| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | - |
| Дугаар | 2025/ШЦТ/2109 |
| Огноо | 2025-09-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2109
2025 09 08 2025/ШЦТ/2109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч С.Бат-Орших /томилолтоор/,
Шүүгдэгч Х.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х.Уд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 07181 1808 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Х.У.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.У нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн * давхарт үйл ажиллагаа явуулах Б.Мын лангуунд 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа Б.Мын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу 7.031.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны данс руу шилжүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Б.Маас Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 14 дэх тал/,
Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20 дахь тал/,
Хохирогч Б.Мын эзэмшлийн Хаан банкин дахь *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 28 дахь тал/,
Х.Уийн эзэмшлийн Хаан банкин дахь *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 35 дахь тал/,
Яллагдагч Х.Уийн мэдүүлэг /хх-ийн 72-74 дэх тал/ зэрэг болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Х.Уд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Х.Уэс гэрчээр мэдүүлэг /хх-ийн 23-24 дэх тал/ авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.
Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Х.Уийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Х.У нь *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн * давхарт үйл ажиллагаа явуулах Б.Мын лангуунд 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа Б.Мын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулсны орлогоос буцаалт хийх нэрийдлээр 7 удаагийн гүйлгээгээр нийт 7.031.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны данс руу шилжүүлэн авч завшсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Х.У нь *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн *** давхарт үйл ажиллагаа явуулах Б.Мын лангуунд 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа Б.Мын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулсны орлогоос буцаалт хийх нэрийдлээр 7 удаагийн гүйлгээгээр нийт 7.031.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны данс руу шилжүүлэн авч завшсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Х.У нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Яллагдагч Х.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд ***-ын * давхарт М гэх хүний лангуун дээр суудаг байсан юм. Би тухайн газар худалдагч хийдэг байхдаа захиалагч нараас өөрийн биеэр барааг нь авдаг байсан ба худалдсан барааны буцаалтыг мөн би М ахын интернэт банкаар ороод хийдэг байсан. Тэгээд би ажиллаж байх уг хугацаандаа М ахын интернэт банкаар өөрийн дураар орж өөр лүүгээ буюу М ахын эхнэр Б.Мын Хаан банкны данснаас нийт 7.031.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 дэх тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Б.Маас Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 14 дэх тал/,
Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай *** дүүргийн *** дүгээр хорооны ***-д байдаг лангуун дээр Х.У гэж залуу ажилд орохоор 2023 оны 11 сарын 25-ны өдөр ирсэн. Тэгэхээр би *** дүүргийн *** дүгээр хорооны ***-д байдаг лангуун дээрээ ажилд авсан. Манайд ажиллаж байгаа ажилчид гаднаас хоол авахдаа ээлжлээд хоолонд миний эзэмшлийн Хаан банкны *** гэсэн дансны дугаартай картыг авч явдаг байсан. Тэгээд 2023 оны 11 сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 2023 оны 11 сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 11 сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, 2023 оны 12 сарын 02-ны өдөр 290.000 төгрөг, 2023 оны 12 сарын 10-ны өдөр 5.441.000 төгрөгийг миний эзэмшлийн Хаан банкны *** гэсэн дансны дугаартай картыг авч ажилчдад хоол авчрах үедээ авчихсан байсан. Би тухайн үедээ мэдээгүй, тэгээд сүүлд мөнгө авснаасаа хойш Х.У нь манай ажилд дахиж ирээгүй алга болсон. Би Хаан банкны *** гэсэн дансны дугаартай картын нууц кодоо Х.Уд хоол авахаар гарахад нь хэлж байсан. Нийт миний данснаас Х.У нь 7.410.000 төгрөгийг авсан байсан. Би гомдолтой байна. Би өөрийн өгсөн 7.410.000 төгрөгийг буцааж авмаар...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дахь тал/,
Б.Мын эзэмшлийн *** дугаартай Хаан банкны дансны болон Х.Уийн эзэмшлийн Хаан банкин дахь *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай: “...сэжигтэн Х.Уийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансны 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хоорондох дансны хуулганд үзлэг хийхэд:
- 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цаг 30 минутад Б.Мын эзэмшлийн *** тоот данснаас “Butsaalt” гэх утгатай 300.000 төгрөгийн,
- 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цаг 30 минутад Б.Мын эзэмшлийн *** тоот данснаас “Butsaalt” гэх утгатай 500.000 төгрөгийн,
- 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 18 минутад Б.Мын эзэмшлийн *** тоот данснаас “Butsaalt” гэх утгатай 500.000 төгрөгийн,
- 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутад Б.Мын эзэмшлийн *** тоот данснаас “EB-Butsaalt” гэх утгатай 290.000 төгрөгийн,
- 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03 цаг 35 минутад Б.Мын эзэмшлийн *** тоот данснаас “***” гэх утгатай 1.000.000 төгрөгийн,
- 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03 цаг 30 минутад Б.Мын эзэмшлийн *** тоот данснаас “***” гэх утгатай 4.000.000 төгрөгийн,
- 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03 цаг 35 минутад Б.Мын эзэмшлийн *** тоот данснаас “***” гэх утгатай 441.000 төгрөгийн зарлага/орлогын гүйлгээ тус тус хийгдсэн байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 28, 35 дахь тал/-ээр шүүгдэгч Х.Уийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 4.3 дахь заалтад “…бага хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош…” ойлгоно гэжээ.
Шүүгдэгч Х.Уийн *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн * давхарт үйл ажиллагаа явуулах Б.Мын лангуунд 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа Б.Мын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулсны орлогоос буцаалт хийх нэрийдлээр 7 удаагийн гүйлгээгээр нийт 7.031.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны данс руу шилжүүлэн авч завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Х.У нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан байх ба хөрөнгө завших үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.У нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулсны орлогоос буцаалт хийх нэрийдлээр 7 удаагийн гүйлгээгээр нийт 7.031.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны данс руу шилжүүлэн авч завшсан болох нь Хохирогч Б.Мын эзэмшлийн Хаан банкин дахь *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 28 дахь тал/,
Х.Уийн эзэмшлийн Хаан банкин дахь *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 35 дахь тал/-ээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь уг хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Х.У нь хохирогч Б.Мд төлөх 7.031.000 төгрөгийн төлбөртэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Х.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Х.У нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Х.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх ёстой.
Шүүгдэгч Х.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж буй зэргийг нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо шүүгдэгч Х.Уийн *** оршин суудаг байдлыг харгалзан *** нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Х.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Уд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.У нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд *** нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг *** шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уээс 7.031.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ