Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/01091

 


2019 оны 04 сарын 17 өдөр Дугаар 102/ШШ2019/01091 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

НэхэмжлэгчС КХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Н холбогдох худалдах, худалдан гэрээний үүрэгт 179 671 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх, хариуцагч Ч.Н, гэрч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н нь 2017 оны 01-р сарын 26-ны өдөр С ХХК-тай 6849 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг байгуулсан. Гэтэл гэрээний дагуу авсан үйлчилгээний 2017 оны 10, 11-р сарын төлбөрийг төлөөгүй. Гэрээний 6-р зүйлийн 6.4.1 дэх хэсэгт интернетийн төхөөрөмжийн ашиглалтын талаар зохицуулсан байдаг. Үйлчилгээг 7-12 сар ашигласан бол төхөөрөмжийн үнийн дүнгийн 60 хувийг төлнө гэж заасан. Ч.Н төхөөрөмжийг 10 сар ашигласан. Төхөөрөмж нь 195.000 төгрөгийн үнэтэй, үүнээс гэрээ байгуулахдаа 55.000 төгрөгийг төлсөн. Тэгэхээр төхөөрөмжийн үлдэх төлбөр 140.000 төгрөг болсон бөгөөд 60 хувь нь 84.000 төгрөг болж байгаа. Скаймедиа үйлчилгээ үзүүлэх гэрээний 5-р зүйлийн 5.1.2 дахь хэсэгт хэрэглэгчийн үйлчилгээний төлбөрийг тухайн сарын эхний өдрөөс эхлэн сүүлийн өдрөөр тасалбар болгон тооцож, дараа сарын 08-ны өдөр нэхэмжлэхээр заасан боловч хэрэглэгч нь 2017 оны 10-р сарын төлбөр 35.171 төгрөг, 11-р сарын төлбөр 56.500 төгрөг нийт 91.671 төгрөгийг төлөөгүй байна. бөгөөд төхөөрөмжийн үнэ 84.000 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг нийт 179.671 төгрөгийг Ч.Нээс нэхэмжилж байна. Гэрээний 6.1.2 дахь хэсэгт хэрэв хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гэрээг зогсоох эрхтэй тул 2017 оны 11-рсарын 22-нд цуцалсан. Хариуцагч Ч.Н нь 2017 оны 8, 9-р сарын төлбөр 130.119 төгрөгийг 10-р сард төлсөн, харин 10, 11-р сард ашиглаагүй гэдэг. Гэтэл 2017 оны 10-р сарын 25-ны өдөр 16 цаг 53 минутад манайд гомдол гаргасан, дуудлагын дагуу шалгаж энэ өдрөө хариу өгсөн. Мөн 2017 оны 7-р сарын 26-ны өдөр 14 цаг 20 минутад Нарангэрэл манай компанитай холбогдож, гэрээгээ хэрхэн цуцлах талаар зөвлөгөө авсан. Гэрээгээ цуцлах тохиолдолд бичиг баримттайгаа ирж, төлбөр тооцоогоо барагдуулж, гэрээгээ цуцлах талаар зөвлөгөө өгсөн. Гэвч гэрээгээ цуцлаагүй, үйлчилгээ авч байсан. Хэрэглэгчийн 90720060 дугаарын утас руу 2017 оны 12-р сарын 16-ны өдөр, 2017 оны 12-р сарын 21-ний өдөр төлбөрөө төлөх талаар мессеж явуулж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйл ажиллагаа явуулж байсан Хан-уул дүүргийн 10-р хороо, 68-65 тоот газар нь гэнэт зарагдах болсон тул өөр газар түрээслэхээр болсон. 2017 оны 7-р сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг рүү нүүсэн. Миний эхнэрлүү 2017 оны 8, 9-р сард утасдаж, үлдэгдэл төлбөрөө хий гэсэн байдаг. Үүний дагуу 2017 оны 10-р сарын 21-ний өдөр 2017 оны 7-р сарын төлбөрийг хийж байна гэж ойлгож, 131.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш төлбөр төлөөгүй. Манайх Скаймедиа руу залгаж зөвлөгөө авч байгаагүй. Төхөөрөмжийг С КХХК-ийн ажилтан Алтай аваад явсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С КХХК нь Ч.Нд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 179 671 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 91 671 төгрөгийн шаадлагыг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

С К ХХК нь Ч.Н тэй 2017 оны 01-р сарын 26-ны өдөр 6849 тоот скаймедиа үйлчилгээний гэрээ байгуулж, Ай Пи телевиз, суурин утас, суурин интернет, хөдөлгөөнт интернет бүхий гурвалсан үйлчилгээ үзүүлэхээр /хх 5, 31/ тохирчээ.

 

Худалдан авагч нь гэрээ байгуулснаас хойш IP76 төхөөрөмж болон интернетийн үйлчилгээг ашиглан үйлчилгээ авч 2017 оны 8, 9-р сарын төлбөр 130 119 төгрөгийг 10-р сард төлсөн, харин 2017 оны 10, 11-р сарын төлбөрийг төлөөгүйгээс С КХХК нь 2017 оны 11-р сарын 22-ны өдөр гэрээг цуцалж, үйлчилгээний хөлс 91 671 төгрөг, төхөөрөмжийн үнийг гэрээний 6-р зүйлийн 6.4.1-т зааснаар тооцож 84 000 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...2017 оны 7-р сарын 5-нд түрээсэлж байсан газраасаа нүүсэн тул үүнээс хойш интернет ашиглаагүй, үүнээс хойш үйлчилгээ аваагүй, төхөөрөмжийг инженер Алтай гэдэг хүн салгаад аваад явсан гэж тайлбарладаг боловч хэрэглэгчийн 9072600 дугаарын утаснаас 2017 оны 7-р сарын 26-ны өдрийн 10.26 минутад гэрээ цуцлах талаар зөвлөгөө авч хариу өгсөн, хэрэглэгчийн 89956001 дугаарын утаснаас 2017 оны 10-р сарын 25-ны өдрийн 16.18 минутад IP76 төхөөрөмж дуудлага гарахгүй байна гэсэн дуудлага өгснийг 16.53 минутад засварлаж хариу өгсөн зэрэг үйлчилгээ авсан /хх 32-33/ байна. Энэ баримтыг хариуцагч няцааж чадаагүй байна.

 

Харин IP76 төхөөрөмжийг Алтай гэдэг инженер салгаад аваад явсан гэсэн хариуцагчийн тайлбар, гэрч Ц.Лхагвадуламын ...интернет тоглоомын газраа би өөрөө хариуцаж байсан, надад төлбөрийн нэхэмжлэл ирээд байхаар 2017 оны 10-р сард төлбөрийг төлсөн, нүүхдээ шилэн кабелаа салгаж, төхөөрөмжийг нь С КХХК-ийн ажилтан авч явсан гэсэн мэдүүлгээр төхөөрөмжийг буцаан өгсөн гэх үндэслэлтэй, татгалзал, мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч 2017 оны 6-р сарын 19-ний өдөр иргэн Т.Баатарцогттой түрээсийн гэрээ байгуулсан нь үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримт гэрчлүүлсний зардал 4000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.2-т заасан нотлох баримтыг гаргаж өгөх шаардлагатай нь холбоотой байна. Иймд энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч. Н-ээс 91 671 /ерэн нэгэн мянга зургаан зуун далан нэг/ төгрөг гаргуулж С К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 88 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 040 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Ч.Н-ээс 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосгай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА