Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01539

 

 

 

 

 2023 оны 08 сарын 04 өдөр Дугаар 210/МА2023/01538

 

С.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/02754 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Зулсант ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 212,755,837 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. С.******* болон******* ХХК-ийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдөр А/0820 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Захиалагч талын Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах хувийн өмчийн газар дээр үерийн сувгийн хамгаалалтын хана барих, газрын үндсэн хөрсөнд Ф273 мм гүний өрөмдлөг хийж гадсан суурь цутгах, ажлын талбайг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж, нягтаршуулан булах, хамгаалалтын төмөр хашаа барих угсралтын ажлыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

1.2. Нэхэмжлэгч тухайн газар шорооны ажлыг гүйцэтгэж дууссаны дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр барилгын ажлыг эхлүүлэхээр болсон боловч газар нь барилга барих даац авах боломжгүй болсон. Энэ талаар албан ёсны инженер, төсөвчин болон Сойл трейд ХХК-аар дүгнэлт гаргуулахад одоо гүйцэтгэсэн байгаа газар шорооны дүүргэлт нь тухайн талбайд барилга барих даац авах боломжгүй барилгын хог хаягдал агуулсан элсэнцэр болон шавранцар чигжээстэй хөрс байна. Иймд захиалагчийн хүсэлтээр талбайд барилга барихад шаардлагатай даац авах боломжтой хөрсөөр солих шаардлагатай гэсэн тайлбарыг бичгээр өгсөн.

1.3. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх гэж заасны дагуу тухайн ажлыг өөрсдийн зардлаар ахин гүйцэтгэж өгч, чанарын доголдлыг арилгаж өгөхийг хариуцагчаас шаардаж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албан бичгийг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Мөн, хариуцагч нь тухайн ажлын доголдлыг засварлах, шинээр гүйцэтгэхээс татгалзсан учраас Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт Доголдлыг арилгахад харьцангуй их зардал шаардагдахаас шалтгаалан ажил гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан бол энэ хуулийн 352.2.2-т заасан захиалагчийн эрх дуусгавар болно гэж заасны дагуу доголдлыг арилгах шаардлагыг дахин илэрхийлэх шаардлагагүй юм.

1.4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Гэрээнээс татгалзах тухай албан мэдэгдлийг хүлээн авч, хариуцагч нь дээрх албан бичгийн хариуд, 2023 оны 03 сарын 27-ны өдөр 27/001 тоот албан бичиг ирүүлсэн. Тухайн хариу албан бичигт Бид гэрээнд зааснаар ажлын талбайг тусгай зориулалттай хайрга, дайргаар дүүргэж нягтруулан булах ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажилдаа нэг жилийн баталгаат хугацаа олгосон. Энэхүү ажил нь та бүхний хэлсэн шиг барилга барих талбайг бэлдэх ажил биш юм. Учир нь тухайн газарт байнгын буюу хүнд даацын барилга барих огт боломжгүй бөгөөд тухайн үед эрх бүхий байгууллагаас Дэнжийн 1000-н 2 дугаар сувгийн ажиллагаанд саад учруулахгүйгээр түр барилга байгууламж барихад татгалзах зүйлгүй болно гэсэн зөвшөөрлийг л олгож байсан.

. Нэхэмжлэгч нь доголдолтой ажлыг дахин засварлуулах төсвийн тооцооллыг барилгын мэргэжлийн төсөвчнөөр гаргуулан тооцож үзэхэд 371,036,455 төгрөгийн төсөв гарсан.

Мөн хариуцагч компанийн хийж гүйцэтгэсэн ажлын бодит төсвийн тооцооллыг гарган үзэхэд 142,247,138 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байна. Гэтэл захиалагчид төсвийн тооцооллыг гаргаж өгөхдөө нийт 217,755,837 төгрөгийн зардлаар тухайн ажлыг гүйцэтгэх төсөвт тооцооллыг өгсөн.

Ажил гүйцэтгэгчийн гаргасан төсвийн тооцооллыг ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 1 хэсэгт баталгаажуулсан. Харин өнөөдрийн хийсэн ажлын бодит өртөг нь ажилчдын зардал, ашиг, материал болон бусад төсөвт заасан бүх зардлуудыг багтаан тооцоолоход нийт 142,247,138 төгрөгийн ажил байна.

Энэхүү бодит хийсэн ажлын өртөг нь анх гаргасан дээрх төсвийн тооцоололтой харьцуулахад 75,508,699 төгрөгийн зөрүүтэй гарчээ. Энэ харьцуулсан тооцооллоос үзэхэд, ажил гүйцэтгэгч нь ажлыг баталсан төсвийн зардалд багтаан чанарын шаардлага хангасан байдлаар хийж гүйцэтгээгүй нь харагддаг.

1.4. Нэхэмжлэгчийн хувьд доголдолтой ажлын гүйцэтгэлийн улмаас ихээхэн хэмжээний алдагдалд орсон. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн зардлаар доголдлыг засах боломжгүй. эхэмжлэгчийн хувьд гэрээгээр тохиролцсон ажлын хөлс буюу 217,755,837 төгрөгийг гэрээгээр тохиролцсоны дагуу бүрэн төлсөн. Гэрээгээр тохиролцсон ажлыг гэрээгээр тохиролцсон хугацаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан.

1.5. Ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т Ажлын иж бүрдлийн чанарын баталгаат хугацаа нь 1 жил байна гэж заасан. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажлыг хүлээн авсан тул 2022 оны 11 сарын 17-ны өдөр ажлын 1 жилийн баталгаат хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдөр буюу баталгаат хугацаанд доголдлыг илрүүлсэн юм.

1.6. Лабораторийн дүгнэлтээр хөрс нь шаардлага хангахгүй. Мэргэжлийн хүмүүсээр ажил гүйцэтгүүлсэн боловч доголдолтой байсан юм. Гэрээнээс татгалзахаас өмнө утсаар болон шуудангаар доголдлын талаар мэдэгдсэн. Хариуцагч нь ажлын үр дүн доголдолгүй гэдгээ нотлохгүй байгаа юм. Уг газрыг ашиглах боломжгүй болчихсон юм. Газар шорооны ажлыг дахиж хийхэд хананд нөлөөлөх тул харьцангуй их зардал гаргах болоод байна.

1.7. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт заасны дагуу доголдлыг илрүүлснээс хойш гомдлын шаардлага гаргах хугацааг тоолсон болно. 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн А/0820 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 212,755,837 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч******* ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1.******* ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн А/0820 дугаартай Ажил гүйцэтгүүлэх гэрээ-ээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байгаа хувийн өмчийн газар дээр үерийн сувгийн хамгаалалтын хана барих, газрын үндсэн хөрс лүү Ф273 мм гүний өрөмдлөг хийж гадсан суурь цутгах, ажлын талбайг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж нягтаршуулан булах, хамгаалалтын төмөр хашаа барих угсралтын ажлыг тус тус гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

2.2. Тухайн ажил гүйцэтгэх явцад захиалагч талыг төлөөлж Марк Стийр болон тэдний ажилтан Б.Онол нар байнгын хяналт тавьж, улмаар ажлыг хүлээж авсан. Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлийн явц, хэрэгжилт, ажил хүлээн авсан дарааллаар нэхэмжлэгчээс хариуцагчид төлөхөөр тохиролцсон бөгөөд хариуцагч ажлаа зохих ёсоор гүйцэтгэснээр ажлын хөлсийг хүлээн авсан.

2.3. Манай компани нь 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн А/0820 дугаартай Ажил гүйцэтгүүлэх гэрээ"-ээр С.*******гийн өмчлөлийн 700 м.кв газрыг бүхэлд нь барилга барих зориулалтаар хайрга, дайрга дүүргэх үүрэг огт хүлээгээгүй.

Талуудын байгуулсан гэрээний 2.1 дэх заалтад заасан ажлуудаас хариуцагч нь газар, шороотой холбоотойгоор хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажил бол ажлын талбайг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж нягтаршуулан булах юм. Өөрөөр хэлбэл, бид үерийн сувгийн хамгаалалтын хана барих, гадсан суурь цутгах зэрэг ажил хийх талбайг Ухаж, ухсан хэсэгт гадсан суурь цутгаж, хана барих, энэ хэсгийг бэхэлж өгөх зориулалтаар яг тухайн хэсэгт л хайрга, дайргаар дүүргэх ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн юм.

2.4. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлдээ хавсаргасан Сойл трейд ХХК-ийн хийсэн гэх инженер-геологийн тандалт судалгааны дүгнэлт гэсэн баримтуудад талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан ажлаас өөр ажлыг нэрлэн заасан байна. Төсөвчин болон инженер-геологич гэх иргэн, хуулийн этгээдээр манай хийсэн ажлын гүйцэтгэлд хамааралгүй газарт инженер-геологийн тандалт, судалгааны дүгнэлт хийлгүүлж, улмаар газраа бүхэлд нь хайргаар дүүргэх байдлаар төсөв зохиолгосон нь илт үндэслэлгүй байна.

2.5. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой болох нь тогтоогдоогүй, ямар доголдлыг хэрхэн, хэдий хэмжээний зардлаар арилгах эсэх нь тодорхой бус байна. Иймд бид өөрсдийн гүйцэтгэсэн ажлыг засварлахад харьцангуй их зардал гарах юм байна гэж гэрээнээс татгалзсан аливаа үйлдэл, хүсэл зоригийг нэхэмжлэгч талд огт илэрхийлж байгаагүй.

Нэгэнт хэрэгжээд, зохих ёсоор ажлаа гүйцэтгээд, зардлаа гаргасан, манай хийсэн ажил доголдолгүй, доголдолтой гээд байгаа газар, шорооны, хөрсний асуудал нь манай талын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй огт хамааралгүй байх тул гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн, эсхүл аль нэг тал буюу манайх гэрээнээс татгалзсан гэх нөхцөл байдалгүй байх тул нэхэмжлэгчээс хариуцагчид ажлын гүйцэтгэлийн явцад төлсөн төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, төлбөрийг буцаан авах тухай нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч******* ХХК-д холбогдох 212,755,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,292,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 70,471 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дүгээр зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэний дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дор дурдсан гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс миний бие шүүх хурал болох өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан.

Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь шинжээч томилуулах хүсэлтийг хянаад, "Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар маргаж байна. Тодруулбал, гэрээгээр 4 төрлийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд ажлын талбайг зориулалтын хайрга, дайргаар нягтаршуулаагүй гэж маргаж байна. Маргаж буй гэрээний зүйл нь нэг бүрийн шинжтэй ажил, өөрөөр хэлбэл төрлийн шинжээр тодорхойлогдох ажил биш тул худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан журам хамаарахгүй. Иймд уг ажлыг гүйцэтгэхэд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах байсан эсэх нь ажлыг гүйцэтгэсэн эсэх маргаанд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг тул эрхийн зөрчил яригдахгүй. Түүнчлэн барилгын ажлыг гүйцэтгэхэд ямар хэмжээний төвөгшилтэй байсныг тогтоолгохоор шинжээч томилох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй" гэж үндэслэж, хүсэлтийг хангаагүй байдаг.

Хэрэв барилга байгууламж нь төвөгшилтэй ангилалд хамаарах талаар шинжээч дүгнэлт гаргах тохиолдолд тухайн зөвшөөрлүүдийг аваагүй, зохих эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөөгүй, норм, нормативыг дагаж ажиллаагүй, тусгай зөвшөөрөл байсан эсэх зэрэг дараагийн доголд уусч болох нөхцөлүүдийг нотлох боломжтой байсан юм.

4.2. Түүнчлэн шүүхийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг тул эрхийн зөрчил яригдахгүй гэж үндэслэсэн нь хуульд нийцэхгүй юм. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т "Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй ", мөн зүйлийн 353 дугаар зүйлийн 353.2-т "Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ" гэж тодорхой заасан.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд за дагуу ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь эрхийн болон биет байдлын доголдолтой байж болно.

Иймээс шүүхийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэл хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцэхгүй, мөн хэрэгт зайлшгүй ач холбогдол бүхий баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж, гомдож байна.

4.3. Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хариуцагчийн гаргаж өгсөн хуулбар баримтуудыг үндэслэсэн.

Хэргийн материалд авагдсан хариуцагчийн барилгын тусгай зөвшөөрөл нь нотариатаар баталгаажаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй. Мөн ажлын зургийг бичгийн цаасан дээр хэвлэн гаргаж өгсөн нь хуульд нийцэхгүй. Хуульд нийцэхгүй нотлох баримтад үндэслэн тус хэргийг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

4.4. Шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ажлын талбай гэдгийг үгийн шууд утгаар тайлбарлаж, гэрээний ажлыг зөвхөн үерийн далангийн ажлаар хязгаарласан талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ "Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлана. Гэрээнд зааснаар 3 төрлийн ажил гүйцэтгэх бөгөөд ажлын талбайг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж нягтаршуулна гэдэг нь эдгээр 3 төрлийн ажил гүйцэтгэх талбайтай холбоотой гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 700 м.кв талбайг нийтэд нь тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэн нягтаршуулж, барилга барих даацтай болгох үүрэг хүлээсэн гэж ойлгогдохгүй байна" гэж бичсэн.

Гэтэл гэрээний 1 дүгээр зүйлд Захиалагч талын Чингэлтэй дүүргийн 10 хороонд байгаа хувийн өмчийн газар дээр гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх тухай, тухайн 700 м.кв газар буюу ажлын талбайг нийтэд нь тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэх талаар хүсэл зоригоо илэрхийлснийг харгалзаагүй.

Хариуцагч нь анх нэхэмжлэгчийн өмчлөлийн 700 м.кв газарт үерийн далан хийх, мөн тухайн газрыг тусгай зориулалтын хайрга, дайргаар нягтаршуулах үүргийг хүлээж, гэрээгээр тохиролцсон.

4.5. Ажлыг доголдолгүй гүйцэтгэсэн талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ "Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь нийт талбайг барилга барих даацтай болгох ажил гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй бөгөөд дээр дурдсан 3 төрлийн ажил гүйцэтгэсэн хэсэгт хөрсийг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж нягтаршуулсан эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй" гэж бичсэн.

Шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ өөрийн бичсэн бусад дүгнэлтүүдтэйгээ зөрчилтэй байдлаар бичсэн

Харин хариуцагч нь өөрийн ажлаа доголдолгүй хийсэн гэдэгтэй холбоотой баримтуудыг өгөөгүй юм. Гэтэл шүүх хуулийг буруу хэрэглэж, гэрээнд энэ талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн нь алдаатай байна.

4.6. Гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ "Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ" гэж дүгнэсэн. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч гэрээнд заасан доголдол, дутагдлыг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сойл трейд ХХК-ийн инженер геологийн дүгнэлт гаргах үед мэдсэн.

Харин гэрээгээр тохиролцсон ажлын баталгаат хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай байсан.

Нэхэмжлэгч нь тухайн баталгаат хугацааны дотор дутагдлыг мэдэж, түүнээс хойш 6 сарын дотор хариуцагчид доголдлын талаар бичгээр мэдэгдсэн байдаг. Шүүх энэхүү зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн

4.7. Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/02754 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хянан шийдвэрлэсэн гэж хэлдэг. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажил эрхийн доголдолтой үүнийг нотлохын тулд шинжээч томилуулъя гэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь төрлийн шинжээр тодорхойлогдохгүй. Худалдах, худалдан авах гэрээ өмчлөх эрхэд хамаарахгүй учир нэг бүрийн шинжээр тодорхойлогдоно гэж шүүгч дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

5.2. Ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд шаардлага гаргаагүй тохиолдолд эрхийн доголдолгүй гэж үзнэ. Одоогийн байдлаар******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг эзэмших, ашиглах ёстой гэдэг байдлаар гуравдагч этгээдийн зүгээс С.*******д ямар нэгэн маргаан үүсээгүй тул шүүгч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн, шаардлага хангаагүй баримтыг шүүгч шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэдэг.

Гэвч дурдсан барилгын тусгай зөвшөөрөл, гэрэл зургийг шийдвэр гаргахдаа үнэлээгүй. Нэхэмжлэгчээс гаргасан Соёл трейд компанийн дүгнэлтэд дурдсан газар нь нэхэмжлэгч С.*******гийн өмчлөлийн газар мөн эсэх талаар талууд маргаагүй гэдэг утгаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байдаг.

5.4. Ажлын талбай гэдгийг үгийн шууд утгаар тайлбарлахдаа хэргийн баримтыг үнэлээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэдэг нь үндэслэлгүй байна.

Талууд гэрээгээр дөрвөн ажлыг тохиролцсон ба хоёр ажлыг гүйцэтгэсэн хэсгээр тусгай зориулалтын хайрга, дайргаар нягтаршуулна гэснээс биш С.*******гийн 0,7 га газрыг бүхэлд дүүргэнэ гэж тохиролцоогүй.

5.5. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Соёл трейд компанийн дүгнэлтийн ерөнхий хэсгээс харахад Улаанбаатар цахилгаан станц 4 гэдэг газрын талбайн ц1,ц2 цооногоос авсан дээж дээр лабораторийн шинжилгээ хийсэн мэт дүгнэлт байдаг. Мөн гэрэл зурагт авагдсан ц1, ц2 цооногийн хэсэг нь манай ажил гүйцэтгэсэн хана барих хэсгийн хайрга, дайргаар дүүргэсэн хэсэгт хамаарахгүй. Үүнийг мэргэжлийн инженер, геологич хийсэн эсэх нь эргэлзээтэй.

Гомдлын шаардлага гаргах хугацааны тухайд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шуудангаар баримт явуулж мэдэгдсэн гэдэг боловч уг мэдэгдлийг манай тал хүлээж аваагүй, нэхэмжлэгчээс зөвхөн нэг талын шуудангийн баримт өгсөн байдаг. Үүний дараа манайх хаягаа сольсон байсан учир нэхэмжлэгч хаягийг тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, цагдаагийн байгууллагаар шинэ хаягийг тогтоолгож, сүүлд 2023 оны 03 дугаар сард нэхэмжлэлийг гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 212,755,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлыг чанарын өндөр түвшинд хийсэн...бидний ажлын талбайд хамааралгүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэж маргажээ. /1хх. 1-3, 70-72 дугаар тал/

3. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтыг харьцуулан дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

3.а. Нэхэмжлэгч С.******* нь******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдөр А/08/20 дугаартай Ажил гүйцэтгүүлэх гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байгаа хувийн өмчийн газар дээр үерийн сувгийн хамгаалалтын хана барих, газрын үндсэн хөрс рүү Ф273 мм гүний өрөмдлөг хийж гадсан суурь цутгах, ажлын талбайг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж нягтаршуулан булах, Хамгаалалтын төмөр хашаа барих, угсралтыг ажлыг хийж хүлээлгэн өгөх, захиалагч нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /1хх 12-15 дугаар тал/

3.б. Хариуцагч******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр акт үйлдэн Б.Онолд хүлээлгэн өгсөн. Талууд энэ талаар маргаагүй. Нэхэмжлэгч С.******* нь ажлын хөлс 217,755,837 төгрөгийг хариуцагчид бүрэн төлжээ. /1хх. 1-3, 5-9, 10, 70-72 дугаар тал, Ажлын гүйцэтгэл хавсралт нотлох баримтын 8 дугаар тал/

3.в. Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн г-11/07 дугаартай Гэрээ дүгнэсэн акт-аар гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгчээ. /хавсралт 1. 8 дахь тал/

4. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв дүгнэсэн.

5. Нэхэмжлэгч нь ажлын үр дүн доголдолтой гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 212,755,837 төгрөгийг гаргуулах тухай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.а. Нэхэмжлэгч нь Соёл трейд ХХК-ийн Инженер-геологийн тандалт судалгааны дүгнэлт-ийн ...Асгамал хөрс /үүсмэл хөрс/ хар, бор саарал өнгийн ахуйн болон барилгын хог хаягдал агуулсан сийрэг зөөлөн уян налархай консмстенцтэй элсэнцэр болон шавранцар чигжээстэй хайрган хөрсүүд гэх дүгнэлт, болон төсөвчин Ж.Оюунтуяагийн гүйцэтгэсэн төсвийн тооцоог үндэслэн гэрээнээс татгалзах шаардлага гаргасан./хх/

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах хувийн өмчийн газар дээр үерийн сувгийн хамгаалалтын хана барих, газрын үндсэн хөрс рүү Ф273 мм гүний өрөмдлөг хийж гадсан суурь цутгах, ажлын талбайг тусгай зориулалтын хайрга, дайргаар дүүргэж нягтаршуулан булах, хамгаалалтын төмөр хашаа барих угсралтын зэрэг ажлуудын нийт хөлс нь 212,755,837 төгрөг байхаар тохиролцсон./хх/

Талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцооноос үзэхэд барилга барих суурийн талбайг бэлтгэх, нягтаршуулах чанарын талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч нь зөвхөн нэг ажлын доголдолтой гэх баримтыг үндэслэн хариуцагч байгууллагын гүйцэтгэсэн нийт ажлыг үгүйсгэн гэрээнээс татгалзах шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

5.б. Хариуцагч байгууллага нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн г-11/07 дугаартай Гэрээ дүгнэсэн акт-аар захиалагчийн барилгын талбайн хяналтыг гүйцэтгэгч Б.Онолд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэсэн байна. /хавсралт 1. 8 дахь тал/

5.в. Хариуцагч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ захиалагчийн хяналтын дор гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлцсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, захиалагчийн барилгын талбайн хяналт гүйцэтгэгч Б.Онол нь гэрээ дүгнэсэн акт, ажлын явц буюу цутгамал төмөр бетон хийц хийсэн акт зэрэг баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх/

Нэхэмжлэгчийн хяналтын дор хариуцагч байгууллага дүүргэлтийн хөрсний ажлыг гүйцэтгэж байхад асгамал хөрс /үүсмэл хөрс/ хар, бор саарал өнгийн ахуйн болон барилгын хог хаягдал агуулсан хайрга, шороогоор дүүргэлт гүйцэтгэхэд барилгын ажлыг зогсоох, шаардлага тавих боломжтой байсан атлаа ажлыг хүлээн авснаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

5.г. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Ажлын чанар нь барилгын зураг төсөл, норм дүрэм, техникийн нөхцлийн дагуу захиалагч, зохиогчийн хяналт, холбогдох мэргэжлийн байгууллагын хяналтын дор хийгдэнэ гэж тохиролцсон байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар зориулалтын дагуу ашиглах боломжтой ажлын үр дүн доголдолгүй байна.

5.д. Нэгэнт гэрээнд барилгын ажлын суурь бэлтгэх зорилгоор үүсмэл хөрс бэлтгэхээр тохиролцоогүй тохиолдолд төвөгшилтэй эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь маргааны зүйлд хамааралгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/02754 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,246,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР