Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/01131

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01091 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Нд холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 179 671 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2017.01.26-ны өдөр 6849 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг байгуулсан. Гэтэл гэрээний дагуу 2017 оны 10, 11-р сарын төлбөрийг төлөөгүй. Гэрээнд Үйлчилгээг 7-12 сар ашигласан бол төхөөрөмжийн үнийн дүнгийн 60 хувийг төлнө гэж заасан. Ч.Н төхөөрөмжийг 10 сар ашигласан. Төхөөрөмж нь 195 000 төгрөгийн үнэтэйгээс  55 000 төгрөгийг төлсөн. Тэгэхээр төхөөрөмжийн үлдэх төлбөр 140 000 төгрөг болсон бөгөөд 60 хувь нь 84 000 төгрөг.

 

Мөн гэрээнд хэрэглэгчийн үйлчилгээний төлбөрийг тухайн сарын эхний өдрөөс эхлэн сүүлийн өдрөөр тасалбар болгон тооцож, дараа сарын 08-ны өдөр нэхэмжлэхээр заасан боловч хэрэглэгч нь 2017 оны 10-р сарын төлбөр 35 171 төгрөг, 11-р сарын төлбөр 56 500 төгрөг нийт 91 671 төгрөг бөгөөд төхөөрөмжийн үнэ 84 000 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг нийт 179 671 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үйлчилгээний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гэрээг зогсоох эрхтэй тул 2017.11.22-нд цуцалсан. Хариуцагч нь 2017 оны 8, 9-р сарын төлбөр 130 119 төгрөгийг 10-р сард төлсөн, харин 10, 11-р сард ашиглаагүй гэдэг. Гэтэл 2017.10.25-ны өдөр 16 цаг 53 минутад нэхэмжлэгчид гомдол гаргасан, дуудлагын дагуу шалгаж энэ өдрөө хариу өгсөн. Мөн 2017.7.26-ны өдөр 14 цаг 20 минутад хариуцагч нэхэмжлэгчтэй холбогдож, гэрээгээ хэрхэн цуцлах талаар зөвлөгөө авсан боловч гэрээгээ цуцлаагүй, үйлчилгээ авч байсан. Хэрэглэгчийн 90720060 дугаарын утас руу 2017.12.16-ны өдөр, 2017.12.21-ний өдөр төлбөрөө төлөх талаар мессеж явуулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байсан Хан-уул дүүргийн 10-р хороо, 68-65 тоот газар нь зарагдах болсон тул өөр газар түрээслэх болсон. 2017.7.15-ны өдөр Баянзүрх дүүрэг рүү нүүсэн. Хариуцагчийн эхнэрт  2017 оны 8, 9-р сард утасдаж, үлдэгдэл төлбөрөө хий гэсэн байдаг. Үүний дагуу 2017.10.21-ний өдөр 2017 оны 7-р сарын төлбөрийг хийж байна гэж ойлгож, 131 000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш төлбөр төлөөгүй. Скаймедиа руу залгаж зөвлөгөө авч байгаагүй. Төхөөрөмжийг С ХХК-ийн ажилтан А аваад явсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чулуунтогтогтохын Нээс 91 671 /ерэн нэгэн мянга зургаан зуун далан нэг/ төгрөг гаргуулж С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 88 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ч.Нээс 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх үйлчилгээний төлбөр болох 91 671 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан боловч төхөөрөмжийн үнэ 84 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Ч.Нд холбогдуулан гэрээний дагуу хүлээж авсан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 84 000 төгрөг, 2017 оны 10, 11 дүгээр сарын үйлчилгээний төлбөр 91 671 төгрөг нийт 179 671 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “10, 11 дүгээр сард интернет ашиглаагүй, төхөөрөмжийг нэхэмжлэгчийн ажилтан буцааж авсан” гэж маргажээ. /хх1-2, 26-27/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. /хх-50-51/

 

Харин гэрээний үүргийн зөрчил буюу үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл  үнийг төлөх эсэхэд маргаж байна. Зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулагдаж, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх-5/ Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч нь өөрийн татгалзал тайлбартаа “...,2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш интернет ашиглаагүй” гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй, хариуцагч хэргийн 32-33 дугаар талд авагдсан “9072600 дугаарын утаснаас 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10.26 минутад гэрээ цуцлах талаар зөвлөгөө авч хариу өгсөн, хэрэглэгчийн 89956001 дугаарын утаснаас 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16.18 минутад IP76 төхөөрөмж дуудлага гарахгүй байна гэсэн дуудлага өгснийг 16.53 минутад засварлаж хариу өгсөн зэрэг үйлчилгээ авсан” гэх нэхэмжлэгчийн гаргасан баримтыг үгүйсгэж няцаагаагүй.  /хх 32-34/

 

Иймд хариуцагчаас 2017 оны 10, 11 дүгээр сарын үйлчилгээний төлбөр болох 91 671 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Харин хариуцагчийн “...төхөөрөмжийг инженер н.А гэдэг хүн салгаад аваад явсан” гэх татгалзал тайлбар шүүхэд зохих журмын дагуу  хууль тогтоомжоор хүлээх хариуцлагын талаар сануулсны үндсэн дээр гэрчээр оролцсон Ц.Л-ын “..шилэн кабелийг таслахад нэхэмжлэгчийн ажилтан төхөөрөмжийг авч явсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцжээ. /хх-50-51/

 

Иймд төхөөрөмжийг нэхэмжлэгчид буцааж өгсөн гэх  үйл баримт дээрх гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч төхөөрөмжийн үнэ 84 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, төхөөрөмжийг н.А гэдэг инженер салгаад авч явсан талаар хэрэгт нотлох баримт байхгүй” гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01091 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД