Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01516

 

 

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01516

 

  

Г.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/02383 дугаар шийдвэртэй,

Г.М-ын нэхэмжлэлтэй

М-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Замын нэгдүгээр орлогч даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/1/378 дугаар тушаалаар УБТЗ ХНН-ийн Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд мэргэжилтэнээр ажиллаж байсан худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан юм. Би ажиллах хугацаандаа Эрчим хүч, ус хангамжийн төв, Баянтүмэн тасаг болон замын хэмжээнд бүх салбар нэгжийн эрчим хүч, ус хангамжийн бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авалтын асуудлыг албаны бусад мэргэжилтнүүдтэй тэнцүү ачаалалтай хариуцан ажиллахаас гадна нэмэлтээр албаны 63 ажилтны хүний нөөцийн асуудлыг нэмэгдэл цалин хөлсгүйгээр хариуцан ажиллаж байсан.

1.1. Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд УБТЗ ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 20-ны өдрүүдэд хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайланг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан. Харин шалгалтын тайлангийн хурлыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийж, хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Замын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/П/39 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар надад мэргэжилтний албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд албаны удирдлагыг буруу мэдээллээр хангасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд надаас сахилгын шийтгэл ногдуулах талаар ямар нэг тайлбар аваагүй болно.

1.2. Би албаны удирдлагын шийдвэрийн дагуу албаны бусад мэргэжилтнүүдээс илүү ачаалалтай, нэмэгдэл цалин хөлсгүй хүний нөөцийн асуудлыг хариуцан ажиллаж байсан. Мөн албаны удирдлагаас хүний нөөцийн ажлыг аль нэг мэргэжилтэнд хариуцуулан ажиллуулахад хүндрэлтэй байгаа тухай Хүний нөөцийн албанд хандаж байсан бөгөөд Замын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/879 дугаар тушаалаар Худалдан авалт, борлуулалтын албыг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба болгон бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан Замын нэгдүгээр орлогч даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/1/671 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Ц.Мөнхбаяр томилогдон ирсэн тул албаны хүний нөөцийн ажлыг шилжүүлэн өгсөн. Миний бие удирдлагаа буруу мэдээллээр хангасан зүйл байхгүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг заасан цаг хугацаанд нь чанартай, зөрчил дутагдалгүй гүйцэтгэж байсан.

1.3. УБТЗ-ын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/И/39 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар надад сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа болон үүнтэй холбоотой тайлбараа гаргаж, өөрийгөө өмгөөлөх боломжоор хангаагүй хуулийн дээрх заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр УБТЗ-ын даргын 2023 оны Б/Н/39 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүлээн авахад надад ямар зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан болохоо тайлбарлаагүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл юм.

1.4. Дотоод аудит хяналт, шалгалтын албаны шалгалтын тайлан нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарсан надад сахилгын шийтгэлийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчжээ. Надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан боловч тушаалын 1-д 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс мэргэжилтний албан тушаалаас бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулж, Хүний нөөцийн албаны мэдэлд шилжүүлсүгэй гэсэн шийдвэр гаргасан. Гэвч өнөөдөр 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл намайг ямар нэгэн албан тушаалд ажиллуулах талаар Хүний нөөцийн албанаас мэдэгдээгүй. Намайг Хүний нөөцийн албаны мэдэлд шилжүүлсүгэй гэсэн шийдвэр нь хөдөлмөрийн хуулиар ажилтан надад олгогдсон эрх болон үндсэн хуулиар иргэний эдэлдэг үндсэн эрхийг үл хүндэтгэсэн заалт болсон. Иймд урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Г.М-д Замын даргын 2023 оны 02 сарын 16-ны өдөр Б-2-39 дугаар тушаалаар ногдуулсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хууль хэрэглээний алдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.1. Нэхэмжлэгч нь УБТЗ ХНН-ийн даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-378 дугаар тушаалаар тус нийгэмлэгийн Худалдан авалт борлуулалтын албанд мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээний 1.2-т эрхлэх ажил, албан тушаалыг заасан ба гүйцэтгэх ажил үүргийг ажлын байрны тодорхойлолтоор нарийвчлан заасан. Энэ хүрээнд Худалдан авалт, борлуулалтын албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаалаар албаны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тушаал гарч нэхэмжлэгч нь ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажлын байрны тодорхойлолтуудыг нийгэмлэгт мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдэд нийцүүлэн шинэчилж санал дүгнэлтээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор танилцуулахыг үүрэг болгосон. Худалдан авалт, борлуулалтын албаны үйл ажиллагааны талаар ажил олгогчоос 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцсэн ба тус хуралдаанаар Г.М ыг ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил болон албаны даргын А/13 дугаар тушаалаар өгөгдсөн ажил үүргийг гүйцэтгээгүй ба өөрөө энэ талаар хуралд тайлбарлаж хүлээн зөвшөөрсөн. Иймд албаны удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил гаргасан нь нотлогдоно.

2.2. Худалдан авалт, борлуулалтын албаны үйл ажиллагаанд нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас 2022 оны 12 дугаар сард хийсэн шалгалтаар Г.М-ын боловсруулан гаргуулсан тушаал нь байгууллагын тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг зөрчин ажилтанд 500,000 төгрөгийн тусламжийг үндэслэлгүй олгосон байна гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 170 тоот төлбөрийн акт тавигдсан. Тус дотоод хяналт шалгалтын тайлан мэдээг хэлэлцэх хурлыг ажил олгогчоос 2023 оны 01 сарын 30-ны өдөр хийсэн ба хурлаар Г.М нь тусламж олгох тушаал боловсруулж эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулахдаа буруу мэдээллээр хангасан болох нь тогтоогдсон. Иймд албаны удирдлагыг буруу мэдээллээр хангаж тушаал гаргах нөхцөлийг бүрдүүлсэн нь дээрх тайлбараар нотлогдоно

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт зааснаар ажилтанд мэдэгдэх, тайлбар авах ажиллагааг дээр дурдсан зөрчлүүдийг хэлэлцсэн хуралдаанаар хэрэгжүүлсэн ба сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийн хэлбэрүүдээс сонгон хэрэглэх эрх нь ажил олгогчийн үндсэн эрх тул нэхэмжлэгч Г.М-ын гаргасан зөрчилд ажлаас халах шийтгэл ногдуулалгүй албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М ыг М-ын Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд мэргэжилтэн /гэрээний/-ий ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч М-аас 11,507,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйгээс гадна хэргийн үйл баримт, холбогдох хуулийн зүйл заалтын буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.2.Талуудын хооронд үүссэн маргаан нь ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэртэй холбоотой болно.

4.3. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд маргаантай асуудлаар эхний ээлжинд харилцан тохиролцох хүчин чармайлт гаргах үүрэгтэй, тохиролцоогүй бол мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисстоо хяндан шийдвэрлүүлэх, тус комиссоос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх урьдчилсан нөхцөлийг зохицуулсан. Ажилтан байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрүүдийг эс зөвшөөрвөл Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар шүүхэд хандах эрх нь үүсэх байсан.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэлээр шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж үзсэн. Нэхэмжлэгч Г.М-ыг ажлаас халаагүй, өөр ажилд шилжүүлээгүй, шилжин очих ажлын байрандаа очоогүй байдлыг дүгнэлгүй хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчид ногдуулсан УБТЗ-ын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б-2-39 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь албан тушаал бууруулсан, буурч очих ажлын байранд ажилтан шилжин очоогүй, ажиллаж эхлээгүй байсан үйл баримтыг орхигдуулсан байна. Уг маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхээр шууд хянан шийдвэрлэх хэрэг гэж үзэх боломжгүй ба мөн хуулийн 158.1.1-т зааснаар шийдвэрлэх ёстой байсан.

4.5. Ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулах тушаал үндэслэлтэй гэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо хяналт шалгалтын байцаагчийн акт тавьсан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсон нь алдаатай. Хуульд ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш гэж тодорхой заасан ба байцаагчийг ажил олгогч гэж үзэхгүй, нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан этгээд нь акт тавьсан байцаагч биш юм. Харин ажил олгогчийн зөрчлийг илрүүлсэн гэж үзэх нөхцөл нь эрх бүхий албан тушаалтны удирдсан хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан бөгөөд энэ өдрөөс эхлэн хуульд заасан нэг сарын хугацааг тоолох үндэслэлтэй байтал байцаагчийн акт тавьсан хугацаанаас эхэлж тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.6. Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол ажил олгогч ажилтанд нэг сарын дотор ажилд томилох зохицуулалт байхгүй. Хуульд заагаагүй 1 сарын дотор томилох ёстой гэсэн дүгнэлтийг хаанаас, хэрхэн гаргаж ирээд буйг ойлгохгүй байна. Нөгөөтэйгүүр ажил олгогчоос нэхэмжлэгчид ажлын байр санал болгоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүх хуралдаанд өөр ажлын байранд томилох саналыг Г.М өөрөө хүлээн зөвшөөрөөгүй талаар яригдсан ба ажлын байрны санал тавиагүй гэж маргаагүй.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Уг шийдвэрээс хойш 1 сарын хугацаанд надад ажлын байр санал болгоогүй учир 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс ажлаас халагдсан гэж үзэж хөдөлмөрийн маргаан үүсгэсэн нь зөв юм.

Шүүх зөрчлийг илрүүлсэн хугацааг ажил олгогчийн хяналт шалгалтын албаны байцаагчийн акт тавьсан өдөр болох 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тооцсон нь үндэслэлтэй гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч М-д холбогдуулан Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх-1-3/

 3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б-2-39 дугаартай тушаалаар Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны мэргэжилтэн Г.М нь албаны удирдлагыг буруу мэдээллээр хангасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс мэргэжилтний албан тушаалаас бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулжээ./хх/

3.б. Улаанбаатар төмөр замын Худалдан авалт, борлуулалтын албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаалаар ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд ажлын хэсгийн ахлагчаар Худалдан авалт, борлуулалтын албаны орлогч дарга, нарийн бичгийн даргаар тус албаны мэргэжилтэн Г.М, гишүүдэд тус албаны гурван мэргэжилтэнг баталж, ажлын байрны тодорхойлолтыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, удирдах болон гүйцэтгэх ажлын байрны тодорхойлолтыг Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Хүний нөөцийн албанд хүргүүлэх санал дүгнэлтийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор багтаан танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгожээ./хх-23-24/

3.в. Ажлын хэсэг дээрх үүрэг даалгаврыг биелүүлэхдээ чиг үүргээ хэрхэн хуваарилсан, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ямар чиг үүрэг хариуцсан, уг үүргээ хэрхэн яаж хэрэгжүүлээгүй талаар хэрэгт баримт авагдаагүй байх ба 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд бүтцийн өөрчлөлт болсон учраас албаны удирдлагаас хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт шинэчлэн боловсруулах ажлыг түр хугацаагаар хойшлуулсан талаар нэхэмжлэгч нь танилцуулж байжээ. /хх-87/

3.г. Улаанбаатар төмөр замын Худалдан авалт, борлуулалтын албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/15 дугаар тушаалаар албаны дарга О.Б-гийн төрсөн ах нь өвчний улмаас нас барсан тул гэр бүлд нь 500,000 төгрөгийн мөнгөн тусламж олгосон ба уг тушаал нь Замын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/742 дугаар тушаалаар батлагдсан нийгэмлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх журмын 3.7.2-т Ажилтны гэр бүлийн гишүүн /аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд, асран хамгаалалтанд нь байдаг хүн/ нас барсан бол 500,000 төгрөгийн мөнгөн тусламж олгоно гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр үндэслэлгүй олгосон тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Г-63/03/170 дугаартай төлбөрийн акт бичигджээ./хх/

 4. Зохигч ажлын хэсгийн хариуцсан дээрх үүрэг даалгавар биелэгдээгүй нь нэхэмжлэгчийн буруугаас болсон эсэхэд маргаантай байна.

4.а. Улаанбаатар төмөр замын Худалдан авалт, борлуулалтын албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаалаар ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, ажлын байрны шинжилгээ хийх үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй.

4.б. О.Батцэрэнгийн тусламж хүсэх тухай хүсэлтийг үндэслэн орлогч дарга Б.Алтан-Очир тушаалын төсөл бэлдэж танилцуулах үүргийг мэргэжилтэн Г.М ад өгсний дагуу дээрх тушаалын төслийг нэхэмжлэгч боловсруулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх-51, 104/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн тушаалын төслийг боловсруулсан байх тул удирдлагыг буруу мэдээллээр хангасан гэх үндэслэлээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 11,507,470 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцжээ.

 5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар маргалдагч тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.

Нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр замын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч талууд тохиролцож эвлэрээгүй талаар зохигч шүүх хуралдаан дээр тайлбарласан байна. /хх-141/ Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.

Худалдан авалт, борлуулалтын албанд хийсэн дотоод аудитын шалгалтын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тайлангаар албаны удирдлагыг буруу мэдээллээр хангасан гэх зөрчлийг илрүүлж, улмаар Улаанбаатар төмөр замын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Г-63/03/170 дугаар актаар үндэслэлгүй олгосон тэтгэмжийг нөхөн төлүүлэхээр тогтоожээ. Шүүх хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг энэ үеэс эхлэн тоолсон нь үндэслэлтэй. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам ажил олгогч бөгөөд ажил олгогчийн дотоод аудитын шалгалтаар дээрх зөрчлийг илрүүлснийг ажил олгогч зөрчлийг илрүүлсэн гэж үзнэ. Иймд байцаагчийг ажил олгогч гэж үзэхгүй, нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан этгээд нь акт тавьсан байцаагч биш гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

5.3. Ажил олгогч ачаа бараа хүлээгчийн ажил санал болгосон талаар нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан байхад шүүх хариуцагч нь ...албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсанаас хойш нэг сарын хугацаанд нэхэмжлэгч Г.М ад ажлын байр санал болгоогүй, томилоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй.

 6. Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалтыг буруу бичсэн алдааг залруулж, найруулгын хувьд өөрчлөлт оруулав.

 7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/02383 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...127.2.2... гэснийг 127.1 гэж, ...дэвтэрт нөхөн бичилт хийхийг... гэснийг шимтгэл төлснийг баталгаажуулахыг гэж,

3 дахь заалтад дурдсугай гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 269,270 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН