Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01525

 

 

 

Э.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02216 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Л-ийн хариуцагч Т.Ө-д холбогдуулан гаргасан 7,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чулуунцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүслэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Э.Л- нь Т.Ө-тай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зарын дагуу холбогдож Ниссан нөүт (Nissan note) маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцож төлбөрт Гранд марк-II (Grand mark II) маркийн автомашин болон 200,000 төгрөг өгсөн. Т.Ө- автомашиныг Төгөл-Инвест ББСБ ХХК-д барьцаалсан тул зээлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцсон. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний төлөлт 600,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 700,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 600,000 төгрөгийг ББСБ-д төлсөн. Цалин буугаагүй байснаас 2 төлбөр болох 2023 оны 03 дугаар сарын 02, мөн оны 04 дүгээр сарын 02-ны төлбөрийг хийж чадаагүй байхад ББСБ-ын ажилчид төлбөрөө төлөхийг шаардаж автомашиныг авч явахдаа осолд орсны улмаас эвдэрсэн. Э.Л- Ниссан нөүт (Nissan note) маркийн автомашины үнэд 7,100,000 төгрөг төлсөн. Иймд Т.Ө-аас 7,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Т.Ө- Автомарт ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ниссан нөүт (Nissan note) маркийн автомашиныг 16,500,000 төгрөгөөр авахаар тохиролцож Төгөл-Инвест ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Тус ББСБ-д автомашины урьдчилгаа төлбөрт 3,300,000 төгрөг төлж үлдэгдэл 13,200,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй зээлээр 36 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. ББСБ-д 2022 оны 07, 08, 09, 10 сарын зээлийн төлбөрийг төлсөн. Гэвч цаашид төлбөрийг төлөх боломжгүй болсон тул автомашиныг Э.Л-д худалдахаар тохиролцсон. Э.Л- нь 16,000,000 төгрөгийн Ниссан нөүт (Nissan note) маркийн автомашины үнэд Гранд марк-II (Grand mark II) маркийн автомашиныг 4,500,000 төгрөгт тооцон өгч, үлдэгдэл 11,500,000 төгрөгийг ББСБ дахь Т.Ө-ын зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Э.Л- нь Ниссан нөүт (Nissan note) маркийн автомашиныг 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01, 02, 03, 04 сарыг дуустал нийт 5 сар ашигласан. ББСБ энэ хугацаанд зээлийн гэрээний эрх, үүргийг шилжүүлэхээр Э.Л-ийг дуудсан боловч тэрээр ирээгүй. Э.Л- нь зээлийн төлбөрт 2022 оны 11, 12 дугаар сарын төлбөрт тус бүр 600,000 төгрөг төлсөн. 2023 оны 01, 02, 03 дугаар сарын төлбөрийг төлөөгүйгээс Төгөл-Инвест ББСБ ХХК-аас автомашиныг хураан авч хот руу ирэх замдаа осолд орсон. ББСБ ХХК автомашины эвдрэл гэмтлийн 80 хувийг хариуцна гэж мэдэгдсэн боловч үнэлгээ болон холбогдох мэдээллийг өгөөгүй. Э.Л-тэй автомашины эзэмшил, ашиглалтыг шилжүүлэх хэлцэл хийсэн. Мөн Э.Л- автомашиныг өөрийн эзэмшилдээ авснаас хойших бүх эрсдэлийг хариуцна. Э.Л-ийн буруугаас автомашинд хохирол учирсан. Т.Ө- 7,100,000 төгрөг төлөх үүрэггүй. Харин ББСБ-аас ослын талаарх дүгнэлт, үнэлгээний дүнг гаргуулан авч, зээлийн үлдэгдэлтэй харилцан тооцож, зээлийн үүргийг дуусгавар болгож, зөрүү гарсан тохиолдолд ББСБ-аас авах боломжтой гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Т.Ө-д холбогдох 7,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Л-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,550 төгрөгөөс 128,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 54,000 төгрөг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх ...Төгсжаргалын нэхэмжлэлтэй, ...Төгсжаргалд холбогдох хэргийг шийдвэрлэсэн мэт шүүхийн шийдвэрт бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Шийдвэрийн удиртгал хэсэгт талуудын тайлбарын агуулга тодорхой бус ойлгомжгүй, эргэлзээтэй, буруу тусгагдсан. Э.Л- нь Т.Ө-аас Төгөл-Инвест ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Ниссан нөүт (Nissan note) маркийн автомашиныг авахаар тохиролцож төлбөрт Гранд марк-II (Grand mark-II) маркийн автомашиныг 5,200,000 төгрөг тооцож, мөн 200,000 төгрөг, ББСБ-ын зээлийн мэргэжилтэн Ж.Баярмаагийн дансанд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2023 оны 01 дугаар сарын 02-ны өдөр 700,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 600,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөг төлсөн. Гэтэл ББСБ-ын ажилтан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр автомашиныг хураан авч явах замдаа осолд орж эвдэлсэн. Э.Л- болон Т.Ө- нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Учир нь: ББСБ-ын нэр дээрх автомашиныг худалдах эрхгүй байхад шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Э.Л- автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн аваагүй. Уг автомашин Төгөл-Инвест ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн доголдолтой нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар төлсөн 7,200,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй. Шүүх маргааны зүйл болох автомашин хэний дээр байгаа талаар тодруулаагүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд талуудын хооронд байгуулсан хэлцэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр техникийн алдаа гарсан нь шийдвэрийн агуулгад нөлөөлөхгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэлцлийг талууд харилцан тохиролцож, байгуулах боломжтой. Тухайн хэлцэл нь гагцхүү хуулийн дагуу байх ёстой гэж тусгасан. Анх хариуцагчийн зүгээс тухайн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан гэдгээ худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь тухайн хүний өмчлөлийн зүйл биш, эзэмшил, ашиглалтад байгаа автомашиныг худалдан авч байгаагаа мэдэж байсан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 7,100,000 төгрөгийг шаардсан. Худалдагч тал зээлээр авсан гэдгээ нуун дарагдуулж, худалдсан тохиолдолд шаардах боломжтой байсан. Хариуцагч талаас нэхэмжлэгчид эрх үүргээ хэрэгжүүлэх гэрээг байгуулах талаар удаа дараа мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч хүрэлцэн ирээгүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.

 1. Нэхэмжлэгч Э.Л- хариуцагч Т.Ө-д холбогдуулан Ниссан нөүт (Nissan note) маркийн автомашины үнэд төлсөн 7,100,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... Төгөл-Инвест ББСБ ХХК байгуулсан фидуцийн гэрээний үүрэгт тус автомашиныг барьцаалсан байсан, нэхэмжлэгч нь гэрээний эрх, үүргийг шилжүүлэхээр тохиролцсон боловч өөрийн буруугаас гэрээг байгуулаагүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ... Төгөл-Инвест ББСБ ХХК-ийн ажилтан төлбөр төлөх хуваарийг зөрчсөн гэж автомашиныг авч явах замдаа осолд орсны улмаас дахин ашиглах боломжгүй гэж эвдэрсэн... гэж тайлбарлажээ.

 2. Талуудын хэн аль нь автомашины өмчлөх фидуцийн гэрээний үүрэгт Төгөл-Инвест ББСБ ХХК-д шилжсэн талаар тайлбарласан байхад маргааныг шийдвэрлэхэд тус ББСБ-ын эрх ашиг хөндөгдөх эсэхийг шүүх тодруулах шаардлагатай. Түүнчлэн, тус ББСБ-д уг автомашины өмчлөх эрх хэдэн төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт фидуцийн гэрээгээр шилжсэн болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эвдрэл гэмтэлд орсон зам тээврийн ослын талаарх баримт зэрэг нь хэрэгт авагдаагүй байхаас гадна зохигчдын хооронд хийгдсэн мессэжид үзлэг хийлгэх эсэхийг талуудаас тодруулж уг ажиллагааг хийх нь хэрэгт ач холбогдолтой байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус заасан. Гэтэл хэргийн 5 дугаар талд авагдсан Хувийн гэрээ гэх баримт, мөн ХААН банк ХХК дахь Э.Л-ийн эзэмшлийн дансны хуулга нь нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаагүй байна.

4. Дээрх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулснаар, эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тогтоож, шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргах учиртай.

 5. Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд, мөн хуулийн 168.1.7-д зааснаар мөн хуулийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлд тус тус хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Л-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 128,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ