Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2023/01776

 

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2023/01776

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

Нэхэмжлэгч: ...... хаягт оршин суух Б.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ..... хаягт байрлах ..... ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг, торгууль 4 235 000 төгрөг, тээврийн хөлс 3 000 000 төгрөг, нийт 29 235 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х,

хариуцагчийн төлөөлөгч Д.Э,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Т хариуцагч ... ХХК-д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг, торгууль 4 235 000 төгрөг, тээврийн хөлс 3 000 000 төгрөг, нийт 29 235 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.Т миний бие нь өөрийн эзэмшлийн ..-..УН улсын дугаартай Doosan 3000 маркийн экскаваторыг, операторын хамт 2021 оны 07 сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 сарын 16 500 000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлөөр ... ХХК-тай 2021 оны 07 сарын 05-ны өдөр хүнд машин механизм түрээслэх гэрээг байгуулан, Орхон аймаг Эрдэнэт хотод -.... хотхоны гадна дулааны шугам сүлжээ бохир усны трасс ухах, булах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож ажлыг гүйцэтгэсэн. Гэрээ хэрэгжих явцад гэрээний хугацааг 2021 оны 10 сарын 05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунган ажилласан бөгөөд энэ тухай талууд амаар тохиролцож хэрэгжүүлсэн юм. Холбогдох баримт нь байгаа болно. Ингээд миний зүгээс гэрээнд заасан ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хугацаандаа хийж дуусгавар болгосон. Гэрээ хэрэгжих явцад гэрээний төлбөрийг хэсэгчлэн авч байсан бөгөөд гэрээ дуусгавар болох үед 22 000 000 төгрөгийн гэрээний төлбөр төлөгдөөгүй үлдэгдэлтэй байсан. Мөн Улаанбаатараас Эрдэнэт хүртэл экскаваторыг тээвэрлэх зардлыг 2 тал 50 хувиар төлөхөөр амаар тохирсон байсан бөгөөд Улаанбаатараас, Эрдэнэт, Эрдэнэтээс Улаанбаатар хүртэл 2 талын зардлыг миний бие бүрэн төлсөн. Иймд тээврийн нэг талын хөлс 3 000 000 төгрөгийг нэмж гаргуулах хүсэлтэй байна. Түүнчлэн гэрээний 3.1-д түрээслэгч төлбөрийн үүргийг хэтрүүлсэн бол хоног тутам 0.05 хувийн торгууль төлөхөөр заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 22 000 000 төгрөгийн 1 өдрийн торгууль 11 000 бөгөөд 2021 оны 11 сарын 05-ны өдрөөс хойш 385 хоногоор тооцоход 4 235 000 төгрөгийн торгууль төлөхөөр байх тул 22 000 000 төгрөг дээр гэрээний торгууль 4 235 000 төгрөг, тээврийн хөлс 3 000 000, нийт 29 235 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч талаас нийт 42 000 000 төгрөгийг авсан асуудлаар маргахгүй бөгөөд 2021.07.15-ны өдрийн 21/01 дугаар Хүнд машин механизм түрээслэх тухай гэрээг тухайн үедээ бичгээр хийгээгүй нь үнэн. Энэ хүмүүс мөнгөө өгөхгүй болохоор нь дараа нь нөхөж хийсэн нь үнэн гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх машин механизм түрээслэхдээ Г.О гэдэг хүнийг таньдаг байсан. Таньдаг байлаа гээд ханш үнийг нь буулгасан зүйл байхгүй. 16 500 000 төгрөгийг хоорондоо тохирсон. 4 сар ажилласан нь үнэн. Түрээсийн гэрээ нь 3 сараар хийгдсэн боловч цааш сунгагдсан. Бид хоорондоо амаар ярьж тохиролцоод тухайн техникийг түрээслэн авч ажиллуулсан нь үнэн. Улаанбаатараас ирэх зардалд 2 000 000 төгрөгийг манайх төлсөн. Техникийг ажиллуулах хугацаандаа нийт 40 000 000 төгрөгийг Г.О болон Б.Т нарын дансаар төлсөн ба баримтыг хэрэгт өгсөн. Тухайн үедээ тооцоо нийлсэн зүйл байхгүй бөгөөд мөнгөө өгөхгүй удаалаа гээд гэрээг 2022 оны 06 сарын дундуур 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Хүнд машин механизм түрээслэх гэрээг нөхөж хийсэн. Энэ гэрээ 3 сарын хугацаатай байгаа бөгөөд ажилласан хоног, сул зогсолтыг яаж тооцох талаар ч байгаа. Нэгэнт хүний юмыг авч ашигласан нь үнэн тул үлдэгдэл төлбөрт 9 500 000 төгрөгийг төлье гэхэд энэ хүмүүс зөвшөөрөхгүй байна. Анх уг техникийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ачиж авчраад бүх нийтийн наадмын амралт таарсан. Тус хугацаанд хуанлийн 123 хоног ажиллахаас 81 хоног ажилласан бөгөөд 42 хоногт нь цаг агаарын байдал болон бусад нөхцөлөөс ажиллаагүй энэ нь манай баримтаар тогтоогдож байгаа. Гэрээний 3.3-т талууд харилцан тохиролцож түрээсийн 1 сарын хугацаанд засвар үйлчилгээнд 2 хоног, сул зогсолт 3 хоног байхаар тохирсон бөгөөд бид энэ хоногийг хасаж тооцохоор 34 хоног бусад шалтгааны улмаар сул зогсож өнгөрөөсөн байдаг. Үүнийгээ 1 сарын төлбөрт тооцож, нийт 3 сар ажилласан гэж үзсэн. Ингээд 3 сарын түрээсийн төлбөрт 49 500 000 төгрөг төлөх байснаас би 40 000 000 төгрөгийг төлсөн тул, үлдэх 9 500 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн албан тоот, 2021 оны 07 сарын 05-ны өдрийн №.. Хүнд машин механизм түрээслэх тухай гэрээ, зэргийг ирүүлсэн./хх-ийн5-8/

4. Хариуцагчаас Б.О, Б.Т нарт мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд, ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлсэн байна.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...... ХХК-тай 2021 оны 07 сарын 05-ны өдөр хүнд машин механизм түрээслэх гэрээг байгуулан, Орхон аймаг Эрдэнэт хотод ....... хотхоны гадна дулааны шугам сүлжээ бохир усны трасс ухах, булах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож ажлыг гүйцэтгэсэн. Гэрээ хэрэгжих явцад гэрээний хугацааг 2021 оны 10 сарын 05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунган ажилласан. ... Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 22 000 000 төгрөг, торгууль 4 235 000 төгрөг, тээврийн хөлс 3 000 000 төгрөг, нийт 29 235 000 төгрөг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлажээ.

 3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Техникийн сарын түрээсийг 16 500 000 төгрөгийг хоорондоо тохирсон. 4 сар ажилласан нь үнэн. Бид хоорондоо амаар ярьж тохиролцоод тухайн техникийг түрээслэн авч ажиллуулсан нь үнэн. Улаанбаатараас авчрах зардалд 2 000 000 төгрөгийг манайх төлсөн. Техникийг ажиллуулах хугацаандаа нийт 40 000 000 төгрөгийг Г.О болон Б.Т нарын дансаар төлсөн ба баримтыг хэрэгт өгсөн. Тухайн үедээ тооцоо нийлсэн зүйл байхгүй бөгөөд мөнгөө өгөхгүй удаалаа гээд гэрээг 2022 оны 06 сарын дундуур 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Хүнд машин механизм түрээслэх гэрээг нөхөж хийсэн. ... Гэрээний 3.3-т талууд харилцан тохиролцож түрээсийн 1 сарын хугацаанд засвар үйлчилгээнд 2 хоног, сул зогсолт 3 хоног байхаар тохирсон бөгөөд бид энэ хоногийг хасаж тооцохоор 34 хоног бусад шалтгааны улмаар сул зогсож өнгөрөөсөн байдаг. Үүнийгээ 1 сарын төлбөрт тооцож, нийт 3 сар ажилласан гэж үзсэн. Ингээд 3 сарын түрээсийн төлбөрт 49 500 000 төгрөг төлөх байснаас би 40 000 000 төгрөгийг төлсөн тул, үлдэх 9 500 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй байна. гэж тайлбарласан.

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

а. Талуудын хооронд 2021 оны 07 сарын 05-ны өдөр хүнд машин механизм түрээслэх гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр ..-.. УН улсын дугаартай Doosan 3000 маркийн гинжит экскаваторыг Орхон аймаг Эрдэнэт хотод ...... хотхоны гадна дулааны шугам сүлжээ бохир усны трасс ухах, булах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр түрээслэн авч, ажиллуулахаар тохиролцож, сарын түрээсийн төлбөрийг 16 500 000 төгрөг байхаар, гэрээний хугацаа 3 сар байхаар тохиролцсон байна.

б. Дээрх гэрээ нь 2021 оны 07 сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд үргэлжилсэн байх ба нийт гэрээний үүрэгт 42 000 000 төгрөгийг өгсөн, авсан асуудлаар талууд маргаагүй байна.

в. Түүнчлэн нэхэмжлэгч тал 2021 оны 07 сарын 05-ны өдрийн №.... Хүнд машин механизм түрээслэх тухай гэрээг ирүүлсэн байх ба талууд уг гэрээг дуусгавар болсны дараа буюу 2022 оны 06 сард нөхөж хийсэн асуудлаар маргаагүй боловч дээрх гэрээ хэрхэн хэрэгжсэн, түүнчлэн тооцоо нийлсэн талаар баримт үйлдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба хэн аль нь маргаагүй байна.

5. Нэхэмжлэгч Б.Т нь түрээсийн үлдэгдэл төлбөрт 22 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж, 2021 оны 07 сарын 05-ны өдрийн №21/01 Хүнд машин механизм түрээслэх тухай гэрээг ирүүлсэн хэдий ч уг гэрээгээр талууд хэдэн төгрөгийн үлдэгдэлтэйг тооцож, тогтоосон баримтгүй энэ талаар шүүх дүгнэх боломжгүй байна.

6. Нөгөөтэйгүүр, талууд гэрээний хугацааг 4 сар үргэлжилсэн асуудлаар маргаагүй хэдий ч хариуцагч тал сул зогсолтын хоногийг хасаж тооцох, түүнчлэн техникийг хүргэх зардлыг хариуцах үндэслэлгүй гэж маргаж, гэрээний үлдэгдэл төлбөрт 9 500 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарласан.

7. Талууд дээрх гэрээг түрээсийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч талуудын байгуулсан гэрээний агуулгаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

Иймд хариуцагч ... ХХК-ийн зөвшөөрсөн хэмжээнд буюу 9 500 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 9 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгож, илүү нэхэмжилсэн 19 735 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 125 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 166 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.