Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 305

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Шүүгдэгч Б.Отгонбаатар нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэн морьт овогт Баярсайханы Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201726020053 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Капитал банкны төв салбарын захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 52 дугаар байр 5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  Хүрэн морьт овогт Баярсайханы Отгонбаатар /РД:ТЖ90061713/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны хойд авто замын уулзварын орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Буянбатыг “араас нь сигналдлаа”  гэж үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь гараараа 2  удаа цохиж бие махбодид нь тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал,  цус хуралт бүхийн хөнгөн зэргийн гэмтэл учруулан,  догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонбаатар мэдүүлэхдээ:

Би 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баруун 4 зам дээр явж байхад миний машины хойноос сигналдаад байсан. Хохирогч Буянбаатар цонхоороо ёс бусаар харааж байгаад миний машины урдуур зам таглаад зогссон. Би буугаад Буянбаатар дээр очоод юу болсон талаар асуухад намайг машин барьж чаддаггүй юм уу гээд харааж байгаад намайг цохихоор нь би өөрөөсөө холдуулаад түлхчихээд, машиндаа суугаад Төмөр замын дээд сургуулийн хажууд очтол хохирогч Буянбаатар дагаж ирээд, утсаараа бичлэг хийгээд, буугаад ир гээд хараагаад байсан болохоор би яваад өгсөн. 2017 оны 02 дугаар сарын 20-ны үед цагдаагийн байгууллагад очиж болсон явдлын талаар мэдүүлсэн. Хохирогчтой хувийн таарамжгүй харьцаанаас болоод анх маргалдсандаа харамсаж байна. Би хохирогч Буянбаатарт 300,000 төгрөг өгсөн. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би санамсаргүй байдлаар учруулсан.
 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Буянбатын өгсөн:

            “...Намайг бөмбөгөр худалдааны төвөөс доошоо баруун дөрвөн замаар Гранд плаза төв чигт эргэх гэж байсан чинь урдуур 39-87 СЭА улсын дугаартай авто машин шахаад орохоор нь араас сигналдаж гэрлээ дохисон чинь ногоон гэрэл асаад уг машин хөдлөөд явахаар нь би араас нь барилгын коллежийн автобусны буудал жаахан өнгөрөөгөөд 39-87 СЭА улсын дугаартай авто машиныг гүйцэж очоод хажууд нь зогссон чинь 39-87 СЭА улсын дугаартай авто машины жолооч цонхоо буулгахаар нь би бас цонхоо буулгасан чинь яриа байна уу ахын дүү гэхээр нь дүү шиг харагдаад байна уу тантай юу ярьдаг юм гээд жаахан том дуугаар хэлсэн чинь 39-87 СЭА улсын дугаартай авто машины жолоочийн хажуу талд сууж байсан залуу машинаас бууж ирээд цонхоо буулгачих гээд дохихоор нь би цонхоо буулгаад хэрэлдэж байгаад уг залууг цохиод авсан чинь нөгөө залуу намайг зөрүүлээд цохисон чинь миний хамраас цус гараад, доошоо тонгойсон чинь нөгөө залуу машиндаа суугаад 39-87 СЭА улсын дугаартай авто машин хөдлөөд явахаар нь би араас хөөж Тээврийн дээд сургуулийн уулзвар дээр гүйцэж зургийг нь аваад цагдаад мэдэгдсэн.

            Надад цохих санаа байгаагүй, намайг цохих гэж байна гэж бодоод би цааш түлхсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч А.Төгөлдөрийн өгсөн:

             “... Би 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед нагац ах Отгонбаатарыг Баянол дүүргийн 4 хороо, 10 дугаар хороололд гэрт нь хүргэж өгөх гээд баруун дөрвөн замын уулзвар дээр туслах зам руу эргэх гээд зогсож байсан чинь араас нэг Тоёота Приус ирээд сигнаалдаад байхаар нь тоохгүй яваад өгсөн чинь араас нөгөө Тоёота Приус 20  машинтай жолооч хажуугаар шахаж орж ирээд, хэл амаар доромжлоод, яаж яваад байгаа пизда вэ гэхээр нь би угаасаа уулзвар эргээд туслах зам руу орсон байсан шүү дээ гэсэн чинь юу гэсэн үг юм тэр чинь ямар хамаатай юм гэсэн чинь манай ах Отгонбаатар машинаас буугаад, юу гэнээ ахын дүү гэсэн чинь нөгөө залуу цонхоороо гараа гаргаад, манай ахыг цохиж авсан чинь манай ах Отгонбаатар уурлаад, зөрүүлж цохиод, бид хоёр хөдлөөд явсан чинь араас нөгөө залуудагаад, Төмөр замын дээд сургуулийн уулзвар дээр ирээд, утсаа барин машинаасаа бууж ирээд, бичлэг хийгээд байх шиг байхаар нь хөдлөөд явсан чинь миний  39-87  СЭА улсын дугаартай автомашины араас өшиглөхөөр нь замын уулзварт орчихсон болохоор тэр чигтээ хөдлөөд явсан.  ... Отгонбаатар ах Тоёота Приус маркийн автомашины жолоочийг гараараа нүүрэн тус газар нэг удаа цохисон ...” гэжээ. /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №16589 дугаартай дүгнэлтэд:

            1. Буянбатын биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

            - Хохирлын баримт /хх-н 33/,

            - Хохирол төлсөн баримт /хх-н 39/,

            - Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 455 дугаар магадлал /хх-н 102-104/ зэрэг болон,

 

            Шүүгдэгч Б.Отгонбаатарын хувийн байдалтай холбоотой:

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Бямбажаргалын өгсөн:

            “... Бид 2 албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, 2014 онд танилцаж байсан. 1 хүүхэдтэй. Б.Отгонбаатар эхээс дөрвүүлээ, 2012 онд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа. ... Отгонбаатар нь хүнд их нээлттэй, хүний үзэл бодлыг сайн сонсдог, ямар нэг муу зуршилгүй, хүнийг удирдах чадвар сайн, хүнд их тусархуу, нийтэч ...” гэх мэдүүлэг /хх-н 48/,

            - Капитал банкны 2017.03.24-ний өдрийн 03/1889 тоот албан бичиг /хх-н 49/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/,

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н27/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31/

            - Асап сангийн лавлагаа /хх-н 32/,

            - Бакалаврын дипломын хуулбар /хх-н 50-51/,

            - Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 53/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Б.Отгонбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 8  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны хойд авто замын уулзварын орчимд иргэн Б.Буянбатын нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж эрүүл  мэндэд нь тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал,  цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогч Буянбаатар цонхоороо ёс бусаар харааж байгаад миний машины урдуур зам таглаад зогссон. Би буугаад Буянбаатар дээр очоод юу болсон талаар асуухад намайг машин барьж чаддаггүй юм уу гээд харааж байгаад намайг цохихоор нь би өөрөөсөө холдуулаад түлхчихээд, машиндаа суугаад Төмөр замын дээд сургуулийн хажууд очтол хохирогч Буянбаатар дагаж ирээд, утсаараа бичлэг хийгээд, буугаад ир гээд хараагаад байсан болохоор би яваад өгсөн. ... Би хохирогч Буянбаатарт 300,000 төгрөг өгсөн. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би санамсаргүй байдлаар учруулсан ...” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтанд хохирогч Б.Буянбатын өгсөн “... 39-87 СЭА улсын дугаартай авто машиныг гүйцэж очоод хажууд нь зогссон чинь 39-87 СЭА улсын дугаартай авто машины жолооч цонхоо буулгахаар нь би бас цонхоо буулгасан чинь яриа байна уу ахын дүү гэхээр нь дүү шиг харагдаад байна уу тантай юу ярьдаг юм гээд жаахан том дуугаар хэлсэн чинь 39-87 СЭА улсын дугаартай авто машины жолоочийн хажуу талд сууж байсан залуу машинаас бууж ирээд цонхоо буулгачих гээд дохихоор нь би цонхоо буулгаад хэрэлдэж байгаад уг залууг цохиод авсан чинь нөгөө залуу намайг зөрүүлээд цохисон чинь миний хамраас цус гараад, доошоо тонгойсон чинь нөгөө залуу машиндаа суугаад 39-87 СЭА улсын дугаартай авто машин хөдлөөд явсан ...” гэх,

            гэрч А.Төгөлдөрийн өгсөн “... Отгонбаатар машинаас буугаад,  юу гэнээ ахын дүү гэсэн чинь нөгөө залуу цонхоороо гараа гаргаад,  манай ахыг цохиж авсан чинь манай ах Отгонбаатар уурлаад, зөрүүлж цохиод,  бид хоёр хөдлөөд явсан чинь араас нөгөө залуу дагаад,  Төмөр замын дээд сургуулийн уулзвар дээр ирээд, утсаа барин машинаасаа бууж ирээд,  бичлэг хийгээд байх шиг байхаар нь хөдлөөд явсан чинь миний 39-87  СЭА улсын дугаартай авто машины араас өшиглөхөөр нь замын уулзварт орчихсон болохоор тэр чигтээ хөдлөөд явсан.  ...  Отгонбаатар ах Тоёота Приус маркийн автомашины жолоочийг гараараа нүүрэн тус газар нэг удаа цохисон ...” гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №16589  дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Отгонбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж,  догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

2002 оны Эрүүгийн хууль ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх ба шүүгдэгч Б.Отгонбаатарт холбогдох хэргийг тус хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл Б.Отгонбаатарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалттай нийцэж байгаа бөгөөд уг хуулиар оногдуулах ялыг “... дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхгүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Б.Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Б.Отгонбаатарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Отгонбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13, 36.14 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Хүрэн морьт овогт Баярсайханы Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар Б.Отгонбаатарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарт торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч Б.Буянбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Отгонбаатарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ