Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 224/ма2023/00014

 

 

 

 

 

 

 

 

2023         06          28                                         224/МА2023/00014

 

Ч.Т-ийн нэхэмжлэлтэй, Увс

Дунцагаан нөхөрлөл ББН-д

холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00176 дугаар шийдвэртэй,

Ч.Т-ийн нэхэмжлэлтэй, Увс Дунцагаан нөхөрлөл ББН-д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулалд 32.574.965 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч Я.Урнаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 25,774,965 төгрөг, урамшуулал 6,800,000 төгрөг, нийт 32.574.965 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах.

2. Нэхэмжлэгч Ч.Т-ийн шаардлагын үндэслэл:

2.1. Mиний бие Увс Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгч, сахиулаар ажиллаж байгаад тус эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот тушаалаар мөн оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөж хохирсон билээ. Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 152/ШШ2202700430 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн юм.

Хөдөлмөрийн хуульд тодорхойлсноор цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэжээ. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Миний ажиллаж байсан сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж 1,718,330 төгрөг болж байгаа бөгөөд ажилгүй байсан хугацаанд ногдох олговор тооцож гаргуулах. Одоогийн байдлаар ажилгүй байгаа 15 сар x 1,718,331 = 25,774,965 төгрөг болж байна.

2.2. 2021 оны 10 дугаар сард ковид цар тахлын оргил ачааллын үед ажилласан эмч, сувилагч, ажилтнуудад олговол зохих урамшууллын мөнгө 2022 онд буюу намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа Нийгмийн даатгалын хэлтсээс Дунцагаан эрүүл мэндийн төвийн дансанд орсон гэх бөгөөд эмч, сувилагч, ажилтнуудад дунджаар 4,000,000 хүртэл төгрөг, мөн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий Samsung А52 маркын гар утасны хамт урамшуулал болгон олгосон гэсэн. Тухайн сард миний бие үйлчлэгчийн үндсэн ажлаа хийхийн зэрэгцээгээр эмч, сувилагч нарт тусалж, ковидоор өвчилсөн иргэдэд эмч сувилагч нартай хамт явж эмийн багц хүргэж өгөх, оройн цагаар сууж маргааш нь тараах эм боож бэлтгэх, шөнийн цагаар ирсэн иргэдэд эмчийн зөвлөснөөр бэлтгэсэн эмийн багцаа өгч явуулах, оройн цагаар вакцин хүлээн авч хөргөгчинд хийж эрсдэлээс хамгаалах, мөн манай төвөөр үйлчлүүлж, шинжилгээ хийлгэн эмчлүүлсэн иргэдийн судалгаа, вакцин хийлгэсэн иргэдийн бүртгэлийг дарга, эмч сувилагчийн өгсөн үүргийн дагуу компьютерт шивдэг байсан. Зарим үед шөнийн 3 цаг хүртэл сууж ажиллаж байсан тул 2021 оны 10 сарын урамшуулал дунджаар 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 Мөн миний бие 2022 оны 1 дүгээр сард бүрэн ажилласан бөгөөд тухайн сард ажилласан надаас бусад эмч ажилтнуудад 1,000,000-5,000,000 төгрөгийн нэмэгдэл цалин хөлс урамшуулал олгосон байх тул урамшуулалд 1,800,000 төгрөгийн урамшууллыг нөхөж гаргуулах. Нийт 6.800.000 төгрөгийн урамшуулал гаргуулахаар нэхэмжилж байна.

 2.3. Ажилгүй байсан 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргаж байна.

 Иймд миний нэхэмжлэлийн дээрхи шаардлагуудыг ханган ажилгүй байсан хугацааны олговор нийт 25,774,965 төгрөг, урамшуулалд 6,800,000 төгрөг, нийт 32,574,965 төгрөгийг Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

  3. Хариуцагч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-ийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай.

  3.1. Ч.Т цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулалд нийт  32,574,965 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

 Миний бие шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ч.Т-ийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажилд аваад 3 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халсан. Ч.Т ажиллаж байхдаа сард 542,000 төгрөгийн үндсэн цалин авч байсан. Манай байгууллага нийт 22 ажилтантай, байгууллагын нэг сарын нийт төсөв 34,000,000 төгрөг. Нэхэмжлэгч нь манай байгууллагын 1 сарын нийт төсвөөс их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Т нь дундажлаад тооцож үзэхэд сард 1,700,000 төгрөгийн цалин авч байснаар тооцож нэхэмжилсэн байна. Тт 2021 онд цалин хөлс, урамшуулал бүрэн олгогдсон ба 2022 онд Т зөрчил гаргаад ажлаас халагдсан тул урамшуулал олгогдох боломжгүй юм.

Манай байгууллагын ажилтнууд хамгийн бага нь 600,000 төгрөгийн цалин, дээд тал нь 1,000,000 төгрөгийн цалин тус тус авдаг. Ч.Т нь 542,000 төгрөгийн үндсэн цалин дээр орон нутгийн нэмэгдэл, хоолны мөнгө нэмэгдээд нийт 700,000 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Урамшуулалд 6,800,000 төгрөг, гар утас гээд нэхэмжлээд байна. Байгууллагаас гар утас олгосон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн дундаж цалинд тооцож байгаа 2022 оны 11, 12, 1 дүгээр сарын цалин нь ковидтой холбогдуулан онц байдал зарласан үеийн, бүх орон нутагт ажиллаж байсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудад олгосон мөнгөн тэтгэмжийг нэмээд тооцсон  байсан. Энэ нь үндэслэлгүй юм.

3.2. Мөн Дунцагаан ӨЭМТ-ийн даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар коронавируст цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнд 2021 оны 09 дүгээр сард тус өрхийн эрүүл мэндийн төвд ажилласан эмч, ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, Ч.Т-т 1,300,000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон. Яагаад 2021 оны 09 дүгээр сард олговол зохих байсан 1,300,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард ажилтанд олгосон бэ гэвэл, тус сарын санхүүжилт нь Эрүүл мэндийн даатгалын газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болон 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хоёр хуваагдаж, байгууллагын дансанд шилжүүлэг хийгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилтнуудад олгогдсон. Иймд мөнгөн тэтгэмж 1,300,000 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулаад нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2022/00176 дугаар шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Увс Дунцагаан нөхөрлөл” ББН-өөс ажилгүй байсан 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 22,630,459 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,944,506 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Т-ийн ажилгүй байсан 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-д даалгаж шийдвэрлэсэн байна.  

5. Хариуцагч Д.О давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 22.630.459 төгрөгөөс 9.899.962 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг зөвшөөрч байгаа бөгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.730.496 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 152/ШШ/2023/00176 шийдвэрийг  дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Шүүхээс нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо зөвхөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэн нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлсон нь үндэслэлгүй тооцоолол юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам" батлагдсан ба тус журмын 1.5 дугаар зүйлд: Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасан байна. Гэтэл шүүх маргааныг шийдвэрлэхдээ Дунцагаан нөхөрлөлөөс 2021 оны 11 сарын 10-ний өдөр нэхэмжлэгчид тэтгэмж хэлбэрээр олгосон 1.300.000 төгрөгийг нэхэмжлэгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасч тооцохгүйгээр түүний сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцоолсноор нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлс бодит нөхцөл тохирохгүй хэт өндөр тогтоогдоод байна.

Мөн Дунцагаан ӨЭМТ-ийн даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар коронавируст цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээнд 2021 оны 09 дүгээр сард тус өрхийн эрүүл мэндийн төвд ажилласан эмч, ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгчид 1.300.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон байна. Яагаад 2021 оны 09 дүгээр сард олговол зохих байсан 1.300.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард ажилтанд олгосон бэ гэвэл, тус сарын санхүүжилт нь Эрүүл мэндайн даатгалын газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болон 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хоёр хуваагдаж байгууллагын дансанд шилжүүлэг хийгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилтнуудад олгогдсон. Үүнийг Дун цагаан ӨЭМТ-өөс эрүүл мэндийн даатгалын газраас санхүүжилт хүссэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өдрийн 09 дугаар нэхэмжлэх, тус ӨЭМТ-ийн дансны хуулгаас тус тус харж болно.

Иймд 2021 оны 11 дүгээр сард ажилтанд олгогдсон 1.300.00 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцох үндэслэлгүй юм.

Мөн дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу 11-р сарын хоолны үнийн хөнгөлөлт болох 33000 төгрөгийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнээс буюу 11-р сард олгосон 2067100 төгрөгөөс тус тус хасч тооцох үндэслэлтэй байна. Ийнхүү тооцвол, нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлс нь 728.700 төгрөг болж байна.

5.2. Нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын цалин хөлсний тухайд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод тухайн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 2 114 700 төгрөг гэж тодорхойлон, нийгмийн даатгалын шимтгэл суутган төлжээ. Үүнээс, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид үндсэн цалин 542.000 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 108.400 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 81.300 төгрөг, хоолны хөнгөлөлт 33.000 төгрөг, нийт 764 700 төгрөгийн цалин хөлс олгосон бол 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнд тус ӨЭМТ-д 2021 оны 10 дугаар сард ажилласан ажилтнуудад 350.000 төгрөгийн мөнгөн тэгтгэмж, мөн Дунцагаан ӨЭМТ-ийн даргын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн хөнгөлөлт олгох тухай Б/28 дугаар тушаалаар 2021 оны 11, 12 дугаар сарын түлээ нүүрсний хөнгөлөлтийг нэгтгэн олгохоор шийдвэрлэж 1.000.000 төгрөг тус тус олгожээ.

“Дундаж цалин хөлс тодорхойлох журам” -ын 1.5 дугаар зүйлд заасны дагуу хоолны үнийн хөнгөлөлт болох 33.000 төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлт болох 1.000.000 төгрөг, мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгосон 350.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн тухайн сарын цалин хөлснөөс хассан дүнгээр тухайн сарын цалин хөлсийг тодорхойлох нь зүйтэй байна. Ийнхүү тухайн сард нэхэмжлэгчид олгосон 2.114.700 төгрөгөөс хоолны хөнгөлөлт 33.000 төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлт 1.000.000 төгрөг, мөнгөн тэтгэмжийн 350.000 төгрөгийг тус тус хасвал нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын дундаж цалин хөлс 731.700 төгрөг байна.

5.3. Нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлсний тухайд, Дунцагаан ӨЭМТ-өөс нэхэмжпэгчид 978.593 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого өгсөн байх бөгөөд дэлгэрэнгүй авч үзвэл, 542.000 төгрөг нь тухайн сарын үндсэн цалин, 63 000 төгрөг хоолны хөнгөлөлт, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 81.300 төгрөг, илүү цагийн хөлс 292.293 төгрөг байна. Үүнээс хоолны хөнгөлөлт болох 63.000 төгрөг нь ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлсийг 915.593 төгрөг гэж тодорхойлох үндэслэлтэй байна. Дээрх тооцооллоос  үндэслэвэл, нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлс 728.700 төгрөг, 12 дугаар сарын цалин 731.700,  2022 оны 1-р сарынх 915.593 төгрөг тус тус байгаа бөгөөд нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс 791.997 төгрөг байна.

Гэвч шүүхийн шийдвэрт шүүхээс нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг хэдэн төгрөгөөр тооцоолж, хэдэн сар, хэд хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хангалтгүй, тодорхой бус байна.

Ажилтны нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого, түүнийг тодорхойлох журам, хувь хэмжээтэй холбоотой харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулах бол, ажилтанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох, дундаж цалин хөлс тодорхойлохтой холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тус тус нарийвчлан зохицуулсан байна.

Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3 дугаар зүйлийн 2.3.5 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор”-ыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлс болох 2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сарын цалингийн хүснэгт болон Дунцагаан ӨЭМТ-ийн даргын хөнгөлөлт, мөнгөн тэтгэмж, олговор олгосон шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудад үндэслэн түүний дундаж цалин хөлсийг тодорхойлох нь шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тодорхойлох, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын дундаж цалин хөлсийг тогтоохдоо зөвхөн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэх бус хариуцагчаас нотлох баримтаар гаргаж, хэрэгт авагдсан Дунцагаан нөхөрлөлийн ажилтнуудын цалингийн хүснэгг, мөнгөн тэтгэмж болон урамшуулал олгох тухай тус нөхөрлөлийн даргын шийдвэрүүдийг судлах замаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэжээ.  

6. Хариуцагчийн өмгөөлөгч Я.Урнаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэж сүүлийн 3 сарын цалин хөлсийг 1.718.331 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан 15 сарын олговорт 25.774.965 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг хариуцагчийн зүгээс үндэслэлгүй тооцоолсон гэж үзсэн. Ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа бол ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод үндэслэж тогтоосон хувь хэмжээгээр суутгагдаж төлөгддөг.

 Харин ажилтанд ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцоолох нь үндэслэлтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор шүүхэд Увс дун цагаан өрхийн эмнэлгийн төвийн харилцах дансны хуулга , ажилтнуудад олгосон цалингийн хүснэгт, мөнгөн тэтгэмж урамшуулал олгосон тушаалын хуулбаруудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр нэг сарын дундаж цалин хөлсийг  1.718.331 төгрөг гэж тооцоолсон.

Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэж тооцоолсныг үндэслэлгүй гэж үзэж маргасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5-т зааснаар ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд ажилтанд олгосон бүх төрлийн цалин, мөнгөн тэтгэмж, хөнгөлөлтүүдийг оруулж тооцохгүйгээр тухайн ажилтны ажилгүй байсан хугацааны цалин олгохоор нарийвчлан зохицуулсан.  Тийм учраас шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 27, 2021 оны 12 дугаар сарын 28-ний өдрүүдэд олгосон түлээ нүүрсний хөнгөлөлт болон мөнгөн тэтгэмжүүдийг хассан байдлаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлох нь бодит нөхцөлд тохирсон гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөнд үндэслэж Ч.Тийн цалин хөлсийг 791.997 төгрөг байна гэж тооцоолсон. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш 2022 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийтдээ 13 сар 16 хоног ажилгүй байсан. Ч.Тийн ажилгүй байсан 13 сар 16 хоногийн хугацааг 791,997 төгрөгөөр бодож тооцоолбол 10.691.959 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоос татгалзах зүйл байхгүй. Харин үүнээс үлдсэн хэсгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10.691.959 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Нэхэмжлэгч Ч.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож олгохоор шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нь 2021 оны урамшууллыг нөхөж олгосон гэж хэлж байгаа нь худлаа. Урамшуулал сар сардаа олгогддог байсан. 9 дүгээр сарын 27-ний өдөр 1.350.000 төгрөг орж ирсэн. . Хариуцагч нь тухайн мөнгийг тэтгэмж гэж яриад байна. Гэтэл энэ нь тэтгэмж биш урамшуулал байдаг. 11 дүгээр сарын 10-ний өдөр 1.350.000 төгрөгийн урамшууллыг олгосон. Мөн 12 дугаар сарын 28-ны өдөр Хас банкны дансанд урамшуулал гэсэн банкны хуулга байгаа. Хариуцагч Д.О нь мөнгөн тэтгэмж гэж буруу хэлээд байгаа. Надад тэтгэмж авах шаардлага байхгүй. 11, 12 саруудад бид нарт түлээ, нүүрсний хөнгөлөлт өгсөн гэж хэлж байгаа боловч өгөөгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5-т заасан тэтгэмж, хөнгөлөлт гэх үгийг гуйвуулж буруу тайлбарлаж байна. Надад түлээ, нүүрсний хөнгөлөлт, тэтгэмж өгөөгүй. 10 дугаар сард 350.000 төгрөгийн тэтгэмж олгосон гэж хэлсэн. Гэтэл энэ мөнгө миний дансанд ороогүй, дансны хуулга авахад гарч ирээгүй. Харин энэ 350.000 төгрөг нь илүү цагийн мөнгө гэж бодож байна.

Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлсөнд 978.593 төгрөг өгснийг  хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд байгаа. Гэтэл би 01 дүгээр сард бүтэн ажиллаад мөн сарын 31-ний өдөр ажлаасаа халагдсан. Тухайн сард надтай хамт ажилласан 12 хүнд 1-5 сая төгрөгийн урамшууллыг өгсөн байна. Хариуцагч Д.О нь намайг ялгаварлан гадуурхаж байна. Эдгээр нэр бүхий 12 хүнд урамшуулал олгосон баримт хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл урамшуулал нь цалин хөлсөнд тооцогдох учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэж байна. Миний ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалин хөлс,  хоолны мөнгийг хасаж 3 сарын дундаж цалин хөлсийг 1.657.664 төгрөгөөр тооцож, 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын 16 хүртэл 22.378.464 гэж тооцсон гэж ойлгосон. 01, 10 дугаар сард миний бие нь бүтэн ажилласан. Ажиллаагүй үеийн урамшуулал болох 6800.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон.  Би тэр саруудад ажилласан байхад надад олгохгүй, манай ажилчдад олгосон. Энэ урамшууллаа авахаар нэхэмжлэл гаргахад шүүхээс хэрэгсэхгүй болгосон. 10 дугаар сарын урамшуулалд үзлэг хийхэд үүнийг тэтгэмж болгож өөрчилчихсөн байсан. Хариуцагч нь өөрийнхөө эрх мэдлийг ашиглаж, хууль шүүхийн байгууллагыг хуурч байна. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халснаас болж дээрх саруудын урамшууллыг авч чадаагүй. Тухайн сарууд нь ковид-19 цар тахлын үе байсан. Би ажилласан саруудынхаа урамшууллыг авах гэж нэхэмжилсэн. Надад тэтгэмж, хөнгөлөлт гэж олгогдоогүй, харин урамшуулал гэж олгогдсон гэдгийг дахин хэлмээр байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн дарга Д.Оийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00176 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийг бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Ч.Т “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 25,774,965 төгрөг,  урамшуулал 6,800,000 төгрөг, нийт 32.574.965 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага тус тус гаргажээ.

3. Хариуцагч “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна.

4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-өөс нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 22,630,459 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,944,506 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүн 22.630.459 төгрөгөөс 9.899.962 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг зөвшөөрч, үлдэх 12.730.496 төгрөг гаргуулахыг эс зөвшөөрч, үндэслэлээ “шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо мөнгөн тэтгэмж, хөнгөлөлт зэргээр олгосон мөнгийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулж, дундаж цалин хөлсийг тогтоосон нь үндэслэлгүй”  гэж тайлбарлан маргаж,   давж заалдах гомдол гаргасан байна.

6. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

6.1.  Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ч.Т-ийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий  нэхэмжлэл гаргасныг иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 152/ШШ2022/00430 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

 Нэхэмжлэгч Ч.Т-ийг “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 152/ШШ2022/00430 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагч уг шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажил олгогчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Ч.Т-ийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул нэхэмжлэгч дээрхи ажилгүй байсан хугацаа буюу 2022 оны 2-р сарын 1-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 13 сар 16 хоногийн хугацаанд өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос нэхэмжлэх эрхтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.  

6.2. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахдаа буруу  тооцоолсон байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн олговрыг зөвтгөн тооцоолж, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

Нэхэмжлэгч Ч.Т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэхдээ үйлчлэгчийн ажлаас халагдахаас өмнө авч байсан 3 сарын буюу 2022 оны 01 дүгээр сар, 2021 оны 12, 11 дүгээр саруудад авч байсан цалин хөлсний нийлбэрээс 1 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлж, ингэхдээ тухайн саруудад олгосон урамшуулал, хөнгөлөлт/ хоол, түлээ нүүрсний хөнгөлөлт/-үүдийг  цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцсон байх ба хариуцагч үүнийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т : цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.4 дүгээр зүйлд дээрх цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийн агуулга, ойлголтыг тус тус тодорхойлсон байна.

Тухайлбал, тус журмын 1.4 дүгээр зүйлийн 1.4.5-т: “ шагнал урамшуулал” гэж ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлнэ. Шагнал урамшуулалд ажлын үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал, онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа мөнгөн урамшуулал тус тус хамаарна” гэж тодорхойлжээ.

“Увс Дунцагаан ” нөхөрлөл ББН-ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/23 дугаар “Мөнгөн тэтгэмж олгох тухай” тушаал /хх-ийн 136-р тал/, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар “Мөнгөн тэтгэмж олгох тухай” тушаалаар Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 4 сарын 30-ны өдрийн 67/А/268 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 221 дүгээр тушаалыг тус тус үндэслэн коронавируст халдвар/ Ковид 19/-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээнд ковид цар тахлын үед онцгой нөхцөлд ажилласан тус эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ажилтнуудад мөнгөн тэтгэмж нэрээр урамшуулал олгосон байх бөгөөд уг тушаалаар үйлчлэгчээр ажиллаж байсан Ч.Т-т 2021 оны 11-р сард 1.300.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 350.000 төгрөгийн урамшуулал тус тус олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.

Хариуцагч тал “нэхэмжлэгчид 2021 оны 11, 12-р сард мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгосон мөнгийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулж тооцох үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.  Хариуцагч “ Увс Дунцагаан “ нөхөрлөл ББН-ийн 2021 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын орлого, зарлагын талаархи ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт хэрэгт авагдсан байх ба уг баримтуудад Ковид 19–ийн урамшуулал, эрүүл мэндийн  ажилтнуудад олгох урамшуулал  нэрээр орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байснаас дүгнэхэд халдварт цар тахлын онцгой нөхцөлд ажилласны урамшууллыг тус эрүүл мэндийн даргын тушаалаар эмч, сувилагч, ажилтнуудад  мөнгөн тэтгэмж нэрээр олгож байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Коронавируст халдвар / Ковид 19 /-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээнд ковид цар тахлын үед онцгой нөхцөлд ажилласан  эмч, эмнэлгийн ажилтнуудад олгосон мөнгөн урамшуулал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.4 дүгээр зүйлийн 1.4.5-т заасан онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө олгож буй нэг удаагийн мөнгөн урамшуулалд хамаарах тул ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцох үндэслэлтэй болно.

6.3. Хариуцагч тал 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон Ч.Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцох дундаж хөлсийг тодорхойлохдоо түүний сүүлийн 3 сарын буюу 2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлсний дунджаас тооцож, нэг сарын нөхөх олговрын хэмжээг тогтоох үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Ч.Т-т 2021 оны 11 дүгээр сард 2.061.700 төгрөгийн, 2021 оны 12 дугаар сард 2.114.700 төгрөгийн, 2022 оны 01 дүгээр сард 978593 төгрөгийн цалин хөлс тус тус тооцоологдож, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Увс Дунцагаан “ нөхөрлөл ББН-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10, 29-ний өдрийн цалингийн хүснэгт, 2021 оны 12 дугаар сарын 22, 27-ны өдрийн , 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдийн цалингийн хүснэгт / хх-ийн 108, 125-129-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

          Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.5 дугаар зүйлд :  “ Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчид 2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр саруудад олгосон бүх төрлийн хөнгөлөлт, тухайлбал 2021 оны 11-р сард олгосон хоолны үнийн хөнгөлөлт 30000 төгрөг, 2021 оны 12 дугаар сард олгосон хоолны үнийн хөнгөлөлт 33000 төгрөг, 2022 оны 01-р сард олгосон хоолны үнийн хөнгөлөлт 63000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/28 дугаар “Хөнгөлөлт олгох тухай” тушаалаар олгосон түлээ нүүрсний хөнгөлөлт 1.000.000 төгрөг, нийт 1.126.000 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасаж тооцон, дундаж цалин хөлсийг  тодорхойлох  үндэслэлтэй байна.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцоолбол: 2021 оны 11 дүгээр сард 2.031.700 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 1.081.700 төгрөг, 2022 оны 01 дүгээр сард 915.593 төгрөг, нийт 3 сарын цалин хөлсний нийлбэр 4.028.993 төгрөг, үүнээс 1 сарын дундаж цалин хөлс 1.342.997 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 63.952 төгрөг болох бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан 13 сар 16 өдрөөр тооцоолбол: 13 сар х 1.342.997 төгрөг = 17.458.969 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 63.952төгрөг х 16 өдөр=1.023235 төгрөг, нийт 18.482.204 төгрөг болж байна.  Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан цалин хөлстэй  тэнцэх олговорт нэхэмжилсэн 25,774,965 төгрөгийн шаардлагаас 18.482.204 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт  оруулах үндэслэлтэй байна.

            7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 6.800.000 төгрөгийн урамшуулал гаргуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба талууд энэ талаар гомдол гаргаагүй байна.

           8. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаас 18.482.204 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул энэ үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 250.361 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

            9. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүхийн шийдвэрээр хангагдсан үнийн дүн болох 22.630.459 төгрөгөөс 9.899.962 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг зөвшөөрч, үлдэх 12.730.496 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 271902 төгрөг төлжээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч “Увс дунцагаан” нөхөрлөл ББН-өөс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоосон нөхөх олговор 22.630.459 төгрөгнөөс хариуцагч зөвшөөрөхгүй байгаа нэхэмжлэлийн үнийн дүн болох 12.730.496 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 218.637 төгрөгийг давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх үндэслэлтэй тул илүү төлсөн 53.264 төгрөгийг буцаан олгох үндэслэлтэй байна.

              Мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаас 18.482.204 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд үүнээс хариуцагчийн давж заалдсан гомдлын хангагдсан үнийн дүн 4.148.255 / 22.630.459-18.482.204=4.148.255 / төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 81.322 төгрөгийг хариуцагчид буцаан олгож, үлдэх 137.315 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00176 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын: 22,630,459 / хорин хоёр сая зургаан зуун гучин мянга дөрвөн зуун тавин ес/ гэснийг 18,482,204 / арван найман сая дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун дөрөв/ төгрөг гэж,  9,944,506 / есөн сая есөн зуун дөчин дөрвөн мянга таван зуун зургаа / гэснийг 14,092,761 / арван дөрвөн сая ерөн хоёр мянга долоон зуун жаран нэг/ гэж,

тогтоох хэсгийн 2-р заалтын : 271,902 / хоёр зуун далан нэгэн мянга есөн зуун хоёр/гэснийг 250,361/ хоёр зуун тавин мянга гурван зуун жаран нэг/ төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  59 дүгээр зүйлийн 59.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Увс дунцагаан” нөхөрлөл ББН-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 53,264 / тавин гурван мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөг, давж заалдсан гомдлын хангагдсан үнийн дүнд ногдох 81,322 / наян нэгэн мянга гурван зуун хорин хоёр/ төгрөг, нийт 134,586/ нэг зуун гучин дөрвөн мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, үлдэх 137,315 / нэг зуун гучин долоон мянга гурван зуун арван долоо/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                          Н.МӨНХЖАРГАЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН