд гэх хариуг өгсөн. Үүний дагуу Б.Т д 7,100,000 төгрөгийг буцаан өгч хохирол барагдуулах хүсэлт тавьсан боловч, Б.Т нь хохирлыг барагдуулахаас татгалзсан. Иймд Б.Т аас 7,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие 2022 оны 06 сарын 27-нд А ХХК-аас Nissan note маркийн .... УНП дугаартай авто машиныг 16,500,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Ингэж худалдан авахдаа тус компанийн оффис дотор байрладаг Т ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, худалдан авахаар тохиролцсон болно. Т ББСБ-тай байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу Т ББСБ нь уг машиныг худалдан авч, над руу тус машины эзэмшил, ашиглалтыг шилжүүлэх, миний бие машины үндсэн төлбөрийг зээлийн хүүтэй хамт төлж дууссанаар машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцсон. Ингээд миний бие тус ББСБ-д машины төлбөрийн урьдчилгаа болох 3,300,000 төгрөгийг бэлэн өгч, үлдэгдэл 13,200,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй зээлээр 36 сарын хугацаатай зээлэх нөхцөлтэй байгуулсан. Ингээд тус ББСБ-д сарын 600,000 төгрөгийн төлөлт хийхээр тохиролцсон. 2022 оны 7, 8, 9, 10 сарын зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг миний бие хугацаанд нь төлсөн боловч цаашид зээлийн төлбөрийг төлөхөд хүндрэлтэй болж эхэлсэн тул бид өөр хүнд зарахаар болсон. 2022 оны 11 сарын 28-нд Мөнхцогтын Э гэх этгээдтэй уулзаж, автомашин худалдах худалдан авах хэлцлийг амаар болон бичгээр хийсэн. Энэхүү хэлцлээр М.Э бид хоёр миний эзэмшиж, ашиглаж байсан .....УНП Дугаартай Nissan note машиныг 16,000,000 төгрөгөөр үнэлж, М.Э нь урьдчилгаа төлбөрт өөрийн унаж байсан ..... УБД дугаартай Grand mark II авто машиныг 4,500,000 төгрөгөөр тооцож надад өгөхөөр болсон. Харин үлдэгдэл төлбөр болох 11,500,000 төгрөгийг М.Э нь ББСБ-тай байгуулсан миний зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх замаар төлье гэсэн. Миний бие үүнийг зөвшөөрч, Энэ долоо хоногтоо багтааж, ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний эрх, үүргийг шилжүүлж аваарай гэж хэлсэн. М.Э нь За, ойлголоо. Би сар бүр төлөлтийг найдвартай хийгээд, өөрийн машин болгож авна гэж хэлээд, машиныг аваад явсан. Харин би М.Э ээс урьдчилгаанд авсан автомашин болох Grand mark II машины нэрийг өөр дээрээ шилжүүлж аваад явсан. Энэ өдрөөс хойш М.Э нь ...... УНП Nissan note машиныг 2022 оны 12, 2023 оны 1, 2, 3, 4 сарыг дуустал нийт 5 сар унаж ашигласан. Энэ хооронд миний бие ББСБ-тай байгуулсан гэрээний эрх үүрэг шилжүүлэх хэлцлийг хиймээр байна. Хурдан ирээч ээ гэж зөндөө хэлсэн, сануулсан, гуйсан. Гэвч М.Э нь ирэхгүй байсан. Энэ талаар сануулсан чат, мэссэж бий. Энэ хооронд М.Э нь ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 11, 12-р сарын төлөлт болох 600,000 төгрөгийг сар сард нь төлсөн. Харин 2023 оны 1, 2, 3-р сарын төлөлтийг хийгээгүй байсан.

Тиймээс ББСБ болох Т нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэн ......УНП Nissan note машиныг хураан авахаар М.Э ийн байгаа газар буюу Хэнтий аймаг руу явсан байсан. ББСБ-ын ажилтан нь М.Э ээс тус машиныг хурааж аваад буцах замдаа осолд орж, тус машиныг дахин ашиглах боломжгүй болтол нь эвдэж гэмтээсэн. Т ББСБ ХХК нь өөрсдийн буруугаас болж машиныг эвдэлсэн учраас эвдрэл гэмтлийн 80 хувийг өөрсдөө хариуцна гэж амаар хэлсэн боловч одоо болтол машины үнэлгээ болон бусад мэдээлэл, баримтыг гаргаж өгөөгүй байгаа. Дээрх үйл баримтаас харахад М.Э бид хоёр автомашины эзэмшил, ашиглалтыг шилжүүлэх тухай хэлцлийг хийсэн. Уг бичгээр хийсэн хэлцлийн дагуу М.Э нь тус машиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах тухай хүсэл зоригоо илэрхийлсэн. М.Э нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлж, автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохирсон. Тус машины төлбөр болгож өөрийн унаж буй машинаа миний нэр дээр шилжүүлсэн. Мөн тус машиныг өөрийн эзэмшилдээ авснаас хойш бүх эрсдэлийг хариуцна гэж тус тус тусгасан. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний нэр шилжүүлэх шаардлагатайг мэдэж байсан, ирж зээлийн гэрээг нэр дээрээ шилжүүлнэ гэсэн атлаа ирээгүй. Мөн М.Э нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эргэн төлөлтийг 3 сарын турш хийгээгүй хугацаа хэтрүүлсэн буруутай. Энэ үйлдлээс болж, М.Э нь тус машиныг хураалгасан байх тул М.Э нь өөрийн буруутай үйлдлээс улбаатай ийм нөхцөл байдалд хүргэсэн. Тиймээс дээрх бид хоёрын хоорондох хэлцэл нь хүчин төгөлдөр байх тул миний бие М.Э ийн шаардсан 7,100,000 төгрөгийг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэргийн хариуцагч нь миний бие биш, Т ББСБ болно. М.Э нь тус банк бус санхүүгийн байгууллагаас ослын талаарх дүгнэлт, үнэлгээний дүнг гаргуулан авч, зээлийн үлдэгдэлтэй харилцан тооцож, зээлийн үүргийг дуусгавар болгох, харин зөрүү мөнгө үлдсэн тохиолдолд түүнийг банк бус санхүүгийн байгууллагаас авах боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгч зураг /хх-ийн 4-10/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11-24/, хариуцагчаас зураг /хх-ийн 32-40/ нотлох баримтаар гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

           1.Шүүх нэхэмжлэгчийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Б.Т д холбогдуулан 7,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.           

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Т тай зарын дагуу холбогдож, Grand mark II машины урьдчилгаанд Grand mark II улсын дугаар ..... УБД машин болон 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг 5,200,000 төгрөгийг машин болон бэлэн мөнгө оролцуулан урьдчилгаа болгон өгөхдөө гарын үсэг, иргэний үнэмлэх, Grand mark II машины гэрчилгээний хамт гэрээ хийж өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний төлөлт болох 600,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 700,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 600,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын /А / зээлийн мэргэжилтэн Ж.Б-ийн Хаан банкны ............................ тоот дансанд тус тус шилжүүлсэн. Сүүлийн 2 төлөлт болох 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр болон 2023 оны 04 дүгээр сарын 02-ны төлөлтөө цалин хараахан буугаагүй тул хийгээгүй. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагын ажилчид ирсэн ба тус хүмүүст одоо төлөлтөө хийлээ гэж хэлэхэд банк бус санхүүгийн байгууллага дээр маань очиж уулз гэж хэлээд машиныг авч явсан. Энэ хугацаанд өөрсдийн буруутай үйлдлээс болж автомашиныг эвдэж сүйтгэсэн. Nissan note автомашиныг зээлийн төлөлт болох нийт 7,100,000 төгрөгийг өгсөн байсан. Уг хэргийг хуулийн дагуу эзэмшигч Б.Т д хохирлыг барагдуул гэх мэдэгдлийг банк бус санхүүгийн байгууллагад өгсөн боловч тус байгууллага нь хариуцахгүй, Б.Т тай асуудлаа шийд гэх хариуг өгсөн. Үүний дагуу Б.Т д 7,100,000 төгрөгийг буцаан өгч хохирол барагдуулах хүсэлт тавьсан боловч, Б.Т нь хохирлыг барагдуулахаас татгалзсан. Иймд Б.Т аас 7,100,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...2022 оны 06 сарын 27-ны өдөр А ХХК-с Nissan note маркын ...... УНП дугаартай авто машиныг 16,500,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Худалдан авахдаа Т ББСБ-тай зээл авч, зээлийн төлбөрийг төлж дуусгаад машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцсон. 13,200,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй зээлээр 36 сарын хугацаатай зээлэх нөхцөлтэй байгуулсан. Тус ББСБ-д сарын 600,000 төгрөгийн төлөлт хийхээр тохиролцсон. 2022 оны 7, 8, 9, 10 сарын зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг миний бие хугацаанд нь төлсөн боловч цаашид зээлийн төлбөрийг төлөхөд хүндрэлтэй болж эхэлсэн тул би машинаа өөр хүнд зарахаар болсон. 2022 оны 11 сарын 28-нд Мөнхцогтын Э гэх этгээдтэй уулзаж, автомашин худалдах худалдан авах хэлцлийг амаар болон бичгээр хийсэн. Энэхүү хэлцлээр М.Э бид хоёр миний эзэмшиж, ашиглаж байсан ...... УНП Дугаартай Nissan note машиныг 16,000,000 төгрөгөөр үнэлж, М.Э нь урьдчилгаа төлбөрт өөрийн унаж байсан 3195 УБД дугаартай Grand mark II авто машиныг 4,500,000 төгрөгөөр тооцож надад өгөхөөр болсон. Харин үлдэгдэл төлбөр болох 11,500,000 төгрөгийг М.Э нь ББСБ-тай байгуулсан миний зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх замаар төлье гэсэн. Миний бие үүнийг зөвшөөрч, Энэ долоо хоногтоо багтааж, ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний эрх, үүргийг шилжүүлж аваарай гэж хэлсэн. ...Энэ өдрөөс хойш М.Э нь ...... УНП Nissan note машиныг 2022 оны 12, 2023 оны 1, 2, 3, 4 сарыг дуустал нийт 5 сар унаж ашигласан. Энэ хооронд миний бие ББСБ-тай байгуулсан гэрээний эрх үүрэг шилжүүлэх хэлцлийг хиймээр байна. Хурдан ирээч ээ гэж зөндөө хэлсэн, сануулсан, гуйсан. Гэвч М.Э нь ирэхгүй байсан. Энэ талаар сануулсан чат, мэссэж бий. ...М.Э нь ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 11, 12-р сарын төлөлт болох 600,000 төгрөгийг сар сард нь төлсөн. Харин 2023 оны 1, 2, 3-р сарын төлөлтийг хийгээгүй байсан. Тиймээс ББСБ болох Т ББСБ нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэн ...... УНП Nissan note машиныг хураан авахаар М.Э ийн байгаа газар буюу Хэнтий аймаг руу явсан байсан. Банз бус санхүүгийн байгууллагын ажилтан нь М.Э ээс тус машиныг хурааж аваад буцах замдаа осолд орж, тус машиныг дахин ашиглах боломжгүй болтол нь эвдэж гэмтээсэн. М.Э нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эргэн төлөлтийг 3 сарын турш хийгээгүй хугацаа хэтрүүлсэн буруутай. Энэ үйлдлээс болж, М.Э нь тус машиныг хураалгасан байх тул М.Э нь өөрийн буруутай үйлдлээс улбаатай ийм нөхцөл байдалд хүргэсэн. Тиймээс дээрх бид хоёрын хоорондох хэлцэл нь хүчин төгөлдөр байх тул миний бие М.Э ийн шаардсан 7,100,000 төгрөгийг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна хэмээн тайлбарлажээ.

 

5.Нэхэмжлэлийн агуулгаар нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан автомашин худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 7,100,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байна.

 

6.Хариуцагч Б.Т нь А ХХК-аас Nissan Note маркийн ...... УНП улсын дугаартай автомашиныг худалдан авахдаа Т ББСБ-аас 13,200,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй зээлж, зээлийг 36 сарын хугацаанд сарын 600,000 төгрөгийн төлөлтөөр төлөхөөр тохиролцсон байна. Энэ хугацаандаа 2022 оны 11 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч М.Элгэрэлтэй харилцан тохиролцсоны дагуу автомашинаа 16,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ. Талууд төлбөр төлөх нөхцөлийг нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Б.Т д Grand mark II маркийн 3195 УБД улсын дугаартай автомашиныг 4,500,000 төгрөгт тооцон шилжүүлж, 200,000 төгрөг бэлнээр өгч, худалдан авч буй автомашины торгууль 170,000 төгрөгийг төлбөрөөс хасаж, үлдэх 11,000,000 төгрөгийг Т ББСБ-д хариуцагч төлж байсан байдлаар буюу сар бүр зээл, хүү 600,000 төгрөгөөр зээл төлж дуусгаснаар төлбөр төлөгдөхөөр тохиролцсон байна.

 

7.Дээрх нөхцөлөөр харилцан тохиролцож хэлцэл хийсэн талаар зохигч маргаагүй.

 

8.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байх бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9.Худалдах-худалдан авах хэлцэл хийсний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд Nissan Note маркийн ...... УНП улсын дугаартай автомашиныг 2022 оны 11 сарын 28-ны өдөр шилжүүлэн өгсөн байна. Харин Т ББСБ-аас нэхэмжлэгч автомашины эзэмших эрх шилжүүлж аваагүй нь хариуцагчийн буруугаас шалтгаалсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

10.Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасны дагуу хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

 

11.Нэхэмжлэгч Т ББСБ-д төлөх зээлийн төлбөрийн хугацааг хэтрүүлж үүргийн зөрчил гаргасан учир Т ББСБ-ын ажилтан автомашиныг нэхэмжлэгчээс хураан авч, эвдсэн байна.

 

12.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах, аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч гэрээний үүрэг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 7,100,000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлгүй байна.

 

13.Иймд хариуцагч Б.Т д холбогдох 7,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

14.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч М.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,550 төгрөгөөс 128,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 54,000 төгрөг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Т д холбогдох 7,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,550 төгрөгөөс 128,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 54,000 төгрөг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР