Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/02383

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ...................3 тоотод оршин суух, С ургийн овогтой Г.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............... өөрийн байранд байрлах хаягтай, У ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.М ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч У ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Г овогтой М миний бие Замын нэгдүгээр орлогч даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/1/378 дугаар тушаалаар У ХХК-ийн Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд мэргэжилтэн ажлын байранд томилогдон ажиллаж байсан бөгөөд худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан. Би ажиллах хугацаандаа Эрчим хүч, ус хангамжийн төв, ..... тасаг болон замын хэмжээнд бүх салбар нэгжийн эрчим хүч, ус хангамжийн бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авалтын асуудлуудыг албаны бусад мэргэжилтнүүдтэй тэнцүү ачаалалтайгаар хариуцан ажиллахаас гадна нэмэлтээр албаны 63 ажилтны хүний нөөцийн асуудлыг ямар ч нэмэгдэл цалин хөлсгүйгээр бусад мэргэжилтнүүдээс илүү ачаалалтайгаар хариуцан ажиллаж байсан.

Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд У ХХК-н Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 20-ны өдрүүдэд төлөвлөгөөт шалгалтыг хийсэн бөгөөд уг шалгалтын тайланг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан. Харин шалгалтын тайлангийн хурлыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийж, хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Замын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/П/39 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар надад ямар ч ор үндэслэлгүй шалтгаанаар мэргэжилтний албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд албаны удирдлагыг буруу мэдээллээр хангасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлгүй шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд миний бие удирдлагаа буруу мэдээллээр хангасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдол байхгүй бөгөөд надаас сахилгын шийтгэл ногдуулах талаар ямар нэг тайлбар аваагүй болно. Би албаны удирдлагын шийдвэрийн дагуу албаны бусад мэргэжилтнүүдээс илүү ачаалалтайгаар, нэмэгдэл цалин хөлсгүйгээр хүний нөөцийн асуудлыг хариуцан ажиллаж байсан. Мөн албаны удирдлагаас хүний нөөцийн ажлыг аль нэг мэргэжилтэнд хариуцуулан ажиллуулахад хүндрэлтэй байгаа тухай Хүний нөөцийн албанд хандаж байсан бөгөөд Замын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/879 дугаар тушаалаар Худалдан авалт, борлуулалтын албыг - Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба болгон бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан Замын нэгдүгээр орлогч даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Б/1/671 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Ц.М томилогдон ирсэн тул албаны хүний нөөцийн ажлыг шилжүүлэн өгсөн. Миний бие удирдлагаа буруу мэдээллээр хангасан зүйл байхгүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг заасан цаг хугацаанд нь чанартай, зөрчил дутагдалгүй гүйцэтгэж байсан. У ХХК-ын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчсөн талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана. гэж заасан боловч надад сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа болон үүнтэй холбоотой тайлбараа гаргаж, өөрийгөө өмгөөлөх боломжоор хангаагүй хуулийн дээрх заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр У ХХК-ын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүлээн авахад надад ямар зөрчлийг гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан болохоо ч тайлбарласангүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-д Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө гэснийг илэрхий зөрчсөн үйлдэл юм.

Надад сахилгын шийтгэл ногдуулсан гэх Дотоод аудит хяналт, шалгалтын албаны шалгалтын тайлан нь 2022 оны 12 дугаар сарын 26-нд гарсан боловч надад сахилгын шийтгэлийг 2023 оны 02 дугаар сар 16-ны өдөр ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэснийг зөрчжээ. Надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан боловч тушаалын 1-д 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс мэргэжилтний албан тушаалаас бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулж, Хүний нөөцийн албаны мэдэлд шилжүүлсүгэй. гэсэн шийдвэрийг гаргасан. Гэвч өнөөдөр 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл намайг ямар нэгэн албан тушаалд ажиллуулах талаар Хүний нөөцийн албанаас мэдэгдсэнгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-д албан тушаал бууруулах; гэж заасны дагуу ажилтны албан тушаалыг бууруулсан бол түүнд албан тушаал бууруулан ажиллуулах үүргийг ажил олгогч хуулиар нэгэнт хүлээж байгаа боловч намайг бууруулан ажиллуулах ажлын байр байхгүй атал ийм тушаал гаргаж, ажлаас халж хөдөлмөрлөх эрхийг маань ноцтойгоор зөрчлөө. Мөн ажилтан намайг Хүний нөөцийн албаны мэдэлд шилжүүлсүгэй гэсэн шийдвэр нь хөдөлмөрийн хуулиар ажилтан надад олгогдсон эрх болон үндсэн хуулиар иргэний эдэлдэг үндсэн эрхийг үл хүндэтгэсэн заалт болсон. Иймд У ХХК-ын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хуулийн болоод бодит үндэслэлгүй болсны зэрэгцээ, Хөдөлмөрийн хуульд заасан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах журмыг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж урьд ажиллаж байсан албан тушаалдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шаардаж байна гэжээ.

 

3.Хариуцагчийн хариу тайлбар: Г.М-д Замын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ..... дугаар тушаалаар ногдуулсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хууль хэрэглээний алдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар: Нэхэмжлэгч нь У ХХК-ийн даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-378 дугаар тушаалаар Худалдан авалт борлуулалтын албанд мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээний 1.2-т эрхлэх ажил, албан тушаалыг заасан ба гүйцэтгэх ажил үүргийг ажлын байрны тодорхойлолтоор нарийвчлан заасан. Г.М ын ажлын байрны тодорхойлолтын 2-т зааснаар ажлын байрны үндсэн зорилтоор салбар нэгжүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэр хэрэгслийг тендерээр худалдан авах үйл ажиллагааг хариуцахаас гадна мөн ажлын байрны тодорхойлолтын 4-т зааснаар Худалдан авалт, борлуулалтын албаны хэмжээнд сургалтын хэрэгцээг тодорхойлох, мэргэшүүлэх болон хүний нөөцийн асуудлыг хариуцахаар тусгайлан заасан. Энэ хүрээнд Худалдан авалт, борлуулалтын албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаалаар албаны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тушаал гарсан ба нэхэмжлэгч Г.М тус ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажлын байрны тодорхойлолтуудыг мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдэд нийцүүлэн шинэчилж санал дүгнэлтээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор танилцуулахыг үүрэг болгосон. Г.М ын ажлын байрны тодорхойлолтын 4-р үндсэн зорилтын 1.3-т ажилтан нэг бүрийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг шинэчлэх, боловсронгуй болгох гэсэн чиг үүргийг хариуцаж байсан ажилтан болно. Худалдан авалт, борлуулалтын албаны үйл ажиллагааны талаар ажил олгогчоос 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцсэн ба тус хуралдаанаар Г.М ыг ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил болон албаны даргын А/13 дугаар тушаалаар өгөгдсөн ажил үүргийг гүйцэтгээгүй талаар яригдсан ба өөрөө ч энэ талаар хурал дээр тайлбарлаж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд албаны удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил гаргасан нь дээрх тайлбараар нотлогдоно.

Албаны удирдлагыг буруу мэдээллээр хангасан талаар: Худалдан авалт, борлуулалтын албаны үйл ажиллагаанд Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас 2022 оны 12 дугаар сард хийсэн шалгалтаар Г.М ын боловсруулан гаргуулсан тушаал нь байгууллагын тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг зөрчин ажилтанд 500.000 төгрөгийн тусламжийг үндэслэлгүй олгосон байна гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ... тоот төлбөрийн акт тавигдсан. Тус дотоод хяналт шалгалтын тайлан мэдээг хэлэлцэх хурлыг ажил олгогчоос 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн ба хурлаар Г.М нь тусламж олгох тушаал боловсруулж эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулахдаа буруу мэдээллээр хангасан болох нь тогтоогдсон. Учир нь У ХХК -т мөрдөгдөж буй Замын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А-742 дугаар тушаалаар баталсан  тусламж дэмжлэг үзүүлэх журам-ын 3.7.2-т ажилтны гэр бүлийн гишүүн /аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд, хадам эцэг, эх, асран хамгаалалтад нь байдаг хүн/ нас барсан бол 500.000 төгрөгийн мөнгөн тусламж олгоно гэж заасныг зөрчиж албаны даргын ах нас барсан байхад 500.000 төгрөг олгож тусламж дэмжлэгт хамаарахгүй нөхцөлийг буруу ашигласан байсан. Тусламж үзүүлэх журмын 3.5-д зааснаар ажилтны гэр бүлийн гишүүн, түүн дотор төрсөн ах нас барсан бол  Тусламжийн төв комиссын хурлын шийдвэрээр мөнгөн болон эд материалын тусламж олгохоор зохицуулсан ба дээрх нөхцөлөөр тусламжийг олгох байсан.

Иймд албаны удирдлагыг буруу мэдээллээр хангаж тушаал гаргах нөхцөлийг бүрдүүлсэн нь дээрх тайлбараар нотлогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажилтанд мэдэгдэх, тайлбар авах ажиллагааг дээр дурдсан зөрчлүүдийг хэлэлцсэн хуралдаанаар хэрэгжүүлсэн ба сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийн хэлбэрүүдээс сонгон хэрэглэх эрх нь ажил олгогчийн үндсэн эрх тул нэхэмжлэгч Г.М ын гаргасан зөрчилд ажлаас халах шийтгэл ногдуулалгүй албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт У ХХК-ийн даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар тушаал /хх-ийн 5/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 6,7/, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 8-11/ хариуцагчаас Улаанбаатар төмөр замын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн актын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 22/, Улаанбаатар төмөр замын худалдан авалт, борлуулалтын албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 23/, Улаанбаатар төмөр замын Худалдан авалт, борлуулалтын албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаалын хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 24/, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 25-29/, Улаанбаатар төмөр замын Худалдан авалт, борлуулалтын албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/15 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 50/, О.Батцэрэнд тусламж олгох тухай тушаалын төслийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 51/, Улаанбаатар төмөр замын Худалдан авалт, борлуулалтын албаны даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/879 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 52/, 2022 оны орон тооны жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 53,54/, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн 2022 оны орон тоо, албан тушаалын жагсаалтын нэгтгэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 55/, У ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ....дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 56/, Хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 57-67/, худалдан авалт, борлуулалтын албанд хийсэн дотоод аудитын шалгалтын тайлангийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 68-82/, У ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 83/, У ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/II/871 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 84/, хурлын аудио бичлэгийн тэмдэглэл /хх-ийн 85-91/, хөдөлмөрийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 98-101/, цалингийн карт /хх-ийн 124, 125/, У ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/850 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 126/, У ХХК-ийн  албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 127-134/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 135,136/ шүүхээс үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 103,104/ зэрэг баримт нотлох баримтаар авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч У ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

3.Зохигч талууд дараах үндэслэлээр маргасан байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч Г.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г.М миний бие худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан. Би ажиллах хугацаандаа Эрчим хүч, ус хангамжийн төв, Баянтүмэн тасаг болон замын хэмжээнд бүх салбар нэгжийн эрчим хүч, ус хангамжийн бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авалтын асуудлуудыг албаны бусад мэргэжилтнүүдтэй тэнцүү ачаалалтайгаар хариуцан ажиллахаас гадна нэмэлтээр албаны 63 ажилтны хүний нөөцийн асуудлыг ямар ч нэмэгдэл цалин хөлсгүйгээр бусад мэргэжилтнүүдээс илүү ачаалалтайгаар хариуцан ажиллаж байсан.

...Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд У ХХК-н Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 20-ны өдрүүдэд төлөвлөгөөт шалгалтыг хийсэн бөгөөд уг шалгалтын тайланг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан. Харин шалгалтын тайлангийн хурлыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийж, хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Замын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/2/39 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар надад ямар ч ор үндэслэлгүй шалтгаанаар мэргэжилтний албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэснийг зөрчсөн.

Миний бие удирдлагаа буруу мэдээллээр хангасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдол байхгүй бөгөөд надаас сахилгын шийтгэл ногдуулах талаар ямар нэг тайлбар аваагүй....Замын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/879 дугаар тушаалаар Худалдан авалт, борлуулалтын албыг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба болгон бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан Замын нэгдүгээр орлогч даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн ..... дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Ц.М томилогдон ирсэн тул албаны хүний нөөцийн ажлыг шилжүүлэн өгсөн. ...Надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан боловч тушаалын 1-д 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс мэргэжилтний албан тушаалаас бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулж, Хүний нөөцийн албаны мэдэлд шилжүүлсүгэй. гэсэн шийдвэрийг гаргасан. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл намайг ямар нэгэн албан тушаалд ажиллуулах талаар Хүний нөөцийн албанаас мэдэгдсэнгүй.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-д албан тушаал бууруулах; гэж заасны дагуу ажилтны албан тушаалыг бууруулсан бол түүнд албан тушаал бууруулан ажиллуулах үүргийг ажил олгогч хуулиар нэгэнт хүлээж байгаа боловч намайг бууруулан ажиллуулах ажлын байр байхгүй атал ийм тушаал гаргаж, ажлаас халж хөдөлмөрлөх эрхийг маань ноцтойгоор зөрчсөн хууль бус тушаал гаргасан гэж тайлбарласан.

 

3.2.Хариуцагч У ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Г.Мд Замын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б-2-39 дугаар тушаалаар ногдуулсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хууль хэрэглээний алдаагүй. ...Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар: Нэхэмжлэгч нь У ХХК-ийн даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-378 дугаар тушаалаар тус Худалдан авалт борлуулалтын албанд мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээний 1.2-т эрхлэх ажил, албан тушаалыг заасан ба гүйцэтгэх ажил үүргийг ажлын байрны тодорхойлолтоор нарийвчлан заасан. Г.М ын ажлын байрны тодорхойлолтын 2-т зааснаар ажлын байрны үндсэн зорилтоор салбар нэгжүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэр хэрэгслийг тендерээр худалдан авах үйл ажиллагааг хариуцахаас гадна мөн ажлын байрны тодорхойлолтын 4-т зааснаар Худалдан авалт, борлуулалтын албаны хэмжээнд сургалтын хэрэгцээг тодорхойлох, мэргэшүүлэх болон хүний нөөцийн асуудлыг хариуцахаар тусгайлан заасан. Энэ хүрээнд Худалдан авалт, борлуулалтын албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаалаар албаны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тушаал гарсан ба нэхэмжлэгч Г.М тус ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажлын байрны тодорхойлолтуудыг мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдэд нийцүүлэн шинэчилж санал дүгнэлтээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор танилцуулахыг үүрэг болгосон. Г.М ын ажлын байрны тодорхойлолтын 4-р үндсэн зорилтын 1.3-т ажилтан нэг бүрийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг шинэчлэх, боловсронгуй болгох гэсэн чиг үүргийг хариуцаж байсан ажилтан болно. Худалдан авалт, борлуулалтын албаны үйл ажиллагааны талаар ажил олгогчоос 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцсэн ба тус хуралдаанаар Г.М ыг ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил болон албаны даргын А/13 дугаар тушаалаар өгөгдсөн ажил үүргийг гүйцэтгээгүй талаар яригдсан ба өөрөө ч энэ талаар хурал дээр тайлбарлаж хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд албаны удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил гаргасан нь дээрх тайлбараар нотлогдоно. ...Албаны удирдлагыг буруу мэдээллээр хангасан талаар: Худалдан авалт, борлуулалтын албаны үйл ажиллагаанд Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас 2022 оны 12 дугаар сард хийсэн шалгалтаар Г.М ын боловсруулан гаргуулсан тушаал нь байгууллагын тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг зөрчин ажилтанд 500,000 төгрөгийн тусламжийг үндэслэлгүй олгосон байна гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр №170 тоот төлбөрийн акт тавигдсан. Тус дотоод хяналт шалгалтын тайлан мэдээг хэлэлцэх хурлыг ажил олгогчоос 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн ба хурлаар Г.М нь тусламж олгох тушаал боловсруулж эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулахдаа буруу мэдээллээр хангасан болох нь тогтоогдсон. Г.М ын гаргасан зөрчилд ажлаас халах шийтгэл ногдуулалгүй албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болно гэж тайлбарлажээ.

 

4.Нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас хууль бусаар халсан гэж үзэж нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ.

 

5.У ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б-2-39 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 123 дугаар зүйлийн 123.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.4, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн а, и, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэн Худалдан авалт борлуулалтын албанд мэргэжилтэн /гэрээний/ Г.М ыг албаны удирдлагыг буруу мэдээллээр хангасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй сахилгын зөрчил гарсан тул 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс мэргэжилтний албан тушаалаас бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулж, Хүний нөөцийн албаны мэдэлд шилжүүлсэн байна. /хх-ийн 5/

 

6.У ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-378 дугаар тушаалаар Г.М тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Худалдан авалт борлуулалтын албанд мэргэжилтнээр томилон ажиллуулсан байна.

 

7.Нэхэмжлэгч Г.М тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.2-т ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг эрхлэн гүйцэтгэхийг, Ажлын байрны тодорхойлолтын Б Чиг үүрэг хэсгийг 2 дахь хэсгийн 4-т албаны хэмжээнд ...хүний нөөцийн асуудлыг хариуцах, 3 дахь хэсгийн 1.3-т ажилтан нэг бүрийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг шинэчлэх, боловсронгуй болгох гэж тусгасан байна. /хх-ийн 98-101/

 

8.Худалдан авалт, борлуулалтын албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаалаар албаны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тушаал гарган, нэхэмжлэгч Г.М ыг тус ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажлын байрны тодорхойлолтуудыг мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдэд нийцүүлэн шинэчилж санал дүгнэлтээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор танилцуулахыг үүрэг болгосон байна. /хх-ийн 23-24/

 

9.Хариуцагч байгууллагын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралд хүний нөөцийн ажилтнаар Ц.М томилогдон ажил авсан, бүтэц орон тоо шинэчлэн баталсантай холбоотойгоор ажил хийгдэж дуусаагүй байгааг хэлэлцсэн байна. /хх-ийн 87-88/

 

10.Хэдийгээр У ХХК-ийн бүтцийн өөрчлөлтийг У ХХК-ийн замын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/879 дугаар тушаалаар Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, мөн албанд хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр Ц.М-ыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр авч ажиллуулсан боловч нэхэмжлэгч Г.М ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тушаал заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 53-55, 84/

 

11.Мөн Худалдан авалт, борлуулалтын албанд хийсэн дотоод аудит, шалгалтын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тайлангаар Албаны даргын 2022 оны 10 сарын 28-ны өдрийн А-15 дугаар тушаалаар тусламж дэмжлэг үзүүлэх журмын 3.7.2-т дахь заалтыг зөрчиж албаны дага О.Б-д 500,000 төгрөгийн тусламж олгосон болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 73/

 

12.Уг тушаалын төслийг нэхэмжлэгч боловсруулахдаа .. тусламж үзүүлэх журамд нийцэхгүй байгааг албаны удирдлагад танилцуулсан, ...албаны мэдэж байсан, ...удирдлагаас хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралд намайг гүтгэсэн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан нотлох баримтгүй, тогтоогдохгүй байна.

 

13.Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй, удирдлагыг буруу мэдээллээр хангасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана, 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

 

15.Хариуцагч байгууллагын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралд нэхэмжлэгчээс тайлбар авч зөрчил гаргасан эсэхийг хэлэлцсэн байна. Мөн Худалдан авалт, борлуулалтын албанд хийсэн дотоод аудит, шалгалтын тайлан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарч, гаргасан зөрчлийг тогтоосон байх боловч гаргасан зөрчилтэй холбоотой сахилгын шийтгэлийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ногдуулахаар шийдвэрлэсэн нь ажил олгогч зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан журмыг зөрчсөн байна.

 

16.Мөн хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халаагүй гэж тайлбарласан боловч албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 сарын хугацаанд нэхэмжлэгч Г.М ад ажлын байр санал болгоогүй, томилоогүй байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

17.Хариуцагч сахилгын шийтгэлийг сонгож хэрэглээгүй, хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй байх тул ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 

18.Иймд нэхэмжлэгч Г.М-ыг У ХХК-ийн Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны мэргэжилтэн /гэрээний/-ий ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

19.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүл, бичилт хийх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин цалингийн картаар 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сар 8,841,081 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 82 хоног тооцож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,507,470 төгрөг болно. /хх-ийн 124-125/

 

20.Иймд хариуцагч У ХХК-иас 11,507,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М ад олгож, ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

21.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М ыг У ХХК-ийн Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд мэргэжилтэн /гэрээний/-ий ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч У ХХК-иас 11,507,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР