Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 455

 

Б.Отгонбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Н.Дамбадаржаа,

ялтан Б.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Н.Дамбадаржаагийн эсэргүүцлээр, Б.Отгонбаатарт холбогдох эрүүгийн 2017 2602 0053 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Хүрэн морьт овогт Баярсайханы Отгонбаатар, 1990 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Капитал банкны төв салбарын захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 52 дугаар байр, 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ТЖ90061713/,

Б.Отгонбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордоны хойд авто замын уулзварын орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Буянбатыг “араас нь сигналдлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, бие махбодид нь тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газар: Б.Отгонбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.Отгонбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Отгонбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Б.Отгонбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Буянбатад 300.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Б.Отгонбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.            

Прокурор Н.Дамбадаржаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Б.Отгонбаатарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байна. Шүүх хэргийн бодит байдал гэдгийг “хохирогч Б.Буянбат нь “урдуур дайрч орлоо” гэх шалтгаанаар Б.Отгонбаатарын сууж явсан машины араас гэрлээрээ дохих, дуут дохио өгөх зэргээр замын хөдөлгөөнд соёлгүй оролцож шүүгдэгчийн зорчиж явсан тээврийн хэрэгслийг шахаж зогсоон улмаар хэрүүл маргаан үүсгэж шүүгдэгчийг гараараа түлхсэнээс маргаан үүссэн байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн дээрх үл ойлголцох байдлын улмаас шүүгдэгч Б.Отгонбаатар нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсныг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

Харин Б.Отгонбаатарыг 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордоны хойд авто замын уулзварын орчимд иргэн Б.Буянбаттай маргалдан түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдсон гэжээ. Шүүх хэргийн жинхэнэ бодит байдал гэж дүгнэсэн үндэслэл нь эрүүгийн 201726020053 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, мөн Б.Отгонбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч Б.Отгонбаатарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа гэж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн дүгнэлт хэсгүүд хоорондоо зөрчилдсөн гэж ойлгож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна”, 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэж хуульчилсан. Тогтоолын бүх хэсэг нь хоорондоо харилцан уялдаатай, холбоотой байх шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт... гэж тодорхойлно.

Б.Отгонбаатар нь шүүх хуралдаанд хохирогчийн мэдүүлснийг эс зөвшөөрч, хохирогчид цохиулсан гэж эрс зөрүүтэй мэдүүлэг өгч байхад “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа” гэж дүгнэн, хохирогч Б.Буянбатын мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед бичсэн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ “хохирогчтой сайн дураараа эвлэрсэн” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч Б.Буянбат нь замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцоогүй жолоочид хандан автомашиныхаа сигналыг дарж, “Макс молл” худалдааны төвийн урд гэрлэн дохио дээр эгнээндээ зогсож А.Төгөлдөртэй маргасан, харин Б.Отгонбаатар нь бууж ирээд цонхоо буулгахыг шаардаж, үл ялих зүйлээр шалтаглан, ямар ч маргаанд оролцоогүй байхад нүүрэнд нь гараараа 2 удаа цохисон. Энэ талаар гэрч А.Төгөлдөр мэдүүлсэн. Эрүүгийн хэргийн нотлох баримтад үнэлэлт өгвөл Б.Отгонбаатарын үйлдэл нь автозамын зорчих хэсэгт бусдын бие махбодь, эрх чөлөөнд өөрт чиглээгүй үл ялих зүйлээр шалтаглан халдаж бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, санаа зорилгын хувьд урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй байгаа нь танхайрах гэмт хэргийн зүйлчлэл бүрдсэнийг харуулж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд ... хохирогч нь яллагдагч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байхад шийтгэх тогтоолд “шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, ... хохирогчтой сайн дураараа эвлэрсэн” гэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тус хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

Ялтан Б.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч анхнаасаа надтай маргалдсан. Учир нь Төгөлдөр “Toyota Prius 20” загварын автомашиныг бариад явж байсан. Тус автомашин буруу талдаа рультэй учраас хохирогч Б.Буянбат миний талаас, надруу орилоод байсан. Ингээд урдуур зам хаагаад зогсохоор нь би машинаасаа бууж очтол “чи яаж яваад байгаа юм” гээд над руу ёс бус үгээр дайрсан. Би “урд талд машин байна шүү дээ, сигнал дарахаа болиоч” гэхэд “чамтай юу ярьдаг юм, цаашаа зайл” гэж хараагаад намайг цохисон. Үүнийгээ Б.Буянбат анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Намайг ингэж цохиход нь би “за зүгээр байгаарай” гээд түлхсэн. Ингээд би машиндаа суугаад явсан. Төмөр замын дээд сургуулийн урд уулзвар дээр хохирогч Б.Буянбат хойноос хүрч ирээд, утсаа барьчихсан бууж ирсэн. Ингээд манай дүүгийн машиныг өшиглөөд “буугаад ир” гээд орилоод байсан. Энэ үед би ямар нэгэн танхайн сэдэлтгүйгээр “за за зүгээр явъя, ууртай юм байна” гэж хэлээд явсан. Энэ талаар хохирогч Б.Буянбат мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Буянбат “2 өдөр ажилдаа явж чадаагүй, 2 өдрийн цалин 186.000 төгрөг өгчих” гэсэн. Гэтэл дэслэгч Ганбаатар “300.000 төгрөг өгөөд салахгүй юу” гэхээр нь би хохирогчид 300.000 төгрөг өгсөн. Хохирогч надтай машинаас бууж ирээд маргасан, өөрөө эхлээд цохисон гэдгээ шүүх хуралдаанд хэлсэн. Түүнээс би машинаас гэнэт бууж ирээд цохисон зүйл байхгүй. Би хохирогчийг цохиогүй, түлхсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн мэдүүлсэн ...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Б.Отгонбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордоны хойд авто замын уулзварын орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Буянбатыг “араас нь сигналдлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, бие махбодид нь тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдэж, прокуророос Д.Отгонбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг анхан шатны шүүх өөрчилж Д.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хуулийн үндэслэлгүй.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд ялтан Б.Отгонбаатар, хохирогч Б.Буянбат нарын хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа үүсээгүй ба Б.Отгонбаатар нь автомашинаасаа бууж очин, “цонхоо нээ” гэж хэлээд, цонхоо буулгахад нь түүний хамар луу 2 удаа цохисон үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.

Өөрөөр хэлбэл, Б.Отгонбаатар луу чиглэсэн ямар нэгэн үйлдэл хийгдээгүй байхад машинаас бууж очин Б.Буянбатыг цохиж түүний биед гэмтэл учруулж, авто замын зорчих хэсэгт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлаж танхайрсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь буруу болжээ.

Түүнчлэн хохирогч нь шүүгдэгч Б.Отгонбаатартай эвлэрсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад тэднийг “... сайн дураараа эвлэрсэн...” гэж анхан шатны шүүхээс дүгнэлт хийж Б.Отгонбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Б.Отгонбаатарыг бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж, мөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, өөрийгөө буруугүй мэтээр ярьсаар байхад түүнийг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, улсын яллагч Н.Дамбадаржаагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Б.Отгонбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНСҮХ

             ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН