Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 152/ШШ2023/00176

 

       Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Ш овогт Ч.Тийн,

          Хариуцагч: Х нөхөрлөл ББН-д холбогдох,

         ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулалд 32,574,965 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгч Ч.Т,

          Хариуцагч Д.О,

          Хариуцагчийн өмгөөлөгч Я.Урнаа,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Х нөхөрлөл ББН-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулалд 32,574,965 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

         1.1. Mиний бие Х өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгч, сахиулаар ажиллаж байгаад тус эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот тушаалаар мөн оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөж хохирсон билээ. Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул Х өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 152/ШШ2202700430 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн юм. Хөдөлмөрийн хуульд тодорхойлсноор цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэжээ. Иймд дараах нэхэмжлэлийн дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Миний ажиллаж байсан сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж 1,718,330 төгрөг болж байгаа бөгөөд ажилгүй байсан хугацаанд ногдох олговор тооцож гаргуулах. Одоогийн байдлаар ажилгүй байгаа 15 сар x 1,718,331 = 25,774,965 төгрөг болж байна. 2. 2021 оны 10 дугаар сард ковид цар тахлын оргил ачааллын үед ажилласан эмч, сувилагч ажилтнуудад олговол зохих урамшууллын мөнгө 2022 онд буюу намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа Нийгмийн даатгалын хэлтсээс Х эрүүл мэндийн төвийн дансанд орсон гэх бөгөөд эмч сувилагч ажилтнуудад дунджаар 4,000,000 төгрөг хүртэл төгрөг, мөн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий Samsung А52 маркийн гар утасны хамт урамшуулал болгон олгосон гэсэн. Тухайн сард миний бие үйлчлэгчийн үндсэн ажлаа хийхийн зэрэгцээгээр эмч сувилагч нарт тусалж ковидоор өвчилсөн иргэдэд эмч сувилагч нартай хамт явж эмийн багц хүргэж өгөх, оройн цагаар сууж маргааш нь тараах эм боож бэлтгэх, шөнийн цагаар ирсэн иргэдэд эмчийн зөвлөснөөр бэлтгэсэн эмийн багцаа өгч явуулах, оройн цагаар вакцин хүлээн авч хөргөгчид хийж эрсдэлээс хамгаалах, мөн манай төвөөр үйлчлүүлж шинжилгээ хийлгэн эмчлүүлсэн иргэдийн судалгаа, вакцин хийлгэсэн иргэдийн бүртгэлийг дарга, эмч сувилагчийн өгсөн үүргийн дагуу компьютерт шивдэг байсан. Зарим үед шөнийн 3 цаг хүртэл сууж ажиллаж байсан тул 2021 оны 10 дугаар сарын урамшуулал дунджаар 5,000,000 төгрөгийг гаргуулах.            3. Миний бие 2022 оны 1 дүгээр сард бүрэн ажилласан бөгөөд тухайн сард ажилласан надаас бусад эмч ажилтнуудад 1,000,000-5,000,000 төгрөгийн нэмэгдэл цалин хөлс урамшуулал олгосон байх тул урамшуулалд 1,800,000 төгрөгийн урамшууллыг нөхөж гаргуулах. 4. Ажилгүй байсан 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд миний нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг ханган ажилгүй байсан хугацааны олговор нийт 25,774,965 төгрөг, урамшуулалд 6,800,000 төгрөг, нийт 32,574,965 төгрөгийг Х өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж, ажилгүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

         2. Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Т-ийн цалин хөлстэй тэнцэх олговорт 32,574,965 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Миний бие шүүхийн шийдвэрийг биелүүлж Ч.Т-ийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажилд аваад 3 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халсан. Ч.Т ажиллаж байхдаа сард 542,000 төгрөг ийн үндсэн цалин авч байсан. Манай байгууллага нийт 22 ажилтантай, байгууллагын нэг сарын нийт төсөв 34,000,000 төгрөг. Нэхэмжлэгч нь манай байгууллагын 1 сарын нийт төсвөөс их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Т-ийн нэхэмжилсэн үнийн дүнгээр дундажлаад тооцож үзэхэд сард 1,700,000 төгрөгийн цалин авч байснаар тооцож нэхэмжилсэн байна. Манай байгууллагын ажилтнууд хамгийн бага нь 600,000 төгрөгийн цалин, дээд тал нь 1,000,000 төгрөгийн цалин тус тус авдаг. Ч.Т нь 542,000 төгрөгийн үндсэн цалин дээр орон нутгийн нэмэгдэл, хоолны мөнгө нэмэгдээд нийт 700,000 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Урамшуулалд 6,800,000 төгрөг, гар утас гээд нэхэмжлээд байна. Байгууллагаас гар утас олгосон зүйл байхгүй. Дундаж цалинг тооцож байгаа 2022 оны 11, 12, 1 дүгээр сарын цалин нь ковидтой холбогдуулан онц байдал зарласан бүх орон нутагт эрүүл мэндийн салбарын ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгож байсан. Ч.Т энэ мөнгөн тэтгэмжийг нэмээд нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Мөн Х ӨЭМТ-ийн даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар коронавируст цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээнд 2021 оны 09 дүгээр сард тус өрхийн эрүүл мэндийн төвд ажилласан эмч, ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, Ч.Т-т 1,300,000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон. Яагаад 2021 оны 09 дүгээр сард олговол зохих байсан 1,300,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард ажилтанд олгосон бэ гэвэл, тус сарын санхүүжилт нь Эрүүл мэндийн даатгалын газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болон 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хоёр хуваагдаж байгууллагын дансанд шилжүүлэг хийгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилтнуудад олгогдсон. Иймд мөнгөн тэтгэмж 1,300,000 төгрөгийг цалин хөлсөнд оруулаад нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй байна. гэжээ.

           3. Хариуцагчийн өмгөөлөгч Я.Урнаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэн өөрийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1,718,331 төгрөг гэж тооцоолж, ажилгүй байсан 11 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,901,641 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бодит нөхцөлд тохирохгүй, үндэслэлгүй тооцоолол гэж үзэж байна. Ажилтны нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого, түүнийг тодорхойлох журам, хувь хэмжээтэй холбоотой харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулах бол ажилтанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох, дундаж цалин хөлс тодорхойлохтой холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тус тус нарийвчлан зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажилтны ажилгүй байсан хугацааны олговор тооцоход баримтлах дундаж цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого нь өөр өөр эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах эрх зүйн харилцаа байх тул зөвхөн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэн дундаж цалин хөлсийг тодорхойлох нь хууль, эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчсөн, үндэслэлгүй тооцоолол болно. Энэ тохиолдолд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3 дугаар зүйлийн 2.3.5 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлс болох 2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сарын цалингийн хүснэгт болон Х ӨЭМТ-ийн даргын хөнгөлөлт, мөнгөн тэтгэмж, олговор олгосон шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудад үндэслэн түүний дундаж цалин хөлсийг тодорхойлох нь шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тодорхойлох, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлсийг аваад үзвэл, Х ӨЭМТ-өөс нэхэмжлэгчид 2021 оны 11 дүгээр сард 2,061,700 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг шилжүүлжээ. Үүнээс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үндсэн цалин 542,000 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 108.400 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 81,300 төгрөг, хоолны үнийн хөнгөлөлт 33000 төгрөг нийт 761,700 төгрөг шилжүүлжээ. Мөн Х ӨЭМТ-ийн даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар коронавируст цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээнд 2021 оны 09 дүгээр сард тус өрхийн эрүүл мэндийн төвд ажилласан эмч, ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгчид 1,300,000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон байна. Яагаад 2021 оны 9 дүгээр сард олговол зохих байсан 1,300,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард ажилтанд олгосон бэ гэвэл, тус сарын санхүүжилт нь Эрүүл мэндийн даатгалын газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болон 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хоёр хуваагдаж байгууллагын дансанд шилжүүлэг хийгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилтнуудад олгогджээ. Үүнийг Х-ӨЭМТ-өөс Эрүүл мэндийн даатгалын газраас санхүүжилт хүссэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаар нэхэмжлэх, тус ӨЭМТ-ийн дансны хуулганаас тус тус харж болно. Иймд 2021 оны 09 дүгээр сарын мөнгөн тэтгэмж нь байгууллагаас үл хамаарах шалтгааны улмаас 2021 оны 11 дүгээр сард ажилтанд олгогдсон тул ажилтны 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлсний бүрэлдэхүүнд 2021 оны 09 сард олгогдвол зохих байсан 1,300,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг оруулж тооцох үндэслэлгүй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж тус тус заасан байх тул хоолны үнийн хөнгөлөлт болох 33,000 төгрөг, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгосон 1,300,000 төгрөгийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнээс буюу 2,067,100 төгрөгөөс тус тус хасаж тооцох үндэслэлтэй байна. Ийнхүү тооцвол нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлс нь 728,700 төгрөг байна. Нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын цалин хөлсний тухайд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод тухайн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 2,114,700 төгрөг гэж тодорхойлон, нийгмийн даатгалын шимтгэл суутган төлжээ. Үүнээс, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид үндсэн цалин 542,000 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 108,400 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 81,300 төгрөг, хоолны хөнгөлөлт 33,000 төгрөг, нийт 764.700 төгрөгийн цалин хөлс олгосон бол 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнд тус ӨЭМТ-д 2021 оны 10 дугаар сард ажилласан ажилтнуудад 350.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж, Мөн Х ӨЭМТ-ийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хөнгөлөлт олгох тухай Б/28 дугаар тушаалаар 2021 оны 11, 12 дугаар сарын түлээ нүүрсний хөнгөлөлтийг нэгтгэн олгохоор шийдвэрлэж, 1,000,000 төгрөг тус тус олгожээ. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байх тул хоолны үнийн хөнгөлөлт болох 33,000 төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлт болох 1,000,000 төгрөг, мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгосон 350,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн тухайн сарын цалин хөлснөөс хассан дүнгээр тухайн сарын цалин хөлсийг тодорхойлох нь зүйтэй байна. Ийнхүү тухайн сард нэхэмжлэгчид олгосон 2,114,700 төгрөгөөс хоолны хөнгөлөлт 33,000 төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлт 1,000,000 төгрөг, мөнгөн тэтгэмжийн 350,000 төгрөгийг тус тус хасвал нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын дундаж цалин хөлс 731,700 төгрөг байна. Нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлсний тухайд, Х ӨЭМТ-өөс нэхэмжлэгчид 978,593 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого өгсөн байх бөгөөд дэлгэрэнгүй авч үзвэл, 542,000 төгрөг нь тухайн сарын үндсэн цалин, 63,000 төгрөг хоолны хөнгөлөлт, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 81,300 төгрөг, 292,293 төгрөг нь илүү цагийн хөлс тус тус байна. Үүнээс хоолны хөнгөлөлт болох 63,000 төгрөг нь ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлсийг 915,593 төгрөг гэж тодорхойлох нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлс 728,700 төгрөг, 12 дугаар сарын цалин 731,700, 915,593 төгрөг тус тус байгаа бөгөөд нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс 791,997 төгрөг байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 11 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь 8,711,974 төгрөг гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын тухайд, Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага болох 2021 оны 10 дугаар сарын урамшуулал дунджаар 5 сая төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Хариуцагч болох Х ӨЭМТ-өөс коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээнд 2021 оны 10 дугаар сард тус Х ӨЭМТ-д ажилласан ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн боловч ЭМДЕГ-аас тус мөнгөн тэтгэмжийн санхүүжилтийг 2021 оны 12 дугаар сард Х ӨЭМТ-ийн дансанд шилжүүлсний улмаас хариуцагч нь уг тэтгэмжийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид олгосон байна. Мөнгөн тэтгэмж олгох тухай Х ӨЭМТ-ийн даргын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалын хавсралтаас үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан эмч, ажилтнуудад дунджаар 4 сая хүртэл төгрөгийг, 1 сая төгрөгийн үнэ бүхий Samsung A52 маркийн гар утасны хамт урамшуулал болгон олгосон гэх гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул хариуцагчийн зүгээс 2022 оны 01 сарын 31-ний өдрийн Б/10 дугаар тушаалаас байгууллагын ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгохдоо нэхэмжлэгчид олгоогүй болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгосон болохыг мэдсэн гэдгээ асуулт хариултын шатанд хүлээн зөвшөөрсөн бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааны маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд шийдвэрлүүлнэ, 154.2.2-т Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор. Гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар олгосон мөнгөн тэтгэмжийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын дундаж цалин хөлсийг тогтоохдоо зөвхөн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэх бус нотлох баримтаар гаргаж өгсөн цалингийн хүснэгт, мөнгөн тэтгэмж, урамшуулал олгосон тушаалуудыг судлах замаар бодитойгоор тооцож хэргийг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 430 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

          5. Хариуцагчаас 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Х нөхөрлөл ББН-ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/23 дугаар Мөнгөн тэтгэмж олгох тухай тушаал, хавсралт, Х. нөхөрлөл ББН-ийн Хаан банкин дахь 5830172785 дугаар дансны хуулга, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэх, Х нөхөрлөл ББН-ийн 2020, 2021, 2023 оны санхүүжилт, Х нөхөрлөл ББН-ийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар Мөнгөн тэтгэмж олгох тухай тушаал, хавсралт, Х. нөхөрлөл ББН-ийн даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/28 дугаар хөнгөлөлт олгох тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр албан бичиг, хурлын тэмдэглэл, Х нөхөрлөл ББН-ийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/01 дүгээр Бүтэц орон тоо батлах тухай тушаал, хавсралт, Х нөхөрлөл ББН-ийн 2021 оны 10, 11, 12, 2022 оны 1 дүгээр сарын цалингийн хүснэгт, Х нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/08 дугаар Ажилд эгүүлэн авах тухай тушаал, Х нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

               6. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Б-ийг гэрчээр оролцуулсан, Х нөхөрлөл ББН-ийн даргын 2021 оны 10 дугаар сар, 2022 оны 1 сарын урамшуулалтай холбоотой гарсан тушаалд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, Х нөхөрлөл ББН-ийн даргын 2022 оны тус эрүүл мэндийн төвийн ажилтнуудад урамшуулал олгох тухай тушаалд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 ҮНДЭСЛЭХ нь:

             1. Нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Х нөхөрлөл ББН-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулалд 32,574,965 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулалд 22,630,459 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг хангаж, үлдэх 9,868,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

                     2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:

                   2.1. Mиний бие Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 152/ШШ2202700430 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн юм. Хөдөлмөрийн хуульд тодорхойлсноор цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэжээ. Иймд дараах нэхэмжлэлийн дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Миний ажиллаж байсан сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж 1,718,330 төгрөг болж байгаа бөгөөд ажилгүй байсан хугацаанд ногдох олговор тооцож гаргуулах. Одоогийн байдлаар ажилгүй байгаа 15 сар x 1,718,331 = 25,774,965 төгрөг болж байна. 2. 2021 оны 10 дугаар сард ковид цар тахлын оргил ачааллын үед ажилласан эмч, сувилагч ажилтнуудад олговол зохих урамшууллын мөнгө 2022 онд буюу намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа Нийгмийн даатгалын хэлтсээс Х өрхийн эрүүл мэндийн төвийн дансанд орсон гэх бөгөөд эмч сувилагч ажилтнуудад дунджаар 4,000,000 төгрөг хүртэл төгрөг, мөн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий Samsung А52 маркийн гар утасны хамт урамшуулал болгон олгосон гэсэн. Тухайн сард миний бие үйлчлэгчийн үндсэн ажлаа хийхийн зэрэгцээгээр эмч сувилагч нарт тусалж илүү цагаар ажиллаж байсан тул 2021 оны 10 дугаар сарын урамшуулал дунджаар 5,000,000 төгрөгийг гаргуулах. 3. Миний бие 2022 оны 1 дүгээр сард бүрэн ажилласан бөгөөд тухайн сард ажилласан надаас бусад эмч ажилтнуудад 1,000,000-5,000,000 төгрөгийн нэмэгдэл цалин хөлс урамшуулал олгосон байх тул урамшуулалд 1,800,000 төгрөгийн урамшууллыг нөхөж гаргуулах. 4. Ажилгүй байсан 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ

           3. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

                 3.1. Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэн өөрийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1,718,331 төгрөг гэж тооцоолж, ажилгүй байсан 15 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25,774,965 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлсийг аваад үзвэл, Х ӨЭМТ-өөс нэхэмжлэгчид 2021 оны 11 дүгээр сард 2,061,700 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг шилжүүлсэн байна. Үүнээс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үндсэн цалин 542,000 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 108.400 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 81,300 төгрөг, хоолны үнийн хөнгөлөлт 33000 төгрөг нийт 761,700 төгрөг шилжүүлжээ. Мөн Х ӨЭМТ-ийн даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар коронавируст цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээнд 2021 оны 09 дүгээр сард тус өрхийн эрүүл мэндийн төвд ажилласан эмч, ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгчид 1,300,000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон байна. Яагаад 2021 оны 9 дүгээр сард олговол зохих байсан 1,300,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард ажилтанд олгосон бэ гэвэл, тус сарын санхүүжилт нь Эрүүл мэндийн даатгалын газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болон 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хоёр хуваагдаж байгууллагын дансанд шилжүүлэг хийгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилтнуудад олгогджээ. Иймд 2021 оны 09 дүгээр сарын мөнгөн тэтгэмж нь байгууллагаас үл хамаарах шалтгааны улмаас 2021 оны 11 дүгээр сард ажилтанд олгогдсон тул ажилтны 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлсний бүрэлдэхүүнд 2021 оны 09 сард олгогдвол зохих байсан 1,300,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг оруулж тооцох үндэслэлгүй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5-д зааснаар хоолны үнийн хөнгөлөлт болох 33,000 төгрөг, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгосон 1,300,000 төгрөгийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнээс буюу 2,067,100 төгрөгөөс тус тус хасаж тооцох үндэслэлтэй байна. Ийнхүү тооцвол нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлс нь 728,700 төгрөг байна. Нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын цалин хөлсний тухайд, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид үндсэн цалин 542,000 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 108,400 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 81,300 төгрөг, хоолны хөнгөлөлт 33,000 төгрөг, нийт 764.700 төгрөгийн цалин хөлс олгосон бол 350,000 төгрөгийн мөнгөн тэтгэмж, мөн Х ӨЭМТ-ийн даргын тушаалаар 2021 оны 11, 12 дугаар сарын түлээ нүүрсний хөнгөлөлтийг нэгтгэн олгохоор шийдвэрлэж, 1,000,000 төгрөг тус тус олгожээ. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5-д зааснаар хоолны үнийн хөнгөлөлт болох 33,000 төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлт болох 1,000,000 төгрөг, мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгосон 350,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн тухайн сарын цалин хөлснөөс хассан дүнгээр тухайн сарын цалин хөлсийг тодорхойлох нь зүйтэй байна. Ийнхүү тухайн сард нэхэмжлэгчид олгосон 2,114,700 төгрөгөөс хоолны хөнгөлөлт 33,000 төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлт 1,000,000 төгрөг, мөнгөн тэтгэмжийн 350,000 төгрөгийг тус тус хасвал нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын дундаж цалин хөлс 731,700 төгрөг байна. Нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлсний тухайд, Х ӨЭМТ-өөс нэхэмжлэгчид 978,593 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого өгсөн байх бөгөөд дэлгэрэнгүй авч үзвэл, 542,000 төгрөг нь тухайн сарын үндсэн цалин, 63,000 төгрөг хоолны хөнгөлөлт, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 81,300 төгрөг, 292,293 төгрөг нь илүү цагийн хөлс тус тус байна. Үүнээс хоолны хөнгөлөлт болох 63,000 төгрөг нь ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлсийг 915,593 төгрөг гэж тодорхойлох нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлс 728,700 төгрөг, 12 дугаар сарын цалин 731,700, 915,593 төгрөг тус тус байгаа бөгөөд нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс 791,997 төгрөг байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 11 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь 8,711,974 төгрөг гэж үзэж байна. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага болох 2021 оны 10 дугаар сарын урамшуулал дунджаар 5 сая төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан эмч, ажилтнуудад дунджаар 4 сая хүртэл төгрөгийг, нэг сая төгрөгийн үнэ бүхий Samsung A52 маркийн гар утасны хамт урамшуулал болгон олгосон гэх гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул хариуцагчийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/10 дугаар тушаалаас байгууллагын ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгохдоо нэхэмжлэгчид олгоогүй болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгосон болохыг мэдсэн гэдгээ асуулт хариултын шатанд хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар олгосон мөнгөн тэтгэмжийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна гэжээ.

             4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

                Х нөхөрлөл ББН-ийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ч.Т-ийг тус эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

              Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байх ба хяналтын журмаар гомдол гаргасан боловч гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

               Улмаар хариуцагч Х нөхөрлөл ББН-ийн дарга дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Ч.Т-ийг урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд томилсон байх тул нэхэмжлэгч Ч.Т ажилгүй байсан 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хууль 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

               Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан.

             Хариуцагч тал Х ӨЭМТ-ийн даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар коронавируст цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнд 2021 оны 09 дүгээр сард тус өрхийн эрүүл мэндийн төвд ажилласан эмч, ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгчид 1,300,000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон байна. Яагаад 2021 оны 09 дүгээр сард олговол зохих байсан 1,300,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард ажилтанд олгосон бэ гэвэл, тус сарын санхүүжилт нь Эрүүл мэндийн даатгалын газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болон 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хоёр хуваагдаж байгууллагын дансанд шилжүүлэг хийгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилтнуудад олгогджээ. Иймд 2021 оны 9 дүгээр сарын мөнгөн тэтгэмж нь байгууллагаас үл хамаарах шалтгааны улмаас 2021 оны 11 дүгээр сард ажилтанд олгогдсон тул ажилтны 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлсний бүрэлдэхүүнд 2021 оны 9 дүгээр сард олгогдвол зохих байсан 1,300,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг оруулж тооцох үндэслэлгүй гэж маргаж байгаа хэдий ч тухайн мөнгөн тэтгэмж нэрээр олгосон урамшууллыг 2021 оны 11 дүгээр сард бодитоор Ч.Тт олгосон, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчид олгосон урамшууллыг дундаж цалин хөлсөнд оруулан тооцох нь үндэслэлтэй.

            Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.5-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байх тул нэхэмжлэгч Ч.Тт сар бүр олгож байсан хоолны үнийн хөнгөлөлт /2021 оны 11, 12 дугаар сард 33,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сард 63,000 төгрөг/-ийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасаж тооцох нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Ч.Т өмнө нь ажилгүй байсан 2022 оны 2 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсан ба 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэмэгдүүлсэн. Хариуцагч нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг биелүүлж Ч.Т-ийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон болох нь Х. нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Ч.Т нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.

                     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д зааснаар Ч.Т-ийн ажилгүй байсан 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсний дунджийг хоолны үнийн хөнгөлөлтийг хасаж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд бичигдсэнээр тооцож нийт 22,630,459 төгрөгийг хариуцагч Х нөхөрлөл ББН-өөс гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-т олгож, үлдэх 3,144,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

                Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нэхэмжлэгч Ч.Т-ийн ажилгүй байсан 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

                        Нэхэмжлэгч Ч.Т-ийн 2022 онд буюу ажлаас чөлөөлөгдсөний дараа олгосон урамшуулал 6,800,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд зааснаар мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгодог. Иймд нэхэмжлэгч нь ажил, үүргээ гүйцэтгээгүй байх үеийн урамшууллыг хариуцагч байгууллагаас шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 22,630,459 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 271,902 төгрөгийг хариуцагч Х нөхөрлөл ББН-өөс гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй.

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х нөхөрлөл ББН-өөс ажилгүй байсан 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 22,630,459 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,944,506 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Т-ийн ажилгүй байсан 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Х нөхөрлөл ББН-д даалгасугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Х нөхөрлөл ББН-өөс 271,902 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ