Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/02901

 

 

 

 

 

 

 

2023 06 08

101/ШШ2023/02901

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  хаягт оршин суух О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот хаягт оршин суух Ц-д холбогдох,

Банктай байгуулсан зээлийн гэрээн дэх хамтран зээлдэгчээс С.Ц-ийн нэрийг хасуулах, өөрийн өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгон, 38,469,709 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ууганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянхишиг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагчид холбогдуулан банкны хамтран зээлдэгчээс хасуулах, өөрийн өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулах шаардлага гаргасан. Би хариуцагчтай 2009 оны 10 сард танилцсан. 2012 оноос хойш хамтран амьдарсан. Айлд байх хэцүү байсан учир хэсэг хугацаанд тусдаа амьдарсан. Ингээд 2016 оны 07 сараас маргаан бүхий орон сууцыг ипотектийн зээлээр худалдаж авсан. 2018 оны 01 сар хүртэл хамт амьдарч байгаад тусдаа амьдарч эхэлсэн. Дараа нь 2015 оноос хойш би хөдөө суурьшин ажиллаж эхэлсэн. Тэндээ хамт амьдрах талаар хэлэхэд хариуцагч татгалзсан. Түүнээс болж таарамжгүй харилцаа үүсэж тусдаа амьдарсан. Тухайн орон сууцанд хариуцагч үлдсэн бөгөөд би тэнд амьдрахаа больсон. Миний бие байрыг худалдсан хүнээс 26.000.000 төгрөгийн авлагатай байсан. Түүнийгээ урьдчилгаа төлбөрт тооцож, 12.860.000 төгрөгийг нэмж төлөөд үлдсэн төлбөрийг ипотекийн зээлээр авсан. 2023 оны 03 сараас би хариуцагчид байрыг чөлөөлж өгөөрэй гэж хүсэлт гаргасан. Гэтэл хариуцагч надад байрны урьдчилгаа өгвөл байрнаас гарна гэж хэлсэн. Би өөрийн байрнаас өөр хүнийг гаргахын тулд мөнгө өгч чадахгүй гэж үзээд шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон. Би хариуцагчийг хамтран зээлдэгчээс хасуулах гэсэн боловч заавал хамтран зээлдэгчийн гарын үсэг хэрэгтэй гэсэн. Гэвч хариуцагч гарын үсэг зурахгүй байсан. Хариуцагч нь миний өмчлөлийн байранд амьдарч байгаа бөгөөд чөлөөлж өгөхгүй байгаа. Мөн байрны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул банкнаас над руу ярьж төлбөрөө төлөхийг шаарддаг. Би байраа алдах дээрээ тулаад байгаа тул хариуцагчийг байрнаас албадан гаргуулж, хамтран зээлдэгчээс хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Төрийн банкны данс нээсэн гэдэг нь үнэн байх. 2015 оны 07 сарын 27-ны өдөр тухайн дансанд 6.389 төгрөг байсан. 2015 оны 07 сарын 27-ны өдрөөс эхлэн байрны урьдчилгаа цуглуулж эхэлсэн байдаг. Хариуцагч тал нь байрны урьдчилгаанд тодорхой төлбөр төлсөн талаар тайлбарлаж байна. 2015 оны 07 сарын 27-ны өдрөөс хойш нийт 15.781.000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө шилжүүлж хадгаламж үүсгэсэн. Энэ талаар дансны хуулгаа нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. 2018 оноос хойш талууд таарамжгүй харилцаатай болж хамтран амьдрах боломжгүй болсон. Нэгэнт хоёр тийшээ болж байгаа бөгөөд хариуцагч тухайн байранд үлдсэн учир түрээс маягаар зээлийн төлбөрөө хариуцагч төлөөд явах байх гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл хариуцагчийн төлсөн гээд байгаа төлбөрийн хувьд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэсний дагуу түрээсэлж байсан гэж үзэж байна. 2014 онд хадгаламжийн данс үүсгэсэн талаар тайлбарлаж байна. Тухайн үеэс хойш нэхэмжлэгч миний бие дээрх хадгаламжийн дансанд мөнгө хийдэг байсан. Хадгаламжинд байсан 14 сая төгрөгийг байрны урьдчилгаанд өгсөн нь үнэн. Гэхдээ энэ мөнгө нь миний хуримтлуулсан мөнгө. Хариуцагч түүгээр нь машин авч унасан. 2019 онд туханй машин нь хариуцагчийн хамтран амьдарч байгаа Д.Түмэндэмбэрэл гэдэг хүнд шилжсэн. 2015 онд дахин хуримтлал үүсгэсэн. Гэтэл хариуцагч тус мөнгийг өөрийн мөнгө мэтээр яриад байрны урьдчилгаа төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч болон нэхэмжлэгч нар нь 2009 онд танилцсан. 2012 оноос эхлэн хамт амьдарсан. Талууд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч цаашид хамтдаа сайхан амьдрах зорилго тавьж 2014 оны 04 сарын 24-ний өдрөөс эхлэн Төрийн банкинд хариуцагчийн нэр дээр хадгаламжийн данс нээж хоёр талаасаа хуримтлал үүсгэсэн. Хуримтлалаасаа байрны урьдчилгааг төлөөд үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлээр төлж байр худалдаж авсан байдаг. Тухайн байрыг 2023 оны 07 сард худалдаж авсан. Байрны урьдчилгаа төлбөрт хариуцагч нь хуримтлалаасаа мөнгө өгсөн. Мөн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан. Хариуцагч нь орон сууцны зээлээс төлөлцөж байсан. Нэхэмжлэгч нь гэр бүлийн гадуур харилцаа үүсгэсэн тул хамтран амьдрах боломжгүй болсон. 2018 оноос хойш байрны зээлийн төлбөрийг хариуцагч төлж байсан. Байрыг худалдан авахад хариуцагчийн оролцоо байсан тул уг байрнаас албадан гаргуулж, хамтран зээлдэгчээс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хадгаламжийн дансыг хариуцагчийн нэр дээр нээсэн байдаг. 2014 оны 04 сарын 24-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл дансны хуулгыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Хадгаламжид нэхэмжлэгч огт мөнгө хийж байгаагүй гэж бид хэлээгүй. Нэхэмжлэгч нь 2.650.000 төгрөгийг хийсэн. Бусад бүх орлого нь хариуцагчаас хийсэн орлого байдаг. Энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа. 2016 оны 07 сарын 31-ний өдөр тус данснаас 14.000.000 төгрөг гарсан байдаг. Нэхэмжлэгч нь байр авахад 12.000.000 төгрөг нэмж өгсөн гэж тайлбарладаг. Хариуцагчийн 14.000.000 төгрөгөөс 12.000.000 төгрөгөө аваад нэмж урьдчилгаа төлбөр төлсөн. Энэ нь цаг хугацааны хувьд таарч байгаа. Талууд таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан бөгөөд байрыг түрээслэхээр харилцан тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь энэ байрыг дундаасаа авсан учир хариуцагчид байраа үлдээгээд зээлээ төлөөд яваарай гэсэн агуулгаар тохиролцсон. Гэтэл хэдэн жилийн дараа нэхэмжлэгч нь орон сууцыг өөрийнх нь нэр дээр байгааг ашиглаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед талууд сална гэж бодоогүй. Хамтдаа сайхан амьдарна гэж үзэж байсан тул мөнгө гаргаж өгч байсан. Түүнээс биш талуудын хооронд ямар нэгэн байдлаар түрээсийн харилцаа үүссэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Талууд 2009 онд танилцаж, 2012 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч цаашид үр хүүхэдтэй болж сайхан амьдрах зорилго тавьж 2014 оны 04 сарын 24-ний өдрөөс эхлэн Төрийн банкинд миний нэр дээр хадгаламжийн данс нээж хуримтлал үүсгэсэн. 2016 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар тухайн дансанд нийт 16.201.910 төгрөг хуримтлагдсан. Тухайн мөнгийг би цуглуулсан ба нэхэмжлэгч нь тус хадгаламжийн дансанд нийт 2.650.000 төгрөг хийсэн. Бусад бүх мөнгийг би өөрөө хуримтлал үүсгэж, хадгалсан. 2016 оны 07 дугаар сард бид ярилцаад маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар болсон. Ингээд хуримтлалаасаа 14.049.709 төгрөгийг авч урьдчилгаа төлбөрт өгч, үлдсэн төлбөрийг ипотекийн зээлээр авсан.

Зээлээр байр худалдаж авахад миний бие гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Хамтын амьдралын явцад нэхэмжлэгч нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тул талууд тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдарснаас хойш би өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарч 2018 оноос хойш сар бүр 740.000 төгрөгийг төлж байсан. Хариуцагч нь нийт 33 сарын хугацаанд 24.420.000 төгрөгийг төлсөн. Хэдийгээр орон сууцны гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр байгаа боловч энэ бол бидний хамтдаа зээлээр авсан дундын хөрөнгө гэж үзэж байна. Тиймээс маргаан бүхий орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгож, урьдчилгаанд төлсөн 14.049.709 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 24.420.000 төгрөгийг нийт 38.469.700 төгрөгийг Ч.О-с гаргуулж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч талаас 14.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй. Цаг хугацааны хувьд тохирч байгаа гэдэг үгээр энэ үйл баримтыг нотлохгүй. Байр худалдагч этгээд болон нэхэмжлэгч нарын хооронд авлага өглөгийн асуудал байсан. 2016 оны 07 сарын 25-ны өдөр 12.860.000 төгрөгийг нэхэмжлэгч нь орон сууц худалдагчид шилжүүлснээр урьдчилгаа төлбөр төлөгдсөн. Нэхэмжлэгч бол хуульд зааснаар шударга эзэмшигч юм. Энэ талаар маргах боломж байхгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн данснаас урьдчилгаа төлбөр төлөгдсөн байсан ч тухайн мөнгөний эх үүсвэр надаас гарсан. Тэр мөнгийг нь би хариуцагчид цалин орлогоосоо шилжүүлж байсан талаар дансны хуулга хэрэгт авагдсан байгаа гэв.

 

5.Нэхэмжлэгчээс: Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улаанбаатар хотын банкны 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дансны хуулгууд, кассын орлогын ордер, 2023 оны 4 сарын 14-ний өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, Ч.О-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2016 оны 10 сарын 26-ны өдрийн Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, барьцааны гэрээ, Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Орон сууц санхүүжилтийн гэрээ, 2016 оны 6 сарын 07-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,

 

Хариуцагчаас: С.Ц-ийн эзэмшлийн Төрийн банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, Голомт банкны дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч С.Ц-д холбогдуулан Банктай байгуулсан зээлийн гэрээн дэх хамтран зээлдэгчээс С.Ц-ийн нэрийг хасуулах, өөрийн өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, маргаан бүхий орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгож, урьдчилгаанд төлсөн 14.049.709 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 24.420.000 төгрөг, нийт 38.469.700 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх, хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргааны үйл баримтын улмаас шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлтийг эхлээд хийсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71 дүгээр байрны 125 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083706 дугаарт бүртгэлтэй, 61,91 мкв талбайтай 2 өрөө орон сууцны дундын өмчлөгчөөр тогтоолгож, ногдох хэсэг болох байрны урьдчилгаанд төлсөн 14.049.709 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 24.420.000 төгрөг, нийт 38.469.700 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хамтын амьдралтай байх хугацаандаа бий болгосон хөрөнгө гэж тайлбарлаж байна.

Талуудын тайлбараар нэхэмжлэгч Ч.О, С.Ц нар нь 2009 оны 10 сард танилцаж, 2012 оноос хойш 2018 оны 01 сар хүртэл хамт амьдарч байсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.О-ын өмчлөлд .... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2..... дугаарт бүртгэлтэй, 61,91 мкв талбайтай 2 өрөө орон сууц 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 7 дугаар тал/

Дээрх орон сууцыг Ч.О нь Улаанбаатар хотын банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээгээр худалдаж авсан байх бөгөөд хариуцагч С.Ц нь тус зээлийн гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөр 14,049,709 төгрөг, банкинд 24,420,000 төгрөг, нийт 38,469,709 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчийг банкинд зээлийн гэрээний үүрэгт 24,420,000 төгрөг төлсөн үйл баримттай маргаагүй бөгөөд харин энэ төлбөрийг хариуцагчийг тус орон сууцанд амьдарч байсан тул түрээсийн төлбөрт тооцож төлөх үндэслэлтэй гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд хариуцагч С.Ц-ийг гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүрэг буюу хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /хх-ийн 23-33 дугаар тал/

Түүнчлэн хариуцагчаас тус орон сууцны урьдчилгаа төлбөрт 14,049,709 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 14,049,709 төгрөгийг авч орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн үйл баримтын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх бөгөөд харин энэ мөнгийг өөрийн цалин хөлснөөс бүрдүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 14,049,709 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан С.Ц-ийн эзэмшлийн Төрийн банкны дансны хуулга болон талуудын тайлбараар С.Ц нь 14,049,709 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн нь нотлогдож байна гэж үзэхээр байна. /хх-ийн 56 дугаар тал/

Харин нэхэмжлэгчийн энэ мөнгийг өөрийн цалин хөлсний орлогоор бүрдүүлсэн гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзалаа өөрөө нотлох үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан.

Хэдийгээр өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч Ч.*******ын нэр дээр бүртгэгдсэн байх хэдий ч дээрх үйл баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтын амьдралтай байх хугацаандаа өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр хуваарьт хөрөнгүүдээр хөрөнгө оруулж, орон сууц зээлээр худалдаж авсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэхээр байна.

Тодруулбал, зохигчид гэр бүл болох зорилготой байсан бөгөөд хамтын амьдралтай байсан хүмүүсийн хооронд эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх, үүрэг үүсч болох тул заавал энэ талаар бичгээр тохиролцсон гэрээ, хэлэлцээр байхыг шаардахгүй.

Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлсөн 24,420,000 төгрөгөөс 3 удаагийн төлбөр болох 2,220,000 төгрөг /740,000х3сар=2,220,000/-ийг нэхэмжлэгч тал төлсөн гэж тайлбарласныг, хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

Иймд хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбарыг үндэслэн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71 дүгээр байрны 125 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083706 дугаарт бүртгэлтэй, 61,91 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг зохигчдын дундын эд хөрөнгө гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч Ч.*******аас зээлийн гэрээний үүрэгт төлсөн 36,249,709 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Цэнгэлд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,220,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгчээс банктай байгуулсан зээлийн гэрээн дэх хамтран зээлдэгчээс С.Цэнгэлийн нэрийг хасуулж, өөрийн өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулах тухай шаардлага гаргасан.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц худалдаж авахад оруулсан төлбөрөө буцаан гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Цэнгэлийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, хариуцагч С.Цэнгэл нь дундын өмчлөлийн орон сууцнаас өөрт ногдох хэсэг буюу оруулсан хөрөнгөө буцаан шаардсан тул дээрх орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгч Ч.*******т хадгалагдана.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ч.******* нь С.Цэнгэлийн эзэмшлээс орон сууцаа шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн Улаанбаатар хотын банктай байгуулсан зээлийн гэрээн дэх хамтран зээлдэгчээс С.Цэнгэлийн нэрийг хасуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Иргэний эрх зүйн харилцааг тусгаарлах зарчмын дагуу Улаанбаатар хотын банк болон нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч С.Цэнгэл нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс хамтран зээлдэгчийг хасуулах эрх нь зээлийн гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, тэдгээрийн нэгдлийн үндсэн дээр хийгдэх бөгөөд зөвхөн нэхэмжлэгч /зээлдэгч/-ийн хүсэлтээр хамтран зээлдэгчээс нэр хасуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71 дүгээр байрны 125 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083706 дугаарт бүртгэлтэй, 61,91 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч С.Цэнгэлийн эзэмшлээс албадан чөлөөлж, зээлийн гэрээнээс хамтран зээлдэгч С.Цэнгэлийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.*******аас 36,249,709 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Цэнгэлд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,220,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71 дүгээр байрны 125 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083706 дугаарт бүртгэлтэй, 61,91 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч С.Цэнгэлийн эзэмшлээс албадан чөлөөлж, зээлийн гэрээнээс хамтран зээлдэгч С.Цэнгэлийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.*******аас 36,249,709 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Цэнгэлд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,220,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 420,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 339,198 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА