Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 152/ШШ2023/00172

 

          Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: С овогт Г-ийн Л-ийн,

            Хариуцагч: Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудалд холбогдох,

       ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,519,573 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                 Шүүх хуралдаанд оролцогчид:

                 Нэхэмжлэгч Г.Л,

                  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ганхөлөг

                  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудалд холбогдуулан тус буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,519,573 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

              1.1. Миний бие Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудалд шувууны хяналтын ажилтан, сахиулаар 13 жил ажилласан. Тус байгууллагын дарга Л.Э намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж дарамталсаар байгаад 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлж авсан ба 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тухайн хүсэлтийг үндэслэн намайг Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлаас чөлөөлсөн. Би тус байгууллагын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлсэн байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Улмаар Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын дарга Л.Э нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар Г.Л намайг шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн томилсон боловч тухайн өдрөө буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийнх гаргасан хүсэлтийн дагуу гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний хувьд ямар нэгэн байдлаар тухайн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлтийг үндэслэн дахин ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай тушаалын хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус байгууллагын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн томилж өгнө үү. Мөн надад нэг сард дунджаар 1,574,216 төгрөгийн цалин бодогддог. Үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татвараа төлөөд гар дээр сард дунджаар 1,232,611 төгрөгийн цалин авдаг байсан. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4,519,573 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

          2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ганхөлөг шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Л 2022 оны 7 дугаар сард бичиж өгсөн өргөдлийг үндэслэж 2022 оны 9 дүгээр сард ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр ажил олгогчийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч түүнийг 2022 оны 12 дугаар сарын 05-нд ажилд нь буцаан томилсон боловч тэр өдрөө дахин дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг тус тус үндэслэсэн. Г.Л 2022 оны 7 дугаар сард ажил олгогчид хүсэлтээ өгснийг дарга нь 68 хоногийн дараа буюу 2022 оны 9 дүгээр сард хүсэлтийг шийдвэрлэсэн. Г.Лгийн өргөдөлтэй холбоотой асуудлыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаартай шийдвэрээр үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байхад тухайн өргөдлийг дахин үндэслэл болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 3.28 гэх заалтыг уг тушаалдаа удирдлага болгосон. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох цуцлах үндэслэлд хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг үндэслэсэн ба уг заалтад Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ямар нэгэн агуулга байхгүй. Иймд Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Г.Лг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 4,519,573 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Эцэст нь хэлэхэд Г.Л ажилдаа буцаан томилогдсны дараа ажлаас чөлөөлж өгнө үү гэх ямар нэгэн өргөдөл гаргаагүй. Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст Г.Л гомдол гаргасан тухайн хурал дээр нэхэмжлэгч өргөдлөөсөө татгалзсан тухайгаа тайлбар гаргаж байсан. Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа 30 хоног байдаг, энэ тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг учраас тохиролцъё гээд байгаа юм. Гэтэл өргөдлийг хүчинтэй гэж үзэж түүнийг ажлаас чөлөөлөх гээд байгааг ашиг сонирхлын зөрчил байна гэж харж байна. Өмнөх хурал дээр Г.Л тайлбартаа дарга ажил мэргэжлийн шаардлага хангахгүй байна гэж дарамталсаар байж өргөдөл бичүүлсэн гэдгээ хэлж байсан. 5 сарын өмнө гаргасан өргөдлийг үндэслэж дахин ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           3. Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Л-ийг ажлаас чөлөөлсөн Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон. Тухайн Б/20 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3-т заасныг үндэслэж гарсан. 68 хоногийн дараа ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1, 79.3-т заасны баримтлахгүй гэх агуулга бүхий шийдвэр гарсан. Харин өнөөдрийн маргаж байгаа тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг үндэслэсэн. Нэхэмжлэгч тал Г.Л 2022 оны 7 дугаар сард гаргасан өргөдлийг үндэслэж дахин шийдвэр яагаад гаргасан бэ гээд байна. Г.Л 2022 оны 7 дугаар сард гаргасан өргөдлөөсөө өнөөдрийг хүртэл татгалзсан тухайгаа мэдэгдээгүй, энэ тухай баримт байхгүй. Г.Лд өргөдлөөсөө татгалзах эрх нь байсан. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоод байгаа зүйл огт байхгүй бөгөөд ажилтны хүслийг биелүүлж байгаа ойлголт юм. Ажилтны гаргасан өргөдөлд хөөн хэлэлцэх хугацаа байдаг гэж би мэдэхгүй. Ажил олгочийн гаргасан тушаал хэлбэрийн болон бусад шаардлагыг бүхэлд нь хангасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

               4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр албан бичиг, Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дүгээр Г.Л-тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар Г.Лтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар хуралдааны тэмдэглэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаар шийдвэр, 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

                5. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Дэглий цагаан нисэх буудлын гэрчилгээ, Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/38 дугаар Журам батлах тухай тушаал, хавсралт, Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/60 дугаар Жагсаалт шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтууд, ажил хүлээлцэх хуудас, ажил хүлээлцсэн акт, цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, хөдөлмөрийн гэрээ, ажилтанд танилцуулах баримт бичгүүд, Дэглийн цагаан нисэх буудлын тушаал танилцуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 ҮНДЭСЛЭХ нь:

             1. Нэхэмжлэгч Г.Л, хариуцагч Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудалд холбогдуулан гаргасан тус буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,519,573 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

              2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:

              2.1. Миний бие Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудалд шувууны хяналтын ажилтан, сахиулаар 13 жил ажилласан. Тус байгууллагын дарга Л.Э намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж дарамталсаар байгаад 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлж авсан ба 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тухайн хүсэлтийг үндэслэн намайг Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлаас чөлөөлсөн. Би тус байгууллагын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлсэн байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Улмаар Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын дарга Л.Э нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар Г.Л намайг шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн томилсон боловч тухайн өдрөө буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийнх гаргасан хүсэлтийн дагуу гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний хувьд ямар нэгэн байдлаар тухайн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлтийг үндэслэн дахин ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай тушаалын хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус байгууллагын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн томилж өгнө үү. Мөн надад нэг сард дунджаар 1,574,216 төгрөгийн цалин бодогддог. Үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татвараа төлөөд гар дээр сард дунджаар 1,232,611 төгрөгийн цалин авдаг байсан. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4,519,573 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ

          3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

         3.1. Г.Л-ийг ажлаас чөлөөлсөн Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон. Тухайн Б/20 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3-т заасныг үндэслэж гарсан. 68 хоногийн дараа ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1, 79.3-т заасны баримтлахгүй гэх агуулга бүхий шийдвэр гарсан. Харин өнөөдрийн маргаж байгаа тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг үндэслэсэн. Нэхэмжлэгч тал Г.Лг-ийн 2022 оны 7 дугаар сард гаргасан өргөдлийг үндэслэж дахин шийдвэр яагаад гаргасан бэ гээд байна. Г.Л 2022 оны 7 дугаар сард гаргасан өргөдлөөсөө өнөөдрийг хүртэл татгалзсан тухайгаа мэдэгдээгүй, энэ тухай баримт байхгүй. Г.Л өргөдлөөсөө татгалзах эрх нь байсан. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоод байгаа зүйл огт байхгүй бөгөөд ажилтны хүслийг биелүүлж байгаа ойлголт юм. Ажилтны гаргасан өргөдөлд хөөн хэлэлцэх хугацаа байдаг гэж би мэдэхгүй. Ажил олгочийн гаргасан тушаал хэлбэрийн болон бусад шаардлагыг бүхэлд нь хангасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

         Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар Г.Л-тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.4, 83.6, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.28, 4.10, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны А/60 дугаар Жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалыг тус тус үндэслэн шувууны хяналтын ажилтан, сахиул ажилтай Г.Л-ийн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандахаар зохицуулсан тул нэхэмжлэгч Г.Л нь Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан боловч талууд харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь шүүхэд хандсан байна.

            Өмнө нь Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Г.Л-ийг шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

           Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дүгээр Г.Л-тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай тушаалаар Г.Л-ийг шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд томилсон боловч мөн өдрийн Б/25 дугаар Г.Л-тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.4, 83.6, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.28, 4.10, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны А/60 дугаар Жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалыг тус тус үндэслэн Г.Л-ийг шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлаас чөлөөлсөн байна.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж, мөн зүйлийн 79.2-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж, мөн зүйлийн 79.3-т Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно гэж тус тус заасан.

           Г.Л 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл өгсний үндсэн дээр ажлаас чөлөөлсөн гэх үйл баримт нэхэмжлэгчийг өмнө нь ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл болсон байхад хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажилд томилсны дараа буюу шинээр хөдөлмөрийн харилцаа үүссэний дараа дахин дээрх үндэслэлээр чөлөөлсөн нь хууль бус болжээ. Хэрэв ажил олгогчийн зүгээс ажилтны 5 сарын өмнө гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээр ажлаас чөлөөлөх тохиолдолд ажилтнаас хүсэл зоригийн илэрхийлэл хэвээр байгаа эсэхийг тодруулсны эцэст хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах нь хуульд нийцнэ.

           Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Л 2022 оны 7 дугаар сард гаргасан өргөдлөөсөө өнөөдрийг хүртэл татгалзсан тухайгаа мэдэгдээгүй, энэ тухай баримт байхгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

           Түүнчлэн хариуцагч ажлаас чөлөөлөх тухай тушаалд Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.28-д Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан үндсэн эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ гэж заасан заалтыг баримталсан нь ойлгомжгүй байна.

        Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын Г.Л-ийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөлөгдөх хүсэлтээ сайн дурын үндсэн дээр гаргаагүй, сүүлд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халсанд гомдолтой байна гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байх тул хариуцагч Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар Г.Л-тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Л-ийг шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

          Түүнчлэн нэхэмжлэгч Г.Л ажилгүй байсан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 4,519,573 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан.

          Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Г.Л-ийг шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г.Л-ийг шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд томилсон, мөн Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар Г.Л-тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Л-ийг шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

           Иймд нэхэмжлэгч Г.Л ажилгүй байсан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хууль 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

           Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж, 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж тооцно гэж заасан.

               Дээрх журамд зааснаар нэхэмжлэгч Г.Л-ийн ажилгүй байсан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 4,519,573 төгрөгийг хариуцагч Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлаас гаргуулж нэхэмжлэгч Г.Л олгож шийдвэрлэлээ.

           Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нэхэмжлэгч Г.Л-ийн ажилгүй байсан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

                Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Л-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлаас 157,463 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй.

                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар Г.Л-тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Л-ийг Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай.

        2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлаас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,519,573 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Л-д олгож, нэхэмжлэгч Г.Л-ийн ажилгүй байсан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудалд даалгасугай.

                3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Л-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлаас 157,463 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ