Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01602

 

 

 

 

 

 

 

2023 08 14 210/МА2023/01602

 

 

Ч.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/02901 дугаар шийдвэртэй,

Ч.О-ын нэхэмжлэлтэй, С.Ц-д холбогдох

Банктай байгуулсан зээлийн гэрээн дэх хамтран зээлдэгчээс С.Ц-ийн нэрийг хасуулах, өөрийн өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулах үндсэн,

орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгох, 38,469,709 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мижиддорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянхишиг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Би хариуцагчтай 2009 оны 10 дугаар сард танилцан, 2012 оноос хойш манай ахын гэрт хамт амьдарсан. Ингээд айлд байх хэцүү байсан тул гэр барьж тусдаа амьдарсан. 2016 оны 07 сараас маргаан бухий орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авч, бид 2018 оны 01 дүгээр сар хүртэл хамт амьдарсан.

2.2. Уг орон сууцыг би О.Өрнөхбаяраас 26,000,000 төгрөгийн авлагатай байж байгаад харилцан тохиролцон байрны үнэ 128,385,000 төгөргийн 30 хувь болох 38,515,000 төгрөгөөс авлагаа хасаад 12,860,000 төгрөгийг түүнд нэмж төлсөн. Харин үлдэх 88,000,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкнаас 8 хувийн ипотекийн зээл гаргуулж, орон сууцны өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ миний нэр дээр гарсан.

2.3. Би хариуцагчтай уулзаж байрандаа амьдрах талаар хэлэхэд С.Ц нь байрны урьдчилгаа төлбөр өгвөл байрнаас гарна гэж хэлсэн. Би өөрийн байрнаас өөр хүнийг гаргахын тулд мөнгө өгч чадахгүй болно. Мөн хариуцагчийг хамтран зээлдэгчээс хасуулах гэсэн боловч заавал хамтран зээлдэгчийн гарын үсэг хэрэгтэй гэсэн боловч хариуцагч нь гарын үсэг зурахгүй байсан.

2.4. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаас үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэсний дагуу хариуцагч нь орон сууцыг түрээсэлж байсан.

2.5. Бид 2014 онд хадгаламжийн данс үүсгэсэн бөгөөд уг дансанд би мөнгө хийдэг байсан. Хадгаламжинд байсан 14,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгсөн нь үнэн. Иймд банктай байгуулсан зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс С.Ц-ийн нэрийг хасуулж, өөрийн өмчлөлийн орон сууцнаас С.Ц-ийг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Зохигчид 2009 онд танилцан, 2012 оноос хамт амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч цаашид хамтдаа сайхан амьдрах зорилго тавьж, 2014 оны 04 сарын 24-ний өдрөөс эхлэн хариуцагчийн нэр дээр хадгаламжийн данс нээж хоёр талаасаа хуримтлал үүсгэсэн. Нэхэмжлэгч нь хадгаламжийн дансанд 2,650,000 төгрөг хийсэн. Харин үлдэх бүх орлогыг би хийсэн. Уг хуримтлалаас байрны урьдчилгаа төлөөд үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлээр төлж байр худалдаж авсан. Хариуцагч нь зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурж, 2018 оноос хойш орон сууцны зээлийг төлсөн.

2.2. Нэхэмжлэгч нь гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэн тул хамтран амьдрах боломжгүй болсон. Харин орон сууцыг түрээслэхээр харилцан тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь энэ байрыг дундаасаа авсан учир хариуцагчид байраа үлдээгээд зээлээ төлөөд яваарай гэсэн агуулгаар тохиролцсон. Гэтэл хэдэн жилийн дараа нэхэмжлэгч нь орон сууцыг өөрийн нэр дээр байгааг ашиглаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед талууд сална гэж бодоогүй. Харин ч хамтдаа сайхан амьдарна гэж үзэж байсан тул урьдчилгаа мөнгө гаргаж өгч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

2016 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар хуримтлалын дансанд нийт 16,201,910 төгрөг байсан. Тухайн мөнгийг би цуглуулсан бөгөөд нэхэмжлэгч нь тус хадгаламжийн дансанд нийт 2,650,000 төгрөг хийсэн. 2016 оны 07 дугаар сард бид ярилцаад маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар болсон. Ингээд хуримтлалаас 14,049,709 төгрөгийг авч урьдчилгаа төлбөрт өгсөн. Зээлээр байр худалдаж авахад миний бие гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Тусдаа амьдарснаас хойш би өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарч 2018 оноос хойш сар бүр 740,000 төгрөгийг төлж байсан бөгөөд нийт 33 сарын хугацаанд 24,420,000 төгрөгийг төлсөн. Орон сууцны гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр байгаа боловч бидний хамтдаа зээлээр авсан дундын хөрөнгө гэж үзэж байна. Иймд маргаан бүхий орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгож, урьдчилгаанд төлсөн 14,049,709 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 24,420,000 төгрөг, нийт 38,469,700 төгрөгийг Ч.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, түүний агуулга: Хариуцагч талаас 14,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй. Цаг хугацааны хувьд тохирч байгаа гэдэг үгээр энэ үйл баримтыг нотлохгүй. Байр худалдагч этгээд болон нэхэмжлэгч нарын хооронд авлага, өглөгийн асуудал байсан. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12,860,000 төгрөгийг нэхэмжлэгч нь орон сууц худалдагчид шилжүүлснээр урьдчилгаа төлбөр төлөгдсөн. Нэхэмжлэгч бол хуульд зааснаар шударга эзэмшигч юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн данснаас урьдчилгаа төлбөр төлөгдсөн байсан ч тухайн мөнгөний эх үүсвэр надаас гарсан. Тэр мөнгийг нь би хариуцагчид цалин орлогоосоо шилжүүлж байсан талаар дансны хуулга хэрэгт авагдсан байгаа гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71 дүгээр байр, ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040837** дугаарт бүртгэлтэй, 61.91 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч С.Ц-ийн эзэмшлээс албадан чөлөөлж, зээлийн гэрээнээс хамтран зээлдэгч С.Ц-ийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.О-аас 36,249,709 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Ц-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,220,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 420,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 339,198 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хариуцагч С.Ц нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа орон сууцыг худалдаж авах үед байрны урьдчилгаа төлбөрт 14,049,709 төгрөг төлсөн гэж шаардсан. Хариуцагч өөрийнхөө нэр дээр Төрийн банкинд хадгаламжийн данс нээсэн, нэхэмжлэгч хариуцагч нар орлогын гүйлгээ хийж мөнгө хуримтлуулсан гэж тайлбарласан. Ингэхдээ Төрийн банкинд 2,650,000 төгрөг нэхэмжлэгч Ч.О-аас орлого хийсэн гэдгээ тайлбарласан. Гэвч анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа 14,049,709 төгрөгөөс 2,650,000 төгрөгийг хасалгүй 14,049,709 төгрөгийг бүхэлд нь хариуцагч орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн байх тул нэхэмжлэгчээс гаргуулна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүх нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 2,220,000 төгрөг хасахаас гадна хадгаламжийн дансанд хийсэн 2,650,000 төгрөгийг нэмж хасч, 33,619,700 төгрөг гэж тооцох ёстой байсан.

6.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэснийг үндэслэж шийдвэр гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран амьдарч байсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс тууштай буюу тасралтгүй хамтран амьдраагүй, тус тусдаа амьдарч байсан хугацаанууд бий гэж тайлбарласан. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар гэр бүл болох зорилготой байсан ч гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ аваагүй, хамтын амьдралтай байсныг тогтоосон үйл баримт, шүүхийн шийдвэр байхгүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хамтын амьдралтай байх хугацаандаа өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр хуваарьт хөрөнгүүдээр хөрөнгө оруулж орон сууц зээлээр худалдаж авсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Энэ орон сууц нь хамтын амьдралын үр дүнд бий болоогүй, миний дангаар өмчлөх хуваарьт хөрөнгө юм.

6.3. Хариуцагч төрийн банкинд хуримтлуулсан мөнгийг өөрийн хуваарьт хөрөнгөөр бүрдүүлсэн гэж тайлбарладаг. Гэвч хамт амьдрах богино хугацаанд ч, тусдаа амьдарч байх хугацаанд аль алинд нь зөвхөн Ч.О миний цалингийн орлогоор амьдарч байсан. Энэ нөхцөл байдлаа шүүхэд тайлбарласан байхад шүүх шийдвэр гаргахдаа энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн хариуцагч С.Ц нь орон сууц борлуулсан худалдагчид өгсөн мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хадгаламжид байсан 16,207,910 төгрөгөө аваад 14,049,709 төгрөг өгсөн гэж тайлбарладаг. Гэвч худалдагчид 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12,860,000 төгрөг төлсөн байдаг. Энэ нөхцөл байдалд мөн эрх зүйн дүгнэлт хийгээгүй байгаад гомдолтой байна.

6.4. Маргаан бүхий орон сууц нь банкны барьцаанд байгаа талаар талууд маргаагүй. Энэ утгаараа маргаан бүхий орон сууцтай холбоотойгоор гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал хэрэгт илэрхий байхад шүүхээс гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан гэж байна. Энэ гомдлын үндэслэлд хэлэх тайлбар байхгүй. Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд миний ажил хот руу шилжсэн, 2012 оноос хойш С.Ц-тэй хамтран амьдарсан, улмаар бид монгол гэр худалдаж авсан. Мөн бид хоёр дундаа хадгаламжийн данстай болж, хуримтлал үүсгэж, орон сууц худалдан авсан гэж дурддаг. Үүнээс үзэхэд хамтын амьдралтай байсныг нэхэмжлэлдээ тодорхой тайлбарласан. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд хамтын амьдралтай байсан талаар тайлбар гаргадаг. Хариуцагч С.Ц хамтын амьдралтай байснаа тайлбарладаг. Талууд хэн аль нь хамтын амьдралтай байснаа тайлбарлаж буй нь энэ үйл баримт нотлогдож байна. С.Ц-ийн Төрийн банк ХК-ийн дансанд нийт 16,000,000 төгрөгийг дундын хуримтлал гэж үүсгэсэн. Энэ мөнгөнөөс нь 2,650,000 төгрөгийг нэхэмжлэгч хадгалмжийн дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 14,000,000 төгрөгийг С.Ц хуримтлуулсан. Энэ 14,000,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны урьдчилгаанд 12,000,000 төгрөгийг өгсөн гэж маргаж байна. Урьдчилгаанд 12,000,000 төгрөгийг өгөөгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээд болох банкны эрх ашгийг хөндөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон сөрөг нэхэмжлэлийн хангасан хэмжээнд өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч С.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс С.Ц-ийн нэрийг хасуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгох, орон сууцны урьдчилгаанд төлсөн 14,049,709 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 24,420,000 төгрөг, нийт 38,469,709 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

  

3. Талууд 2009 онд танилцан, 2012 оноос 2018 оны 01 дүгээр сар хүртэл хамтран амьдарсан үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

3.а. Нэхэмжлэгч Ч.О нь О.Ө-тай 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр эрхийн бүртгэлийн Ү-22040837** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71 дүгээр байр, ** тоот, 61.91 м.кв талбай, 2 өрөө орон сууцыг 128,385,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа төлбөрт 30 хувь буюу 40,385,000 төгрөгийг О.Ө-т төлөх, үлдэх 70 хувь болох 88,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх 8-10, 34/

 

3.б. Дээрх орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгч Ч.О нь Улаанбаатар хотын банк ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 88,000,000 төгрөгийн ипотекийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр С.Ц оролцож гарын үсэг зурсан, мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулжээ. /хх23-33/

 

3.в. Нэхэмжлэгч Ч.О нь О.Ө-т 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12,860,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 25,525,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 88,000,000 төгрөг нийт 128,385,000 төгрөгийг шилжүүлж, Эрхийн бүртгэлийн Ү-22040837** дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71 дүгээр байр, ** тоот, 61.91 м.кв талбай, 2 өрөө орон сууцы өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.О бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон хэргийн 8-10 дугаар тал дахь баримтаар тус тус нотлогдож байна. /хх7/

 

4. Талууд маргааны зүйл болох орон сууцыг худалдан авахад оруулсан мөнгөн хөрөнгийн талаар болон дундын өмч бий болсон эсэх талаар маргасан.

 

4.а. Хариуцагч С.Ц-ийн нэр дээрх Төрийн банкны 1027004625** дугаартай хадгаламжийн дансанд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 18,233,866,94 төгрөгний хуримтлал бий болсон бөгөөд 2016 оны 07 дугаар 31-ний өдөр уг хуримтлалаас 14,049, 709,58 төгрөгийн зарлага гарсан болох нь хэргийн 56 дугаар тал дахь Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна.

 

4.б. Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч С.Ц-ээс орон сууцны урьдчилгаанд 12,000,000 төгрөг, зээлийн шимтгэлд 1,900,000 төгрөг нийт 14,049,709 төгрөгийг хадгаламжаас авч төлсөн нь миний мөнгө байсан... гэх, хариуцагч С.Ц нь ... хадгаламжийн дансанд Ч.О 2,650,000 төгрөг хийсэн байсан, харин үлдэх орлогыг би хийж хуримтлуулсан, хадгаламжаас орон сууцны урьдчилгаанд 14,049,709 төгрөгийг нэхэмжлэгч Ч.О-т өгсөн ... гэх зөрүүтэй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

4.в. Нэхэмжлэгч Ч.О нь хадгаламжаас авч орон сууцны урьдчилгаанд өгсөн 14,049,709 төгрөгийг өөрийн мөнгө байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

4.г. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хадгаламжийн дансанд 2,650,000 төгрөг хийснийг зөвшөөрсөн тул урьдчилгаа төлбөрт төлсөн 14,049,709 төгрөгөөс хасч тооцон, анхан шатны шүүхийн шийдвэрт 11,399,709 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг хангасан хэмжээнд өөрчлөлт оруулна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

4.д. Мөн анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 24,420,000 төгрөгөөс нэхэмжлэгч 2,220,000 төгрөг төлснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул түүнийг хасч тооцон, 22,200,000 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

5. Талууд хамтын амьдралтай байх хугацаандаа маргааны зүйл болох орон сууцыг худалдан авахад хэн аль нь мөнгөн хөрөнгө оруулсан болох нь хэргийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгө үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

5.а. Дээрх орон сууцнаас өөрт ногдох хэсгээ оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дах хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг буруутгахгүй.

 

5.б. Хариуцагч нь нэхэмжлэгчээс дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн үнийн дүнг гаргуулсан үеэс түүний эзэмшил хууль бус болох тул анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч орон сууцыг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5.в. Харин зээлийн гэрээний хувьд талуудын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, харилцан үүрэг хүлээсэн зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээнд нэг тал болж оролцсон зээлдэгч Ч.О нь нөгөө тал болох банкны зүгээс хамтран зээлдэгч С.Ц-тэй байгуулсан гэрээнээс татгалзаагүй байхад Ч.О нь С.Ц-ийг хамтран зээлдэгчээс хасуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.О-ын зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс С.Ц-ийн нэрийг хасуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

6. Түүнчлэн, шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөнө.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно заажээ.

 

7.а. Хэргийн баримтаас үзвэл зохигчид гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргаагүй, түүнчлэн, гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/02901 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн... гэснийг ...Иргэний хуулийн гэж ...36,249,709 гэснийг ...33,599,709 гэж,

2 дахь заалтын ...339,198 гэснийг ...325,949 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 339,198 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ