Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/02754

 

 

 

 

 

 

 

 

                            2023        05          31

            101/ШШ2023/02754

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.З /рд/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “З” ХХК /рд:/-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 212,755,837 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Т, хариуцагчийн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч С.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч А.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.З болон З ХХК-ийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А/0820 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Захиалагч талын Чингэлтэй дүүргийн  дугаар хороонд байрлах хувийн өмчийн газар дээр үерийн сувгийн хамгаалалтын хана барих, газрын үндсэн хөрс уруу Ф273 мм гүний өрөмдлөг хийж гадсан суурь цутгах, ажлын талбайг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж, нягтаршуулан булах, хамгаалалтын төмөр хашаа барих угсралтын ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тохиролцсон. Гэрээгээр тохиролцсон ажлыг 2021 оны 08 дугаар сарын 23 өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх нөхцөлөөр тусгасан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Нэхэмжлэгч тухайн газар шорооны ажлыг гүйцэтгэж дууссаны дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж эхэлсэн. Гэвч барилгын газар нь барилга барих даац авах боломжгүй болсон. Энэ талаар албан ёсны инженер, төсөвчин болон С ХХК-р дүгнэлт гаргуулахад “одоо гүйцэтгэсэн байгаа газар шорооны дүүргэлт нь тухайн талбайд барилга барих даац авах боломжгүй барилгын хог хаягдал агуулсан элсэнцэр болон шавранцар чигжээстэй хөрс байна. Иймд захиалагчийн хүсэлтээр талбайд барилга барихад шаардлагатай даац авах боломжтой хөрсөөр солих шаардлагатай” гэсэн тайлбарыг бичгээр өгсөн. Өөрөөр тайлбарлавал, хариуцагчийн хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй. Захиалагчийн хувьд тухайн газар дээр барилга барихаар төлөвлөж байсан боловч газар шорооны ажлыг доголдолтой гүйцэтгэсний улмаас тухайн ажлыг эхлүүлж хийх боломжгүй болсон. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх” гэж заасны дагуу тухайн ажлыг өөрсдийн зардлаар ахин гүйцэтгэж өгч, чанарын доголдлыг арилгаж өгөхийг хариуцагчаас шаардаж, 2022 оны 12-р сарын 15-ны өдөр албан бичгийг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Учир нь хариуцагч компани нь тухайн хаяг дээрх оффист үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн хариу ирсэн тул тус бичиг хүргэгдэж чадаагүй. Үүний дараа З ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Цтэй утсаар холбогдож тухайн албан бичигт дурдсан асуудлаар шаардлага тавьсан. Гэвч З ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь тухайн шаардлагыг хүлээн авахгүй боломжгүй бөгөөд гэрээт ажлыг чанарын түвшинд гүйцэтгэсэн гэсэн хариуг амаар өгсөн. Хариуцагч нь тухайн ажлын доголдлыг засварлах, шинээр гүйцэтгэхээс татгалзсан учраас ИХ-ийн 352 дугаар зүйлийн 352.2  дахь хэсэгт “Доголдлыг арилгахад харьцангуй их зардал шаардагдахаас шалтгаалан ажил гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан бол энэ хуулийн 352.2.2-т заасан захиалагчийн эрх дуусгавар болно” гэж заасны дагуу доголдлыг арилгах шаардлагыг дахин илэрхийлэх шаардлагагүй юм. Иймээс нэхэмжлэгч нь ИХ-ийн 204 дүгээр зүйлд заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 21- ний өдөр “Гэрээнээс татгалзах тухай” албан мэдэгдлийг хүргүүлсэн. Хариуцагч нь дээрх албан бичгийн хариуд, 2023 оны 03 сарын 27-ны өдөр 27/001 тоот албан бичиг ирүүлсэн. Тухайн хариу албан бичигт “Бид гэрээнд зааснаар ажлын талбайг тусгай зориулалттай хайрга, дайргаар дүүргэж нягтруулан булах ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажилдаа нэг жилийн баталгаат хугацаа олгосон. Энэхүү ажил нь та бүхний хэлсэн шиг барилга барих талбайг бэлдэх ажил биш юм. Учир нь тухайн газарт байнгын буюу хүнд даацын барилга барих огт боломжгүй бөгөөд тухайн үед эрх бүхий байгууллагаас “Дэнжийн 1000-н 2 дугаар сувгийн ажиллагаанд саад учруулахгүйгээр түр барилга байгууламж барихад татгалзах зүйлгүй болно” гэсэн зөвшөөрлийг л олгож байсан. Тодруулбал, аливаа газар дээр ямар нэг барилга барихаар болбол эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл буюу архитектур төлөвлөлт даалгаврыг үндэслэн тухайн газрын хөрсний бүтцээс хамаарч барилгад ямар суурь хийх, түүний хөрсийг хэрхэн бэлдэх нягтруулах талаар барилгын зураг төсөлд тусгайлан заасан байдаг. Бид дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр ямар нэг барилга барих талбайн хөрсийг бэлдэх ямар ч боломжгүй. Түүнчлэн та бүхэн гэрээний хугацаанд болон ажил гүйцэтгэж дууссаны дараа ажлыг 2 талаас хүлээн авсан атлаа даруй нэг жил гаруй хугацаа өнгөрсний дараа гуравдагч этгээдээр гаргуулсан аливаа дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн дурдсан. Нэхэмжлэгч нь доголдолтой ажлыг дахин засварлуулах төсвийн тооцооллыг барилгын мэргэжлийн төсөвчнөөр гаргуулан тооцож үзэхэд, нийт 371,036,455 /гурван зуун далан нэгэн сая гучин зургаан мянга дөрвөн зуун тавин таван/ төгрөгийн төсөв гарсан. Мөн хариуцагч компанийн хийж гүйцэтгэсэн ажлын бодит төсвийн тооцооллыг гарган үзэхэд 142,247,138 /нэг зуун дөчин хоёр сая хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун гучин найман/ төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байна. Гэтэл захиалагчид төсвийн тооцооллыг гаргаж өгөхдөө нийт 217,755,837 /Хоёр зуун арван долоон сая долоон зуун тавин таван мянга найман зуун гучин долоон/ төгрөгийн зардлаар тухайн ажлыг гүйцэтгэх төсөвт тооцооллыг өгсөн. Ажил гүйцэтгэгчийн гаргасан төсвийн тооцооллыг ажил гүйцэтгэх гэрээний 7-р зүйлийн 1 хэсэгт баталгаажуулсан. Харин өнөөдрийн хийсэн ажлын бодит өртөг нь ажилчдын зардал, ашиг, материал болон бусад төсөвт заасан бүх зардлуудыг багтаан тооцоолоход нийт 142,247,138 /нэг зуун дөчин хоёр сая хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун гучин найман/ төгрөгийн ажил байна. Энэхүү бодит хийсэн ажлын өртөг нь анх гаргасан дээрх төсвийн тооцоололтой харьцуулахад 75,508,699 /далан таван сая таван зуун найман мянга зургаан зуун ерэн есөн/ төгрөгийн зөрүүтэй гарчээ. Энэ харьцуулсан тооцооллоос үзэхэд, ажил гүйцэтгэгч нь ажлыг баталсан төсвийн зардалд багтаан чанарын шаардлага хангасан байдлаар хийж гүйцэтгээгүй нь харагддаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргаж өгсөн төсвийг бусад компаниудын төсөв, ажлын хөлстэй харьцуулан үзэхэд, тухайн үед хамгийн өндөр дүнтэй нь байсан боловч чанартай гүйцэтгэж чадна гэсэн төсвийн тооцоололд нь итгэн гэрээг байгуулсан байдаг. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгчийн хувьд доголдолтой ажлын гүйцэтгэлийн улмаас ихээхэн хэмжээний алдагдалд орсон. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн зардлаар доголдлыг засах боломжгүй. Учир нь хийсэн ажлыг хуулан, доголдлыг арилгахад их хэмжээний зардал шаардлагатай байгаа тул санхүүгийн хувьд боломжгүй болсон. Харин хариуцагч нь гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, доголдлыг засварлаж, доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэхийг шаардсан ч зөвшөөрөөгүй. Иймээс нэхэмжлэгч нь 2021 оны 08 -р сарын 20-ны өдрийн А/0820 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 212,755,837 (хоёр зуун арван хоёр сая долоон зуун тавин таван мянга найман зуун гучин долоон) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно. Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр тохиролцсон ажлын хөлс буюу 217,755,837 төгрөгийг гэрээгээр тохиролцсоны дагуу 2021 оны 08 сарын 20-ны өдөр 130,753,502 төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 65,327,000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 21,700,000 төгрөг бүрэн төлсөн. Гэрээгээр тохиролцсон ажлыг гэрээгээр тохиролцсон хугацаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан. Гэрээний 9.3-т “Гүйцэтгэгч тал нь гүйцэтгэсэн ажлын холбогдох акт, фото зураг, баримтуудыг бүрэн бүрдүүлж Захиалагчид хүлээлгэн өгнө” гэж заасан боловч гүйцэтгэгч нь захиалагч талд дээрх баримтуудыг өгөөгүй юм. Ажлыг хүлээн авах үед өвлийн сар эхэлснээс гадна барилгыг барих хөлсийг бүрэн гаргах нөхцөл боломжгүй байсан тул 2022 оны намраас ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Ингээд ажлыг эхлүүлэхээр 2022 оны 11 сарын 1-3 өдрийн хооронд хөрсний шинжилгээ болон мэргэжлийн инженерээр дүгнэлт хийлгэхэд хөрсний чанар нь барилгын даац авах боломжгүй гэсэн дүгнэлт, хариуг өгсөн. Иймээс 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр хариуцагч компанийн оффис болон холбогдох ажилтнуудын гар утас руу нь холбогдох гэж хичээсэн боловч тухайн хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй, холбогдох утас нь дуудаж байсан боловч авч ярихгүй байсан. Иймээс албан ёсоор 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол шуудан ХК-р дамжуулан албан бичгийг хүргүүлсэн. Тухайн албан бичигт энэхүү нэхэмжлэлийн дагуу доголдлыг арилгаж өгөхийг шаардсан агуулга тусгагдсан. Гэвч хариуцагч нь Баянзүрх дүүрэг, хороо, Токиогийн гудамж, Э оффис,  тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, хаяг дээр нь өөр компани байх тул дээрх албан бичгийг хүргүүлж чадаагүй. Ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т “Ажлын иж бүрдлийн чанарын баталгаат хугацаа нь 1 жил байна” гэж заасан. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажлыг хүлээн авсан тул 2022 оны 11 сарын 17-ны өдөр ажлын 1 жилийн баталгаат хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 1-3-ний өдөр буюу баталгаат хугацаанд доголдлыг илрүүлсэн юм. Иймээс Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т заасны дагуу доголдлыг илрүүлснээс хойш гомдлын шаардлага гаргах хугацааг тоолсон болно. Иймээс 2021 оны 08-р сарын 20-ны өдрийн А/0820 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 212,755,837 (хоёр зуун арван хоёр сая долоон зуун тавин таван мянга найман зуун гучин долоон) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

1а. Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж төлбөр 212 755 837 төгрөг гаргуулна. Зохигчид 2021.8.20-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгчийн газар дээр хамгаалалтын хана барих, өрөмдлөг хийж багана босгох хайрга дайргаар дүүргэж нягтруулах, хашаа барихаар тохиролцсон. Ажил хийж дуусаад хөрсний шинжилгээ хийлгэсэн. Энэ нь хайрга дайрга хийж нягтаршуулсан эсэхийг шалгуулсан. Улмаар шалгуулахад барилгын даацгүй гэсэн тул ажлын доголдлыг арилгах талаар мэдэгдсэн боловч хариуцагч татгалзсан. Иймд гэрээнээс татгалзаж байгаа юм. Хуульд зааснаар доголдлыг арилгуулахаар шаардсан. Төсөвчнөөр төсөв гаргуулахад 300 гаран сая төгрөгийн зардал гарахаар заасан байсан. Үерийн хамгаалалтын хана босгоод хажуугийн газрыг тэгшитгээд газрыг бэлдэх байсан юм. Ингэхдээ барилгын хайрга дайргаар дүүргээд нягтаршуулахаар тохирсон. Гэтэл лабораторийн дүгнэлтээр хөрс нь шаардлага хангахгүй гэсэн юм. Бид мэргэжлийн хүмүүсээр ажил гүйцэтгүүлсэн боловч доголдолтой байсан юм. Бид татгалзахаас өмнө утсаар болон шуудангаар доголдлын талаар мэдэгдсэн юм. Утсаар хэлэхэд доголдолгүй ажил хийсэн тул зөвшөөрөхгүй гэсэн юм. Хаяг нь тодорхойгүй байснаас бид эрэн сурвалжлуулсан. Бид доголдолтой гэдэг талаар хэд хэдэн баримтыг өгсөн. Төсөвт байгаа сүүлийн ажлыг доголдолтой гэж байгаа юм. Тусгай зориулалтын хайрга дайргаар дүүргэх үүрэг байгаа юм. Барилгын хог хаягдал, өмнөх шороог буцааж булахаар доголдолтой болсон юм. Уг газар дээр байгууламж барих боломжгүй болоод байгаа юм. Хариуцагч нь ажлын үр дүн доголдолгүй гэдгээ нотлохгүй байгаа юм. Хайрга дайргыг хаанаас худалдаж авсан талаар баримтгүй. Ил далд ажлын акт байхгүй. Зөвхөн далан хийх байсан гэж байна. Газар нь анхнаасаа налуу байсан бөгөөд амьдрах боломжтой болгохоор далан хийлгэж байгаа юм. Дүгнэлт нь тамга тэмдгээрээ нотлогдож байгаа юм. Гэрээнээс татгалзаад мөнгөө нэхэж байгаа нь уг газрыг ашиглах боломжгүй болчихсон юм. Газар шорооны ажлыг дахиж хийхэд хананд нөлөөлөх тул харьцангуй их зардал гаргах болоод байгаа юм гэв.

 

2.             Хариуцагчийн төлөөлөгч А.З нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нэхэмжлэгч С.З /цаашид “Нэхэмжлэгч” гэх/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “З” ХХК /цаашид “Хариуцагч” гэх/-д холбогдуулан гаргасан “..ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 212,755,837 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч талаас нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэгд. “З” ХХК нь 2021,08.20-ны өдрийн А/0820 дугаартай “Ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухайд,

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/0820 дугаартай “Ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний 1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 10-р хороонд байгаа хувийн өмчийн газар дээр үерийн сувгийн хамгаалалтын хана барих, газрын үндсэн хөрс лүү Ф273 мм гүний өрөмдлөг хийж гадсан суурь цутгах, ажлын талбайг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж нягтаршуулан булах, хамгаалалтын төмөр хашаа барих угсралтын ажлыг тус тус гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Энэхүү үүргээ бүрэн биелүүлсэн. Тухайн ажил гүйцэтгэх явцад захиалагч талыг төлөөлж М болон тэдний ажилтан Б.О нар байнгын хяналт тавьж, улмаар ажлыг хүлээж авсан. Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан гэрээний 7.3 дах хэсэгт ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлийн явц, хэрэгжилт, ажил хүлээн авсан дарааллаар нэхэмжлэгчээс хариуцагчид төлөхөөр тохиролцсон бөгөөд хариуцагч ажлаа зохих ёсоор гүйцэтгэснээр ажлын хөлсийг хүлээн авсан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой зургийг ажлыг гүйцэтгэх явцад тухай бүр хүлээж авч байсан бөгөөд нэхэмжлэгч талаас С.Згийн хамаарал бүхий хүн болох М болон тэдний ажилтан Б.О нар ажлын явцад өдөр бүр шахуу байрлаж, тэдэнд ажилтай холбоотой бүх мэдээллийг тухай бүрд нь танилцуулж ирснээр ажлыг хүлээлгэн өгч, төлбөрөө гэрээнд заасны дагуу хүлээн авсан байдаг.

Хоёрт. Манай компани нь 2021.08.20-ны өдрийн А/0820 дугаартай “Ажил гүйцэтгүүлэх гэрээ"-ээр С.Згийн өмчлөлийн 700 м.кв газрыг бүхэлд нь барилга барих зориулалтаар хайрга, дайрга дүүргэх үүрэг огт хүлээгээгүй тухайд,

Талуудын байгуулсан гэрээний 1 дэх заалтад заасан ажлуудаас хариуцагч нь газар, шороотой холбоотойгоор хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажил бол ажлын талбайг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж нягтаршуулан булах юм. Өөрөөр хэлбэл, бид үерийн сувгийн хамгаалалтын хана барих, гадсан суурь цутгах зэрэг ажил хийх талбайг Ухаж, ухсан хэсэгт гадсан суурь цутгаж, хана барих, энэ хэсгийг бэхэлж өгөх зориулалтаар яг тухайн хэсэгт л хайрга, дайргаар дүүргэх ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн юм. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлдээ хавсаргасан “С” ХХК-ийн хийсэн гэх инженер-геологийн тандалт судалгааны дүгнэлт гэсэн баримтуудад талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан ажлаас өөр ажлыг нэрлэн заасан байна. Тодруулбал, хэргийн 20 дах талд авагдсан манай компаниас өгч байсан “Үнийн санал” болон хэргийн 22 дах талд авагдсан анх гэрээг байгуулахад гаргаж өгсөн “Шороо дүүргэх ажлын зардал” гэсэн баримтуудаар бид 216 м.куб талбайд нэгж үнийн 8,500 төгрөгийн үнэ бүхий байгалийн хөрс /энгийн шороо/ ачих экскаваторын үнэ орсон, 504 м.куб талбайд нэгж бүрийн үнэ 15,000 төгрөгийн үнэ бүхий бутлуурын хайргаар шороо дүүргэх ажил хийх талаар санал болгож, үүнийг гэрээндээ ажлын талбайг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж нягтаршуулан булах гэсэн нөхцөлөөр тусгасан. Гэтэл нэхэмжлэгч нь төсөвчин болон инженер-геологич гэх иргэн, хуулийн этгээдээр манай хийсэн ажлын гүйцэтгэлд хамааралгүй газарт инженер-геологийн тандалт, судалгааны дүгнэлт хийлгүүлж, улмаар газраа бүхэлд нь хайргаар дүүргэх байдлаар төсөв зохиолгосон нь илт үндэслэлгүй байна. Дээрх төсөвчин нь манай хийсэн ажилд хамааралгүй хэсэгт хийсэн инженер-геологийн тандалт, судалгааны дүгнэлтийг төсвийнхөө эх сурвалж болгосон байх бөгөөд хэргийн 59 дэх талд авагдсан баримтаар газар, шороо дүүргэлтийн ажил 371,036,455 төгрөг болно гэж байгаа нь бидний хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй огт хамааралгүй байгааг анхаарч үзнэ үү. Тодруулбал, газрын ажлын цалингийн нэгтгэлд нийт 20,579.52 м.куб хөрсийг механизмаар ухаж овоолж, мөн хэмжээний м.куб хайрган хөрсөөр булалт хийх, 30,869.3 м.куб ухсан хөрсийг шанагат экскаватороор ухаж, шороог автосамосволд ачиж хаях гэж тусгасан байна. Харин манайх дээр дурдсанаар нийт 720 м.куб газар буюу түшиц хана барьсан ажлын талбайд хамаарах газар, шорооны ажил хийсэн болохыг дахин тайлбарлаж байна. Мөн хэргийн 61 дэх талд авагдсан “Материал ба тээврийн зардал” гэсэн баримтаар 6,173.856 м.куб хэсгийг нэгж бүрийн 17,625 төгрөгийн үнэ бүхий 20-40 мм хайрга хэрэглэнэ гэж байгаа юм. Иймд чанарын шаардлага хангаагүй газар, шорооны ажил гүйцэтгэсэн буюу С.Згийн өмчлөл бүхий газар дээр барилга барих боломжгүй нөхцөл байдалтай гэж байгаа нь дээр дурдсан үндэслэлүүдээр манай компанид огт хамааралгүй болно. Дээрхээс гадна, захиалагч нь тухайн газрыг худалдан авсан этгээдэд газар дээр нь барилга барих боломжгүй талаараа мэдэгдэж, зохих шаардлагаа гаргах нь зүйтэй болов уу. Бидний хувьд, нэхэмжлэгч талтай байгуулсан гэрээнд заасан үүргээ зохих хугацаанд нь чанарын өндөр төвшинд гүйцэтгэсэн. Гүйцэтгэгч талаас санал болгосон үнийн саналыг захиалагч хүлээн зөвшөөрснөөр бид харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан болно. Энэ талаар ч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...олон компаниас ирүүлсэн үнийн саналаас манайхыг таалагдсан учраас сонгосон...” гэх агуулга тусгасан байдаг.

Гуравт. Ажил гүйцэтгүүлэх гэрээнээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тухайд,

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг “доголдолтой". “тухайн доголдлыг гүйцэтгэгч өөрийн зардлаар арилгах эсхүл шинээр гүйцэтгэх”. “доголдлыг арилгахад харьцангуй их зардал гарах тул гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан тул доголдлыг арилгахыг захиалагч шаардахгүй. төлсөн төлбөрөө буцаан авна гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлж байгааг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй.

З.а. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажлыг чанартай гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчийн ажил доголдолтой байна гэж шаардлагаа дэмжихээр гаргасан дээрх “С” ХХК-ийн дүгнэлт зэрэг нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажилтай хамааралгүй юм. Манай ажлыг доголдолтой гэж үзэх үндэслэл баримтгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй.

З.б. Нэгэнт бид доголдолтой ажил гүйцэтгээгүй, бидний гүйцэтгэсэн ажлаас доголдол илэрсэн гэж үзэхээргүй байх тул бид аливаа ажлыг өөрийн зардлаар дахин хийх эсхүл шинээр гүйцэтгэх үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм.

З.в. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой болох нь тогтоогдоогүй, ямар доголдлыг хэрхэн, хэдий хэмжээний зардлаар арилгах эсэх нь тодорхой бус байна. Иймд бид “өөрсдийн гүйцэтгэсэн ажлыг засварлахад харьцангуй их зардал гарах юм байна” гэж гэрээнээс татгалзсан аливаа үйлдэл, хүсэл зоригийг нэхэмжлэгч талд огт илэрхийлж байгаагүй.

Нэгэнт хэрэгжээд, зохих ёсоор ажлаа гүйцэтгээд, зардлаа гаргасан, манай хийсэн ажил доголдолгүй, доголдолтой гээд байгаа газар, шорооны, хөрсний асуудал нь манай талын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй огт хамааралгүй байх тул “гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн, эсхүл аль нэг тал буюу манайх гэрээнээс татгалзсан” гэх нөхцөл байдалгүй байх тул нэхэмжлэгчээс хариуцагчид ажлын гүйцэтгэлийн явцад төлсөн төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй байна. Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан гэрээний 7.3 дах хэсэгт ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлийн явц, хэрэгжилт, ажил хүлээн авсан дарааллаар нэхэмжлэгчээс хариуцагчид төлөхөөр тохиролцсон бөгөөд хариуцагч ажлаа зохих ёсоор гүйцэтгэснээр ажлын хөлсийг хүлээн авсан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой зургийг ажлыг гүйцэтгэх явцад тухай бүр хүлээж авч байсан бөгөөд нэхэмжлэгч талаас С.Згийн хамаарал бүхий хүн болох М болон тэдний ажилтан Б.О нар ажлын явцад өдөр бүр шахуу байрлаж, тэдэнд ажилтай холбоотой бүх мэдээллийг тухай бүрд нь танилцуулж ирснээр ажлыг хүлээлгэн өгч, төлбөрөө гэрээнд заасны дагуу хүлээн авсан байдаг. Дээр дурдсан үндэслэлээр “гэрээнээс татгалзаж, төлбөрийг буцаан авах тухай” нэхэмжлэгч С.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрнө. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний 1-д зааснаар үерийн сувгийн хана босгох, багана босгох, хайрга дайргаар нягтаршуулах, хашаа барих үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч нь ажлыг тухай бүр хүлээж авч хариуцагч нь ажлын талаар бүхий л мэдээллийг тухай бүр хүлээлгэж өгдөг байсан . Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг. Хариуцагч нь талбайг бүхэлд нь барилга барих боломжтой болгох үүрэг хүлээгээгүй. Бид ажлын талбайг л хайрга дайргаар дүүргэхээр тохирсон. Бид гадас зоосон газраа л хайрга дайргаар дүүргэх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгчийн гаргасан дүгнэлтээр цооног өрөмдөөд хөрсний шинжилгээ хийсэн байдаг. Гэтэл энэ цооног нь манай ажлын талбарт хамаагүй юм. Бидний гаргасан үнийн саналаар шороо хайрга дайргаар дүүргэх санал гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан дүгнэлтээр буруу ойлголтоор гаргасан байдаг. Манай ажлын гүйцэтгэлд хамааралгүй бөгөөд газраа бүхэлд нь хайрга дайргаар дүүргэх талаар дүгнэлт гаргуулсан байдаг. Хэргийн 59-д байгаа баримтаар хийх ажлыг тодорхойлсон байдаг юм. Бид хана барьсан газраа л газар шорооны ажил гүйцэтгэсэн байдаг юм. Хэргийн 61 талд байгаа баримтаар хайрга хэрэглэх газрын талбайг заасан бөгөөд бид энэ хэмжээний ажил гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй. Бидний бодлоор нэхэмжлэгч нь газар худалдаж авахдаа газрын шинжилгээ хийлгэх байсан. Бид ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Доголдлыг арилгахыг мэдэгдсэн боловч татгалзсан гэдэг. Хариуцагч нь ажлыг чанартай гүйцэтгэсэн дүгнэлт нь гүйцэтгэсэн ажилтай хамааралгүй байгаа юм. Ажлыг доголдолтой гэх баримт хэрэгт авагдаагүй байдаг. Иймд ажлыг дахин гүйцэтгэх эсхүл төлбөрийг буцааж өгөх үндэслэлгүй. Мөн ажлын доголдол арилгах төсөв тодорхойгүй. Дүгнэлт гаргасан этгээдүүд нь дүгнэлт гаргах эрхтэй эсэх талаар баримтгүй. Доголдол арилгах талаар мэдэгдээгүй харин татгалзах талаарх мэдэгдэлд хариу өгсөн. Газар шорооны ажлыг бүхэлд нь гүйцэтгэх ёстой байсан гэдэг. С1, С2 гэдэг нь манайд хамааралгүй. Түшиц ханатай холбоотой хэсэг нь л манайд хамааралгүй юм. Гэрээгээр агуулга тохиролцдоггүй. Үлдсэн газраа хайрга дайргаар дүүргүүлэх хүсэлтэй бол шинээр хямдаар хийх боломжтой гэдэг талаар хэлж байсан юм гэв.

 

3.             Зохигчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс гараар бичсэн 3 ширхэг баримт /хх5-7/, “З” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 27/001 дүгээр албан тоот /хх8-9/, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан шаардлага /хх10, 51/, 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл /хх11/, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/08.20 дугаар ажил гүйцэтгэх гэрээ /хх12-15/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дүгээр гэрчилгээний хуулбар /хх16/, кадастрын зургийн хуулбар /хх17/, үерийн далангийн бэхэлгээний зураг /хх18/, үерийн далангийн ажлын тойм зураг 3 ширхэг /хх19, 20, 21/, үнийн санал болон материалын түүвэр /хх22, 23/, шороон дүүргэх ажлын зардал /хх24/, үнийн санал 2 ширхэг /хх25, 26/, материалын түүвэр /хх27/, шуудангийн баримт 2 ширхэг /хх28, 29/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 28ж3-2/1364 дүгээр албан тоот /хх30/, гүйцэтгэсэн ажлын төсөв /хх31-50/, инженер-геологийн тандалт судалгааны дүгнэлт /тусдаа хавтаслагдсан/

3б. Хариуцагчаас Н.Энхчулууны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх75-76/, үерийн далангийн хамгаалалтын хана барих ажлын гүйцэтгэл /тусдаа хавтаслагдсан/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч С.З нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 212,755,837 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энд гэрээний үнэ 217,755,837 төгрөг боловч андуурч бага мөнгөн дүнгээр нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

3.             Хариуцагч “З” ХХК нь ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн гэж маргаж байна.

 

4.             Зохигчид 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А/08.20 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /хх12-15/

Гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, ,,, дугаар хороо, ,,,,,гудамж, ,,, тоот хаягт байрлах ,,, м.кв талбайтай газар дээр үерийн усны хамгаалалтын хана барих, газрын үндсэн хөрс уруу Ф273 мм гүний өрөмдлөг хийж гадсан суурь цутгах, ажлын талбайг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж нягтаршуулах, хамгаалалтын төмөр хашаа барих угсралтын ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь нийт 217,755,837 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

4а. Улмаар хариуцагч нь ажлыг гүйцэтгэсэн, нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Хариуцагч нь энэ талаар ажлын гүйцэтгэлийн тайлан, ажил хүлээлцсэн актыг холбогдох гэрэл зургийн хамт шүүхэд ирүүлсэн. /тусдаа хавтаслагдсан/

Түүнчлэн нэхэмжлэгч нь нийт 217,680,502 төгрөгийн ажлын хөлс төлсөн болох нь хэрэгт байгаа гараар бичсэн баримтаар тогтоогдож байна. /хх5-7/

 

5.             Зохигчид дээрх 1 тоот хаягт байрлах газрыг бүхэлд нь тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэн нягтаршуулж, барилга барих даацтай болгох ажил гүйцэтгэх ёстой байсан эсэх талаар маргаж байна.

5а. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлана.

Гэрээнд зааснаар 3 төрлийн ажил гүйцэтгэх бөгөөд ажлын талбайг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж нягтаршуулна гэдэг нь эдгээр 3 төрлийн ажил гүйцэтгэх талбайтай холбоотой гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 700 м.кв талбайг нийтэд нь тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэн нягтаршуулж, барилга барих даацтай болгох үүрэг хүлээсэн гэж ойлгогдохгүй байна.

 

6.             Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн “С” ХХК-ийн гаргасан инженер-геологийн тандалт судалгааны дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн газар мөн гэж шууд үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл байрших хаяг тодорхойгүй байх боловч холбогдох гэрэл зургаар зохигчид уг газар мөн эсэх талаар маргаагүй.

Энэхүү дүгнэлтээр тухайн газарт барилга барихад зориулан хөрстэй холбоотой зайлшгүй хийх шаардлагатай гэх ажлын төсвийг гаргасан байна.

 

7.             Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь нийт талбайг барилга барих даацтай болгох ажил гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй бөгөөд дээр дурдсан 3 төрлийн ажил гүйцэтгэсэн хэсэгт хөрсийг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж нягтаршуулсан эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй.

 

8.             Нэхэмжлэгчээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийн тайлангийн 8 дугаар талд байх гэрээ дүгнэсэн актад дурдсанаар нэхэмжлэгч нь ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авчээ.

8а. Улмаар гомдлын шаардлага хүргүүлсэн гэх Монгол шуудан компанийн төлбөрийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид мэдэгдэл хүргүүлсэн байна. /хх29/

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

 

9.             Мөн нэхэмжлэгч нь хөрсийг барилгын даац авах боломжтой болгохоор нягтаршуулахын тулд хариуцагчийн гүйцэтгэсэн ажил болох үерийн усны хамгаалалтын ханыг нураах шаардлагатай гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

 

10.          Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, түүнчлэн хариуцагч нь ажлыг гүйцэтгэж, нэхэмжлэгч хүлээн авсан, цаашлаад, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчид үүсээгүй үүрэгтэй холбогдуулан гэрээнээс татгалзах үндэслэлийг тодорхойлж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

11.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээх бөгөөд илүү төлсөн хураамжийг буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “З” ХХК-д холбогдох 212,755,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,292,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 70,471 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД